2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/04490

 

2025 05 25   192/ШШ2025/04490

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, **-р хороолол, *** тоотод байрлах Га ХХК /РД:*******9/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, Н /18140/ өөрийн байранд байрлах Г ХК /РД:2******8/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С

Хариуцагчийн төлөөлөгч Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г ХХК нь Г ХК-ны захиалгаар Дорнод аймгийн ЗДТГ-ийн барилгын дотор заслын ажлыг 417,940,000 төгрөг хийж гүйцэтгэхээр 2022 оны 06 сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний хугацаа 2022 оны 11 сарын 01-ны өдрөөс 2023 оны 02 сарын 25-ны өдрийг хүртэл, мөн 2023 оны 02 сарын 25-ны өдрөөс 2023 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл тус тус сунгасан. Манай компани нь гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийж гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэн өгсөн. Талууд 2023 оны 12 сарын 25-ны өдөр гэрээ дүгнэж тооцоо нийлсэн ба ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл болох 37,394,416 төгрөгийг Г ХК нь 2023 оны 12 сард 7,394,416 төгрөг, 2024 оны 05 сарын эхний долоо хоногт 10,000,000 төгрөг, 2024 оны 08 сарын эхний долоо хоногт 20,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохирсон боловч удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг төлөхгүй байх тул хариуцагч Г ХК-с гаргуулж өгнө үүгэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022-06-28 ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан,2023-02-25 ний өдөр 4-20 нийг хүртэл сунгасан, бидний маргааны зүйл гэвэл шалыг нэг нь 98,710,000 төгрөг гээд нөгөө нь 68,710,000 гэдэг. Энэ нөхцөл байдлыг тайлбарлавал Г ХК нь тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан ба тэр гэрээ дүгнэсэн актад үлдэгдэл дүнг 37,394,416 төгрөг гэж бичсэн, 12 сард 7 сая төгрөгөө өгсөн учраас 30,000,000 төгрөгөө нэхэмжилнэ. Мөн хамгийн том баримт гэвэл 2023-01-29 ний өдрийн нэмэлт гэрээний 2 дахь хэсэгт гэрээний нийт үнийн дүн 417,940,000 төгрөг, уг өдрийн байдлаар 315,141,000 төгрөгийн санхүүжилт авсан, үлдэгдэл 102,799,000 төгрөгийн санхүүжилт үлдсэн талаар бичсэн байгаа, үүнээс юу харагдах вэ гэвэл энэ үед дансаар манайх руу 120,000,000 төгрөг ороод ирчихсэн, нөгөө бартерын байраа 126,431,000 төгрөгт авчихсан, шалны цутгалт 68,710,000 төгрөгөөр тооцоод ингээд 315,141,000 төгрөг болчихож байгаам, нягтлангаа буруу тооцоо нийлсэн гэдэг шалтгааныг хэлж байгаа боловч энэ гэрээгээр тооцоолоход хангалттай юм гэв.

 

