| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/00437/И |
| Дугаар | 320/ШШ2025/00639 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 320/ШШ2025/00639
| 2025 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 320/ШШ2025/00639 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.А
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 320/2025/00437/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.А- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие ЕБС-ийн 10 дугаар ангийг 1988 онд төгсч, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Улмаар тэр үеийн нэрээр Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 153 тоот тушаалаар 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн оёдолчноор анх ажилд орсон. Энэ үйлдвэрт 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан бөгөөд уг Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэр нь улсын үйлдвэрийн газар байхаа больж, хувийн хэвшилд шилжиж, Хөх сувд ББХК болсон тул мөн өдрөөр буюу 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр уг үйлдвэрийн газраас ажлаас чөлөөлөгдсөн. Ажилласан байдлаа тодорхойлоход ажил олгогчоос олгосон 326822 дугаартай хөдөлмөрийн дэвтэр гол баримт болох ба түүнд тэмдэглэгдсэн 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр ажилд авсныг гэрчлэх Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 153 тоот тушаал гэдэг нь мөн өдрөөр ажиллаж ирснийг гэрчилнэ. Мөн дэвтрийн 8 дугаар тал дахь 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, Хөх Сувд ББХК-д шилжүүлснээр миний бие Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн оёдолчны үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн тушаалууд архиваас болон бусад газраас гараагүй. Учир нь Хатгал хотоос баримтууд шилжиж ирээгүй, хадгалагдах газар шатсан гэдэг.
Иймд миний Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 153 тоот тушаалаар 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэхь тал)
1.1. Нэхэмжлэгч М.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг дэмжиж байна. М.А- 8 дугаар анги төгсөөд эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж байгаад Хатгал хотын Оёдлын үйлдвэрийг даргын 1989 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 153 тоот тушаалаар оёдолчноор ажилд орж, 1994 оныг дуустал оёдолчноор ажилласан байдаг. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх улсад ажилласан жил тооцогдохгүй байгаа тул шүүхэд хүсэлт гаргасан.
Иймд М.А-ийн Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрт 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмдэхийн хуулбар, №0737255 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон болохыг баталгаажуулсан №1700004866 дугаар Баталгаажилтын хуудас, №326822 дугаар хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 11/213 дугаар албан бичиг, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт, 1991 он, 1993 онд авахуулсан гэрэл зураг, Ц.Бт олгосон итгэмжлэл, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1/269 дугаар албан бичиг зэрэг баримт өгсөн. (хавтаст хэргийн 2-5, 33-37, 55-56 дахь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс М.А-ийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн баримт байгаа эсэх лавлагаа, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Хатгал хотын Оёдлын үйлдвэр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх лавлагаа зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Ө, М.Ч нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 18, 21-24, 17, 20, 25-27, 38-41 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч М.А- нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч М.А- Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрт 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, (хавтаст хэргийн 1 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрээс 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Мын А-д олгосон 01. 1989 оны 11 сарын 23. Хатгалын Оёдлын үйлдвэрт оёдолчноор авч ажиллуулав. Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн даргын 1989-11-24-ний өдрийн 153 дугаар тушаал. 02. 1991 оны 01 сарын 21. Хөдөлмөрийн хуулийн 159 дүгээр зүйлд заасны дагуу хүүхэд асрах чөлөө олгов. Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн даргын 1991-03-12-ны өдрийн 18 дугаар тушаал. 03. 1991 оны 12 сарын 01. Хөдөлмөрийн хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд асрах чөлөө олгов. Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн даргын 1991-12-03-ны өдрийн 70 дугаар тушаал . 04. 1992 оны 11 сарын 20. Чөлөөний хугацаа дууссан тул оёдолчноор эгүүлэн авч ажиллуулав. Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн даргын 1992-11-10-ны өдрийн 45 дугаар тушаал. 05. 1994 оны 12 сарын 31. Үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөх сувд ББХКомпаний мэдэлд шилжүүлэв. Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн даргын 1994-12-31-ний өдрийн 40 тоот тушаал. 1995.01.01. 5 жил 01 сар 08 хоног ажилласан. нийгмийн даатгалын байцаагч гэх бичилттэй №326822 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4-5 дахь тал)
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Шимтгэлийн тухай хууль-ийн дагуу аж ахуйн нэгж байгууллагын шимтгэл төлөлтийн баримтыг нийгмийн даатгалын архивт авч эхэлсэн. Иймд Хатгал сумын Оёдлын үйлдвэрийн 1989-1991.07.01-ний хүртэлх хугацааны шимтгэл төлсөн тухай баримт байхгүй болно. Харин Хатгал сумын Оёдлын үйлдвэр 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болно гэх бичилттэй 101 дугаар, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаар албан бичгүүд, (хавтаст хэргийн 26-27 дахь тал)
Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн нярав, нягтлан, оёдолчин , шалгагч, засварчин, мастер зэрэг хамт олонтой 1991 он, 1993 онд авахуулсан гэрэл зураг, (хавтаст хэргийн 35-37 дахь тал)
Гэрч Д.Өын ...М.А- нь Хатгалын Оёдлын үйлдвэрт 1989 оны 11 сараас 1994 оны 12 сарыг дуустал оёдолчноор...Тасраагүй ажилласан... Хатгалын Оёдлын үйлдвэр 1989 онд байгуулагдаж, 1996-1997 оны хооронд тарж, татан буугдсан...Биднийг хамт ажиллаж байхад 1 удаа төрсөн...Дикритний амралттай байгаад буцаад орж ажилласан...Би Хатгалын ноосны үйлдвэрт 1977 оноос ажиллаж байхад далай бохирдуулж байна гээд ноосны үйлдвэр зогссон. Ингээд үйлдвэрийн барилгыг Оёдлын үйлдвэр болгож, 1989 онд анх удаа ажлын хувцасны үйлдвэр нэрээр байгуулагдаж байсан...Би Хатгалын Оёдлын үйлдвэрт 1989-1997 онд чанар шалгагчаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч М.Чын ...Би Хатгалын ноос угаах үйлдвэр, Оёдлын үйлдвэрт 1975-1995 он хүртэл ажиллаж байсан. М.А- нь Хатгалын ноосны үйлдвэр нь Оёдлын үйлдвэр болсон байхад 1989 оны 11 сард оёдолчноор ороод 1995 он хүртэл ажилласан...Үйлдвэр, аж ахуйн газрын захиалгаар ажлын нормын хувцас оёдог байсан. Эсгүүрийн хэсэг, оёдлын хэсэг, захиргаа аж ахуйн хэсэгтэй байсан. Ажилчид 2 ээлжтэй байсан. 150 орчим ажилтан, албан хаагч байсан байх...1994 оны сүүлээр хувьчлагдах болж Хөх сувд компани байгуулагдаж байсан...Би Хатгалын ноос угаах үйлдвэрт 1975-1989 онд грушикээс эхэлж, нягтлан...Хатгалын Оёдлын үйлдвэрт 1989-1995 он хүртэл тоо бүртгэгчээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 38-39 дэхь тал)
Нэхэмжлэгч М.А-ийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч М.А- өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд М.А-ийн Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрт 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: №0737255 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон болохыг баталгаажуулсан №1700004866 дугаар Баталгаажилтын хуудас-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг архивын хуулбарууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 2-3, 22-24 дэхь тал)
6. Нэхэмжлэгч М.А-д холбогдох тушаал, шийдвэр байхгүй, Хатгал тосгоны Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор галд шатсан болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хөвсгөл Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн даргын 1988 оноос хойшхи баримт манай архивт шилжиж ирээгүй тул М.А-д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/332 дугаар албан бичиг, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор нь 2017 оны 4 дүгээр сарын 20-нд эд зүйлийн хамт шатсан болохыг тодорхойлов гэх бичилттэй тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Тосгоны Захирагчийн ажлын албаны байр болон архивын байр 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шатсан учир Хатгал хотын Оёдлын үйлдвэрт 1989-1994 онд оёдолчноор ажиллаж байсан Мын А-тэй холбогдох баримт бичгийн лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 1/269 дугаар албан бичиг, гэрч Д.Өын ...Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн баримт, тушаал шийдвэр, цалингийн баримт аймгийн архив дээр бараг байхгүй юм билээ. Би тэтгэвэрт орохдоо авах гэхэд баримтаа бараг тушаагаагүй байсан. Үйлдвэр тарж байхад өрөөгөөр нэг цаас, баримтууд байсан. Тэр нь тэгээд үйлдвэр тараад байхгүй болсон. Цалингийн баримт бол ёстой олдохгүй юм билээ. Тэр үеийн дарга нарын л хийсэн ажил байх ... гэх мэдүүлэг, гэрч М.Чын ...Хатгал хотын Оёдлын үйлдвэрийн баримт, тушаал шийдвэр, цалингийн баримт Хатгалын захиргаанд байж байгаад шатсан гэсэн... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 20, 33, 34, 56, 40-41 дэхь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цоохорууд овогт Мын А-ийн, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Оёдлын үйлдвэрт 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА