| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/00442/И |
| Дугаар | 320/ШШ2025/00638 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 320/ШШ2025/00638
| 2025 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 320/ШШ2025/00638 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С-ын А,
Хариуцагч: ХдТ,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан хугацааны цалин 5,280,000 (таван сая хоёр зуун наян мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 320/2025/00442/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, хариуцагч ХдТын дарга Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 5,280,000 төгрөг. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан огноо: 2024.08.05. Хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин: 660,000 төгрөг. Нэг сарын дундаж цалин хөлс: 660,000 төгрөг. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах огноо: 2024.08.05-2025.03.31.
Миний бие нь 2024 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хойно байрлах ************ цогцолборт манаач ажилд авна гэсэн зарын дагуу Хөвсгөл аймгийн ХдТын дарга н.Д гэх хүнтэй уулзаж, нэг сарын цалингаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (660,000 төгрөг)-гээр цалинжихаар харилцан тохиролцож, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхгүй байхаар тохиролцсон. Гэтэл н.Д дарга сар бүр цалингаа өгөхгүй байсан ба өөрөөс нь тодруулж асуухаар бүтэц, орон тоо батлагдаагүй байгаа учраас төсөв байхгүй байна, он гараад бүтэц орон тоо тодорхой болоод төсөв мөнгө тавигдахаар таны цалинг нөхөн олгож өгнө гэдэг байсан ч миний бие өнөөдрийг хүртэл ямар ч цалин аваагүй байна. Би ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажилдаа хариуцлагатайгаар хандаж, аливаа зөрчил, дутагдал гаргахгүйгээр одоог хүртэл ажилласаар байна. Одоо 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарыг дуустал буюу ажилласан хугацааны цалингаа (660,000x8=5,280,000) гаргуулан авах хүсэлттэй байна.
Иймд Хөвсгөл аймгийн ХдТаас миний цалин болох 5,280,000 төгрөгийг гаогуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-5 дахь тал)
a. Нэхэмжлэгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Надтай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Цалин хөлсөө ч тодорхой тогтоогүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг тооцож өгнө гэснийг зөвшөөрсөн. Гэтэл бүтэц орон тоо батлагдаагүй учир төсөв байхгүй гээд одоо болтол цалин өгөөгүй. Би цалингаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,00 төгрөгөөр тооцож авахаар нэхэмжилсэн. Гэвч шүүх хуралдаанд ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, цалин 2,700,000 төгрөг авахаар эвлэрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.
2. Хариуцагч ХдТын дарга Ж.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн С.А нь тус театрын харуулаар томилогдон ажиллаагүй болно. Энэ хүнтэй холбоотой тушаал шийдвэр гарч, хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй болохыг үүгээр мэдэгдье гэжээ. (хавтаст хэргийн 25 дахь тал)
a. Хариуцагч ХдТын дарга Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ************ задгай театрыг Хөвсгөл аймгийн ХдТын харьяанд хариуцуулан өгсөн. Б.Э-ыг ************ задгай театрын менежерээр томилж, харуул зайлшгүй шаардлагатай байсан тул зар тавьсны дагуу С.А ирж уулзаж ярилцаад сарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөг байхаар, төсөв мөнгө батлагдаагүй учраас орон тоо, төсөв батлагдсаны дараа цалинг өгөхөөр тохирсон. Нэхэмжлэгч Улаанбаатар хотоос ирсэн тул ************ цогцолборын хашаанд гэрээ барьж, манаад байж байя гэсэн. Өнгөрсөн жилийн төсвийн төсөлд харуулын ажлын байрны цалинг батлуулах санал гаргасан ч шийдвэрлэгдэхгүй байсаар аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/168 захирамжаар манай байгууллагын бүтэц орон тоонд өөрчлөлт оруулж, нэг харуулын ажлыг байрыг нэмж баталж өгсөн. Гэвч тэр үед С.А нэхэмжлэл гаргасан байсан. Бид амаараа харилцан тохиролцон ажиллаж, тодорхой хугацаанд улсын өмчийг харж, хамгаалж байсан нь үнэн. С.А нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад цалин 2,700,000 төгрөг авна гэсэн тайлбарлаж байна.
Иймд С.Агийн цалин 2,700,000 төгрөг авна гэсэн эвлэрэн хэлэлцэх саналыг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэдгийг ойлголоо гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Хөвсгөл аймгийн ХдТт холбогдуулан ажиллаж байсан хугацааны цалин 5,280,000 (таван сая хоёр зуун наян мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.А ...шүүх хуралдаанд ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, цалин 2,700,000 төгрөг авахаар эвлэрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх тайлбар, хариуцагч ХдТын дарга Ж.Д ...Бид амаараа харилцан тохиролцон ажиллаж, тодорхой хугацаанд улсын өмчийг харж, хамгаалж байсан нь үнэн...С.Агийн цалин 2,700,000 төгрөг авна гэсэн эвлэрэн хэлэлцэх саналыг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэдгийг ойлголоо гэх тайлбар тус тус гаргасан.
Зохигч хоорондоо харилцан тохиролцож, нэхэмжлэгч С.А нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2,580,000 (хоёр сая таван зуун наян мянга) төгрөг гаргуулахаас татгалзан, хариуцагч Хөвсгөл аймгийн ХдТын дарга Ж.Д 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч С.Ад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг. Гэтэл тэрээр нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 99,430 төгрөг төлсөн байх тул түүнийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Харин хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн ХдТаас 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 58,150 төгрөгийн тал хувь 29,075 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С.А-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Хөвсгөл аймгийн ХдТ-т холбогдох ажиллаж байсан хугацааны цалин 5,280,000 (таван сая хоёр зуун наян мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч С.А нэхэмжлэлийн шаардлагаас 2,580,000 (хоёр сая таван зуун наян мянга) төгрөг гаргуулахаас татгалзан, хариуцагч Хөвсгөл аймгийн ХдТ 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч С.Ад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,430 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн ХдТ-аас улсын тэмдэгтийн хураамж 29,075 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА