Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/20

 

Б.Даваадалайд холбогдох эрүүгийн

  хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                     Б.Төрболд

          Шүүгдэгч                                                                     Б.Даваадалай

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Э.Баасандэмбэрэл /цахимаар/

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Б.Баярцогт

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                     Х.Отгонбаяр /цахимаар/

          Хохирогчийн өмгөөлөгч                                          Д.........

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Даваадалай, түүний өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, Б.Баярцогт нарын давж заалдах гомдол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа нарын давж заалдах гомдлоор Б.Даваадалайд холбогдох 2323000000012 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн Сантмаргаз сумын ............багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ханхар овогт Буянжаргалын Даваадалай, регистрийн дугаар ИК91082614.                              

Шүүгдэгч Б.Даваадалай нь Завхан аймгийн Ургамал сумын нутаг дэвсгэр Хүнгий голын захад 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хоолойн тус хэсгийг хутгаар зүссэн” гэх шалтгаанаар иргэн Д.Батдэлгэрийн толгойн тус газарт архины шилээр цохиж амь насыг хохироосон гэмт хэрэг холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ханхар овогт Буянжаргалын Даваадалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Даваадалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадалайд оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадалайн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 296 хоногийг хорих ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Даваадалайд өмнө авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадалай шүүхээс тогтоосон 11,892,979 /арван нэгэн сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун далан ес/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 22,821,909 /хорин хоёр сая найман зуун хорин нэгэн мянга есөн зуун ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Даваадалай, түүний өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Хэрэг гарах үед амь хохирогч нь шүүгдэгч Даваадалайн хоолойд хутга тулган хэрчсэн байдаг. Тухайн үед шүүгдэгч Даваадалай маш их айсан бөгөөд хоолой хэрчүүлсний дараа юу болсон талаар санахгүй байгаагаа мэдүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нь хохирогчийг архины шилээр шууд санаатай цохисон гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд нотлогдоогүй гэж үзэж байна.

Мөн шийтгэх тогтоолд гэмт хэрэг гарах үед шүүгдэгч, хохирогч нар архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, бие биенээ хүндлэх, хоорондын харилцаа хандлага, шүүгдэгчийн уурласан үедээ биеэ барьж чаддаггүй зан чанар, хууль зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэг гарах үед шүүгдэгч Даваадалай согтсон шинжгүй байсан болохыг гэрч Пунцаг мэдүүлдэг, мөн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн цусанд спиртийн агууламж илрээгүй.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч уурласан үедээ биеэ барьж чаддаггүй гэх дүгнэлтийг хэрхэн яаж тогтоосон нь ойлгомжгүй, харин шүүгдэгч нь даруу төлөв, бөгөөд 7-8 жил айл зусахад догшин ширүүн авирлаж байгаагүй талаар гэрч О.Цэрэндулам мэдүүлсэн байдаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Пунцаг мэдүүлэхдээ “шүүгдэгчийг машины ард шахаад хоолойд нь хутга тулгасан байх үед очиж амь хохирогчийг салгасан. Тэгээд эргэж хартал Даваадалай гартаа шилний хүзүү барьсан зогсож байхаар нь амь хохирогчийг цохисон байна гэж ойлгосон, энэ үйл явдал хурдан болж өнгөрсөн” гэж мэдүүлдэг.  Мөн гэрч Пунцаг өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгт өөрийнх нь хэлснээс өөр зүйл бичсэн байна, өгсөн мэдүүлгээ бүрэн уншаагүй гарын үсэг зурсан гэж хариулдаг. 

Гэтэл шүүх гэрч Пунцагийн эхний мэдүүлгийг үндэслэж шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн өгсөн мэдүүлэг хэрхэн няцаагдаж байгааг дурдаагүй. Иймд шүүгдэгч Даваадалайд холбогдох хэргийг бүхэлд нь хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэв.

Шүүгдэгч Б.Даваадалай, түүний өмгөөлөгч Б.Баярцогт нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Хохирогчийн өмгөөлөгчийн гаргаад байгаа хохирлыг дутуу тооцсон. Анхан шатны шүүх алдсан малын үнэ гаргуулаагүй, малын хөлс төлсөн мөнгийг шүүгдэгчээс гаргуулаагүй гэх гомдлын тухайд анхан шатны шүүх үүнийг зөв үнэлсэн. Хохирлын баримт гаргаж өгсөн баримтад хэзээ, хаанаас, юу авсан нь тодорхойгүй баримтууд байсан. Ариун цэврийн хэрэглэл авсан баримт хүртэл байсан. Иймээс  шүүх хохирлыг тогтоосны дараа хохирлыг төлөх талаар үйлчлүүлэгчтэйгээ ярилцсан. Анхан шатны шүүхээс хохирлыг зөв үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. Сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлын тухайд анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан. Сэтгэл санааны хохирлыг гаргах боломжгүй юм. Хууль хэрэгжиж эхлээгүй байсан. Сэтгэл санааны хохирлыг гаргуулах юм бол хууль буцаан хэрэглэх, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байна гэж үзэж байна. Энэ талаар Улсын дээд шүүх 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 17 дугаартай тогтоолоор тайлбарласан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан сэтгэцэд учирсан хор хохирлыг үнэлэх, хор уршгийн мөнгөн төлбөр гаргуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль, дагалдах бусад хуулийн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн хуульчилсан. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд иргэний хуулийг буцааж хэрэглэхгүй гэх заалтад хамаарч байна. Иймээс 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө болсон үйлдэлд энэ заалтыг хэрэглэхээргүй байна. Сэтгэцтэй холбоотойгоор хохирол нэхэмжлэх боломжгүй юм. Э.Баасандэмбэрэл өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Өөрийн гаргасан гомдлынхоо үндэслэлийг тайлбарлая. Анхан шатны шүүх сэтгэл санаа цочрон давчдаагүй гэж үзээд байгаа үндэслэлээ тайлбарлахдаа шийтгэх тогтоолын 8 дугаар хуудаст санаа сэтгэл хүчтэй цочирсон. Тухайлбал өөрийн үйлдлийн аюулын бодит шинж чанарыг ухамсарлах, удирдах чадвар ихэд буурсан байдаг гэж Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.  Э.Баасандэмбэрэл өмгөөлөгч Улсын дээд шүүхийн тайлбарыг дурдлаа. Дурдаагүй нэг тайлбарыг нэмж хэлье. Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 156 дугаар тогтоолоор хохирогчийн хууль бус үйлдэл тухайн хугацаанд илэрсэн байхаас гадна, удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийн сэтгэцийг эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээд сэтгэл санаа нь хүчтэй цочролд орж, хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулдгаараа хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгагддаг онцлогтой гэж тайлбарласан байдаг.  Өөрөөр хэлбэл, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас энэ гэмт хэрэг  гардаг. Анхан шатны шүүх сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах гэх үгийг тайлбарлахдаа сэтгэл санааны ердийн түвшнээс ихэд буурсан байдаг гэж Улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй тайлбарласан нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, яллах дүгнэлт дээр хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж үзэхдээ зүүн гартаа барьж байсан архины шилээр явж байсан хүний араас ирж толгойн зүүн хэсэгт цохисон гэх дүгнэлт хийсэн. Учирсан гэмтэл нь тухайн хүний баруун талын чамархайн хэсэг байдаг. Зүүн гараараа өмнөө явж байгаа хүний араас цохиход тухайн хүний зүүн талд цохихоор байна. Яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан үндэслэл нь эргэлзээ үүсэхээр байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд огт тусгаагүй. Миний тухайд гэрч Пунцагийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд үндэслэж саналаа гаргасан. Гэрч Пунцаг мэдүүлэг өгөхдөө энэ хоёр хутга тулгасан байхаар нь салгаад машинд суулгах гээд аваад явж байтал шүүгдэгч араас ирж цохисон гэдэг. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийсэн. Мэдүүлгийг газар дээр нь шалгахад хутга тулгасан байсан машины ард запаас дугуйны хажууд машины хойд гэрэл рүү тулгаж шахаад хутга тулгасан байсан. Намайг салгах үед Б.Даваадалай цохих шиг болсон. Талийгаач алхаж очоод тэнд суусан гээд суусан газрыг заадаг. Би Б.Даваадалайг машинд суулгаж өгсөн гэж мэдүүлдэг. Өмнөх мэдүүлгээс зөрүүтэй зүйл нь хохирогчийг Б.Даваадалайгаас салгаад машинд суулгах гээд авч явсан гэх асуудал өмнө нь огт яригдаагүй байдаг. Мэдүүлэг шалгах ажиллагааг дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулсан байдаг. Мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгийг үндэслээд саналаа гаргасан. Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж буй талаар тайлбарласан. Анхан шатны шүүх энэ нотлох баримтыг юу гэж үзээд няцаасан нь тодорхойгүй байдаг. Иймээс дээрх нотлох баримтуудыг үндэслээд Б.Даваадалайн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна. Анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд зааснаар өөрчилж өгнө үү? гэсэн саналыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс сэтгэл санаа цочрон давчидсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзвэл, шүүгдэгч Б.Даваадалай нь миний үйлдлээс болж гэмт хэрэг гарсан нь үнэн энэ дээр маргаан байхгүй талаараа мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн шатанд тус тус тайлбарладаг. Анхан шатны шүүхээр тогтоогдсон хохирлыг шүүх хуралдаанаас өмнө төлсөн. Энэ гэмт хэрэг нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс болж гарсан. Хэрвээ давж заалдах шатны шүүхээс зүйлчлэл өөрчлөх боломжгүй гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан ялыг 5 жил 4 сар хүртэлх хугацаагаар багасгах боломжтой. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд оногдуулсан ялыг багасгаж өгөөч гэж хүсэх байна гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас манай гэр бүлд учирсан хохирлыг бүрэн гаргуулж олгоогүй байдалд гомдолтой байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаярын өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт

1. Талийгаачийн оршуулгын зардалд 16.237.488 төгрөг

2. Талийгаач нас барснаас хойш малаа эрэн хайхад гарсан шатахууны зардалд 1.474.590 төгрөг

3. Мал маллах хүнгүй болсны улмаас малаа бусдаар маллуулсны хөлс зардал 4.003.000 төгрөг

4. Алдсан 12 тооны адууны үнэ 12.000.000 төгрөг

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 удаа Сантмаргац сумаас Улиастай сумд ирсэн зардал 1.000.000 төгрөг

6. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 зүйлийн 511.5-д зааснаар сэтгэцэд учирсан хохирол 99.000.000 төгрөг нэхэмжилсэн.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно" гэж заасан бөгөөд шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлно гэжээ. Шүүх тогтоолдоо "Харин малаа хүнээр маллуулсан хөлс, адуу малаа өөрөө эргэж малласан, хариулсантай холбоотой гарсан шатахууны зардал болон алдсан 12 тооны адууны үнэ, алдсан адуу малаа ирж хайхад гарсан зардал нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй байна" гэж дүгнэсэн боловч хор уршиг гэж үзэхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаагүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа Сантмаргац сумаас Улиастай сумд дуудагдан ирсэн зардал 1.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтыг шинжлэн судлаад талийгаачийн буяны ажилд зарцуулсан 11.892.979 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэхдээ оршуулгын зардалд зарцуулсан 16.237.488 төгрөгнөөс 4.344.509 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэдэн төгрөгөөр худалдаж авсан ямар эд зүйлийг яагаад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоогүй гэж үзсэн. Хэд дугаарт дугаарлагдсан хэдэн ширхэг баримтыг ямар шалтгаанаар хэзээ хаана хэдэн төгрөгөөр юу худалдаж авсан болох нь тодорхойгүй гэж үнэлэх боломжгүй байгааг тодорхой тайлбарлаагүйгээс хохирогчийн хохирол гаргуулах эрх хязгаарлагдаж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, - эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 сарын 23-ны өдрийн хуулиар Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг "сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана" гэж өөрчлөн найруулж, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт "гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй", 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт "гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно." гэсэн нэмэлтийг тус тус оруулсан бөгөөд хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тусгасан байна.  Шүүх шинжилгээний тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д "энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж зааснаар Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байна. Гэвч тогтоолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д " Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж заасан хуулийг буруу тайлбарлан уг хэргийн үйл баримт нь 2023 оны 01 сарын 13-ны өдөр болсон бөгөөд хэрэг болох үед Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь заалт хүчин төгөлдөр болоогүй байсан байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй" гэж 5.3-т "гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно" гэж тус тус заасан бөгөөд сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах зохицуулалт Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэлд хамаарахгүй тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна" гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаяр нь гэмт хэргийн улмаас бага насны 3 хүүхэдтэйгээ өрх толгойлон үлдсэн. Гэмт хэргийн үр дагавар бага насны 3- н хүүхдэд болон түүний сэтгэл санаанд хүндээр тусаж байгаа төдийгүй мал аж ахуй эрхэлж амь зуудаг өрх гэрийн хөдөлмөрийн чадвартай амь зуулгаа залгуулдаг эр нөхөр амь насаа алдсаны улмаас малаа харж хандах хүнгүй болж олон тооны мал зүй бусаар алдаж давхар эд хөрөнгийн хохирол амсаж амьдрахад бэрх байгаагаа шүүх хуралдаан дээр хэлсэн. 2023 оны 01 сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн үр дагавраар нэг гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэж үндсэндээ үгүйрч байгаа нь хохирогчийн мэдүүлгээс илэрхий байхад хуульд зааснаар нэхэмжилсэн гэм хорын хохирлыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолын 6, 7 дахь заалтыг өөрчилж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Алдагдсан гээд байгаа 12 тооны адууны хохирол хэрэгт хамааралгүй байна. Мөн адууг эрж хайхад гарсан зардал хэрэгт хамааралгүй байна. Ямар нэгэн эд зүйл худалдан авсан баримт тодорхойгүй баримт нь үндэслэлгүй байна гэх дүгнэлт гаргасан. Анх 42.469.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Үүнээс алдагдсан адууны үнэ, адууг хайсан зардал 22.821.909 төгрөг болсон байдаг. Сэтгэл санааны хохирлыг шүүх шийтгэх тогтоолдоо ойлгохуйц байдлаар тайлбарласан байна. Хуулийн хүчин төгөлдөр байдал дээр мөн шүүхээс ойлгомжтой тайлбарлаж өгсөн байна. Нэмэлт тайлбар хийх шаардлагагүй байна. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх дээр Э.Баасандэмбэрэл өмгөөлөгч шүүгдэгч маш их айсан хоолойгоо хэрчүүлснийхээ дараа юу болсныг санахгүй байгаа гэж мэдүүлсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч архины шилээр хохирогчийг шууд санаатай цохисон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна гэх талаар хэлдэг. Шүүгдэгч нарын өмгөөлөгч дээрх байдлаар шүүх хэргийн бодит байдлыг буруу үнэлсэн гэж үздэг. Хэрэгт ач холбогдолтой гэрч Пунцагийн мэдүүлэг байдаг. Гэрч Пунцагийн мөрдөн байцаалт, анхан шатны шүүх дээр өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байгаа талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл ярьж байна. Пунцагаас 2 удаа мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр мөн мэдүүлэг авсан байдаг. Гэрчийн мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, дуу, дүрсний бичлэг байдаг. Бичлэгт хохирогчийн хийсэн үйлдлийн аюул бүрэн арилсны дараа машины дайтай газар яваад шүүгдэгч хохирогчийг архины шилээр цохисон нь бичлэгт байдаг. Шүүгдэгч хохирогчид хоолойгоо хэрчүүлсний дараа айсан гэж мэдүүлсэн мэдүүлгийг няцаасан баримт хэрэгт авагдаагүй байна гэж байна. Шүүгдэгч Б.Даваадалайн хувьд хохирогчийг архины шилээр цохисныхоо дараа машин дээр очоод хохирогчийн би цохичихлоо. Миний хоолойнд хутга тулгахаар нь архины шилээр цохичихлоо гэж ярьсан байдаг. Хохирогчийн хаана байгаа талаар асуухад байсан газрыг нь зааж өгсөн байдаг. Бүгдээрээ очиж авъя, цус гарч байна эмнэлэгт үзүүлье гэж байснаас харахад шүүгдэгч тухайн үед болсон зүйлийг бүгдийг нь мэдэж байсан. Хохирогчийн үйлдлээс болж сэтгэл санаа цочирсон зүйл ажиглагддаггүй. Анхан шатны шүүхээс мөн ийм байдлаар тайлбарлаж байсан. Гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч нөхцөл байдлыг ухамсарлаж байсан нь тогтоогддог. Шүүгдэгч нь санаатайгаар амь хохирогчийг цохиж, амь хохироосон байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт нь анхан шатны шүүхэд мөн шүүгдэгч зүүн гартаа архины шил барьж яваад амь хохирогчийг цохисон талаараа ярьдаг. Зүүн гартаа шил барьж байгаад хүний араас нь цохиход зүүн тал руу цохино гэх ойлголт байхгүй. Зүүн, баруун аль ч тал руу цохих бүрэн боломжтой юм. Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй тайлбар хийсэн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт үзэж байна. Хэрэг болгон өөр өөр үйл баримтуудтай. Өмгөөлөгч, прокурор, шүүгч нар мэтгэлцсэний үндсэн дээр хэргийн үйл баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийж байгаа. Хууль зүйн дүгнэлт хийж байгаа шүүгч нарын тухайн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлтийг Улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй буруу гэж тайлбарлах нь учир дутагдалтай байна. сэтгэл санаа хүчтэй цочрон давчидна гэх ойлголт нь анагаахын шинжлэх ухааны ойлголтод тулгуурлахгүй гэж зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, анагаах ухааны ойлголтод тулгуурлахгүй, тухайн гэмт хэргийн үйл баримтад тулгуурлан дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй юм. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Даваадалай нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас дургүйцсэн, улмаар толгойн тус газар архины шил буюу хатуу биетээр цохисон гэдгээ энгийн түвшинд бүрэн ухамсарлаж ойлгосон байна гэж дүгнэж байна. Нөхцөл байдлыг бүрэн ухамсарласан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул оролцогч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, оролцогчдын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ. 

  1. Хэргийн үйл баримтын талаар,

Шүүгдэгч Б.Даваадалай нь Завхан аймгийн Ургамал сумын нутаг дэвсгэр Хүнгий голын захад 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хоолойн тус хэсгийг хутгаар зүссэн” гэх шалтгаанаар иргэн Д.Батдэлгэрийн толгойн тус газарт архины шилээр цохиж амь насыг хохироожээ.

Энэ үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаярын “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай төрсөн эгч Бямбаа надад Батдэлгэр хүнд зодуулаад хүнд байгаа гэж хүмүүс яриад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумынхаа хэсгийн төлөөлөгч Булгантамир гэх хүнээс тодруулж асуух үед хэцүүхэн юм дуулгах нь хүүхдээ түр гаргачих хоёулаа уулзаадахъя гэж хэлсэн. Тэгээд надад нөхөр чинь талийгаач болчихсон байна гэж хэлсэн. Намайг харах үед манай нөхрийн баруун чихний ар чамархай хэсэгт шалбараад цус гарсан байдалтай, нүүрийнхээ зүүн хацар, шанаа хэсгээр хэд хэдэн газар шалбарсан, эсгэсэн юм шиг шархтай, баруун бөөрний хэсэгт хөхөрсөн байсан. Мөн талийгаачийн нуруу хэсгийг харахаар хажуу тийш харуулах үед ам хамраас нь цус асгарсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Буян-Өлзийгийн “...Намайг дуудлагаас ажил дээр ирэх үед хоорондоо зодолдсон гэх хүмүүс ирчихсэн яаралтай тусламжийн өрөөнд байсан. Тэгэхээр би зодолдсон гэж ирсэн хүмүүс болохоор нь сумынхаа хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж дуудсан. Тэгсэн чинь тухайн хүнийг архины шилээр цохисон гэх залуу намайг цагдаад битгий хэл, мэдэгдэж болохгүй хүн байгаа юм гэж надад хэлж байсан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгч орж ирээд тухайн хүнийг аваад гарсан. Харин би архины шилээр цохиулсан гэх хүний биед үзлэг хийхээр өрөөндөө үлдсэн. Тэгээд тухайн хүний биед үзлэг хийх үед даралт нь баруун талдаа 120/80, зүүн талдаа 110/70, зүрхний цохилт 73-76 хооронд, хүчилтөрөгч нь 96-97 хооронд байсан. Мөн баруун чихний дээд чамархай хэсэгт зулгарсан шархтай бага зэргийн цус шүүрсэн өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Би тухайн хүнд баруун чихний ард чамархайн хэсэгт байх шарх дээр нь цэвэрлэгээ хийж боолт хийсэн. Цус тогтоох 100 гр дусал болон цус тогтоох тариа зэргийг судсаар, өвчин намдаах тариаг булчинд хийсэн. Тэгээд амин үзүүлэлтийг хянаж байгаарай гэж сувилагчдаа хэлээд гарсан. Тэгээд намайг 00 цаг өнгөрөөд гэрээсээ эмнэлэг дээр ирэх үед тухайн хүн байхгүй байсан. Би юу болсон талаар сувилагчаасаа асуух үед би дээр хоёр давхарт тариа хийчхээд буугаад иртэл гараад явчихсан байсан гэж хэлсэн. Хоолойд нь хутга тулгасан тэгэхээр нь архины шилээр цохисон гэж тухайн шилээр цохисон гэх хүн надад хэлж байсан.” гэх мэдүүлэг,

 Гэрч Б.Үржинхандын “...Тухайн өдөр орой 21 цаг 50 минутын үед манай сумын Энхбаяр гэх залуу эрүүл мэндийн төв дээр хүн үзүүлэх гэсэн юм та гараад үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би яачихсан хүн юм гэж асуух үед Энхбаяр архи уугаад зодолдсон хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд сумынхаа хэсгийн төлөөлөгч болон цагдаа руу залгаж мэдэгдсэн. Энхбаярт оруулж ирээд үзүүлээдэх гэж хэлсэн. Тэгсэн Энхбаяр өөр нэг залуугийн хамт үзүүлэх хүнээ хоёр талаас нь өргөөд орж ирсэн. Тэгээд хүлээн авах өрөөний орон дээр хэвтүүлээд би монитороо залгаад амин үзүүлэлтүүдийг үзэж байх үед манай эмчлэгч эмч Буян-Өлзий орж ирсэн. Манай эмч бид хоёр тухайн үед монитор багажаар амин үзүүлэлтүүд буюу артерийн даралт, зүрхний цохилт, халуун, хүчилтөрөгчийн хангамж, дундаж даралт зэрэг үзүүлэлтүүдийг үзсэн. Тухайн үед дээрх үзүүлэлтүүд хэвийн тогтвортой байсан. Тэгээд тухайн хүнд манай эмчлэгч эмч Буян-Өлзий үзлэг хийж эмчилгээ заасан. Буян-Өлзий эмч бид хоёр тухайн хүний толгойн баруун чихний дээд талд байх бага зэргийн цус шархыг цэвэрлэж боолт хийж өгсөн. Тэгсэн тухайн эмчилгээ хийлгэж байсан Батдэлгэр гэх хүн боолтоо авч шидээд хөлөөрөө орны толгой болон цонх руу өшиглөөд байсан. ...Шингэн залгаж өгсний дараагаар манай эмчлэгч эмч Буян-Өлзий хүүхдээ хөхүүлэхээр гэр лүүгээ явсан. Тэгээд би тухайн Батдэлгэр гэх хүний залгасан шингэнийг дуустал нь хажууд сууж байгаад 22 цаг 55 минут орчмын үед шингэн хийж дууссан. Батдэлгэр нь шингэн хийж байх хооронд унтаад өгсөн байсан. Тэгээд би 2 давхарт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн цагийн тариа хийхээр мөн дуудлагаар ирсэн байсан хүнд хүчилтөрөгч залгахаар 2 давхарт гарч ирээд ойролцоогоор 10-15 минут орчим болоод хүлээн авах өрөөнд орж иртэл ямар ч хүн байхгүй байхаар нь би гадаа гараад харсан. Гадаа ямар ч хүн байхгүй байсан. Тэгээд би эмчлэгч эмч рүүгээ болон сумынхаа цагдаа руу залгаж хэлсэн.” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Энхбаярын “ ...Тэгээд бид нар миний машиныг асаагаад сумын төвийн Ганбаа гэх айлд ирээд Намхайнямбуу, Батдэлгэр, Д.Батдэлгэр болон Б.Даваадалай нар машин дотор маргалдаад байсан. Тухайн үед би юунаас болж маргалдаад байгааг нь мэдээгүй. Машинаас бууж маргалдаарай гэж хэлээд замын хажууд зогсож байтал араас нэг машин хүрээд ирсэн. Тэгсэн амь хохирогч Д.Батдэлгэр, Б.Даваадалай, С.Лхагвасүрэн нар буугаад тухайн машинтай хүнтэй уулзсан. Тэгэхээр нь би Намхайнямбуу, Баярсайхан нарын хамт тэр 3-г үлдээчхээд хөдлөөд явчихсан. Тэгээд 1 км гаран явж байтал Намхайнямбуу нөгөө 3-г буцаж очиж авна гээд буцаахаар болсон. Буцаад тухайн газар иртэл Б.Даваадалай миний машины урдаас алхаад ирсэн. Тэгэхээр нь Б.Даваадалайг машиндаа суулгаад бор ногоон УАЗ-469 машины хойноос очоод юу болсон талаар асуусан. Тэгтэл манай сумын захиргааны жолооч Пунцаг ax Б.Даваадалай, Д.Батдэлгэр хоёр зодолдохоор нь салгасан гэж хэлсэн. Тэгсэн С.Лхагвасүрэн /Жижгээ/ Пунцаг ахын машинаас гарч ирээд миний машинд суусан. Тэгээд Батдэлгэр хаана байгаа талаар асуухад Даваадалай хойно үлдсэн гэж хэлсэн. Бид нар машинаа эргүүлтэл бид нарын байсан газар гэрлээр дохисон. Тэгэхээр нь яваад очтол Батдэлгэрийн баруун чихний хойно чамархай хэсгээс цус гарсан байсан. Тэгэхээр нь бид нар Батдэлгэрийг суулгаад эмнэлэг дээр ирсэн. Батдэлгэрийг эмнэлэгт үзүүлж байх үед би эмнэлгийн гадаа сууж байсан. Тухайн үед Батдэлгэртэй хамт Намхайнямбуу, Лхагвасүрэн /Жижгээ/, Баярсайхан, Даваадалай нар хамт орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа үзүүлчихлээ гээд гарч ирсэн. Тэгсэн манай сумын хоёр цагдаа ирсэн. Тэгэхээр нь би зугтаагаад эмнэлгийн баруун гар талын хаалгаар гараад холоос хараад зогсож байсан. Тэгээд цагдаа нар явахаар нь би эмнэлгийн үүднээс машинаа аваад шууд гэр лүүгээ явахаар сумаас гарсан. Тэгээд би замдаа Галаа гэх айлд ороод Намхайнямбуу руу залгаад Батдэлгэрийг юу болж байна гэж асуусан. Тэгсэн чинь Намхайнямбуу надад гайгүй байна чи буцаж ирээд аваадах гэж хэлсэн. Тэгэхээр нь би Галаа гэх айлаас гараад сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт голын араас ирж авсан. Намайг ирж авах үед Ганбат гэх хүнээр Намхайнямбуу, Баярсайхан, Батдэлгэр, Лхагвасүрэн /Жижгээ/, Даваадалай 5 гол дээр хүргүүлж ирсэн. Тухайн үед Даваадалай, Батдэлгэрийг үүрээд миний машины урд суулгасан. Тэгэхээр нь би тэд нараас эмчээс нь асуусан юм уу? гэж хэлэхэд Даваадалай надад эмчээс нь асуусан чинь өвчин намдаах тариа хийсэн бас нэг шингэн хийсэн гайгүй гэж хэлсэн гэж байсан. Тэгээд бид нар Ургамал сумын Нуур-Зөөхий багийн нутаг цагаан толгой гэх газар байх манай гэр лүү очсон. ...Бид нарыг манай гэрт очих үед 02 цаг өнгөрч байсан манай гэрт манай эхнэр Нямдэлгэр байсан. Тэгээд миний машинаас Даваадалай, Намхайнямбуу бид 3 Батдэлгэрийг өргөж оруулж ирээд манай гэрийн баруун хаяанд газраар унтуулсан. Тэгээд бид нар бүгд амарсан. Намайг өглөө 08 цагийн үед босоход манай эхнэр босчихсон Намхайнямбуу, Баярсайхан, Батдэлгэр, Лхагвасүрэн /Жижгээ/, Даваадалай 5 унтаж байсан. Намайг босоод удаагүй байхад миний араас Намхайнямбуу, Баярсайхан, Даваадалай, Лхагвасүрэн /Жижгээ/ нар боссон. Харин Батдэлгэр хурхираад унтаж байсан. Тэгэхээр нь би толгой дээр нь алчуур норгоод тавьсан. Тэгсэн удалгүй бөөлжих гэж байгаа юм шиг огиулах гээд чичигнээд байсан. Тэгсэн Даваадалай, Лхагвасүрэн /Жижгээ/, Намхайнямбуу нар бөөлжиж чадахгүй байна гээд хажуулдуулж байгаад буцаагаад хэвтүүлсэн. Тэгээд удалгүй амьсгаа авч чадахгүй байгаа юм шиг амьсгал нь давхцаад байх шиг байхаар би Даваадалайг сонсоод үзээдэх гэж хэлсэн. Тэгсэн чинь Даваадалай зүрх нь цохилохгүй байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд Даваадалай гараад хүнтэй утсаар яриад орилоод уйлаад байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч А.Пунцагийн “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би орой 22 цаг орчмын үед ногттой морио хайгаад сумаас ертөнцийн зүүн хойд талд голын ард явж байтал Ланд-80 маркийн машин зам дээр зогсож байсан. Тэгээд би тухайн машины араас очтол шууд хөдлөөд явчихсан. Тухайн үед хоёр залуу газар хэвтчихсэн харин нэг залуу машиндаа суух гээд араас нь гүйгээд чадалгүй үлдсэн. Тэгээд тухайн үед машинаас хоцорч үлдсэн залуу болох Даваадалай намайг та намайг тэр машины араас хүргээд өг гэж хэлсэн. Би тухайн үед чадахгүй ээ энэ хэвтэж байгаа хоёр хүнээ ав саяны явсан машинаа буцаагаад дууд гэж Даваадалай гэх залууд хэлсэн. Тэгсэн Даваадалай утсаар яриад удалгүй тухайн түрүүлээд явсан машин эргэж хараад ойролцоогоор 1км гаран зайд гэрлээ урдаас тусгаад зогсчихсон байсан. Тэгээд би Лхагвасүрэн /Жижгээ/ гэгчийг өөрийнхөө машинд суулгасан. Тухайн үед Даваадалай, Батдэлгэр нар миний машинд суух гээд миний машины зүүн гар талд зогсож байсан. Тэгээд би жолооныхоо хүрд дээр сууж байтал гадаа Даваадалай, Батдэлгэр нарын дуу нь өндөрсөөд маргалдаад байсан. Би явах гээд яараад машинаасаа буутал миний машины зүүн жолооч талд Д.Батдэлгэр гэгч дээлээ тайлаад тавьчихсан өөрөө миний машины ар талд Б.Даваадалайн хүзүү хэсэгт нь бор иштэй жижиг хутга тулгачихсан байсан. Тэгээд би Д.Батдэлгэрийн гараас нь барьж аваад тэр хоёрыг салгасан. Тэгсэн тухайн үед миний үгэнд ороод салцгаасан. Тэгээд би Д.Батдэлгэрийг яг машинд суулгах гээд аваад явж байтал Б.Даваадалай миний хажуугаар орж ирээд шил архиар Д.Батдэлгэрийн толгойн баруун хэсэгт цохиод авсан. Тэгсэн Д.Батдэлгэр газар унасан. ...Тэгэхээр нь Даваадалайг машиндаа суулгаад Лхагвасүрэн /Жижгээ/, Даваадалай нарыг тухайн Ланд-80 машин дээр нь хүргэж өгөөд тэр хүнээ очиж аваарай хөлдөж үхнэ шүү гэж хэлээд би буцсан.” гэх мэдүүлэг,

Гэрч С.Лхагвасүрэнгийн “...Бид нар архиа ууж дуусаад бүгд машиндаа суугаад дэлгүүр ороод 3 шил архи аваад сумын төвөөс гарах гээд явж байхад би унтсан байсан. Машин зогсохоор нь сэрэхэд Хүнгийн гол дээр тамгын газрын жолооч ахтай уулзаж байсан. Тэнд 1 шил 0.75 литрийн архи уух гээд задалсан. Би тухайн архинаас уугаагүй бие засах гэж буугаад буцаад машинд суух гэтэл Баярсайхан машины хойд суудал дээр хөндлөн хэвтсэн байхаар нь тамгын газрын жолооч ахын машинд ороод унтчихсан. Тэгсэн тамгын газрын жолооч ах намайг сэрээгээд нөгөө хэд чинь явах гэж байна босоорой гэхээр нь би боссон чинь урдаас нэг машин гэрлээ тусгасан байдалтай зогсож байхаар буугаад хартал Энхбаярын машин байсан. Машинаас буухад тамгын газрын жолооч ах, Даваадалай 2 машины хажууд зогсож байсан. Даваадалай бид 2 Энхбаярын машинд суухад Даваадалай Батдэлгэртэй зодолдоод Батдэлгэр миний хоолойг хэрчих гэж байна гээд хүзүүгээ үзүүлэхэд эрүүнийх нь доод хэсэг бага зэрэг зүсэгдчихсэн байсан. Бид Даваадалайгаас юунаас болж маргалдсан мөн талийгаач Батдэлгэрийг хаана байгаа талаар асуухад Даваадалай ертөнцийн зүгээр баруун талд байгаа гээд заахаар нь заасан зүгт машинтайгаа талийгаачийг хайгаад явж байтал бид нарын урд гэрэл гарахаар яваад очтол талийгаач асаагуурын гэрэл тусгачихсан зогсож байсан. Талийгаачийг машинд суулгаад гэрэл тусгаж хартал баруун чихний ар хэсгээс цус гараад тогтсон байхаар сумын төв орж эмнэлэгт үзүүлэхээр явсан. Сумын төвийн эмнэлэг дээр очоод талийгаачийн шархыг цэвэрлүүлж боолгуулаад даралтыг нь үзүүлсэн чинь эмч оёо тавиулах шаардлагагүй биеийн байдал нь хэвийн байна Тэгэхээр нь би Намхайнямбуугийн хамт найз Ганбаагийнд алхаж очоод эмнэлэгт нэг аx маань байгаа толгой хагалуулаад оёо тавиулах гэсэн чинь гайгүй байна тэрийг аваад бид нарыг Энхбаяр руу хүргээд өгөөч гэхэд тэгье гээд түүний приус маркийн авто машинаар эмнэлэг орж Батдэлгэр ахыг авахаар очиход Даваадалай, Батдэлгэр ахыг үүрсэн Намхайнямбуу, Баярсайхан 2 хажуу талаас нь түшсэн гарч ирсэн. Бид нар Ганбаагийн машинд суугаад Энхбаяр руу хүргүүлээд Энхбаярын машинд суугаад Ганбаа буцаад явсан. Би машин руу ороод унтчихсан байсан. Би даараад сэрэхэд Энхбаярын гадаа машин дотор нь унтаж байсан. Би машинаас буугаад Энхбаярынд ороход Даваадалай, Энхбаяр, түүний эхнэр Намхайнямбуу нар унтаагүй харин талийгаач Батдэлгэр, Баярсайхан хоёр гэрийн баруун талд унтаж байсан. Би Намхайнямбуугийн хажуугаар орж унтаад өглөө 09 цагийн үед боссон. Намайг босоход бүгд боссон талийгаач Батдэлгэр ах хурхираад унтаж байсан. ...Тэр үед талийгаач Батдэлгэр ах бөөлжих гээд огиулаад байхаар нь Даваадалай, Баярсайхан 2 бөөлжсөндөө хахчихна гээд цээжнээс нь түшээд урагшаа тонгойлгосон чинь ногоон шар юмаар жоохон бөөлжсөн. Бөөлжиж дууссаны дараа тэр 2 хойш нь буцаагаад хэвтүүлсэн. Тэгээд бид нар юм яриад сууж байтал цариа нь хөхрөөд сонин болчихсон. Тэгтэл Энхбаяр наад хүн чинь өнгөрцөн байх шиг байна гэхэд Даваадалай зүрхэн дээр нь чихээ тавьж чагнаж үзээд амьсгалахгүй байна гэсэн. Даваадалай гараад аав, ээжтэйгээ болон нагац ахтайгаа утсаар яриад би хүн алчихлаа та нар хүрээд ирээч гээд уйлаад байсан. Удалгүй нагац ах нь залгаад юу болоод байгаа талаар асуухаар нь би болсон процессыг хэлэхэд сумын төвөөс цагдаа болон Эмнэлэг явуулъя гэж хэлсэн. Тэгээд удалгүй 13 цагийн үед Ургамал сумын цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Намхайнямбуугийн “...Тэгтэл машины гадаа Б.Даваадалай тамгын газрын жолооч ах 2 зогсож байсан. Баярсайхан бид 2 машинаас буугаад Б.Даваадалай, С.Лхагвасүрэн хоёрыг машиндаа суулгаад явах гэсэн чинь Б.Даваадалай Д.Батдэлгэртэй зодолдоод, Д.Батдэлгэр миний хоолойг хэрчих гээд байхаар нь би шилтэй архиар толгой руу нь цохичихлоо гэсэн. ...Талийгаачийг машинд суулгаад гэрэл тусгаж хартал баруун чихний ар хэсгээс цус гараад байхаар сумын төв орж эмнэлэгт үзүүлэхээр явсан. ...Бид нар цаашаа Энхбаярынх руу шууд явсан. Энхбаярын гадаа очоод талийгаач Батдэлгэр ахыг Даваадалай, Баярсайхан 2 өргөж Энхбаярынд оруулж гэрийн баруун талд хэвтүүлсэн. Бид нар унтаад өглөө 09 цагийн үед боссон. Намайг босоход талийгаач Батдэлгэр ах хурхираад унтаж байсан. ...Талийгаач Батдэлгэр ах бөөлжих гээд огиулаад байхаар нь Даваадалай, Баярсайхан 2 бөөлжсөндөө хахчихна гээд цээжнээс нь түшээд урагшаа тонгойлгосон чинь ногоон шар юмаар жоохон бөөлжсөн. Бөөлжиж дууссаны дараа тэр 2 хойш нь буцаагаад хэвтүүлсэн. Тэгээд бид нар юм яриад сууж байтал царай нь хөхрөөд сонин болчихсон. Тэгтэл Энхбаяр наад хүн чинь өнгөрсөн байх шиг байна гэхэд Даваадалай зүрхэн дээр нь чихээ тавьж чагнаж үзээд амьсгалахгүй байна гэсэн. Даваадалай гараад аав ээжтэйгээ болон нагац ахтайгаа утсаар яриад би хүн алчихлаа та нар хүрээд ирээч гээд уйлаад байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Ганбатын “...2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан чинь гаднаас Энхбаяр, Лхагвасүрэн 2 зүс танихгүй 4 залуугийн хамт манайд орж ирсэн. Тэгээд тэр хэд 2 шил архи уучхаад Отгонсүрэнгийнх руу явсан. Маргааш орой нь 00 цагийн үед гэртээ унтаж байсан чинь Лхагвасүрэн, Намхайнямбуу 2 цонх нүдэхээр нь хаалга тайлж өгсөн. Тэгсэн чинь Лхагвасүрэн Энхбаяр алга болчихлоо гарч хайж олъё гэсэн. Тэгээд бид 3 гараад сургуулийн урд явж байсан чинь Намхайнямбуугийн утас руу Энхбаяр залгасан. Тэгээд хөдөө айлд байна гэсэн. Тэгсэн чинь Намхайнямбуу голын ард хүрээд ир бид хэд голын ард Ганбатаар хүргүүлээд яваад очъё гэсэн. Тэгээд бид хэд эмнэлэг рүү яваад очсон чинь эмнэлгийн хажууд байдаг халуун усны үүдэнд тэр хэд байж байсан. Тэгээд талийгаач Д.Батдэлгэрийг 2 талаас нь өргөөд миний машинд суулгасан. Тэгээд би тэр 5-г голын ард Энхбаярт хүргэж өгчхөөд гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Нямдэлгэрийн “...Намайг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Ургамал сумын Нуур-Зөөхий багийн нутаг Цагаан толгой гэх газар гэртээ ганцаараа байх үед шөнө 02 цаг өнгөрч байх үед манай нөхөр Б.Энхбаяр нь С.Лхагвасүрэн болон танихгүй 4 залуугийн хамт гэртээ ирсэн. Тэгсэн нэг бор өнгийн үстэй дээлтэй хүнийг хоёр нь өргөөд дамжилж орж ирээд бүгдээрээ манайд унтацгаасан. Би өглөө 08 цаг өнгөрч байх үед боссон. Намайг босох үед бүгд унтаж байсан. Би цай чанаад байж байтал манай нөхөр Б.Энхбаяр босож ирсэн. Удалгүй араас нь бүгдээрээ боссон. Тэгсэн шөнө өргүүлж орж ирсэн бор дээлтэй хүн хурхираад унтаад байх шиг байсан. Удалгүй нөгөө хүн чичигнээд нэг сонин байсан. Тэгээд толгой дээр нь алчуур норгож тавиад байсан. Би тухайн үед мориндоо явах гээд гэрээс гарсан. Тэгсэн намайг морио ойртуулаад шонгоос уяад зогсож байх үед Б.Даваадалай гэх залуу утсаар яриад уйлаад байсан.” гэх мэдүүлэг,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч П.Базардаргиагийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 000000011 дугаартай “...амь хохирогч Д.Батдэлгэр нь гавал яс баруун чамархайн хэсгээс гавлын орой хэсэг рүү чиглэсэн шугаман хугарал. Тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа. Тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн эдэд няцрал цус хуралт гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 691 дугаар “...Завхан аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, ахмад П.Базардаргиагийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан №000000011 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Гавлын баруун чамархай яснаас зулай руу чиглэсэн шугаман хугарал, тархины баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун чамархайн эдийн голомтлог няцрал, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чамархайн урд хэсэг, хөмсөгний гадна булан, хацар, чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэгт өнгөц зулгаралт, шархнууд гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун 11, 12-р хавирганы булчин, ташаан толгойн дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гавал тархины битүү гэмтлийн улмаас үүссэн тархины хатуу хальсан дээрх цус хураа нь аажим нэмэгдэж, тархи дарах хүртэл идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломжтой ба энэ нь хүн бүрд харилцан адилгүй байна. Алдаж байгаа цусны эрчим, гэмтсэн судасны байдал зэргээс хамаарч хэдий хугацаанд амьд явах эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлийн үед 1,2,3-р шатлалын эмнэлгүүд цаг алдалгүй зохих тусламжийг үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой.” гэх дүгнэлт,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цогцост үзлэг болон задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хэргийн газрын үзлэгээр хураан авсан ажлын хэсэг 11 сантиметр, бариул хэсэг нь 10,2 сантиметр, нийт урт нь 21,2 сантиметр урттай бор өнгийн хутга 1 ширхэг, хөх өнгийн “Хараа” гэсэн бичиглэлтэй архины шилний хагархай хэсгүүд 13 ширхэг, 12,5 сантимерт урттай хүрэн бор өнгийн тэлээний тасархай зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрч А.Пунцагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /бичлэг бүхий/, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

  1. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.           

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлгийн агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.

Анхан шатын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана “ гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Даваадалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Даваадалайн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хоолойн тус хэсгийг хутгаар зүссэн” гэх шалтгаанаар иргэн Д.Батдэлгэрийн араас очиж, толгойн тус газарт архины шилээр цохисон хууль бус үйлдэл нь  Д.Батдэлгэрийн амь нас хохирсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож, чадсан өөр хоорондоо ноцтой зөрүүгүй, эргэлзээ үүсээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Даваадалай нь хохирогч Д.Батдэлгэрийн зүй бус үйлдлийн улмаас түүний толгойн тус газарт архины шилээр санаатай цохисны улмаас Д.Батдэлгэрийн амь нас хохирсон үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн шүүх шүүгдэгч Б.Даваадалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалтай тохирсон байна.

Шүүгдэгч Б.Даваадалай, түүний өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, Б.Баярцогт нарын “...хэрэгт авагдсан гэрч Пунцагийн мэдүүлэг, шүүгдэгч Даваадалайн мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч нь хоолойдоо хутга тулгуулсны улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдал тогтоогдсон, хохирогчийг архины шилээр шууд санаатай цохисон гэх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Б.Даваадалайд холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй,  хүндэдсэн гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

“Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” тухай ойлголтыг эрүүгийн эрх зүйн онолоор өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд энэхүү бусдын хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагддаг гэж тайлбарладаг.

Санаа сэтгэлийн хүчтэй цочролт, давчдалт нь хохирогчийн нэг бус удаагийн хууль бус үйлдлийн хариу болж үүсч, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэл болох бөгөөд хохирогчийн хууль бус үйлдэл нь гэмт этгээдийн хувьд хүлээгээгүй нөхцөл байдалд, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна гэмт этгээдийн санаа шууд болон шууд бус хэлбэрээр илэрч болдог онцлогтой.

Анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэхэд хохирогч Д.Батдэлгэр, шүүгдэгч Б.Даваадалай нар нь маргалдаж, улмаар Д.Батдэлгэр хутга тулгасан нөхцөл байдал тогтоогддог боловч энэ үйл явдал дууссаны дараа буюу Д.Батдэлгэрийг машинд суулгахаар явж байх үед шүүгдэгч араас нь очиж, хохирогчийн толгойн тус газар архитай шилээр цохиж, амь насыг нь хохироосон байна.

Өөрөөр хэлбэл,  хохирогчийн нэг удаагийн хууль бус үйлдэл нь шүүгдэгчийн гэмт санаа төрөх үйл явцыг өдөөснөөс бус санаа сэтгэлийн хүчтэй цочрол давчдалд гэмт санаа төрөх шалтгаан болоогүй гэж үзэхээр байна.

Иймд  “...Санаа сэтгэл цочрон давчидсан, гэж үзэж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа нарын “ ...энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаанд одооч хохирол учирсан хэвээр байхад  Иргэний хуулийн 511 дүгээр зүйд заасан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах зохицуулалт хүчин төгөлдөр болоогүй байсан гэсэн үндэслэлээр ...хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна ...мөн оршуулгын зардалд  16.237.488 төгрөг нэхэмжлэлээс 4.237.488 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэдэн төгрөгөөр худалдаж авсан ямар эд зүйлийг яагаад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоогүй гэж үзсэнээ тодорхой дүгнээгүй, ...малаа хүнээр маллуулсан хөлс, адуу малаа эрж хайхад гарсан зардал нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн боловч үндэслэлээ тайлбарлаагүй”  гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг  хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж,   нотлох баримтаар нотлогдсон хэмжээнд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох  11.892.979 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор  нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна. Харин хохирогч талаас оршуулгын зардал гэж 16.237.488 төгрөгний нэхэмжлэл гаргаснаас 11.892.979 төгрөгийг шүүх хангасан боловч 4.344.509 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор үр дагаврын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах тул  хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй байна.

Мөн анхан шатны шүүх Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасны дагуу хохирогчийн сэтгэл санааны хохирлыг шүүгдэгч Б.Даваадалайгаас гаргуулж шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, Сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай заалт нь Иргэний хуульд шинээр тусгасан заалт бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд орсон нэмэлт өөрчлөлтийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөхөөр хуульчлагдсан.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлд “...Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй...” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Даваадалайд холбогдох гэмт хэрэг нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдсэн ба хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн учир хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тооцож олгох боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 498, 508, 511 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.4, 36.5 дүгээр зүйлийг  зөрчөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр  шүүгдэгч Б.Даваадалай болон түүний өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, Б.Баярцогт нарын давж заалдах гомдол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 22.821.909 төгрөгийн нэхэмжлэлийг” гэдгийг “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 18.477.400 төгрөгийн нэхэмжлэлийг” гэж өөрчилж, иргэний нэхэмжлэлийн 4.344.509 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Даваадалай болон түүний өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, Б.Баярцогт нарын давж заалдах гомдол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Даваадалайн цагдан хоригдсон нийт 54 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ 

Ж.БАТТОГТОХ