2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/04201

 

2025 05 19   192/ШШ2025/04201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, М хороолол, **А байр, ** тоотод оршин суух Б-ын А /РД:НЩ******1/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, **-р байр, ** тоотод оршин суух Д-ийн М/РД:ПВ*****9/-д холбогдох,

 

30,897,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А /цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,

Хариуцагч Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 3.Б овогтой А /РД:НЩ******1/ миний бие нь иргэн Д.М-аас Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ачилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Т групп ХХК-г 2 ачигч тээврийн хэрэгсэл, үйл ажиллагаа явуулах сууцын хамт 140.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 2024.11,02-ны өдөр урьдчилгаа 5.000.000 төгрөгийг Д.М-ын төрсөн охин М.Э-ын Хаан банкны 52********15 дугаарын данс руу 2 хувааж шилжүүлж 2024.11,14-ний өдөр өөрийн эзэмшлийн тоёота приус 30 маркийн ***8 УНМ, тоёота приус 30 маркийн 2*** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг 23.000.000 төгрөгөөр тооцож хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш 2024.12.06-ны өдөр мөн 52******15 дугаарын данс руу 77.200.000 төгрөгийг 3 хувааж өгсөн. Зөөврийн сууцыг 2024.12.06-ны өдөр 4.500.000 төгрөгөөр худалдаж авч ачилтын хөлсөнд 300.000 төгрөгийг тооцож нийт 110.000.000 төгрөгийг өгч түрээсийн зардалд 30 гаруй сая төгрөг шүүхээр маргаантай байгаа маргааныг үргэлжлүүлэн авч татварын байгууллагал өгөх 7 сая төгрөгийг манай талаас төлөхөөр болсон боловч мөнгөө шилжүүлж авсан хойноо нэмж нийгмийн даатгалд 8 сая төгрөгний өртэй тэр өрийг танай тал төл гэж шаардсан, надад энэ олон өрийг сонсоод хэцүү байсан боловч хүлээн зөвшөөрсөн. Мөн 8****5 УБА улсын дугаартай ачигч автомашинаа хүлээлгэж өгөхөөр тохирсон боловч машинаа өгөөгүй /уг автомашиныг нь засч янзалсан хүн нь худалдаж авсан./ зассан хүн нь унаад явсан. Тэр үед уг автомашинаа болиод киа бонго автомашин худалдаж аваад 2024.12.09-ний дотор бэлэн болгож өгье гэсэн. Харин Д.М нь 2024.12.09-ний дотор нэгачигч автомашин худалдаж авч үйл ажиллагаа явуулж байгаа Т групп ХХК-г манай дүү Д.О-ын нэр дээр шилжүүлж өгөх, автомашины банк бусад төлөх үлдэгдэл мөнгийг төлж шүүхийн шийдвэрт өр төлбөргүй болгож өгөх байсан боловч хэлсэн зүйлээсээ нэгийг нь ч хийхгүй явсаар 2024.12.12-ны өдөр манай дүү Б.О түүний өмгөөлөгчтэй уулзахад үйл ажиллагаа явуулдаг компаний хашааны түрээсэнд 54 сая төгрөгний өртэй дахиад ч нэмэгдэх магадлалтай гэдгийг мэдээд наймаар буцаахаар шийдвэрлэж мөнгөө авсан боловч одоо үлдэгдэл 15.000.000 төгрөгийг өгөхгүй байна. Тус хуулийн этгээдийг худалдан авахын тулд би 2024 оны 11-р сарын 07-ны өдөр Транскапитал банк бус санхүүгийн байгууллагад өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалан 80,000,000 төгрөгийг сарын 2.85 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, Голомт банкнаас 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр цалингийн зээл 19.000.000 төгрөг нэмж, 30 сарын хугацаатай, сарын 1,2 хувийн хүүтэй аваад, үүн дээр нэмээд өөрийн өдөр тутам түрээсийн үйл ажиллагаа явуулж орлого олдог байсан /80,000-100,000/ Тоёота Приус 30 маркийн 9******8 УНМ, 2****** УНЭ улсын дугаартай 2 тээврийн хэрэгслийг 23,000,000 төгрөгт тооцож тус тус төлбөрийг төлж дуусгасан болно. Энэхүү хариуцагч Д.М-ын анхнаасаа хэлж тохирсоноо биелүүлээгүйгээс шалтгаалан учирсан хохиролд 2024.11.06-ны өдөр Транскапитал ББСБ-аас авсан 80.000.000 төгрөгийн зээлийн хүүний төлбөрт 2024.12.03-ны өдөр 1.978.000 төгрөг төлж, хариуцагчаас мөнгө буцааж авсан 2024.12.17-ны өдөр хүртэл хугацааны банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүнд 206,000, нийт 2,184,000 тегрөг төлсөн. Ингээд 2025.01.14-ний өдөр зээлийн үлдэгдэл болох 12,752,775 төгрөг, 133,225 төгрөгийн хүү, нийт 12,886,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахын тулд /2025 оны 01 дүгээр сарын 13-нд 5 сая, 14-нд 10 сая, 22-нд 7,4 сая/ өөрийн эзэмшлийн тоёота приус 30 маркийн 9***** УНМ, тоёота приус 30 маркийн 2***** УНЭ улсын дугаартай автомашинуудыг зах зээлийн ханшнаас хямдаар зарж зээлээ хааж дуусгасан. Уг автомашинууд нь 2023 оны 02 дугаар сараас хойш 1 хоногийн 80.000-100.000 төгрөгний ханшаар түрээсийн болон хүргэлтийн үйлчилгээнд явж байсан ба автомашинуудыг 2024.11.14-ний өдөр Д.М-ад хүлээлгэн өгснөөс хойш нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж буй хугацаа буюу 2025.04.09-ны өдрийг хүртэлх хугацааны зөвхөн 1 автомашины түрээсийн хохиролоор тооцож 146 хоногийн, өдрийн 80.000 төгрөгөөр тооцож 11.680.000 төгрөг, нийт-13,997,225 төгрөгийн хохирол, тухайн тээврийн хэрэгсэл түр саатуулах үйл ажиллагаа явуулсан 10 хоногийн хугацааны орлого болох 1,900,000 төгрөг, нийт-15,897,225 төгрөгийг нэмж нэхэмжлээд нийт 30,897,225 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буцааж өгөөгүй 15,000,000 төгрөгийг мэдээж нэхэмжилнэ. Түүнээс гадна шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан байгаа, гэрээ байгуулаад мөнгийг нь бүрдүүлж өгөхийн тулд 2024.11.06-ны өдөр Транскапитал ББСБ-аас авсан 80.000.000 төгрөгийн зээл авсан түүний хүүгийн төлбөрт нийт 2,317,225 төгрөгийг нэхэмжилнэ. Түүнчлэн нийт 12,886,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахын тулд тоёота приус 30 маркийн 9 М, тоёота приус 30 маркийн *****1 УНЭ улсын дугаартай автомашинуудыг зах зээлийн ханшнаас хямдаар зарж зээлээ хааж дуусгасан ба автомашинуудыг 2024.11.14-ний өдөр Д.М-ад хүлээлгэн өгснөөс хойш нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж буй хугацаа буюу 2025.04.09-ны өдрийг хүртэлх хугацааны зөвхөн 1 автомашины түрээсийн хохирлоор тооцож 146 хоногийн, өдрийн 80.000 төгрөгөөр тооцож 11.680.000 төгрөг, мөн тухайн тээврийн хэрэгсэл түр саатуулах үйл ажиллагаа явуулсан 10 хоногийн хугацааны орлого болох 1,900,000 төгрөг, нийт-15,897,225 төгрөгийг нэмж нэхэмжлээд нийт 30,897,225 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.М надад холбогдуулан Б.А-оос 15,000,000 төгрөгийг гаргуулан авах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг гардаж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгчийн зүгээс миний явуулж байсан компанийн үйл ажиллагааг худалдан авах саналыг гаражхэд хэдэн удаа уулзсан. Би нэлээн бодож байгаад зөвшөөрсөн хэдий худалдан авах ажиллагааг зогсож, худалдан авахаа больсон. 2. Нэхэмжилсэн 15 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Б.А нь манай үйл ажиллагааг авах зорилгоор банкны пос машин ашиглаж эхэлсэн ба энэхүү пос машиныг ашиглаж өөрт орж ирж байгаа орлогоос буюу Б.А-ын нэр дээрх пос машинаар төлбөрөө төлж байгаа одоогоор 2 сая гаран төгрөг төлөгдсөн. 3. Нэхэмжлэлтэй холбоотойгоор эвийн журмаар шийдвэрлүүлэх саналтай байгаа болно гэжээ.

