Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2025/0489

 

2025 07 01 128/ШШ2025/0489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батсүх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Н******* /РД:ШЖ******* /,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б******* /ШТЭҮД:*******/,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар,

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Э, М.Г*******

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар,

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б*******, М.О*******

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******, хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О*******, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Д.Б******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Хэргийн үйл баримтын тухайд:

1.1.Нэхэмжлэгч Б.Н******* Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Б.Н*******д ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Н*******д ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгахаар маргажээ.

1.2.Иргэн Б.Н******* нь Д******* ХХК-д 2024 оны 1 дүгээр сараас ажиллаж байгаад ...Миний бие санхүүгийн шинжээч аудитын ажлын байрны сонгон шалгаруулалтад бэлтгэн оролцох болсон тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09/24 дүгээр тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

1.3.Улмаар нэхэмжлэгч Б.Н******* нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газарт Ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл гаргаж ажлаас чөлөөлөгдсөн тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ...Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сан ejob.gov.mn-д ажил хайгч иргэнээр бүртгүүлсэн гэх тодорхойлолт зэргийг хавсарган өгчээ.

1.4.Гэвч Б.Н*******ийн гаргасан дээрх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн тэтгэмж хариуцсан байцаагч нь тэтгэврийн ердийн насанд хүрсэн байна гэх шалтгаан тайлбарыг амаар өгч ажилгүйдлийн тэтгэмж тогтоохоос татгалзсан байна.

1.5.Тус татгалзсан хариутай холбоотой Б.Н******* 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад гомдол гаргаж Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/08 дугаар албан бичгээр ...даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн ердийн насыг тухайн даатгуулагчийн төрсөн онд харгалзах ас гэж ойлгох бөгөөд танай төрсөн онд харгалзах өндөр насны тэтгэврийн нас 56 нас 3 сар байна. Иймд та өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрсэн тул танд ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй байна гэжээ.

1.6.Нэхэмжлэгчээс шүүхэд анх 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2025/1240 дугаар шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, холбогдуулан 128/2025/0220/з индекстэй захиргааны хэрэг үүсгэсэн.

1.7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн зүйлгүй хариуцагчаас ...нийгмийн даатгалын салбарын бодлогын болоод системийн хэмжээний асуудалтай холбоотой тус маргаанд хамтран хариуцагчаар Нийгмийн даатгалын ерөнхий газрыг хамтран хариуцагчаар татаж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/2025/3073 дугаар захирамжаар хамтран хариуцагч татаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн үндэслэлдээ: ...Нийгмийн даатгалын ерөнхий газар нь гомдлын хариу өгсөн албан тоотдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-ийн ...өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч гэсэн нэр томьёог Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1 дүгээр заалтын Тайлбар хэсэгт тодруулсан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх харилцааг тусгайлан зохицуулсан шалгуурыг ажилгүйдлийн тэтгэмж олгох харилцаанд хамааруулан ашиглаж "Та өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрсэн тул ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй хэмээн тус тусын хуулиар зохицуулагддаг харилцааг хольж тайлбарласан. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. гэсэн заалт дахь өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч гэсэн нэр томьёоны хуулийн ойлголт, утга агуулга, илэрхийллийг салбарын хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагын зүгээс тайлбарлах нь хууль эрх зүйн
чадамжгүй үйлдэл гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын байгууллагын энэхүү шийдвэр нь Монгол улсад нийтээр дагаж мөрдөгдөж буй болон тухайн салбарын үйл ажиллагааг зохицуулсан дараахь хууль тогтоомжийг зөрчин, даатгуулагч иргэн намайг хохироож байна. Үүнд:

Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасан шударга ёс болон хүний эрхийг хамгаалах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг тус тус зөрчсөн үйлдэл болсон.

Хоёр. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2."даатгуулагч" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;, 4.1.5-д "нийгмийн даатгал" гэж даатгуулагч, ажил олгогч, төрөөс хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болоход өөрт нь, хэрэв даатгуулагч нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүнд хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр олгох, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээг;, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх гэсэн нийгмийн даатгалын шимтгэлийг урьдчилан төлөөд дараа нь эрхээ эдлэх, шимтгэл төлөлттэй уялдуулан тэтгэмж олгох тухай суурь зарчмыг хуульчилсан заалтууд зөрчигдсөн.

