| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/00427/И |
| Дугаар | 320/ШШ2025/00678 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 320/ШШ2025/00678
| 2025 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 320/ШШ2025/00678 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: А.Д
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 320/2025/00427/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Хөвсгөл аймгийн Ханх суманд 1963 оны 07 сарын 04-ний өдөр төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр хүмүүжиж, 1971 онд Хөвсгөл аймгийн Ханх сумын 8 жилийн сургуульд орж, 1979 онд 8 дугаар анги төгссөн. 1979-1981 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуульд суралцаж, 1981-1984 онд Хилийн цэргийн 0198 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. 1985-1986 онд АУДунд сургуулийг дүүргэж, 1986-1988 онд Улаанбаатар хотод ЭБТ-ын диспансерт бага эмч, 1989-1994 оны 11 сар хүртэл Хөвсгөл аймгийн Ханх хорооны эмнэлэгт дүн бүртгэгч, бага эмчээр ажилласан. 1990-2000 онуудад ажил хийж байсан тул нөхөн тооцож оруулаагүй болно.
Иймд миний Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №57 тоот тушаалаар Хөвсгөл аймгийн Ханх хорооны эмнэлэгт ажиллахаар орсон тушаал нь байгаад 1994 оны 11 сарын 01-ний өдөр гарсан тушаал нь архиваас шүүгээд олдохгүй байна. Хөвсгөл аймгийн Ханх хорооны хүн эмнэлэгт 1989 оны 10 сарын 03-ны өдрөөс 1994 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл дүн бүртгэгч, бага эмчээр ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэхь тал)
2. Нэхэмжлэгч А.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би сум дундын анхан шатны шүүхэд гаргасан ажилласан жил тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хүсэлтийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч хүсэлтийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан нэхэмжлэгч А.Дгийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 1165117377 тоот дансанд 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч А.Дд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА