2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 192/ШШ2025/02460

 

- 

 

 

 

 

                                                         2025             03            31  

                                       192/ШШ2025/02460

              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Т-д холбогдох,

 

5,166,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Б.О би өөрийн амьдран суудаг ... өрөө орон сууцанд засварын ажил хийлгэхээр 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Б.Т-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Б.Т нь хүүгийн хамт манай гэрийн дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу засварын ажлыг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 20 хоногийн дотор бүрэн хийж дуусгахаар тохиролцсон боловч Б.Т болон түүний хүү нь засварын ажлаа хийж дуусгаагүй мөртлөө 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хаян, алга болсон. Ажил гүйцэтгэх гэрээний нийт хөлс 4,600,000 төгрөг бөгөөд шаардагдах барилгын материалыг би гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон. Б.Т нь хүүгийн хамт ажлаа орхиж явах үед би гэрээний дагуу нийт 3,000,000 төгрөгийг буюу ажлын нийт хөлсний 70 хувийг төлсөн байсан боловч Б.Т нь нийт ажлын хувийг хийж гүйцэтгэсэн, түүнээс ихэнх нь чанарын шаардлага хангахгүй байсан тул өөр гүйцэтгэгчээр дахиж хийлгэсэн. Бидний байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэх ажлуудыг харилцан тохиролцсон боловч 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Б.Т нь хүүгийн хамт дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байсан. Үүнд: гал тогооны хана нураасан, гипсэн тааз тогтоож, нүдэн гэрэлний нүх ухсан, угаалгын өрөө 00-ын өрөөний хуучин плитаг хуулсан, обой хуулсан, зарим хана, таазны замаск хийсэн, коридор гал тогооноос бусад өрөөний шал тэгшлэгч асгасан, нүдэн гэрлийн монтаж татсан. Фото зургийг хавсаргасан болно. Эдгээрээс бусад үлдсэн ажлыг өөр гүйцэтгэгчид хөлс төлж хийлгэсэн. Мөн Б.Т нь хэдийгээр таазны замаск 1 үе татсан, хөөсөн хүрээ наасан, 4 цонх 1 хаалганы амалгаа шавар хийсэн, разетка унтраалга холбосон, угаалгын өрөөний плита наасан боловч бүрэн гүйцэт хийгээгүй, чанарын шаардлага хангахааргүй хийсэн тул ажлын доголдлыг арилгах, засаж янзлан дахин хийх талаар шаардлага тавихад гэрээт ажлаа дуусгалгүй хаяж явсан. Иймд би Б.Т-гийн хийж гүйцэтгээгүй үлдсэн ажил болон дээрх дутуу чанаргүй гүйцэтгэсэн ажлыг дахин өөр хүмүүсээр хийлгэсэн. Б.Т нь банн жорлонгийн ханын плита хийх ажилд зориулан 60 х 30 хэмжээтэй 138 ширхэг плита, 25 кг-аар савлагдсан 20 уут плита цавуу авахуулсан бөгөөд тус материалаар шаардлага хангахгүй хийж гүйцэтгэсэн тул эдгээр барилгын материалууд хаягдал болсон. Холбогдох зураг болон барилгын материал худалдан авсан баримтуудыг хавсаргав. 138 ширхэг плитаны үнэ 483,000 төгрөг, 20 уут плита цавуу 250,000 төгрөг, нийт 733,000 төгрөг болж байна. Ингэхдээ Д.С  гэх хүнтэй 2,275,000 төгрөгийн хөлс төлж хийгдээгүй үлдсэн ажлуудаа хийлгэхээр харилцан тохирч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Б.Т хийсэн ажлын доголдлыг засахад 200,000 төгрөгийн барилгын материал авсан. Үүнд зөвхөн Б.Т-н хийсэн ажлын доголдлыг арилгахад шаардагдах материалыг тооцсон. Ч.Г гэх хүнтэй 700,000 төгрөгөөр плита хийлгэхээр тохирч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Б.Т-д шаардлагатай гэх плита цавууг авч өгсөн боловч чанаргүй, стандартад нийцэхээргүй хийсэн тул дараагийн гүйцэтгэгч Б.Т-н хийсэн плитаг хуулж 564,000 төгрөгөөр дахин плита авч, ажлыг дахин хийсэн Ө.А гэх хүнтэй 1,458,000 төгрөгөөр хана, шал шахах ажлыг хийж гүйцэтгэхүүлэхээр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Иймд Б.Т гэрээт ажлыг бүрэн, зохих ёсоор хийж гүйцэтгэлгүй явснаас болж дахин ажил гүйцэтгэх гэрээгээр 4,433,000 төгрөгийн ажлын хөлс, плитаны ажил гүйцэтгэхээр анх авахуулсан барилгын материал /30 х 60, 138 ш плита, плита цавуу-20 уут/-ын үнэ болох 733,000 төгрөг болж байна. Эдгээр зардлууд нийт 5,166,000 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ хохирлыг Б.Т-с гаргуулан авах хүсэлтэй байна.” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Б.О гэдэг хүний 4 дүгээр хороололд байршилтай 3 өрөө байрны засварыг бүтэн засвар 4,600,000 төгрөгөөр тохирч хийхээр болсон. Миний хийж гүйцэтгэсэн засварын ажлуудыг одоогийн ханшаар үнэлэхэд хананы обой хуулсан 3 өрөө коридор 200,000 төгрөг, 3 өрөөний коридорын хамт шалны хулдаас хуулсан. 300,000 төгрөг, вани жорлонгийн плита хуулсан шал, хана 200,000 төгрөг, гал тогооны туслах хана нураасан 1,5х2,7х4,125м², 048м² 60см зузаантай блоконы хана нураасан. Уг ханануудыг нураахад гарсан хогуудыг гадагш зөөж гаргасан. Нийт зардал 800,000 төгрөг, гал тогоо коридор том өрөөнд уналттай гипсэн тааз хийсэн. Нийт хэмжээ 35м² х 25,000 төгрөг нийт зардал 875,000 төгрөг, гипсэн таазны нүдэн гэрэлнүүдийн цахилгаан холболтуудыг 500,000 төгрөгөөр хийсэн. 6 ширхэг разетак унтраалга шилжүүлж молдоклож зүсэж суулгасан. Том өрөө рүү 2 ширхэг нүх молдокдож гаргаг тог оруулж, нийт хөлс 100,000 төгрөг, 4 ширхэг цонхны амлагаа хийж тэгшилсэн. 1 ширхэг хаалганы амлагаа, 2 дам нуруу тэгшилсэн. 1 ширхэг нь 35,000 төгрөг нийт үнэ 245,000 төгрөг, тус өрөөнд хана 50,000 төгрөгөөр тэгшилсэн. 2 жижиг өрөө 1 том өрөө хөөсөн хүрээ наасан үнэ 200,000 төгрөг, коридороос бусад өрөөнүүдийн хананы замаск татсан. 1м² 8000 төгрөг нийт 100м² 800,000 төгрөг, таазан хийсэн гипсэнд лент нааж канап татаж замаск хийсэн. 35м² х 9500 нийт 332,500 төгрөг, 2 жижиг өрөө том өрөө цавуугаар грунт хийж бандер асгаж тэгшилсэн. Нийт 49м² х 1500 төгрөг 735,000 төгрөг,  нойл, банн хоёрын ханын плита наасан 800,000 төгрөг, 5 ширхэг цонх блоконы чулуун давцан суулгаж, зай завсрыг бөглөж зассан. 1 давцан 20,000 төгрөг, нийт 100,000 төгрөг болсон. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Нийт ажлаа үнэлбэл 6,240,000 төгрөг болсон. Анх энэ засварын ажлаа маш хямдаар 4,600,000 төгрөгөөр тохирч ажлаа эхэлсэн. Ажлын явцад засвар хийлгэж буй эзэн Б.О плита муу наалаа гэж маргалдаад засварын ажлыг зогсоосон. Та нар ажлаа бод, бид та нараар засвараа хийлгэхгүй гэж хэлээд засварыг зогсоосон. Гэтэл биднийг ажил хаяж явсан гэж шүүхэд хандсан байна. Би урьдчилгаа болгож 3,000,000 төгрөг авсан, үлдэгдэл 1,600,000 төгрөгөө аваагүй. Миний хийсэн ажил авсан мөнгөнөөсөө давсан ажил хийсэн учир би энэ хүнд мөнгө төлөх ёсгүй.” гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс 2023 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх 6-8/, зарлагын баримт /хх 12-16, 53/, мөнгөн шилжүүлгийн барим /хх 9-11, 39, 48-50, 57/, фото зураг /хх 17-33, 40-44, 51-52, 72-92/, 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх 34-38/, 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх 45-47, 54-56/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аас дүгнэлт /хх 107-131/ гаргуулжээ.

          ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч гэрээнд заасан ажлаа дутуу гүйцэтгэсний улмаас бусдаар дахин гүйцэтгүүлсэн, гэрээний улмаас учирсан хохиролд 5,166,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч өөрөө гэрээг цуцалсан, ажлын үр дүн гарсан гэж маргажээ.

 

              6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

             

              Зохигч 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр... өрөөний дотор заслын бүх ажиллага, ариун цэврийн өрөө болон банны өрөөний тааз, плита, банн, угаалтуур шинээр сольж суулгах, Гал тогооны 2 хана нураах, засварлах, Гипсэн тааз хийх, нүдэн гэрэл суулгах, өрөөнүүдийн цахилгаан холболт хийх, разетка унтраалга шилжүүлэх, солих, Паар, ил байгаа шугам хоолойг будах, янзлах, тагтанд засвар хийх, рек модоор доторлох ажлыг 20 хоногийн дотор 4,600,000 төгрөгөөр хийж гүйцэтэхээр тохиролцсон болох нь 2023 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогджээ.

             

              Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч Б.О нь 3,000,000 төгрөгийг төлжээ. Энэ талаар зохигч маргаагүй болно.

             

       Х ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд... ажлын хөлсний үнэ цэнэ 3,120,700 төгрөгөөр тодорхойлсон боловч хийсэн ажлыг дахин засварлах зардал, энэхүү ажил нь барилгын стандарт, норм хэмжээг хангаж байгаа эсэх асуултад хариулаагүй байна.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь доголдолгүй ажил хийсэн, ажлыг орхиж яваагүй гэснээ баримтаар баримтаар нотлоогүй байна.

 

              Зохигч 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр 20 хоногийн хугацаанд засварын ажлыг хийж дуусгахаар тохиролцсон бөгөөд гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүн гараагүй болох нь хэрэгт авагдсан фото зургууд, 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдож байна.

 

              7. Зохигч ... өрөө байрны бүх өрөөг засварлах ажлыг 20 хоногийн хугацаанд 4,600,000 төгрөгөөр хийж гүйцэтэхээр тохиролцсон тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

              Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, ...гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, ...талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ, ...гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 352 дугаар зүйлийн 352.1, 355 дугаар зүйлийн 355.1-д тус тус зохицуулсан.

 

              Хариуцагч нэхэмжлэгчийн “хариуцагч ажлын байрыг орхиж явсан” гэсэн тайлбарыг үгүйсгэж чадаагүйгээс гадна гэрээнд заасан ажлыг дутуу, бүрэн бус гүйцэтгэсний улмаас нэхэмжлэгчид нэмэлт зардал гарсан байна.

 

              Хариуцагч гэрээгээр тохиролцсон хугацаандаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүйгээр ажлын байрыг орхин явсан, хийсэн ажил нь доголдолтойн улмаас дахин засварлуулах шаардлага бий болсон тул түүнийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1 дэх хэсэгт “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”, 350.1.4-т “ ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас олгосон эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах” заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Үүний улмаас бусдаар дутуу ажлыг дахин гүйцэтгүүлсэн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

              Иймд нэхэмжлэгч доголдлыг арилгуулахад гарсан зардал 4,433,000 төгрөг шаардах эрхтэй болжээ.

               

              8. Харин барилгын материалын үнэ болох 733,000 төгрөгийн шаардлага нь захиалагчийн хариуцах зардалд хамаарах бөгөөд доголдол арилгуулснаар нөхөгдөж байх тул шаардлагын 733,000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

              Иймээс Б.Т-с 4,433,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, үлдэх 733,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

9. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 84,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343,1, 355 дугаар зүйлийн 355,1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т-с 4,433,000 гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, үлдэх 733,000 төгрөг гаргуулах шаардлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 84,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