Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 209

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан И овогт Ж-ийн Ст яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 1705012520219  дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад  хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах ажил хийдэг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .............аймаг .... сум ... дугаар баг .........оршин суух, ............дүүргийн .. дүгээр хороо ... байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, И овогт Ж-ийн С

Шүүгдэгч Ж.С нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” нэртэй зочид буудлын 06 тоот өрөөнөөс Э.Б-ийнСамсунг Жи 7 загварын гар утас, Хаан банкны виза картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.С мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг гарсан өдөр би хохирогч Бтай уулзаад зочид буудал орсон. Тэгээд Быг унтахаар нь гар утас болон банкны картыг нь аваад явсан. Гар утсыг нь 170.000 төгрөгөөр зараад банкны картнаас нь 350.000 төгрөг авсан” гэв.

Шүүхээс шүүгдэгч Ж.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч  Ж.С  иргэн Э.Б-ийнСамсунг Жи 7 загварын гар утас, Хаан банкны виза картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Эд мөрийн баримтыг тооцох тухай  “Хэрэг бүртгэлтийн 170501252 дугаартай хэрэгт HP гэсэн саарал өнгийн бичигтэй цэнхэр өнгийн дискийг ...” тогтоол. /хэргийн 6 дугаар хуудас/

Дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “... Уг бичлэг дээр харагдаж байгаагаар Хаан банкны 5 дахь бэлэн мөнгөний машин дээр зогсож буй улаан өсгийтэй хар өнгийн пүүзтэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, бор саарал өнгийн куртиктэй 20 орчим насны залуу ногоон өнгийн Хаан банкны виза карт гарган дээр бичлэг харагдаж байна. Бичлэг эхлээд 01 минут 49 секундэнд 20 орчим насны бор саарал өнгийн куртиктэй залуу бэлэн мөнгөний машинаас ногоон өнгийн Хаан банкны виза карт гаргахад уг картыг авч хугалж жинсэн өмдний халаасанд хийж байгаа дүрс бичлэг байна. 02 минут 30 секундэд уг дүрс бичлэг дээрх залуу бэлэн мөнгөний машинаас мөнгө авч тоолж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. Бичлэг нийт 05 минут 04 секунд үргэлжлэх ба үзлэгээр өөр илэрсэн зүйлгүй ...” /хэргийн 7-9 дүгээр хуудас/

Хохирогч Э.Б-ийн“2017 оны 10 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчимд 2 найз болох Г, О нартай хамт хорооллын эцсийн Маск караокед орсон юм. Тэндээ бид нар хүн тус бүр 3 шил шар айраг уусан. Тэгээд тэндээсээ 01 цаг болж байхад караокеноос гараад Тэргэл нэртэй зочид буудал руу бид 3 ороод 2 ортой 10 номерын өрөөнд орсон юм. Тэгээд бид нар унтахаар болсон юм. Тэгсэн над руу Сээгий гэх урьд  өмнө нь Архангай аймаг руу автобусаар явж байхдаа автобусанд танилцсан залуу байдаг юм. Тэр залуу над руу тэр өдөржингөө залгаад байсан юм. Тэгээд би утсаа аваад байгаа газраа хэлээд 2 найзтайгаа хонох гэж байна гэж хэлсэн. Тэгсэн над руу дахиад залгасан чинь Тэргэлийн гадаа ирсэн байна чи гараад ирэх үү гэсэн. Тэгээд би буудлаас гараад уулзсан. Надтай хамт буудалд хоноё гэж гуйсан. Тэгээд зөвшөөрөөд бид хоёр буудал руу  ороод 2 найзынхаа байгаа өрөө рүү орох гэсэн чинь Сээгий 2 найзыг чинь танихгүй юм чинь өөр өрөө авъя гээд 6 номерын нэг ортой өрөө авсан. Тэгээд би тооцоогоо хийхдээ буудлын ресепшинд картаа өгсөн юм. Тэгсэн буудалдаа карт уншдаггүй болохоор караоке руу орж карт уншуулна гээд миний кодыг асуусан юм. Тэгэхээр нь би 0923 гэж хэлсэн. Тэгээд бид 2 6 номерын өрөөнд орсон. Удалгүй ресепшин нь миний картыг оруулж өгөхөөр нь би ширээн дээр Хаан банкны виза картаа тавьсан. Бас Самсунг Жи 7 маркийн гар утсаа цэнэглээд ширээн дээр тавьсан юм. Сээгий сандал дээр суугаад миний  гар утсыг оролдоод тэгсэнээ би өөрийнхөө  утсыг  машинд орхисон байна  утасныхаа кодыг хэлчих би утас руугаа залгаадхая гэсэн. Тэгээд би тухайн үед орон дээрээ хэвтэж байсан унтаад өгсөн байсан. Шөнө 03:50 цагийн орчимд сэрсэн чинь Сээгий байхгүй байсан. Тэгээд ширээн дээр байсан утсаа авах гэсэн чинь миний гар утас, карт байхгүй байсан. Сээгий надад явлаа гэдгээ ч хэлээгүй явсан байсан. Тэгээд өглөө Хаан банк руу очоод лавлагаа авсан чинь 370.000 төгрөг 06:50 цагийн орчимд АТМ-с авсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ “Самсунг Жи 7 маркийн гар утас 350.000 төгрөг” /хэргийн 16 дугаар хуудас/

Хаан банкны 5149040936 тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 17 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.А-ын “...Би интернэтэд тавьсан зарын дагуу Ботаникын автобусны буудал дээр очиж хувь хүнээс шаргал өнгөтэй Самсунг Жи 7 маркийн гар утсыг 250.000 төгрөгийн үнэтэй худалдан авсан. Тэгсэн тэр утас хулгайн утас байсныг сүүлд цагдаагийн байгууллагын ажилтнаас мэдсэн. Тэгээд гар утсаа хураалгасан болохоор гомдолтой байна. Надад гар утас зарсан хүнийг одоо харвал танина. Тэр хүн надад  энэ гар утсыг би өөрөө барьж байсан гэж хэлж байсан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “ ...Ц.А-аас хураан авсан Самсунг Жи 7 маркийн /358301079999694 сериал дугаартай/ гар утсыг хохирогч Э.Б-д хүлээлгэн өгөв” /хэргийн 22 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Сийн яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь А аймаг руу  явж байх замдаа Б-тай танилцаж байсан. Б бид хоёр хоорондоо утсаар харилцдаг байсан. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б над руу залгаад бид 2 уулзахаар болсон. Тэр өдрийн оройн 22 цагийн үед 3,4 дүгээр хорооллын эцэст Бтай уулзахад Б нэлээн согтсон байсан. Б бид 2 хажууханд байсан Тэргэл нэртэй зочид буудалд орсон. Б зочид буудлын өрөөнд ороод шууд унтчихсан.  Тэгэхээр нь би Бын Самсунг Жи 7 маркийн гар утсыг нь, Хаан виза картын хамт аваад явсан. Зочид буудлын өрөө авах үед нь Бын Хаан банкны виза картны нууц дугаарыг нь мэдэж авсан. ... Хаан банкны АТМ-ээс Бын виза картнаас 370.000 төгрөг бэлнээр гаргаж авсан. Харин гар утсыг нь Ботаникын цэцэрлэгт хүрээлэнд очиж танихгүй хүнд 250.000 төгрөгийн үнэтэй зарсан. Тэгээд удалгүй цагдаагийн байгууллагад баригдсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Ж.С иргэн Э.Б-ийнСамсунг Жи 7 загварын гар утас, Хаан банкны виза картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан нь эд зүйлийн үнэлгээ, хохирогч,  иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,  шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.С шунахайн сэдэлтээр өөртөө ашиг олох зорилгоор хохирогч Э.Б-ийнгар утас, виза картыг түүнийг унтаж байхад нь авсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Хохирогч Э.Б нь гар утсаа хүлээн авсан, шүүгдэгч Ж.Сээс “2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Э.Бад 200.000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул учруулсан хохирлоос үлдэх 170.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Э.Бад олгуулах нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Ц.А нь “... 250.000 төгрөг бүрэн хүлээн авлаа. Одоо надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн баримт шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч нь Ц.А-т төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ж.Сийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 28 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд  бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.С баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлын зарим хэсгийг төлсөн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч И овогт Ж-ийн Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Сийг 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Ст оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.С нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, Ж.С баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Ж.Сээс 170.000 төгрөг гаргуулж ........аймаг ......сум ... дугаар багт оршин суух хохирогч Гөрөөч овогт Э.Б-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Ж.Ст авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