Гурав. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д" Энэ хуулийн зорилт нь тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалд шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэмж олгох, ажлын байрыг тогтвортой хадгалсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино." гэж тодорхойлсон үндсэн зорилт зөрчигдсөн.

Дөрөв. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 5.1.1.тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй; гэсэн заалт,

Тав. Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-д Аж ахуйн нэгж, байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1-д заасан насанд хүрсэн ахмад настныг 65 насанд хүрээгүй бөгөөд өөрөө хүсэлт гаргаагүй байхад тэтгэвэрт гарахыг шаардах, энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн гэрээ цуцлахыг хориглоно" гэж заасан 65 насанд хүрээгүй, өөрөө хүсэлт гаргаагүй байтал намайг тэтгэвэрт гарахыг тулгасан хууль бус шийдвэр гаргаж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. Даатгуулагч дараах эрх эдэлнэ: 33.1.1. нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах; гэсэн даатгуулагч миний эрхийг зөрчсөн.

Ийнхүү Монгол улсад нийтээр дагаж мөрдөгдөж буй болон тухайн салбарын хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллага нь эрх мэдлээ хэтрүүлэн, хуулийн нэр томьёонд тайлбар хийж, даатгуулагч иргэн миний хууль ёсны эрхийг зөрчсөн шийдвэр гарган, сэтгэл санааны болон санхүүгийн хувьд намайг хохироож буй хууль зөрчсөн энэхүү үйлдлийг зогсоож, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Н*******д ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.2.Нэхэмжлэгч Б.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл тайлбартаа: ...2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ өгсөн. Ажилгүйдлийн тэтгэмжийг хариуцсан ахлах ажилтан н.О*******тай уулзахад тэтгэврийн насанд хүрсэн байна ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй гэсэн. Тухайн үед Нийгмийн даатгалын сангаас Өндөр насны тэтгэвэр олгох тухай хуулийн тэтгэврийн насанд хүрсэн ч цаашид ажиллах хүсэлтэй байгаа. Би одоогоор ажиллах хүсэлтэй байгаа учраас ажилд ортлоо хугацаа завсардах тул өргөдлийг гаргасан. Хяналтын хэлтсийн дарга н.Эчимэг ахлахтай уулз гэснээр уулзахад хуулийн хэрэгжүүлэлт ингэж хэрэгждэг гомдолтой байвал Нийгмийн даатгалын ерөнхий газартаа ханд, бид нар бичгээр хариу өгөх боломжгүй Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан ёсны хариуг аваарай гэсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаад миний материалыг судалж үзээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох ердийн насанд хүрсэн учраас ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэж тайлбарласан. Хуулийн мэргэжилтэн хүмүүсээс асууж ердийн нас гэдэг тодорхойлолт байхгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газар ердийн нас гэдэг ойлголтоо тайлбарлаж өгсөн нь хууль эрх зүйн шаардлага хангаагүй учраас үндэслэлтэй татгалзал биш учраас ингээд шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжилсэн. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр дутуу ойлголтоор хандаж байсандаа албан ёсны уучлалт хүсэж байна. Өргөдлийн дагуу тэтгэврийн асуудлыг маань Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар дээр шийдсэн байсан. Нэхэмжилж байгаа асуудалд хамааралтай гэж үзэхгүй байгаа. Үндсэн хуульд заасан эрх тэгш байдлаар хандах эрхийг зөрчөөд, мөн Ахмадын тухай хууль болон бусад хуулиудын заалтуудыг зөрчиж шүүх хурлыг өнөөдрийг хүртэл явах процессын явцад бусад иргэдээс авдаг материалаас илүү материалыг надаас шаардаж тэгш бус харьцаж байгаа мэт санагдаж байна. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг хангуулахыг хүсэж байна гэжээ.

