Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 036

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын МАН-ын хорооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын сонгуулийн хорооны даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгаас Бугат суманд шилжин ирсэн сонгогчдыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болох сумын Хурлын сонгуульд оролцуулахгүй байхыг тус сумын сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Бугат сумын МАН-ын хорооны дарга Х.Хайв, хариуцагч тус сумын сонгуулийн хорооны дарга К.Алима, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулкаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа:

Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт ...Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө... гэж, мөн уг хуулийн 65 дугаар зүйлийн 65.8 дахь хэсэгт ...Шилжин ирсэн сонгогч зөвхөн Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгнө... гэж хатуу заасан.

Бугат суманд орон нутгийн сонгуульд санал өгөхөөр шилжин ирсэн 383 сонгогч зөвхөн Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй бөгөөд орон нутгийн Хурлын сонгуульд оролцож санал өгөх эрхгүй юм.Дээрхи хүмүүсийн шилжин очиж байгаа шалтгаан нь зөвхөн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн ах, дүү, хамаатан, найз нөхөд, худ, төрөл төрөгсдийн хувьд санал өгөх зорилгоор шилжиж очсон нь тодорхой.

Гэтэл Бугат суманд шилжин ирсэн сонгогчид орон нутгийн Хурлын сонгуульд санал өгөх бол бусад нэр дэвшигчдийн хооронд шударга өрсөлдөх зарчим алдагдаж, нутгийн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг нь зөрчих болно. Манай суманд шинээр газар олгож, хашаа хороо худалдаж байгаагүй, мөн шинээр баг байгуулагдаагүй ба дээрхи шилжин суурьших хөдөлгөөн хийсэн хүмүүс суурьших боломжгүй юм.

Бугат сум 4 багтай. Улсын Их Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд тус сумаас нийт 2173 сонгогч оролцсон. Үүний дараа манай суманд ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, сонгуулийн талаар маргаан гараагүй байсан. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Бугат суманд 383 хүн шилжиж очсон буюу шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна. Шилжихийг хүссэн иргэдийн хүсэлт бүгд адилхан, ганцхан өгүүлбэрээр ..Өлгий сумаас Бугат суманд шилжих хүсэлттэй байгаа тул шилжилт хийж өгнө үү... гэсэн агуулгатай байгаа. 9 хоногийн дотор Бугат суманд өөр сумаас шилжиж ирсэн нийт 383 хүнийг шилжүүлэн авсан. Шилжин очсон хүмүүс бүгд сонгуулийн насны иргэд байх ба гэр бүлээрээ шилжин очсон тохиолдол байхгүй, зөвхөн гэр бүлийн насанд хүрсэн гишүүд нь шилжин очсон, хүүхдүүд нь өмнө оршин сууж байгаа газарт нь үлдсэн байх юм. Шилжилт хөдөлгөөнийг судалж үзэхэд сонгуульд нэр дэвшүүлж байгаа сонгогчдын хамаатан садан, найз нөхдүүд нь байгаа, зөвхөн ийм хүмүүс шилжсэн тухай бидэнд мэдээлэл ирсэн, иймээс шүүхэд хандсан юм.

Бугат сум 21 мандаттай. Үүнээс сумын төвийн 3 дугаар багт 7, Улаан толгой баг буюу 2 дугаар багт 4, Хатуу баг буюу 1 дүгээр багт 5, Буга баг буюу 4 дүгээр багт 5 мандат тус тус хуваагдсан. Уг 4 баг дотроос Буга багт ямар ч шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байгаа.

Өөрөөр хэлбэл 383 хүнээс ганц ч хүн тухайн багт шилжиж очоогүй. Харин сумын төвд шилжилт хөдөлгөөн хийгдэж 178 хүн шинээр шилжиж очсон байгаа. Улаан толгой багт 112, Хатуу багт 93 хүний шилжилт хөдөлгөөн тус тус хийгдсэн байна. Сонгуульд тухайн орон нутгийн байнгын оршин суугч санал өгөх ёстой. Хаана оршин суух, нэг нутаг дэвсгэрээс нөгөөд нь шилжин суурьших нь хүний эрхийн асуудал. Гэхдээ сонгуулийн үед зөвхөн 9 хоногийн дотор 383 хүн Бугат суманд шилжин очсон нь өөрөө улс төржих, сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилготой л байгаа. Хуульд зааснаар байнгын оршин суугч гэж тухайн нутаг дэвсгэрт 183 хоног оршин суусан хүнийг ойлгоно. Гэхдээ Сонгуулийн тухай хуульд заасан шилжих хөдөлгөөнийг 60 хоногт багтаан хийх гэсэн заалтыг үндэслээд Бугат суманд 383 хүн очиж байгаа. Тухайн 383 хүн сумын нутаг дэвсгэрээс газар эзэмшиж, ашиглаагүй, Бугат суманд шинээр ажилд ороогүй, тэр хүмүүс одоо өөрсдийн урьд оршин сууж байгаа нутаг дэвсгэртээ амьдарч байгаа. Зөвхөн бичгийн хэлбэрээр Бугат суманд шилжилт хийлгүүлсэн л байгаа болохоос Бугат сумын нутаг дэвсгэрт шилжин очиж оршин суугаагүй байгаа. Тэд тухайн нутаг дэвсгэрт жинхэнэ суурьших хөдөлгөөнөөр шилжиж очоогүй юм. Бүртгэлийн газраас энэхүү бүртгэлд анхаарлаа хандуулж ажиллаагүй. Бугат сумын Засаг дарга, Хурлын дарга, Засаг даргын орлогч зэрэг хүмүүс энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа учраас тэр хүмүүс ихэнх хүмүүсийг шилжүүлэн авсан. Өөрсдөө шилжүүлэн авсан учраас энэ асуудалд сумын удирдлагууд анхаараагүй байгаа. Сумын Засаг даргаас шилжиж ирсэн хүмүүсийг бүртгэж авч, шилжин ирэхдээ ямар хүсэлт гаргасан, хаанаас ямар газар авсан, хаана оршин суухаар болсон талаарх бүх зүйлийг судалж, шилжин ирснийг нь албан ёсоор бүртгэж бүртгэлд оруулан захирамж гаргах ёстой. Энэхүү 383 хүний хувьд огт тийм зүйл хийгдээгүй.

Улсын бүртгэлийн газраас сонгогч шилжих ажиллагаа хийгээгүй гэж байна. Гэхдээ судалж үзэхэд шилжин ирсэн хүмүүс гэр бүлийн бусад гишүүдээ орхиод зөвхөн сонгуулийн насны иргэд л шилжин ирсэн учраас тухайн шилжин ирсэн хүмүүс сонгуульд оролцох учиргүй. Тэд байнгын оршин суугч биш түр оршин суугчид учраас орон нутгийн сонгуульд санал өгөх эрхгүй гэж үзэж байна.

Иймд Бугат суманд шилжин ирсэн сонгогчдыг сумын Хурлын сонгуульд оролцуулахгүй байхыг Бугат сумын сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйл буюу сонгогч шилжих нь иргэний шилжих хөдөлгөөнд ямар ч холбоогүй учир сумын сонгуулийн хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Бугат сумын Монгол Ардын намын хорооны дарга Х.Хайвын гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тухай тайлбарыг гаргаж байна

Орон нутгийн сонгуульд Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан сонгогч шилжих хөдөлгөөн явагдахгүй, сонгогч шилжих хөдөлгөөн нь зөвхөн Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын сонгуульд хамааралтай юм.Сонгуулийн хороо нь сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь орсон иргэдийг сонгуульд оруулах эрхтэй байгаа. Шилжин ирсэн хүмүүсийн нэр нь сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон учраас тэр хүмүүсийг сонгуульд санал өгүүлэхгүй байх, тэдний сонгох эрхэд нь халдах бидэнд эрх байхгүй гэж үзнэ. 383 иргэний нэр сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон. Улсын бүртгэлийн газраас сонгогчдын нэрсийн жагсаалтыг хуульд заасны дагуу 20 хоногийн өмнө ирүүлсэн байгаа.

Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөр сэргээнэ гэж заасан. Энэ хүмүүс 60 хоногийн өмнө хуульд заасан хугацаанд шилжиж ирсэн гэж ойлгож байгаа. Сонгуулийн хороо улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтын дагуу сонгогчдыг сонгуульд оруулдаг болохоос өөрсдөө дур мэдэн нэрсийн жагсаалт гаргаж сонгогчдыг сонгуульд оруулдаггүй юм. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хуульд зааснаар улсын бүртгэлийн байгууллага үйлддэг, үүнд сумын сонгуулийн хороо оролцох эрх байхгүй, холбогдох бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтаас сонгогчийн нэрийг хасаж, тэдний сонгох эрхийг хязгаарлах эрх бидэнд байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Баян-Өлгий аймгийн бусад сумаас нийт 383 хүн 2016 оны 8 дугаар сард Бугат суманд шилжсэн байна. Шилжин ирсэн иргэдийн тусгай жагсаалтыг сонгуулийн хэсэг бүр дээр гаргасан байна. Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө... гэж заасан. Байнга оршин суугч гэж хэнийг хэлэх вэ гэдэгт Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д иргэн байнга оршин сууж байгаа засаг захиргааны нэгжээсээ нөгөө нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухыг бүрмөсөн шилжин суурьших, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухыг түр шилжин суурьших гэнэ... гэж заасан. Тухайн засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш оршин сууж байгаа иргэн буюу байнга оршин суух этгээд оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт сонгууль өгөх эрхтэй гэж Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т зохицуулагдсан байгаа. Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7-т ... сонгогчийн шилжилтийг аймаг болон нийслэл дотор хийхийг хориглоно... гэж заасан.

Аймаг дотор шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаа асуудал бол Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйл заасан иргэдийн суурьших хөдөлгөөнтэй холбоотой асуудал гэж ойлгоод байгаа. 383 хүнийг Бугат сумын сонгогчдын нэрсийн жагсаалтад оруулсан нь өөрөө Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийг ноцтой зөрчсөн асуудал болно. Өөрөөр хэлбэл сонгогчийн шилжилтийг аймаг, нийслэл дотор хийхийг хориглоно.

Шилжиж очсон 383 сонгогч санал өгөх бол энэ нь Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.8 дахь заалтыг зөрчсөн асуудал болно. 65 дугаар зүйлийн 65.8-т шилжин ирсэн сонгогчид зөвхөн Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгнө гэж тодорхой заасан.

Иймд 383 хүн нэгэнт Бугат суманд очсон талаарх шилжилт хөдөлгөөн нь тогтоогдсон, Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, 65.8 дугаар зүйлүүдэд заасан нөхцөлүүд зөрчигдөх учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ. 383 сонгогч гэдэг нь бага сонгогч биш. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар зөвхөн сонгох насны иргэд л шилжиж очоод хүүхдүүд нь аймгийн төвд юм уу жинхэнэ харьяа нутаг дэвсгэрт нь үлдэж байгаа асуудал нь өөрөө зориуд сонгуулийг будлиантуулах үүднээс хууль бусаар санал авах гэсэн зохих бүлэг этгээдүүдийн хууль бус ажиллагаа юм. Энэ нь өмнөх сонгуульд нэлээн их шуугиан тарьсан царцаа нүүдлийн нэг хэлбэр байна. Хэрэв шилжин очсон хүмүүс сонгогчийн нэрсийн жагсаалтаас хасагдахгүй бол тухайн орон нутгийн жинхэнэ сонгогчдын язгуур эрх ашиг зөрчигдөнө. Тэр хүмүүс өөрсдийнхөө сонговол зохих нэр дэвшигчээ сонгож чадахгүйд хүрч, олонхи болж гарч чадах хүмүүс тухайн тойргоос гарч чадахгүй юм байна гэдгийг шүүх дотоод итгэлээрээ дүгнэн шийдэж энэ асуудалд анхаарах нь зүйтэй. Нөгөө талаар шилжиж ирсэн сонгогчид Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.6, 65.7, 65.8-т заасныг зөрчөөд сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон тохиолдолд тухайн хүмүүс хуулийн 65 дугаар зүйлийн 65.9-т зааснаар хариуцлага хүлээх ёстой юм.

Үүнд Сонгуулийн тухай хуулийн 65.7, 65.8-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны ажилтанг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найман дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.10-т энэ хуулийн 65.7, 65.8-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авна гэж тус тус зохицуулсан байгаа. Сонгуулийн дараа ийм гомдол гараад ирсэн нөхцөлд сонгуулийг хүчингүйд тооцох эсхүл ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд тухайн нөхцөлд гэм буруутай ямар нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцогдоно гэсэн үг юм. Ийм учраас нэхэмжлэгчийн шаардлагын тухай зөв шийдвэр гаргах нь зүйтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18-д зааснаар Монгол Улсын иргэн нь түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхтэй бөгөөд иргэний аймаг дотор шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх үүргийгИргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар ...улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж түүний ажилтан хариуцах юм.

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 270 дугаартай албан бичиг, Бугат сумын шилжиж ирсэн иргэдийн жагсаалт бүхий баримт, гэрч тус сумын улсын бүртгэгч Д.Нина, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч А.Еркегүл нарын мэдүүлгээс үзэхэд 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн бусад сумдаас Бугат суманд шилжин суурьшихаар 383 хүн иргэний бүртгэл хийлгэжээ.

Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор тус сумын МАН-ын хорооноос 21 нэр дэвшигч иргэн сумын сонгуулийн 1,2,3,4 дүгээр хэсэгт тус нэр дэвшигчээр бүртгүүлсэн байх ба нэхэмжлэгчээс Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа хэсэгт саналаа өгөх, 65.8-д заасан шилжин ирсэн сонгогч зөвхөн Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх тухай заалтуудыг үндэслэл болгон Бугат сумын 1,2,3 дугаар багт шилжин суурьшихаар бүртгүүлсэн дээрх 383 иргэнийг сумын Хурлын сонгуульд сонгогчийн хувьд оролцуулахгүй байхыг сумын сонгуулийн хороонд даалгахыг шүүхээс хүсэж, сонгуулийн насны дээрх 383 иргэн сонгуульд оролцож санал өгснөөр бусад нэр дэвшигчдийн хооронд шударга өрсөлдөх зарчим алдагдаж, иргэдийн сонгох, сонгогдох үндсэн эрх, нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөнө гэж маргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан ба энэ нь 66.2-т зааснаар орон нутгийн Хурлын сонгуулийн хувьд ээлжит сонгуульд хамаарахаар байна.

Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 10 дугаар 19-ний өдөр байхаар тогтоосон.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймгийн улсын бүртгэлийн байгууллага, сумдын улсын бүртгэгч нараас 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр буюу сумын Хурлын сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байх ба дээрх 383 иргэн нь хуулийн 66.1-д заасан хугацаанаас өмнө байнгын оршин суугаа засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгж буюу Бугат сумын 1,2,3 дугаар багт шилжин суурьшихаар бүртгэл хийлгэжээ.

Иргэний шилжин суурьших энэхүү бүртгэлийг нэхэмжлэгчээс Сонгуулийн тухай хуульд заасан сонгогч шилжилтийн бүртгэл гэж үзсэнийг дараах байдлаар үндэслэлгүй гэж үзлээ.

Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгогч гэж тодорхойлсон бөгөөд тухайн иргэн сонгогчийн хувьд шилжиж болох боловч энэ тохиолдолд уг сонгогч Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т зааснаар санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргаж, улмаар санал авах байр нь энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдсэнээр шилжсэн сонгогчийг 65.4-т зааснаар сонгогчдын нэрсийн жагсаалт дахь тухайн сонгогчийн нэрийн ард Шилжив гэсэн тэмдэглэгээг хийж, 65.5-д зааснаар шилжин ирсэн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэхээр байна.

Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаас үзэхэд сонгогч шилжсэн тохиолдолд зөвхөн сонгогчдын нэрсийн жагсаалтад өөрчлөлт оруулж, бүртгэхээр байгаа ба энэ нь засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьшиж байгаа тохиолдол биш юм.

Түүнээс гадна Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7-д зааснаар сонгогчийн шилжилтийг аймаг дотор хийхийг хориглосон бөгөөд тухайлбал аймгаас аймагт сонгогч шилжих тохиолдолд шилжин ирсэн тухайн сонгогч 65.8-д зааснаар зөвхөн Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр байна.

Өөрөөр хэлбэл хуульд зааснаар сонгогчийн шилжилтийг аймаг дотор хийхгүйгээс гадна сонгогч шилжих замаар санал өгөх асуудал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд хамааралгүй юм.

Сонгогчийн шилжилтийг Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйл болон Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын даргын 2016 оны А\187 дугаартай тушаалаар батлагдсан Сонгогчдын нэрсийн жагсаалт үйлдэх,танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журам-аар зохицуулсан бөгөөд Иргэний бүртгэлийн тухай хууль болон Засгийн газраас баталсан Монгол улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам-ын дагуу аймаг дотор засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгж болох Бугат сум руу суурьшихаар шилжиж, тус сумын 1,2,3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суухаар бүртгүүлсэн дээрх 383 иргэнийг сонгогчийн хувьд шилжсэн гэж үзсэн нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө, байнга оршин суух гэдгийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд 180 хоногоос дээш хугацаагаар оршин суусан байхыг ойлгоно, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний хооронд Бугат суманд шилжиж, сумын 1,2,3 дугаар багийн оршин суугчаар бүртгүүлсэн 383 иргэн нь тухайн газартаа 180 хоногоос дээш хугацаагаар оршин суугаагаагүй байхад сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэж, улмаар сонгуульд санал өгөх нь хууль бус гэж маргасан байна.

Энэхүү маргаанд шүүх дараах байдлаар дүгнэлт хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ гэж, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д сонгуульд сонгуулийн насны эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй гэж тус тус заасан.

Иргэний бүртгэлийн тухай хуульд зааснаар тухайн иргэн нь өөрийн байнга оршин суугаа засаг захиргааны нэгж нэгжээс нөгөөд бүрмөсөн эсвэл түр шилжин суурьших эрхтэй бөгөөд Бугат суманд суурьшихаар шилжсэн 383 иргэн нь түр шилжин суурьших хөдөлгөөн хийлгээгүй талаар улсын бүртгэлийн холбогдох албан тушаалтнаас шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөх замаар мэдэгдсэн.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д иргэн тухайн газартаа ямар хугацаагаар оршин суусныг байнга оршин суугаа газар гэж үзэхийг томьёолоогүй бөгөөд уг заалтаар засаг захиргааны нэгж нэгжээс өөр нэгжид мөн зүйлд заасан хугацаагаар оршин суухыг бүрмөсөн мөн түр шилжин суурьших гэж ойлгохыг тодорхойлсон байна.

Хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т заасны дагуу Монгол улсын Засгийн газраас баталсан одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам-ын Гуравын 3.2-т зааснаар иргэн аливаа засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар буюу бүрмөсөн шилжиж ирсэн бол 10 хоногийн дотор холбогдох сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт оршин суугаа газрынхаа хаягаар бүртгүүлэхээр заасан ба хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд уг журмын дагуу дээрх 383 иргэн нь Бугат сумын 1,2,3 дугаар багийн оршин суугчаар бүртгүүлжээ.

Хуульд заасан журмаар шилжин суурьших бүртгэл хийлгэснээс хойш одоогоор 55-59 хоног болсон 383 иргэнийг цаашид тухайн газарт 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухыг үгүйсгэх үндэслэл биш байгаагаас гадна Бугат сумын 1,2, 3 дугаар багийн байнгын оршин суугч биш гэж үзэх үндэслэлгүй юм.

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэхдээ Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар иргэний бүртгэл, мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлд үндэслэх бөгөөд 61.3-т зааснаар сонгогчдын нэрсийн жагсаалтад сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэл бүхий сонгогчийг оршин суугаа газрын хаягийн дагуу бичихээр байна.

Иймд улсын бүртгэлийн байгууллагаас Бугат сумын сонгуулийн 1,2,3 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэлтэй дээрх 383 иргэнийг оршин суугаа газрын хаягийн дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтад сонгогчоор бүртгэж оруулсан байх тул оршин суугаа бүртгэлийнхээ хаягаар тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчийн хувьд дээрх 383 иргэн сонгуульд оролцох, сонгох эрхээ эдлэх эрхтэй гэж дүгнэлээ.

Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар сонгуулийн насны иргэний сонгох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26.2, 26.6, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.3, 65 дугаар зүйлийн 65.1,65.7, 65.8, 66 дугаар зүйлийн 66.1,66.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Бугат сумын МАН-ын хорооноос тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгаас Бугат суманд шилжин ирсэн сонгогчдыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болох сумын Хурлын сонгуульд оролцуулахгүй байхыг Бугат сумын сонгуулийн хороонд даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА