| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/03323/И |
| Дугаар | 192/шш2025/04527 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 192/шш2025/04527
2025 05 28 192/ШШ2025/04527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, гэрч *******, гэрч *******, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Миний бие 1997 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд 8 дугаар анги төгс Ховд аймгийн ХАА-н техникумд Зоотехникийн ангид элсэн орж техникумынхаа 2 дугаар курсээс буюу 1981 онд цэргийн албанд явсан. Ингээд 1984 онд цэргээс халагдаж техникумынхаа 3 дугаар курст 1984 онд очиж суралцаад 1985 онд техникумын төгсөх курсээ дуусгаж Говь-Алтай аймгийн Бугат сум хонь үржлийн фермд үржлийн Зоотехникчээр ажиллаж байгаад 1987 онд нэгдлийн даргын тушаалаах Өвөрхадын хэсгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргын үүрэгт ажилд томилогдсон ажилласан болно. 1988 оноос 1994 оныг дуустал сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан үеийн ажлаас халагдсан тушаал нь олдохгүй байгаа. 1987 онд Өвөрхадны хэсгийн даргаар авч ажиллуулсан тушаал нь олдохгүй байгаа. Говь-Алтай Бугат болон аймгийн төвийн архиваас энэ материалаа 2 удаа явж хайсан боловч архиваас материал олдохгүй байна. Ингээд дүүргийн нийгмийн даатгалын байцаагчтай уулзахад хөдөлмөрийн дэвтэрт бичээтэй бйагаа 9 жил 5 сараа шүүхээр тогтоолгож ир гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна.
Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа 1985 оны 7 сарын 15-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд зоо техникчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд Өвөр хадны хэсгийн даргаар, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, Говь-Алтай аймгийн Засаг даргын архивын тасгийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл, Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбарууд, Говь-Алтай аймгийн Бугат сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны захирамжийн хуулбар, Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын архивын лавлагаа зэргийг тус тус ирүүлсэн.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******ы хүсэлтээр *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
5. Шүүхээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас баримт бүрдүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
3. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
4. Нэхэмжлэгч ******* нь 1985 оны 7 сарын 15-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд зоо техникчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд Өвөр хадны хэсгийн даргаар, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан болох нь:
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт,
Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын цэргийн алба хаасан тухай лавлагаа,
Говь-Алтай аймгийн Засаг даргын архивын тасгийн холбогдох баримт байхгүй тухай тодорхойлолт,
Нэхэмжлэгчид 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээж, олгосон №118514 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн ХАА-н техниккумд оюутнаар элсүүлэн авч суралцуулав, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ХАА-н техниккумын зоо техникч мэргэжлээр төгсөж ТА ХАА газрын мэдэлд шилжүүлэв, 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Социализмын зам нэгдэлд зоо техникчээр авч ажиллуулав, 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хэсгийн зохион байгуулалт хийх болсонтой холбогдуулан зоо техникчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөр хадны хэсгийн ахлагчаар авч ажиллуулав, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зарим хэсгийн зохион байгуулалтыг өөрчлөхтэй холбогдуулан өвөр хадны хэсгийн ахлагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сумын АДХГЗ-ны нарийн бичгийн даргаар авч ажиллуулав, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөв гэх хэсэг,
Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл,
Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №27 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, уг тушаалын 1-т *******ыг 7 дугаар сарын 15-наас ферм бригадын үржлийн зоо техникчээр авч ажиллуулав гэх хэсэг,
Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №38 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаалын хуулбар, уг тушаалын 1-т ******* нарыг 9 дүгээр сарын 30-нас үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэх хэсэг,
Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №38 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар, уг тушаалын 1-т *******ыг 10 дугаар сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэх хэсэг,
Говь-Алтай аймгийн Бугат сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №48 дугаартай Комисс томилох тухай захирамжийн хуулбар, уг захирамжийн 1-т Захиргааны нарийн бичгийн даргын хариуцдаг ажил, дотоод ажлыг нэг бүрчлэн үзэж, ажил шинээр хүлээн авах *******д хүлээлцүүлэхийг комисст үүрэг болгосугай гэх хэсэг,
Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын архиваас ирүүлсэн нэхэмжлэгч *******ы ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн ХААТР-21 баримт, уг баримтын 7-д Мухарын Энхтайван, 9-д төрсөн газар-Говь-Алтай аймаг, Бугат сум, 1963 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн гэх хэсэг,
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн ХААТР-1 баримт, уг баримтын 5-т Мухарын Энхтайван, 1963 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 14-т Бугат сум, Социализмын зам нэгдэл, Өвөр хадны хэсгийн дарга, 1987 он, 16-д Цэргийн алба хаасан гэх хэсэг,
Хамт олноороо авхуулсан гэх гэрэл зургийн хуулбар,
Нэхэмжлэгч *******ы хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч *******н өгсөн мэдүүлгийн: Бид хоёр хамт сургуульд сурч байсан тэгээд сургуулиа төгсөөд хамтдаа цэргийн албанд явсан, мөн хамтдаа Говь-Алтай аймгийн Социализмын зам нэгдэл зоо техникчээр ажиллаж байсан гэх хэсэг,
Гэрч ******* өгсөн мэдүүлгийн: Бид нэг сургуульд сурч байсан тэгээд Социализмын зам нэгдэлд ажиллаж байсан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч *******ы ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
5.1. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******г Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд зоо техникчээр, Өвөр хадны хэсгийн даргаар, Говь-Алтай аймгийн Бугат сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар ажилд томилсон тушаал хэрэгт авагдсан боловч түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн, эрх зүйн байдал дордсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Балбаа овгийн *******-ны
Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 7 сарын 15-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зоо техникчээр,
Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өвөр хадны хэсгийн даргаар,
Говь-Алтай аймгийн Бугат сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