2. Хариуцагч Г ХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2025 оны 03 сарын 21 өдрийн № 192/Ш32025/13083 дугаар бүхий Га ХХК нэхэмжлэгчтэй СХД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай танилцаж хариу тайлбар хүргүүлж байна. Тус компани нь нэхэмжлэгчийн ирүүлсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Г компанитай байгуулсан гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан талаар доорх нотлох баримтаар нотолж байна. Үүнд: гэрээний нийт дүн 417,940,000 төгрөг, бартер байр 126,431,000 төгрөг, санхүүжилт /дансаар/ 177,394,416 төгрөг, шал цутгалт /суутгал/ 98,710,000 төгрөг, алданги 11,404,584 төгрөг, хийгдээгүй ажлын хасагдах дүн 4,000,000 төгрөг, үлдэгдэл 0 төгрөг. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г ХХК нь Г ХК-ийн төслийн инженер Б.Г-тай гэрээ дүгнэх үед Г ХК-ийн ерөнхий нягтлан нь алдаа гаргаж Га ХХК-тай тооцоо нийлэхдээ тооцоонд дансаар шилжүүлсэн төлбөрөөс 30,000,000 төгрөгийг дутуу тусгасан байсныг Ерөнхий нягтлан X.А нь 2023 оны жилийн эцсийн тайлангийн үер тухайн ажлын гүйлгээг нягтлан шалгаснаар үлдэгдэл төлбөргүй болох нь тодорхой болсон. Энэхүү асуудлыг Г ХХК-ийн захирал М. Б-од тайлбарлан 2 тал тооцоо нийлэн Г ХХК-ийн дансны хуулгатай тулгаж үзэхэд нотлогдсон боловч шүүхэд худал нэхэмжлэх гаргасанд гүнээ харамсаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулсан, 417,940,000 төгрөгөөр нөат орсон үнэ ба 30 хувийг бартер гээд орон сууцыг шилжүүлнэ гэж тохирсон. Манайхыг 30 сая төгрөг дутуу гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй, 2023-12-25 ний өдөр Ганбат инженер тооцоо нийлээд гэрээ дүгнэсэн акт үйлдсэн, нягтлангаас тооцоо авсан учраас 37,000,000 төгрөг дутуу гэж гарсан боловч нягтлан гүйлгээг бүгдийг хянаагүйгээс ийм тооцоо гарсан байсан. Манайх ямар ч төлбөрийн үлдэгдэлгүй, за яагаад гэвэл 70,000,000 төгрөг дундын санхүүжилт, 126,431,000 төгрөгт орон сууц шилжүүлсэн, шал цутгалт 68,710,000 биш 98,710,000 төгрөг, барьцаа 40,000,000 төгрөг, 4,000,000 төгрөгт цэвэрлэгээ, алдангид 11,000,000 төгрөг, дундын санхүүжилт буюу дансаар дахиад 70,000,000 гэсэн нь 100,000,000 төгрөг шилжүүлчихсэн байсан гэсэн үг. Гэрээний нийт дүн 417,940,000 төгрөг, бартер байр 126,431,000 төгрөг, санхүүжилт /дансаар/ 177,394,416 төгрөг, шал цутгалт /суутгал/ 98,710,000 төгрөг, алданги 11,404,584 төгрөг, хийгдээгүй ажлын хасагдах дүн 4,000,000 төгрөг, үлдэгдэл 0 төгрөг гэж гарч байгаа юм. Нөгөө тал шал цутгалт 68 сая байсан учраас ийм зөрүү гарсан л гээд байна бүх гэрээн дээр 98,710,000 гэдэг нь байгаа учраас энэ үндэслэлгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.06.08-ны өдрийн Дорнод аймгийн ЗДТГ-ийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний тусгай нөхцөл, 2022.12.04-ний өдрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2023.01.29-ний өдрийн ГХ-018/1 дугаартай Дорнод аймгийн ЗДТГ-ийн барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Г ХХК-ийн гэрээ дүгнэсэн акт, Г ХХК-ийн 2024.07.01-ний өдрийн 24/45 дугаартай, 2024.09.02-ны өдрийн 24/55 дугаартай, 2022.02.23-ны өдрийн 20/15 дугаартай албан бичгүүд зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, 2022.06.08-ны өдрийн Дорнод аймгийн ЗДТГ-ийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний тусгай нөхцөл, Дорнод аймаг ЗДТГ-ын барилга шалны бетон тэгшилгээ ажлын хөлсийн төлбөрийн тохиролцооны маягт, Г ХХК-д шилжүүлсэн төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, Г ХХК-ийн гэрээт ажлын төлбөр тооцооны дэлгэрэнгүй мэдээлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрээ дүгнэсэн акт, Г ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.10.20-ны өдрийн Б/50 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г ХХК нь Г ХК-ны захиалгаар Дорнод аймгийн ЗДТГ-ийн барилгын дотор заслын ажлыг 417,940,000 төгрөг хийж гүйцэтгэхээр 2022 оны 06 сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Талууд 2023 оны 12 сарын 25-ны өдөр гэрээ дүгнэж тооцоо нийлсэн ба ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл болох 37,394,416 төгрөгийг Г ХК нь төлөхөөр болсон. 2023-01-29 ний өдрийн нэмэлт гэрээний 2 дахь хэсэгт гэрээний нийт үнийн дүн 417,940,000 төгрөг, уг өдрийн байдлаар 315,141,000 төгрөгийн санхүүжилт авсан гэсэн байгаа ба энэ үед дансаар манайх руу 120,000,000 төгрөг ороод ирчихсэн, нөгөө бартерын байраа 126,431,000 төгрөгт авчихсан, шалны цутгалт 68,710,000 төгрөг гэдэг нь харагдана ... иймээс үлдэгдэл 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Г ХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Г компанитай байгуулсан гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан. Г ХХК-тай тооцоо нийлэхдээ тооцоонд дансаар шилжүүлсэн төлбөрөөс 30,000,000 төгрөгийг дутуу тусгасан байсныг Ерөнхий нягтлан X.А нь 2023 оны жилийн эцсийн тайлангийн үер тухайн ажлын гүйлгээг нягтлан шалгаснаар үлдэгдэл төлбөргүй болох нь тодорхой болсон. Энэхүү асуудлыг Г ХХК-ийн захирал М. Б-од тайлбарлан 2 тал тооцоо нийлэн Г ХХК-ийн дансны хуулгатай тулгаж үзэхэд нотлогдсон, шалны цутгалтын ажил 98,710,000 төгрөг шүү дээ гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2022 оны 06 дугаар сарын 08-ний өдөр талууд Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын газрын барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Г ХХК нь барилгын дотор заслын ажил гүйцэтгэх буюу шавар, шал цутгах, хаалга суулгах, пандус цутгах, паркет шахах, хаалга суулгах, хар цагаан замаска татах, эмульс хийх, чулуун хавтан наах, хаалга цонхны амалгаа хийх, хулдаас наах, дээврийн засвар хийх зэрэг ажлыг 2022-11-01 ний өдөр хүртэл хийхээр, гэрээний хөлсөнд 417,940,000 төгрөг авахаар тохирчээ. Гэрээний 3 дах хэсэгт...төлбөрийн 44 хувийг бартераар, үлдэх төлбөрийг бэлнээр тохиролцов...бартерт 197,340,000 төгрөгийн орон сууцыг өгөхөөр тохиролцсон байна.