2.3.Нэхэмжлэлийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/08 дугаартай албан бичгийг нэхэмжлэгчид өгсөн байдаг. 56 нас 3 сартай учир ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй гэсэн тайлбар байдаг. Тэтгэврийн тухай хуульд өндөр насны тэтгэвэр авах эрх байгаа харин тэтгэврийн ердийн нас гэдэг ойлголт байхгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газар хуулийн заалтыг тайлбарлах эрхгүй түүнчлэн тэтгэвэр авах эрх гэдгийг шууд ердийн нас гэж тайлбарлах нь хууль зүйн үндэслэлгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газраас манай үйлчлүүлэгчид 56 нас 3 сар хүрсэн ажилгүйдлийн тэтгэмж авах эрхгүй гэсэн. Манай үйлчлүүлэгч 56 нас 3 сар хүрснээс хойш ажил хөдөлмөр эрхэлж байсан. Хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд холбогдох тэтгэмжийг төлж байсан. Тэтгэмж дотор ажилгүйдлийн даатгалын санд заасны дагуу ажил олгогчийн талаар, ажилтны талаар ч хуульд заасны дагуу тэтгэмжийг төлж байсан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т даатгуулагч нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр тэтгэмж эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр гэж хэн ч ойлгохоор хуульчилсан байгаа. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас ердийн тэтгэврээ авах насанд хүрсэн учраас ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг авах боломжгүй гэсэн хариу өгч байгаа боловч манай үйлчлүүлэгчийн Нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл болон шимтгэлийн хэмжээтэй уялдахгүй байгааг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д 65 насанд хүрсэн даатгуулагч өөрөө өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан. Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-д аж ахуйн нэгж байгууллага нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан 65 насанд хүрээгүй бөгөөд өөрөө хүсэлт гаргаагүй байхад тэтгэвэрт гарахыг шаардан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглоно гэж тус тус заасан. Эдгээр заалтаас хэдий тухайн иргэн тэтгэвэр авах эрх нь нээгдсэн ч 65 нас хүрээгүй тохиолдолд хөдөлмөрлөх эрх нээлттэй байна. Ажилгүйдлийн даатгалын санд холбогдох даатгалыг төлж байгаа тохиолдолд тэтгэмж олгон ажлын байрыг тогтвортой хадгалсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг. Нэхэмжлэгчийн хувьд 34 жил нийгмийн даатгалын санд холбогдох даатгалыг төлж ирсэн. Энэ хугацаанд нэг ч удаа ажилгүйдлийн тэтгэмж авч байгаагүй. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгчид ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэжээ.

2.4.Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна, 4 дүгээр зүйлийн 4.1.16-д тэтгэмж гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч ажилгүй болох тохиолдолд өөрт нь ... нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг; хэлнэ гэж заажээ. 2002 он ба Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч гэж, мөн зүйлийн Тайлбар хэсэгт энэ хуулийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн нас нь ..., 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна. Цаашид ..., 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс доошгүй хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн ердийн насыг тухайн даатгуулагчийн төрсөн онд харгалзах нас гэж ойлгох бөгөөд иргэн Б.Н*******ийн хувьд төрсөн онд харгалзах өндөр насны тэтгэврийн ердийн нас 56 нас 3 сар байх бөгөөд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй байх заалтыг хангахгүй байх тул ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй юм гэжээ.

2.5.Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э: ...2023 оны 07 дугаар сард Нийгмийн даатгалын багц хууль шинэчлэгдсэн. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д тэтгэмж гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн хөдөлмөрийн чадвараа түр алдагч ерөнхий болон ээлжийн амралт эдлэх ажилгүй болох тохиолдолд нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг тодорхойлсон, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар түүнээс дээш хугацаанд ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сард тасралтгүй төлсөн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа, Тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй хүн тэтгэмж авах эрхтэй гэж заасан. Энэ журмын хуулийн 9.1-г хангахгүй байна гэдэг шалтгаанаар сүүлийн тэтгэмж олгоход татгалзсан. Нийгмийн даатгалын байгууллага Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийг барихдаа бүх хүнд эрх тэгш ханддаг. Нэхэмжлэгчийг тусад нь авч үзээд ялгаварласан байдал байхгүй. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан заалтыг тэтгэвэр тогтоогоод олгоод явж байгаа гэж хэлмээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна гэжээ.

2.6.Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******: ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зөвхөн тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч гээд оруулаад өгчихсөн. Тэтгэврийн ердийн нас гэдгийг хуулиар зохицуулагдчихсан байна. Тэтгэврийн ердийн насыг тухайн иргэний төрсөн онд харгалзуулна гээд хуулийн тайлбар дээр байна тэгэхлээр тухайн иргэний хувьд яг хамааралтай тайлбарыг үзэхэд 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолт насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзан 3 сараар нэмэгдүүлнэ гэж байгаа. Иргэн Н*******ийн хувьд 1967 онд төрсөн 56 нас 3 сартай байж тэтгэврийн ердийн насанд хүрсэн байна гэж үзнэ. Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг өгсөн цаг мөчид тухайн иргэн 57 нас 6 сартай байсан. Магадгүй өмнө нь ажилгүйдлийн тэтгэмж авъя гээд ирсэн бол өгөх боломжтой. энийг Нийгмийн даатгалын ерөнхий газар энэ хүнд ажилгүйдлийн тэтгэмж өгөхөөс татгалзаад байгаа зүйл биш энэ хуулиар хязгаарлагдчихсан зүйл. Тэтгэврийн ердийн нас хөдөлмөр эрхлэх насны дээд хязгаар гэдэг хоёр зүйлийг бас ялгах нь зүйтэй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын Б.Н*******д ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгчээс миний хүсэлт баримтын бүрдлийг авч шалгаад компьютерын программд бүртгүүлэхээр хандахад тэтгэврийн насанд хүрсэн гэсэн тохиргоогоор бүртгэл хийж болохгүй ... тэтгэврийн насанд хүрсэн тул ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй ... Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн хэдий ч өөрөө хүсээгүй цаашид ажиллана гэдгийг тайлбарлахад ... миний бүрдүүлсэн баримтыг буцааж өгсөн Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газраас бичгээр хариу өгөөгүй гэж, харин хариуцагчаас ... өндөр насны тэтгэврийн ердийн насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзах насыг ойлгох бөгөөд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрсэн тул нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрхгүй гэж тус тус маргажээ.

3.Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 310 дугаар албан бичгээр ... тус газрын тэтгэмжийн тогтоолт, олголтын байцаагч нь нэхэмжлэгч Б.Н*******ийн өргөдлийг тэтгэврийн ердийн насанд хүрсэн байна гэх шалтгаан, тайлбарыг амаар өгсөн гэсэн тайлбар ирүүлсэн бөгөөд үүнтэй талууд маргаагүй болно.

4.Мөн нэхэмжлэгч Б.Н******* 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандахад, 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01/08 дугаар албан бичгээр ... даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн ердийн насыг тухайн даатгуулагчийн төрсөн онд харгалзах нас гэж ойлгох бөгөөд таны төрсөн онд харгалзах өндөр насны тэтгэврийн нас 56 нас 3 сар байна ... ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй ... гэсэн хариу өгчээ.

5.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 5/өндөр наслах, ... хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй; гэж заасан иргэний үндсэн эрхийн харилцааг Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулиар тус тус нарийвчлан зохицуулдаг байна.

6.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "даатгуулагч гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан ... тэтгэмж, ... төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;, 4 дүгээр зүйлийн 4.1.5-д нийгмийн даатгал гэж даатгуулагч, ... хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж сан бүрдүүлэх, даатгуулагч ... ажилгүй болоход өөрт нь ... тэтгэмж, ... нийгмийн хамгааллын арга хэмжээг;, 4.1.16-д тэтгэмж гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч ... ажилгүй болох тохиолдолд өөрт нь, ... нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг;, 5 дугаар зүйлийн 5.1.3-т нийгмийн даатгалын сангаас олгох ... тэтгэмж нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх гэж зааснаар нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авахаар хандахад хариуцагаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч эрх үүснэ гэх үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна.

7.Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Нийгмийн даатгал дараах төрөлтэй байна гээд 6.1.3-т ажилгүйдлийн даатгал;, 7 дугаар зүйлийн 7.1-д Нийгмийн даатгал нь албан журмаар болон сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна гэж зааснаас үзэхэд нийгмийн даатгалын санд сар бүр шимтгэл төлсөн даалгуулагчид тэтгэмж олгох зориулалттай гэж үзэхээр байна.

8.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Н******* нь Дөрвөлж Уул ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр санхүүгийн шинжээч, аудиторын ажлын байрны сонгон шалгаруулалтад бэлтгэх оролцох болсон тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу тус компанийн гүйцэтгэх захирлын 09/24 дүгээр тушаалаар 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр чөлөөлжээ.

