2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/04227

 

 

 

 

 

 

                                                         2025             05            19  

                                       192/ШШ2025/04227

              

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК-д холбогдох,

20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, гэрч Н.Г, Д.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Миний бие баргиад ахлан "С ХХК-тай амаар хэлэлцэн тохиролцож тус компанийн Сүхбаатар дүүргийн ... 1-3 давхрын барилга угсралтын хэв угсралтын ажлыг 2024 оны 8 дугаар сарын 20 өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хугацаанд хийж гүйцэтгэн, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгсөн. Хэдий тийм боловч тус компани нь өнөөдрийг хүртэлх хугацаанд 3 давхрын угсралтын ажлын хөлс болох 18,000,0000 төгрөгийг элдэв шалтаг тооцон, хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн болно. "С ХХК нь худал үг, хоосон амлалтаар бид нарыг удаа дараа чирэгдүүлж, хийсэн ажлыг маань үнэгүйдүүлж хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулж, цаг хугацаагаар хохироож байгаа болно. Иймд С ХХК-иас үүргийн гүйцэтгэлд 18,000,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын хөлс 2,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “С ХХК  нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн "Э ХХК-тай гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ... хорооны нутаг дэвсгэрт "М" апартмент орон сууцны барилгын карказ угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах болсон. Тус барилгын шат, лифт, хучилтын ажлыг иргэн Ж.Б болон түүний бригадтай тохиролцсоны үндсэн дээр 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. Иргэн Ж.Б болон түүний бригад гэрээний дагуу барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явцад хавсралт №1-т үзүүлсэн ажлын доголдол гаргаж ажлын чанар, стандартад нөлөөлөхүйц хэмжээний алдааг илрүүлж /заасан хэв хашмал хуулаагүй, гүйцэтгэсэн ажлын дараах цэвэрлэгээ хийлгүй/ засахыг шаардтал захиалагчийн шаардлагыг биелүүлэлгүй, улмаар тохирсон ажлаа хаяж явсан болно. Угсралтын ажилд иргэн Ж.Б болон түүний бригад гүйцэтгэсэн ажлын хэмжээ, орхигдуулсан ажлыг нөхөж гүйцэтгүүлэхэд гарах зардал, тэдний гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гаргах зардал, ХХОАТ зэрэг хасагдах зардлыг хавсралт №2-т тооцоолж гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаас бид 10,000,000 төгрөгийг хүлээж болох юм. Нэхэмжлэгч этгээдийн ажлын хариуцлагагүй байдал, захиалагчийн зүй ёсны шаардлага биелүүлдэггүй, мэргэжлийн ажилд хэт сэтгэл хөдлөлөөр ханддаг, санхүүжилт багахан хугацаанд хоцорч байгааг ойлголгүй, тэвчээргүй байдал, асуудалд хэт муйхар хандаж байсан зэргээс шалтгаалж нэхэмжлэгч этгээдтэй ойлголцоход бэрхшээлтэй байсан.” гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, гар бичмэл, худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл, хариуцагчаас тооцооны хүснэгт, фото зураг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэх, хаан банкны Б.Э-н дансны хуулга шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Б-г, хариуцагчийн хүсэлтээр гэрч Б.Г-г асуусан байна.

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 2,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 10,000,000 төгрөгөөс бусад хэсгийг эс зөвшөөрч, гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан, хувь хүний орлогын албан татвар суутгагдах ёстой, хариуцагч нэмэлт зардал гаргасан гэж маргажээ.

            6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Зохигч .. угсралтын хэв угсралтын ажлыг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр амаар тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна. Энэхүү хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно. /хэргийн 1, 19/

 

С ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Э нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гараар бичсэн бичвэртээ “С ХХК иргэн Баттулгын бригадад .. автомашин зарагдсан тохиолдолд тохиролцсон 18,000,000 төгрөгийн 50 хувь болох 9 сая төгрөгийг өгөх болно. Үлдсэн төлбөр 9,000,000 төгрөгийг барилгын санхүүжилт олгоход төлнө” гэж төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч байжээ. /хэргийн 4/

 

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь дээрх гар бичвэрийг үгүйсгэж чадаагүйгээс гадна доголдол 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш илэрсэн, түүнийгээ төлбөр төлөхөө илэрхийлж байхдаа мэдээгүй болохоо, тохиролцсон дүнгээс хувь хүний орлогын албан татвар суутгахаар тохиролцсон болохоо баримтаар нотлоогүй байна.

7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

8. Зохигч ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүйгээс гадна хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ”, 352 дугаар зүйлийн 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх”, 352.4-т “Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэж тус тус заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг төлбөр төлөхөө илэрхийлсэн бичгийн баримтаар хүлээн зөвшөөрсөн бөгөөд ажлын тоо, хэмжээ, чанартай холбоотой гомдол энэхүү зөвшөөрсөн хугацаанаас хойш буюу 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш гаргаж байгаагүй тул нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд шинээр биет байдлын доголдол илрээгүй гэж үзлээ. Мөн хариуцагч 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө хийсэн ажлын доголдолтой холбоотой шаардлага гаргасан, доголдол арилгахыг нэхэмжлэгчид мэдэгдсэн зүйлгүй байхаас гадна төлбөр төлөхөө илэрхийлэхдээ энэ талаар тохиролцох боломжтой юм.

9. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажил гүйцэтгэх үүргээ биелүүлсэн байх ба хариуцагч төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул 18,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

10. Харин нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд 2,000,000 төгрөг төлсөн бөгөөд түүнийгээ хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байх тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болжээ. Нэхэмжлэгч хуульчтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулахдаа итгэлцэл, ажлын хэмжээ, үнийн талаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан атлаа хуульчид төлсөн хөлсөө гэрээгээр үүрэг хүлээгээгүй этгээдээс гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

11. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас 18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид Ж.Б-д олгож, үлдэх 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