Мөн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр талууд гэрээндээ нэмэлт өөрчлөлтийг бичгээр оруулсан байх ба гэрээний үнийн дүнгийн 30 хувийг бартераар, 126,431,000 төгрөгийн орон сууцыг шилжүүлэхээр болж, урьдчилгаа 70,000,000 төгрөг, дундын санхүүжилт бартерын байр 126,431,000 төгрөг, шал цутгалт 98,710,000 төгрөг, баталгаат хугацааны санхүүжилт 40,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 82,799,000 төгрөг ингээд 417,940,000 төгрөг болох талаар тусгажээ.

2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ГХ-018/1 дугаартай нэмэлт өөрчлөлтийн гэрээ бичгээр байгуулсан байх ба гэрээний 1 дэх хэсэгт ажил гүйцэтгэж дуусах хугацааг 2023-02-25 ний өдөр , 2 дах хэсэгт Гэрээний үнийн дүн 417,940,000 төгрөг байсан бөгөөд өнөөдрийн байдлаар/ 2023-01-29/ 315,141,000 төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд үлдэгдэл 102,799,000 төгрөгийн санхүүжилтийг тухай бүр өгнө гэж бичжээ.

2023 оны 12 дугаар сарын 25-ний өдөр Гэрээ дүгнэсэн акт талууд үйлдэж, төлбөр тооцоо нийлсэн гэх хэсэгт ... гэрээний дүн 417,940,000 төгрөг, урьдчилгаа 70,000,000 төгрөг, бартер 126,431,000 төгрөг, шал цутгалт 98,710,000 төгрөг, дундын санхүүжилт 70,000,000 төгрөг, барьцаа төлбөр 40,000,000 төгрөг, үлдэгдэл ажил 4,000,000 төгрөг, алданги 11,404,584, төгрөг ингээд үлдэгдэл 37,394,416 төгрөг болсон гээд шийдвэрлэсэн гэх хэсэгт 2023 оны 12 дугаар сард 7,394,416 төгрөг, 2024 оны 5 сард 10,000,000 төгрөг, 2024 оны 8 сард 20,000,000 төгрөг олгохоор харилцан тохиролцов гэжээ.

Хэрэгт хариуцагч талаас гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч тал руу шилжүүлсэн мөнгөний гүйлгээг нотлох зорилгоор төлбөр шилжүүлсэн төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг гарган өгсөн байх ба нийт 2022-06-08 ний өдрөөс 2023-12-27 нийг хүртэл 177,394,416 төгрөг, гэрээний сүүлийн нэмэлт өөрчлөлт буюу 2023-01-29 нийг хүртэл 120,000,000 төгрөгийг шилжүүлсэн байжээ.

2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн Б/50 дугаартай Г ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч С.Э-г ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаал хэрэгт хариуцагч талаас гарган өгчээ.

 

5. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээний харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Уг гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг бичиг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэж заасны дагуу байгуулсанд тооцох ба Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр гэрээ байна.

Талууд гэрээ байгуулагдсан, түүний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Талуудын маргааны зүйл нь ажлын хөлсний үлдэгдэлд 30,000,000 төгрөг дутуу эсэх, тодруулбал нэхэмжлэгч тал ....тооцоо нь нэгэнт тоон дүнгээрээ таарч байсан тул шал цутгалтын ажил 68,710,000 төгрөгийг 98,710,000 төгрөг гэж бичсэнийг тоогоогүй..... тайлбарладаг бол хариуцагч тал ... нягтлан бодогч алдаа гаргаснаас болж 30,000,000 төгрөгийн шилжүүлгийг оруулаагүй тооцоо нийлсэн, мөн шал цутгалтыг 98,710,000 төгрөгөөр эднийхээр хийлгүүлсэн болохоос 98,710,000 гэсэн тоо аль ч гэрээнд байхгүй тул үндэслэлгүй .. гэж татгалзана.

Шүүх 30,000,000 төгрөгийн ажлын хөлсийг захиалагч буюу хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзсэн. Учир нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргийг захиалагч хүлээдэг.

Талууд хэдийгээр 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн нэмэлт гэрээ, 2023 оны 12 дугаар сарын 25-ний өдөр Гэрээ дүгнэсэн актуудад шал цутгуулсан ажлын хөлсийг 98,710,000 төгрөгөөр тооцохоор бичсэн байх боловч шүүх 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ГХ-018/1 дугаартай нэмэлт өөрчлөлтийн гэрээ, мөн 2023 оны 12 дугаар сарын 25-ний өдөр Гэрээ дүгнэсэн актын агуулгад үндэслэн 30,000,000 төгрөгийн үлдэгдэл байна гэж үзэв.

Хоёр дахь буюу сүүлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээний 1 дэх хэсэгт ажил гүйцэтгэж дуусах хугацааг 2023-02-25 ний өдөр , 2 дах хэсэгт Гэрээний үнийн дүн 417,940,000 төгрөг байсан бөгөөд өнөөдрийн байдлаар/ 2023-01-29/ 315,141,000 төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд үлдэгдэл 102,799,000 төгрөгийн санхүүжилтийг тухай бүр өгнө гэж бичсэн байдаг. Үүнийг бусад баримттай харьцуулан үзвэл нийт гэрээний санхүүжилт 417,940,000 төгрөг , үүнээс 2023 оны 1 дүгээр сарын 29-ний байдлаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 126,431,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг арилжааны гэрээний хүрээнд шилжүүлэн авчихсан, мөн дансаар 120,000,000 төгрөгийг 2022-06-08 ний өдрөөс 2022-12-08 ний өдрүүдэд хүлээн авчихсан гээд тооцохоор цаана нь 315,141,000 төгрөгөөс аваагүй үлдсэн 68,710,000 төгрөг гарч ирж байх ба энэ нь талуудын байгуулсан гэрээнд шал цутгалтын ажлыг 68,710,000 төгрөгөөр тооцох тухай заалт байхгүй гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж байна.

Дээрх үндэслэлээр нийт 417,940,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн хийсэн шал цутгалтын төлбөр 68,710,000 төгрөгийг хасахаар 349,230,000 төгрөг үлдэх ба цэвэрлэгээний ажил 4,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлж ажил хүлээлцсэн алдангид 11,404,584 төгрөг, дансаар орсон 177,394,416 төгрөг, болоод шилжүүлсэн байрны үнэ 126,431,000 төгрөгийг хасахаар 30,000,000 төгрөг үлдэж байна.

Түүнчлэн тооцоо нийлэх акт буюу гэрээг дүгнэсэн акт үйлдэх эгшинд 2023-12-25 ний өдрийн байдлаар тооцоо нийлэхэд хариуцагч талын нягтлан алдаа гаргасан гэх боловч тус байгууллагын Ерөнхий нягтлан С.Э нь 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн байх ба тооцоо нийлэхээс өмнө халагдсан гэж үзэхээр байгаа ба гэрээ дүгнэсэн актад хариуцагч байгууллагын инженер Б.Г гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

Иймээс Г ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 30,000,000 төгрөгийг хариуцагч Г ХК-аас нэхэмжлэх эрхтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г ХК-аас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г ХК-аас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЧУЛУУНЧИМЭГ