| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирхуягийн Батсүх |
| Хэргийн индекс | 128/2025/0029/З |
| Дугаар | 128/ШШ2025/0478 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2025/0478
2025 06 26 128/ШШ2025/0478
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батсүх би Н.Д******* нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Д******* нь 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хот байгуулалтын хотын стандартын газраас 2025 оны 01 дүгээр сарын 03-нд олгосон барилгын ажлын зөвшөөрлийг хууль бус болгох нэхэмжлэл гаргасан юм. Энэ асуудлаар Улсын ерөнхий прокурорын зүгээс хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тул энэ нэхэмжлэлийн шаардлагаас татгалзлаа. Би энэ асуудлаар дахин захиргааны шүүхэд хандахгүйг олгож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно 66.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч Н.Д******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгосон, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Д******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгааг дурдах нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч Н.Д******* нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан тул гуравдагч этгээд А******* ХХК-ийн Хот байгуулалт, хотын стандартын газрын даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгогдсон БАЗГ2024/******* дугаартай гэрчилгээг Н.Д*******тэй гэрээ хийх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь хууль бус бөгөөд А******* ХХК-ийн арьс ширний 31 дүгээр байрны бусад өмчлөгч нарын өмнө хүлээсэн үүргээ гэрээний дагуу биелүүлэх эрхэнд халдсан, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тул хүчингүй болгуулах гэсэн бие даасан шаардлагыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан учир гуравдагч этгээд А******* ХХК-иас бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Д*******ээс Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан Хот байгуулалт, хотын стандартын газраас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны олгосон БАЗ2024/******* дугаар бүхий Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг буцаан олгосугай.
4.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ О.БАТСҮХ