Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 73

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн

Улсын яллагч Л.Мөнхбаяр                      

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Д.Н, Д.Б, П.Н нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт Д, Б, Гэрүүд овогт П,Н, Хамниган овогт Д, Н нарт холбогдох эрүүгийн 1821000270034 дугаартай хэргийг 2018 оны 3 сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1974 оны 3 сарын 19-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4-18 насны 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн ,,,,,,,,,,,,,,,,,,-т оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖД регистрийн дугаартай, Хамниган овогт Д Н гэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1973 оны 3 сарын 27-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 13-16 насны 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн ..............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЕ  регистрийн дугаартай, Харгана овогт Д.Б.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1977 оны 3 сарын 20-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 6-18 насны 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн .....................” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЕ регистрийн дугаартай, Гэрүүд овогт П.Н.

               Шүүгдэгч Д.Н, П.Н, Д.Б нар нь бүлэглэн 2017 оны 12 сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн .../1 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ........... ДОР улсын дугаартай Ниссан маркийн авто машинтай Монгол Улсын хилийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

 Гэрч Б.Содхүү мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2017 оны 12 сарын 11-ний өдөр хилийн манаанд ахлагч Э.Амаржаргалтай хамт үүрэг гүйцэтгэсэн. Сэргийлэх манаанд томилогдон үүрэг гүйцэтгэх явцад 16 цаг 20 минутад ...../1 дүгээр тэмдгийн баруун талаар 3 метр газраар хил зөрчөөд хилийн ..... дүгээр тэмдгийн зүүн талаар 2 метр газраар буцаж орж ирсэн жийп машины мөр байсныг илрүүлэн мэдэгдсэн. Отрядын төвөөс ул мөрийн шалгалт хийж явсан чиглэл, хугацаа, хэрэглэсэн заль мэхийг тодорхойлох үүрэг авч мөрөөр нь мөрдөн хөөх чиглэл авсан. Авсан үүргийн дагуу чиглэл, хугацааг тодорхойлон мөрөөр нь мөрдөн хөөх гэсэн боловч харанхуй болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул буцаж заставын байрлалд ирсэн. Маргааш нь буюу 2017 оны 12 сарын 12-ны өдөр үргэлжлүүлэн мөрдөхөд хил зөрчигчийн мөр нь хилийн .....дүгээр тэмдгийн чиглэлд улсын хилээс 26 км зайд иргэн П.Н гэрээр дайраад төв замд орж алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/

Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2017 оны 12 сарын 11-ний өдөр 18.00 цагт отрядын төвөөс хилийн .....дугаарын салбарын чиглэлд шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд томилогдон үүрэг гүйцэтгэсэн. Шөнийн 02 цагт хилийн .... дугаар салбарын байрлалд очсон. Өглөө 08.00-10.00 цагийн хооронд хилийн зөрчил гарсан газар оронд үзлэг шалгалт явуулж хилийн зөрчлийн мөр, хэрэгт холбогдолтой эд мөрийн баримтыг баримтжуулсан. Зөрчлийг шалгахад хилийн 891/1 дүгээр тэмдгийн баруун талаар 3 метр газраар хил зөрчөөд хилийн .... дүгээр тэмдгийн зүүн талаар 2 метр газраар буцаж орж ирсэн мөр байсныг тогтоосон. Автомашиныг мөрөөр нь мөрдөн хөөж хил зөрчигчийн мөр нь хилийн .....дүгээр тэмдгийн чиглэлд улсын хилээс 26 км зайд иргэн П.Н  гэрээр дайраад төв замд орж алдагдсан. ...Иргэн П.Н орж уулзахад хэргийн газар гарсан гутлын тод мөртэй өөрийнх нь өмсөж байсан гутлын мөр тохирч байсан. ...Зөрчлийн газраас олдсон царцаамагны ууттай адилхан ууттай царцаамгийг Дашбалбар суманд зөвхөн 1 дэлгүүр зарж байсан. Тэгээд тэр дэлгүүрийн камерийг цагдаа нар шүүж үзэхэд иргэн Н архи, ундаа авч байгаа нь гарсан, худалдагчаас асуухад 12 сарын 09-ний өдөр Нямжав архи, ундаа, царцаамаг, элэгний нухаш, гурилан бүтээгдэхүүн нийт 30 орчим мянган төгрөгийн худалдан авалт хийсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/