Хариуцагч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Журмын хашаа авах гээд л надтай яриад байсан, замын цагдаа учраас судалсан, 2024-12-06 ний өдөр журмын хашааг 140,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод приус автомашиныг 23 сая төгрөгт тооцон өгсөн, тэгээд миний Т групп ХХК-г дүү Д.О-ын нэр дээрээ шилжүүлж авахаар тохирсон. Тухайн үед байсан машинуудын орлогыг таллаад төлбөрийг нь хуваая гэж тохирсон ба 10 хоног ажиллуулчхаад энэ хүн өөрөө буцаасан шүү дээ, эхнэр нь уурлаад байна гээд л би бас ажиллуулж байгаа байдлыг нь хараад өрөвдөөд л журмын хашаа ажиллуулна гэдэг чинь тийм амар ч ажил биш шүү дээ, эхнэр нь салах гээд байна гээд байхаар нь л харин ч мөнгийг нь үрчхэлгүй буцаагаад өгөөд 15,000,000 төгрөгийн үлдэгдэл бол байгаа тэрийг өгч болно. Гэхдээ 10 хоног ажиллуулахад олсон орлогыг эд нар авсан учраас тэрийг хасаж тооцох буюу пос машинаар орсон 5,045,000 төгрөгийг мөн дүүгийнх нь данс руу орсон 1,845,000 төгрөгийг хасуулна, тэр нэмэгдүүлсэн шаардлага би огт зөвшөөрөхгүй өөрөө л компани шилжүүлэх гэрээн дээр ч зурахгүй , буцаая гэчхээд зээл энэ тэрээ төлүүлнэ гээд байгааг ердөө ойлгохгүй байна. Компани буцааж байж 10 хоногийн орлого гээд нэхээд байгааг үндэслэлгүй гэж үзнэ гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.11.07-ны өдрийн 04******17 дугаартай зээлийн гэрээ, 2024.11.07-ны өдрийн 04*****17 дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулга, 2024.09.12-ны өдрийн ЗГ1****8Б дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, Б.О-ын дансны хуулга, зээлийн дансны хуулга зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагаа, хариу тайлбар, бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүхээс Б.А-оос Хаан банкны 50*******6 дугаар дансны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх дансны хуулгыг, н.О-ын эзэмшлийн дансны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртлэх хуулгыг гаргуулж нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Т групп ХХК-г 2 ачигч тээврийн хэрэгсэл, үйл ажиллагаа явуулах сууцын хамт 140.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож... нийт 110.000.000 төгрөгийг өгсөн, ..Компанийн хашааны түрээсэнд 54 сая төгрөгийн өртэй дахиад ч нэмэгдэх магадлалтай гэдгийг мэдээд наймаар буцаахаар шийдвэрлэж мөнгөө авсан боловч одоо үлдэгдэл 15.000.000 төгрөгийг өгөхгүй байна. 2024.11.06-ны өдөр Транскапитал ББСБ-аас авсан 80.000.000 төгрөгийн зээл авсан түүний хүүгийн төлбөрт нийт 2,317,225 төгрөгийг, 10 хоногийн хугацааны орлого болох 1,900,000 төгрөг, нийт-15,897,225 төгрөгийг нийт 30,897,225 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Д.М дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: ..15,000,000 төгрөгийн үлдэгдэл бол байгаа тэрийг өгч болно. Гэхдээ 10 хоног ажиллуулахад олсон орлогыг эд нар авсан учраас тэрийг хасаж тооцох буюу пос машинаар орсон 5,045,000 төгрөгийг мөн дүүгийнх нь данс руу орсон 1,845,000 төгрөгийг хасуулна, ...өөрөө л компани шилжүүлэх гэрээн дээр ч зурахгүй , буцаая гэчхээд зээл энэ тэрээ төлүүлнэ гээд байгааг ердөө ойлгохгүй байна. Компани буцааж байж 10 хоногийн орлого гээд нэхээд байгааг үндэслэлгүй гэж үзнэ гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид 2024 оны 12 дугаар сарын 06-ний өдөр Т групп ХХК-ийн бүх хувьцааг , 2 ачигч автомашины хамт 140,000,0000 төгрөгөөр, худалдах, худалдан авахаар тохиролцож 110,000,000 төгрөгийг худалдагч Д.М-ад төлсөн байна. Энэхүү үнийн дүнд худалдан авагч Б.А нь өөрийн эзэмшлийн 9**** УНМ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг, 2***** УНЭ улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслүүдийг 23.000.000 төгрөгөөр тооцож хүлээлгэж өгсөн байна.