9.Нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сан www.ejob.gov.mn -д ажил хайгч иргэнээр бүртгүүлсэн тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

10.Улмаар нэхэмжлэгч Б.Н******* нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөр огноолсон ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай өргөдлийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газарт гаргасан, өргөдлийг тус газраас тэтгэврийн ердийн насанд хүрсэн гэх шалтгаанаар хүлээн аваагүй, буцаасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Даатгуулагч, иргэн тэтгэмж авах өргөдлөө нийгмийн даатгалын байгууллагад дараах хугацаанд цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана:, 14.1.3-т ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагч ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэр гарсан өдрөөс хойш 4 долоо хоногийн дотор ..., 15 дугаар зүйлийн 15.1-д Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн тэтгэмж авахыг хүссэн өргөдлийг энэ хуулийн 15.2-т заасан журмын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт хүлээж авснаас хойш ... ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудлыг 14 хоногийн дотор, ... шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн байна.

11.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалд шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэмж олгох, ... харилцааг зохицуулахад оршино, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Ажилгүйдлийн даатгалын сангаас дараах тэтгэмж, хөнгөлөлтийг олгоно: гээд 2.2.1-д ажилгүйдлийн тэтгэмж; 9 дүгээр зүйлийн 9.1-д Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй гэж тус тус заасан.

12.Дээрх хуулийн зүйл, заалтын зорилго, системчлэлээр тайлбарлавал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9.1-д зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхээр байх боловч ажилгүйдлийн тэтгэмжийг 9 дүгээр зүйлийн 4-т Цэргийн жинхэнэ албыг биеэр хаахаар татагдсан, хорих ял эдлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, байгууллагын захиалгаар суралцах, хөдөлмөрийн чадвар алдсаны болон өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй, 12.1-д Ажилгүйдлийн тэтгэмж олголтыг дараах үндэслэлээр зогсооно гээд 12.1.2-т өндөр насны, эсхүл хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон гэсний дагуу ажилгүйдлийн тэтгэмжийг олгохгүй байхаар заажээ.

13.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "даатгуулагч" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан ... тэтгэмж, ... төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;, 4.1.5-д "нийгмийн даатгал" гэж даатгуулагч, ... хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж сан бүрдүүлэх, даатгуулагч ... ажилгүй болоход өөрт нь ... тэтгэмж, ... нийгмийн хамгааллын арга хэмжээг гэж зааснаас үзвэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэн ажилгүй болсон тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй гэж үзэв.

14.Хариуцагчийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч гэж, Тайлбар хэсэгт энэ хуулийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн нас нь ..., 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна. Цаашид ..., 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна гэж зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох ердийн насанд хүрсэн гэж ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан нь нэхэмжлэгчийн ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

15.Дээрх хуулийн зохицуулалт нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх зохицуулалт байхад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчид нийгмийн баталгааг хангах зорилгоор ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагч ажилгүй болоход өөрт нь олгох тэтгэмжийг олгохгүй хязгаарлаж байгаа нь тэгш эрхийн зарчимд нийцээгүй байна.

16.Нэхэмжлэгчийн хувьд ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл гаргах үед өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй байсан, харин 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл-ийг Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газарт гаргаж, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсаар 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоосныг дурдах нь зүйтэй.

17.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн тэтгэмж авахыг хүссэн өргөдлийг энэ хуулийн 15.2-т заасан журмын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт хүлээж авснаас хойш ... ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудлыг 14 хоногийн дотор, ... шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын Б.Н*******д ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

18.Хариуцагч Сүхбаатар дүүргийн даатгалын газраас ...нийгмийн даатгалын салбарын бодлогын болоод системийн хэмжээний асуудалтай тус маргаанд хамтран хариуцагчаар Нийгмийн даатгалын ерөнхий газрыг татан оролцуулах хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2025/3073 дугаар захирамжаар хамтран хариуцагчаар Нийгмийн даатгалын ерөнхий газрыг татан оролцуулсан боловч өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх харьяалах байгууллага нь Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газар байх тул тус газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Н*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Н*******д ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БАТСҮХ