Гэрч Ж.Бат мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 сарын 09-ний өдөр би малаа хариулаад орой ирэхэд П.Н ах Д.Н, Д.Б гэх хүнтэй ирсэн байсан. Тэгээд орой нь бид дөрөв нэг шил Улаанбаатар гэдэг архи уугаад унтсан. Д.Н энүүгээр газар үзэх гэж ирсэн гэж хэлсэн. ...Тэгээд маргааш нь 2017 оны 12 сарын 10-ны өдөр П.Н, Д.Н, Д.Б нарыг хаашаа явсан болохыг нь мэдэхгүй байна би өглөө эрт хонио туугаад бэлчээрт зүүн зүгт явсан. Тэгээд орой нь гэртээ ирэхэд П.Н, Д.Н, Д.Б нар ирчихсэн гэрт гал түлээд байж байсан. Тэгээд маргааш нь 2017 оны 12 сарын 11-ний өдөр урд зүгт ойрхон худаг байдаг тэрийг очиж үзнэ гээд явсан. Тэгээд намайг орой гэртээ ирэхэд Д.Н, Д.Б нар аймаг руу явсан байсан. П.Н өдөр 4 ширхэг зээр агнасан, 2-ыг нь ахад өгсөн, 2 нь энэ байна гээд надад үзүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 140-142/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 сарын 02-ны өдрийн 1158 тоот дүгнэлтэд: 1. Шинжилгээнд 1967 онд үйлдвэрлэгдсэн 1 ширхэг сум, 1975 онд үйлдвэрлэгдсэн 12 ширхэг сум, 1990 онд үйлдвэрлэгдсэн 1 ширхэг сум зэрэг нь ОХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн, 7.62х39 мм калибртай ПС загварын нийт 14 ширхэг сум байна. 2. Шинжилгээнд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэсэн, 16-ийн калибртай, ИЖ-58 загварын хос гол төмөртэй галт зэвсэг ирүүлжээ. Уг ИЖ-58 загварын галт зэвсэг хэзээ үйлдвэрлэгдсэнийг тогтоох боломжгүй. 3.Шинжилгээнд 2008 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х39 мм калибртай, ВЕПРЬ загварын галт зэвсэг ирүүлжээ. 4. Шинжилгээнд ирүүлсэн ВЕПРЬ загварын галт зэвсэг, ИЖ-58 загварын галт зэвсэг ямар нэгэн засвар өөрчлөлт ороогүй. 5. Шинжилж буй галт зэвсгүүдээр буудаж загвар болгон авсан хошуу, хонгио нь галт зэвсгийн шинжилгээний лабораторид хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэргийн газраас олж илрүүлсэн хошуу, хонгионуудтай тохирохгүй байна гэжээ. /хх-ийн 159-160/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/

-Хилийн 57 дугаар отрядын 4 дүгээр заставын хариуцсан хэсгээр гарсан хилийн дэглэмийн зөрчлийн карт /хх-ийн 26/

-Улсын хилийн дэглэм зөрчигч/амьтад/-ийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-46/

-Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /хх-ийн 48-49/

-Хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг шалгалт хийсэн тодорхойлолт /хх-ийн 50-51/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 75-82/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 83/

-Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 89-91/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 105-113, 114-118/

-Гэрч Б.Энхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 128-130/

-Гэрч Э.Амаржаргалын мэдүүлэг /хх-ийн 134-136/

-Гэрч Ч.Бат-Уяагийн мэдүүлэг /хх-ийн 137-139/

-Гэрч Д.Билгүүний мэдүүлэг /хх-ийн 146-148/

-Гэрч С.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 149-151/

-Шүүгдэгч Д.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 176-177/

-Шүүгдэгч Д.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 178-179/

-Шүүгдэгч П.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 180-181/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 Шүүгдэгч Д.Н, Д.Б, П.Н нар нь бүлэглэн 2017 оны 12 сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн...../1 дүгээр тэмдэгтийн чиглэлээр .....ДОР улсын дугаартай Ниссан маркийн авто машинтай Монгол Улсын хилийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Н  мөрдөн байцаалтад  өгсөн “...Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Миний ....ДОР дугаартай машинд би Л.Б, П.Н нар сууж улсын хилээр нэвтэрсэн. Би энэ бууг Батаа гэх Мардайн уурхайд ажилладаг байсан хүнээс 2013 онд худалдан авч байсан, хэдэн төгрөгөөр худалдан авч байснаа санахгүй байна. Надад бичиг баримт гэж өгөөгүй, би ч асуугаагүй. Надад 15 ширхэг сум, нэмээд 2 ширхэг сумын дайзыг өгсөн. Би өнгөрсөн намар манай хотонд чоно гүйгээд байхаар нь дээш нь хий буудсан. Би энэ бууг хэдэн малаа чоно нохойноос хамгаалах зорилгоор авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 176-177/, шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн “...Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бид гурав Д.Н ..... ДОР улсын дугаартай машинаар гурвуулаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 178-179/, шүүгдэгч П.Н мөрдөн байцаалтад өгсөн “...Бид гурав 2017 оны 12 сарын 10-ны өдөр хил нэвтэрсэн маань үнэн. Н ахад хилийн тэмдэгт, багана үзүүлэх гэж байгаад хил гарчихсан. Энэ үйлдэлдээ гэмшиж байна...Би энэ бууг 2017 оны хавар хүргэн Ууганбаатараас зүгээр авсан. Ууганбаатарын гэрт байсан бууг малаа чоно нохойноос хамгаалах зориулалтаар авсан. Би сумыг нь намар хотоос Нарантуул худалдааны төвөөс авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 180-181/, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хилийн 57 дугаар отрядын 4 дүгээр заставын хариуцсан хэсгээр гарсан хилийн дэглэмийн зөрчлийн карт, улсын хилийн дэглэм зөрчигч/амьтад/-ийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт, гэрэл зургийн үзүүлэлт, хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг шалгалт хийсэн тодорхойлолт зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог ялыг ялгамжтай оногдуулна” гэж тус тус зааснаас үзэхэд шүүгдэгч нарын гэмт үйлдлийг зүйлчлэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлахгүйгээр шүүгдэгч тус бүрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тусад зүйлчлэн ирүүлсэн нь зөв байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзнэ.

Шүүгдэгч......... нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Монгол Улсын хилийг зохих зөвшөөрөлгүйгээр бүлэглэж хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Д.Н, Д.Б, П.Н нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н, Д.Б, П.Н нар нь Монгол Улсын хилийг зохих зөвшөөрөлгүйгээр бүлэглэж хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.     

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Н, Д.Б, П.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Н, Д.Б, П.Н нарт оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ДО750АТ, Е29011” гэсэн гол төмрийн дугаартай ИЖ58 маркийн  буу 1 ширхэг, АК4405 дугаартай 405 гэсэн замаг, замагны рамны дугаартай Вепрь маркийн буу 1 ширхэг болон 9 ширхэг сум /Дорнод аймаг дахь Тагнуулын газарт хадгалагдаж байгаа/-ыг хэрэгцээний дагуу Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4000000 төгрөгийн үнэ бүхий “Ниссан” маркийн,,,,,,,,,,,,,,ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Н эзэмшлээс “Ниссан” маркийн ,,,,,,,,,, ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны  01 сарын 19-ний өдрийн 5/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Д.Б............... ЖЕ.................. регистрийн дугаартай, шүүгдэгч Д.Н ЖД................ регистрийн дугаартай, шүүгдэгч П.Н............ ЖЕ регистрийн дугаартай иргэний  үнэмлэхийн лавлагааг шүүгдэгч нарт тус тус буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

       

Шүүгдэгч Харгана овогт Д. Б, Гэрүүд овогт П. Н,  овогт Д.Н нарыг Монгол Улсын хилийг зохих зөвшөөрөлгүйгээр бүлэглэж хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Б, П.Н, Д. Н нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Н, П.Н нарт оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.        

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нарт авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ДО750АТ, Е29011” гэсэн гол төмрийн дугаартай ИЖ58 маркийн  буу 1 ширхэг, АК4405 дугаартай 405 гэсэн замаг, замагны рамны дугаартай Вепрь маркийн буу 1 ширхэг болон 9 ширхэг сум /Дорнод аймаг дахь Тагнуулын газарт хадгалагдаж байгаа/-ыг хэрэгцээний дагуу Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4000000 төгрөгийн үнэ бүхий “Ниссан” маркийн ............ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.

 

8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Д.Нямжавын эзэмшлээс “Ниссан” маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны  01 сарын 19-ний өдрийн 5/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Д.Б ЖЕ...........регистрийн дугаартай, шүүгдэгч Д.Н....ЖД...........регистрийн дугаартай, шүүгдэгч П.Н ЖЕ регистрийн дугаартай иргэний  үнэмлэхийн лавлагааг шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай.

        

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

               

.