Улмаар 2024 оны 12 дугаар сарын 06-ний өдөр тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг хашааг бодитоор худалдан авагчийн мэдэлд шилжүүлсэн байх ба талууд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрээнээсээ татгалзаж, 110,000,000 төгрөгөөс Д.М нь 95,000,000 төгрөгийг Б.А-од буцаан төлсөн, энэ талаар талууд маргаан байхгүй.

Мөн Б.А нь ачигдсан автомашинуудын төлбөрийг хураан авч Т групп ХХК-ийн данстай холбогдсон банкны пос төхөөрөмжийг эзэмшиж байсан ба тухайн дансанд 5,045,000 төгрөгийн орлого хуримтлагдсныг Д.М үлдэгдэл 15,000,000 төгрөгөөс хасаж тооцох учиртай гэж тайлбарласныг Б.А хүлээн зөвшөөрдөг. Харин нэхэмжлэгч нь өөрийн дүү Б.О-ын нэр дээр компанийн хувьцааны эрхийг шилжүүлэхээр худалдагчтай анхнаасаа тохирсон ба хэрэгт Б.О-ын Худалдаа хөгжлийн банкны 45******0 дугаарын харилцах дансны хуулга авагдсан байна. Тухайн орлогын мэдээллийг шинжлэн үзвэл 2024-12-06 наас 2024-12-18 нийг хүртэл нийт 1,845,000 төгрөгт холбогдох хэсэг нь тээврийн хэрэгслийн марк дугаар , эзэмшигчийн нэр бүхий утгатай орлого байна. Тодруулбал Б.О-ын дансаар автомашины ачилтын төлбөрт 1,845,000 төгрөгийн орлого орсон байна .

Талууд компанийн үйл ажиллагааг бодитоор шилжүүлэн өгсөн боловч компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, компанийн хувьцаанд огт шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байна. Талууд 2024-12-18 ний өдөр гэрээнээсээ татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцааж, компанийн үйл ажиллагааг Д.М-ын мэдэлд, 95,000,000 төгрөгийг Б.А-од буцаан өгчээ.

Худалдан авагч Б.А нь худалдагчийг татвар, хашааны түрээс, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг шийдвэрлээгүй, ачилтын автомашин нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан, 2 биш нэг л автомашин байсан, данс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээр хаагдсан байсан эдгээрийг шийдвэрлэж өгөхгүй байсан тул гэрээнээсээ татгалзсан гэдэг бол хариуцагч нь би тэдгээр өр төлбөрийг 140,000,000 төгрөгөөс хасаж харилцан тооцох байсан, өрнүүдээ төлөх байсан Б.А эхнэр салах гээд байна гэсэн учраас мөнгийг нь буцааж өгсөн гэж тайлбарлана.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Компанийн хувьцаа нь Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна гэж зааснаар  худалдах, худалдан авах гэрээний зүйл болжээ.

Улмаар хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа компанийн эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.3-т зааснаар компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлдэг журамтай байдаг.

  Хэдийгээр зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй буюу компанийн эрх Б.А-од шилжин очоогүй байхад талууд худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзсан байна.

Гэхдээ талууд гэрээнээс ямар учир шалтгааны улмаас татгалзсан болохыг зохигчид өөр өөрөөр тайлбарлаж байх хэдий ч 2024-12-18 ний өдөр харилцан тохиролцож цуцалсан байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах журам үйлчилнэ. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Иймд гэрээнээс татгалзсаны үр дагаварт нэхэмжлэгчээс хариуцагч руу шилжүүлсэн 110,000,000 төгрөгөөс буцааж олголгүй үлдээсэн 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх боловч гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул компанийн банкны карт унших төхөөрөмжөөр дамжин орсон 5,045,000 төгрөг, Б.О-ын дансаар автомашины ачилтын төлбөрт 1,845,000 төгрөгийн орлого зэргийг хасаж тооцохоор 8,110,000 төгрөгийг Б.А шаардах эрхтэй байна. Хэдийгээр орлогыг шууд ашиг гэж үзэх боломжгүй боловч нэхэмжлэгч нь шүүхэд уг орлогоос хэдэн төгрөгийг компанийн үйл ажиллагааг явуулахад зарцуулсан талаарх баримтаа гаргаж өгөөгүй, түүнчлэн 5,045,000 төгрөгийг хасаж тооцохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн тайлбар гаргадаг.

Харин нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох 15,897,225 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасан ба хэрэгт авагдсан баримтуудаар хариуцаг Д.М нь гэрээний ямар үүргийг яаж зөрчсөн нь нотлогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлогдсон тохиолдолд хариуцагчийн татгалзал, тайлбар, түүний гаргасан нотлох баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлэх нь мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т заасан зохигч талуудын мэтгэлцэх болон нотлох үүргийн хуваарилалтын зарчимд нийцэх юм.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Д.М-аас 8,110,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,787,225 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 470,386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 144,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.М-аас 8,110,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,787,225 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 470,386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-аас 144,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЧУЛУУНЧИМЭГ