Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0499

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Б нарын 20 иргэн

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга 

Маргааны төрөл: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, Д.Р*******, Г.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, нарийн бичгийн дарга Д.Наранцацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Б 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” “Захирамж”-ийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.5-д заасан заалтуудыг зөрчсөнөөс гадна, Үндсэн хуулийн 16 зүйлийн 3-т, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.3, 4.2.5, 4.2.6, 4.2.8-д, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т, 26 дугаар зүйлийн 26.1-д, 27 дугаар зүйл бүхэлдээ, 31 дүгээр зүйлийн 31.2-т, 44 дүгээр зүйлийн 44.1-т, 92 дугаар зүйл 92.1-д заасныг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан заалтуудыг тус тус зөрчин дээрх захирамжийг гаргаснаар иргэн Э.Н, Э.Б, Э.Э, Д.О, Э.М, М.Б, О.Х, С.О, Ч.Г, Ч.Б, Ч.Г, П.Ч, 3.М, Ч.Б*******, Ч.Б, Ч.Х, Г.С, Б.Н, Н.О, С.О нарын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөнөөс үүдэн их хэмжээний хохирол хүлээсэн нөхцөл байдал үүсээд байна.

Хамгийн гол нь Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Б 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамждаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж заасан заалтыг зөрчиж, хуулийн шаардлагыг биелүүлэхгүйгээр захирамж гаргасан нь, иргэд биднийг төөрөгдүүлэх зорилгоор, илтэд утга агуулгын илэрхий алдаатай захирамжийг гаргасан. Энэ хууль бус захирамж нь газар эзэмшигч иргэд бидний дээр дурдагдсан гурван хуулийн 30-аад хуулийн заалтыг зөрчсөнөө дарагдуулж, бидний эрхийг зөрчсөн хуулийн заалтуудыг давж заалдах боломж, нөхцөлийг үгүй хийх гэсэн далд санаа зорилготой захирамж гаргасан байна гэж үзэж байна. Иймд бид давж заалдах эрхээ эдэлж хэрэгжүүлэх боломжоор хангагдаагүйдээ туйлын гомдолтой байна.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Б 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” хууль бус захирамжийн хавсралтад дурдагдсан бидний 20-иод иргэд нь нийлж хотхон байгуулж амьдрахаар, тухайн эзэмшлийн газартаа маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, дэд бүтэц татуулсан бөгөөд энэхүү газрыг эзэмшихдээ гаргасан зардал мөнгө, хотхоны дэд бүтэц татуулахад гаргасан зардал мөнгөөрөө хохироод байна.

Бид дээр дурдсанчлан Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Б 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамждаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан заалт, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан заалтыг зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” хууль бус захиргааны акт болохыг болохыг мэдсэн даруйдаа Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан гомдлоо гаргасан. Уг гомдолдоо Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т заасны дагуу гаргасан илэрхий алдаагаа засахыг шаардаж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно” гэж заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Б 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” хууль бус “Захирамж”-ийг хүчингүй болгуулах гомдол гаргах нь” гэсэн гомдлыг Баянзүрх дүүргийн Засаг Дарга Г.Жд хандан гаргасан.

Гэтэл бидний хүсэлтэд 2024 оны 11 сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Хариу хүргүүлэх тухай” дугаартай хариуг бидэнд ирүүллээ. Уг хариунд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1-р албаны хүсэлтээр, Засаг дарга Н.Б 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж нь хууль зөрчөөгүй, та нарын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн хариуг бидэнд хүргүүллээ. Бидний гаргасан гомдолд Баянзүрх дүүргийн Засаг дарга болон газрын алба нь хариу өгөхдөө судалж үзсэн зүйлгүй 3-хан хоногийн дотор хариу өгсөн бөгөөд хамгийн гол нь өөрсдийн хууль зөрчсөн үйлдэл, гаргасан алдаагаа ухамсарлаж ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй, засах бодол санаагүй болох нь тодорхой харагдаж байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Ж болон Баянзүрх дүүргийн газрын албаныхан иргэд биднийг чирэгдүүлэн, хүндрүүлж, хохироолгүйгээр бидний гомдлыг шийдвэрлэхийн оронд, бидний хийсэн үйлдэл хууль зөрчөөгүй, Баянзүрх дүүргийн Засаг даргын дээрх захирамж хууль ёсных гэсэн худал тайлбар хийж, хуульд заасан үүргээ биелүүлэхгүйгээр бидэнд дахин хууль бус хариу хүргүүлсэн.

Үүний дараа бид Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг дарга Х.Н хандан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Б 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” хууль бус захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.2, 95.1.3, 95.1.4-т заасан ажиллагааг явуулж, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-т заасныг үндэслэн бүхэлд нь хүчингүй болгуулах гомдлыг гаргасан.

Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дарга П.Х гарын үсэгтэй, “Иргэн Д.Р******* танаа” гэсэн дугаартай хариуг ирүүллээ. Уг хариунд “Танаас ирүүлсэн гомдлыг судалж үзэхэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж нь Газрын тухай болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг ирүүллээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн энэхүү хариу нь мөн л Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан заалт, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан заалт болон “Нэхэмжлэлийн үндэслэл”-д дурдагдсан 3-н хуулийн 30-аад заалтыг зөрчсөн, хууль бус захирамж болох нь тодорхой нотлогдсоор байтал, хууль зөрчөөгүй байна гэсэн эс үйлдэл бүхий хариуг бидэнд ирүүллээ. Энэхүү хариу нь иргэд биднийг чирэгдүүлэн, хүндрүүлж, хохироолгүйгээр бидний гомдлыг шийдвэрлэхийн оронд, Баянзүрх дүүргийн Засаг даргын дээрх захирамж хууль зөрчөөгүй, хууль ёсных гэсэн худал тайлбар хийж, хуульд заасан үүргээ биелүүлэхгүйгээр бидэнд дахин хууль бус хариу хүргүүллээ.

Бидний 20-иод иргэд болох Э.Н, Э.Б, Э.Э, Д.О, Э.М, О.Х, С.О, Ч.Г, Ч.Б, Ч.Г, П.Ч, 3.М, Ч.Б*******, Ч.Б, Г.С, Б.Н, Н.О, С.О нарын иргэд бид итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р*******гаар төлөөлүүлэн, М.Б, Ч.Х нарын иргэд бид итгэмжлэгдсэн төлөөлөгч 3.М төлөөлүүлэн, хуульд заасан эрхийнхээ дагуу, хууль бус захирамжаа хүчингүй болгохыг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.5-д, 37 дугаар зүйлийн 37.6-д, 45 дугаар зүйлийн 45.1-т, 45.2-т, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргад, Нийслэлийн Засаг даргад хандан гомдол хүсэлтээ гаргасан боловч дээрх албан тушаалтнууд бидний гомдол хүсэлтийг эс хүлээн зөвшөөрсөн хариу өгсөн тул Захиргааны хэргийн шүүхэд хандан гомдол, нэхэмжлэлээ шийдвэрлүүлэхээс өөр аргагүй боллоо. Мөн дээрх захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.5-д заасныг зөрчсөн нь Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т зааснаар “утга агуулгын илэрхий алдаатай” байгаа тул, уг хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасны дагуу “... илт хууль бус болохыг тогтоолгох”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” шаардлага үүсэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Б 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан заалт, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан заалтыг, зөрчсөн тул, “Илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасны дагуу хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлээ дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1, 4.2.3, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 24.1, 24.2, 24.4, 26.1, 27, 31, 40.2, 40.2.5, 44, 92.1 мөн 47.1.1, 47.1.6-д заасан дагуу мөн Газрын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.3-д заасны дагуу тус тус зөрчсөн гэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч гаргасан. Нэхэмжлэгч нар анх 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, шар хоолой гэх газар 700 м.кв газрыг нэхэмжлэгч тус бүр 15 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Нэхэмжлэгч 20 иргэн нийлж хотхон байгуулж амьдрахаар тухайн эзэмшлийн газартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийж дэд бүтэц татсан байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамж гарснаар нэхэмжлэгч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгч нар нийлж тухай хотхоныг барихаар ,, төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн газрыг эзэмшихтэй холбоотой гарсан зардал төлөөлөгч нарыг авсан байдаг. Тухайн зардлыг нэмэхэд ,, төгрөгийн хохирол учирсан байдаг. ,, төгрөг нь нэхэмжлэгч нар өөрийн өмнөөс төлөөлөгч томилж төлөөлөгчид төлсөн зардал байдаг. Газрын хэмжээнээс хамаарч үнийн дүн өөр өөр байгаа юм. Одоогоор өгөөгүй байгаа үүнтэй маргах зүйл байхгүй. Захиргааны байгууллагад төлөөлөх ажлын хөлс гэж гарсан байгаа. Бодит ,, төгрөгийн хохирол үүссэн байгаа. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим буюу Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгодог тэгээр нэхэмжлэгчийн хувьд бодитоор ,, төгрөг гарсан байгаа нь нэхэмжлэгч нарт хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх ёстой байсан. Хариуцагч үүнийг анхаарч үзээгүй гэж маргаж байгаа. Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчсөн шийдвэрийг гаргахдаа урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг хангаагүй. Мөн шийдвэр нь бодит нөхцөл байдалд тохирсон үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр үндэслэл бүхий байх ёстой” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа дэмжиж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар хэрэг үүссэн. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамжид газар цуцлах эрхийн тухай хоёр үндэслэл заасан байгаа. Энэ хоёр үндэслэл нь эрх зүйн огт үндэслэлгүй байгаа. Баянзүрх дүүргийн Газар зохин байгуулалтын албаны мэргэжилтэн н.Ча******* болон тус албаныхан зохион байгуулалттай иргэдийн газрыг хуулиар далайлгаад Засаг даргаар хууль зөрчсөн захирамж гаргуулдаг дээрэнгүй үйлдэл байна гэж харагдаж байгаа. Олон хүнээс энэ үйлдлийг сонсож байгаа. Ямар ч үндэслэл байхгүй гэдэг нь юугаар нотлогдож байна гэхээр Г.Б******* төлөөлөгчийн хэлснээр сонсох ажиллагааг санаатайгаар зөрчиж эд нар хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1, 4.2.3, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 24.1, 24.2, 24.4, 26.1, 27 зүйлийг бүхэлд нь зөрчсөн. Мөн 31 дүгээр зүйл гэж байгаа үүнд захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдэгдэл өгөх үүрэгтэй. Мөн оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал захиргааны байгууллага оролцогчид холбогдох зөвлөгөө өгөх үүрэгтэй гэж байгаа. н.Ча******* дээр очоод 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэл ирдэг. Тухайн мэдэгдэлд тайлбар, санал ирүүлээгүй тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүйгээр газрыг цуцална гэсэн бичиг ирүүлсэн. Бид тайлбараа ирүүлсэн. н.Ч******* өгсөн. Бид энэ тайлбарыг өгсөн учраас сонсох ажиллагаа хийх юм байна гэж ойлгосон. Албан бичиг нь өөрөө тайлбар ирүүлэх юм бол сонсох ажиллагааг хийе гэсэн байдаг” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Баянзүрх дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамж”-аар хүчингүй болгосон байна. Тус захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай захирамж юм.

Э.Б нарын 16 иргэнд Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хоолой гэх газрын байршилд тус бүр 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгогдсон байна. Нэхэмжлэгч нар нь тус захирамжаар газар эзэмших эрхтэй болсноос хойш тухайн газраа зориулалтын дагуу ашигласан гэх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэг, 40.2.5 дах заалтыг зөрчсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтад зааснаар “утга агуулгын илэрхий алдаатай" байгаа тул гэж тусгажээ. Гэвч тус хуульд 47.1.1 гэсэн заалт байхгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтад “утга агуулгын илэрхий алдаатай” захиргааны акт илт хууль бус болно гэж заасан байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамжаар зохицуулсан асуудал нь тодорхой буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүй зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хавсралтад дурдсан 21 (хорин нэг) иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгож хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжүүлэх зэрэг үүргийг холбогдох этгээдэд хүлээлгэсэн нь утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтад заасан “утга агуулгын илэрхий алдаатай” гэх илт хууль бус актын алдаанд хамаарахгүй бөгөөд тус захирамжид баталсан байгууллага тодорхой, өөрийн чиг үүргийн хүрээнд, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлийн хүрээнд, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжтой байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт биш юм.

Иймд Засаг даргын шийдвэр нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий гарсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Бичгээр өгсөн тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн дурдсан урьдчилан мэдэгдээгүй сонсох ажиллагаа хийгдээгүй гэдэгт хавтаст хэрэгт цугласан нотлох баримтад манайх сонсох ажиллагаа хийсэн гэдэг нь нотлогдож байгаа. Мэдэгдэл хүргүүлэх тухай хуудас түүнд хариу өгсөн тайлбар гээд хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэдэг албан бичиг явуулсныг нотлох шуудангийн баримт байдаг. Хууль ёсны итгэлийг хүлээлгээгүй гэж Захиргааны ерөнхий хуулийн 4, 25, 26,31 дүгээр зүйлийг захиргааны байгууллага зөрчөөгүй гэж үзэж байна. Гол маргаад байгаа зүйл нь Захиргааны ерөнхий хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг. Процессыг тухайд Газар зохион байгуулалт нь хээрийн болон суурин судалгаа хийсний үндсэнд хоёр жил газраа ашиглаагүй юм байна гэж үзэж сонсох ажиллагаа явуулсны үндсэнд хариу тайлбар ирээгүй тохиолдолд хариу тайлбар нь хүндэтгэн үзэх шалтгаанд ороогүй тохиолдолд Засаг даргын захирамж гаргахаар төсөл бэлдэж оруулж ирдэг. Үүнийг шалгаж Засаг даргын захирамж гардаг. Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг мэдэгдэлдээ барьсан. Захирамждаа Захиргааны ерөнхий хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг баримталсан байсан гэсэн. Сонсох ажиллагаа явуулах үедээ Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг мэдэгдэлдээ барьсан гэж ойлгосон. Захиргааны ерөнхий хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай аль аль нь маргаагүй гэж би үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага илт хууль бус акт буюу Захирамждаа Захиргааны ерөнхий хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.5-д. н.Ча******* төлөөлөгчийн хувьд бичгээр өгсөн тайлбар байхгүй тэр нь нотлох баримтаар авагдаагүй учраас сонсох ажиллагааг уулзаж зохион байгуулна гэдэг нь мэдээлэл байхгүй нотлогдохгүй байна. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдлээр буюу бичгээр авсан гэж үзэж байгаа. Тийм учраас манайх сонсох ажиллагааг явуулсан гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б нарын 20 иргэнээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогду “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

           Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаар захирамжийн 1 дэх заалтаар “...газраа хүндэтгэн үзэх шалтгаангүй зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хавсралтад дурдсан 21 /хорин нэг/ иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байна.

           Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

           Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг ашиглахын тулд тодорхой үйл ажиллагаа явуулж, хөрөнгө зардал гаргасан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

           - 20 айлын амины орон сууцны хотхоны гудамж зам, машин зам, зогсоолын техникийн зураг хийх ажил гүйцэтгэлийн гэрээ[1] байгуулсан,

           - 20 айлын амины орон сууцны хотхоны гудамж замын техникийн зураг[2] хийлгэсэн,

           - У******* хот, Баянзүрх дүүрэг, 33 дугаар хороо 10/0.4 кВа-ын дэд өртөө угсрах гэрээ[3] байгуулсан,

           - У******* ******* ******* ******* ТӨХК-иас ******* дугаартай Техникийн нөхцөл[4] авсан,

           Мөн нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар буюу гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгосон болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

           Иймд иргэн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газар дээрээ гэр барих, эсхүл орон сууц барих эсэх нь иргэний өөрийнх нь эрхийн асуудал ба гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт хамааралгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

             Дээрх тайлбарласан үндэслэл, үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нарыг газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэж үзэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

           Газрын төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

           Шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

           Учир нь нэхэмжлэгч нар газрын төлбөрөө төлөөгүй болохыг нотлох газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт гэх мэт баримтуудыг хариуцагч шүүхэд гаргаж өгөхгүй байна.

           Харин нэхэмжлэгч нар нь газрын төлбөрөө төлснийг нотлох татвар төлсөн баримтуудыг шүүхэд гаргаж өгч байна.

           Үүнээс үзэхэд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг  хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

           Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл үүсээгүй байсан болох нь нотлогдож байна.

           Зүй нь хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл үүссэн нь нотлогдсон нөхцөлд тус үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь хуульд нийцэх ба харин тус хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл үүсээгүй нь илэрхий байхад газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг цуцалсан нь илт хууль бус захиргааны акт байх шинжийг агуулна.

           Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүд үүсээгүй байхад нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь илт хууль бус байх ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлийг бий болгож байна.

           Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Б, Э.Э, Д.О, Э.М, О.Х, С.О, Ч.Г, Ч.Б, Ч.Г, П.Ч, З.М, Ч.Б*******, Ч.Б, Г.С, Б.Н, Н.О, Э.Н, М.Б, Ч.Х, С.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн .400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас .400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ

 

[1] 1 хавтас хэрэг 80 дугаар хуудас.

[2] 1 хавтас хэрэг 83-108 дугаар хуудас.

[3] 1 хавтас хэрэг 113 дугаар хуудас.

[4] 1 хавтас хэрэг 115 дугаар хуудас