Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч А.Оюунгэрэл, хохирогч О.М, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шинжээч Г.Энхбаатар, М.Золжаргал, шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ханбүрэн зэлмээ овогт Чын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710000000078 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Швейцарь улсын Женев хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Алтан бумба” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал ажилтай, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ханбүрэн зэлмээ овогт Ч- Э  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Э нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 82-04 тоотод хамтран амьдрагч О.М-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Хохирогч О.М: “...Би Ч.Эг 2016 оноос хойш цахим сүлжээгээр мэддэг болсон. Миний ээж нас барснаас хойш буюу 2017 оны 4 сарын сүүлээр дотноссон. 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бид хоёр Асем Виллад хуриманд очсон. Хуримын үеэр Ч.Э хуучин эхнэр, хүүхэд хоёрыгоо халамжлаад алга болоод байсан. Хуримнаас 23 цаг өнгөрч байхад явсан ба замдаа Ч.Э дуугаа хурааж, огт юм дуугарахгүй байсаар манайд ирсэн. Гэртээ ирэхэд би чиний доромжлол хэрээс хэтэрлээ, хувцасаа аваад манайхаас яв гэж хувцасыг нь аваад өгөхөд зөрүүлээд цохих шиг болсон. Маргааш өглөө нь сэрээд ариун цэврийн өрөө болон том өрөөнд ороход тэнцвэргүй алхаад байсан, би нойр сэргээгүй юм байхдаа гэж анхандаа бодсон. Өмнөх өдрийн болсон зүйлийг санахгүй байсан болохоор толинд харахад зүүн талын нүдний доогуур хөхөрчихсөн, толгойн баруун хэсгээр хавдчихсан байхаар нь Ч.Эгаас юу болсон талаар асуухад би чамайг ийм болгосон гэж хэлсэн. Тэгээд миний бие өвдөөд байхаар нь тэр өдөртөө хэвтэж өнжсөн. Тэгтэл Э миний толгой өвдөөд байсан болохоор өвчин намдаах эм их хэмжээгээр өгөөд хоёр хоног гэртээ байсан. Өмнөх өдөр нь би толгой өвдөөд байна, эмнэлэг орьё гэхэд чи шартчихаад толгой чинь өвдөж байгаа байх, өвчин намдаах эм уучих гэж хэлээд яваагүй юм. Бие өвдөөд байхаар нь Эд хэлж Гэмтлийн эмнэлэг дээр 15:00 цагийн үед очиход манай төхөөрөмж эвдэрсэн, чи урд талын эмнэлэг ороод тархины эмрайн зураг авахуул гэж өөр эмнэлэгт зураг авахуулсан. Тархи хавантай, цусан хураа үүссэн, тархины няцрал хоёр газар үүссэн гээд маргааш нь Гэмтлийн эмнэлэгт 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 10 хоног хэвтэж бие дээрдсэн юм. ...Би зүүн тал руугаа цохиулж, баруун тал руу юм мөргөж унасан ба унасан талд няцралт, хаван үүсээд эсрэг талд цус харвалт үүсэж, судаснууд хагарсан байсан. Би даралт өндөртэй болохоор архи, дарсны зүйл огт хэрэглэдэггүй. Би Гэмтлийн эмнэлгээс гараад дүүргийн эмнэлэгт хяналтанд орох, эмчилгээ хийлгэсний дараа дахин тархины эмрайн зураг авахуулах гэсэн бичигтэй гарсан. Би гэрээр эм тариа залгуулж хийсэн. Энэ хооронд Ч.Э хоёр удаа хэрүүл өдөж маргаан болсон. Ч.Э хувь хүний хувьд догшин ширүүн авиртай, их чанга дуутай, нэг хэрүүл хийхээр өөрөө тайвширч чаддаггүй.

...Би 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сингапур Улс руу нисээд 8 хоносон, очсон өдрөө эмчид үзүүлж шинжилгээ хийлгээд буцах хүртэл эм, тариа хийлгэсэн. Сингапур Улсын эмнэлгийн шинжилгээний онош Монголд тавьсан оноштой таарсан, тархины эдийн гэмтэл, цус харвалт, хатуу хальсан дахь дээд доод цус хуралт, няцрал, хаван, үүнээс үүдэлтэй дагзны хэсгээс гэмтсэн болох нь илэрсэн. Би 10 дугаар сард Интермэд эмнэлэгт дахин тархины эмрайн зураг авахуулахад эдгэрэлтийн явц ажиглагдаж байна, гэхдээ удаан хугацааны эмчилгээ хийлгэнэ гэж заавар бичиж өгсөн. 2017 оны 10 дугаар сарын сүүлд дагзны өвдөлт улам ихсээд зүүн талын нүд юмыг давхарлаж хоёр хараад эхэлсэн ба чих шуугиад байсан болохоор манай эмч найз 3 дугаар эмнэлэгт байдаг эмчид үзүүлье гээд нийт авахуулсан эмрайн зурагнуудаа уншуулахад тархины судасны урагдал 8 сараас харагдаж байсан ба Сингапур Улсад хийлгэсэн шинжилгээд мөн харагдаж байна гэж хэлсэн. Интермед эмнэлгийн эмч надаас албан ёсоор уучлалт гуйж, бид тархины судасны урагдалыг харж чадаагүй байна гэсэн. 3 дугаар эмнэлгийн эмч тархины судасны урагдал нь өөрөө эдгэрэхгүй, нарийн хагалгаа хийлгэх ёстой гэж хэлээд би 11 дүгээр сард Сингапур Улсад 2 дахь удаа очиж дахин шинжилгээ хийлгэсэн, Сингапур Улсын эмнэлгийн эмч нар мөн тархины судас урагдсан гэдгийг мэдээгүй гэсэн тайлбар хэлсэн ба яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай гээд хагалгааны үнийн дүнг хэлсэн. Би Монголд буцаж ирээд байраа зарж 3 дугаар эмнэлэгт тархины судасны урагдалыг наах хагалгаа хийлгэсэн. Би Сингапур Улсаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирсэн ба 15-ны өдрөөс эмч нараа хайж эхэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эхний мэс ажилбар болсон ба 2 дахь ажилбар нь 2018 оны 03 дугаар сард хийгдсэн. Нийт 5-6 сая төгрөг болсон ба улсаас 70 хувийг нь төлөөд би хувиасаа 2.000.000 төгрөг гаргасан, би шүүгдэгчээс 39.874.870 төгрөг нэхэмжлэх ба Ч.Э надад эмчилгээнд хэрэглэ гэж дансанд үлдээсэн 36.800.000 төгрөг төлж барагдуулсан ба үлдэгдэл 3.074.884 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Би шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас эрүүл мэнд, санхүү болон сэтгэл санааны маш их хохирол амссан тул гомдолтой байна...” гэв.

 

Шинжээч Г.Энхбаатар: “...Шинжээчийн дүгнэлт гарах үед хохирогч тархины хагалгаанд орсон гэсэн баримт байгаагүй. Амбулаторын картны хуулбарт 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3 дугаар төв эмнэлгийн эмчийн үзлэгээр артери венийн физ тул судасны эмчид үзүүлэх гэсэн онош тавигдсан байна. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сингапур улсад үзүүлсэн эмнэлгийн магадлагаан дээр гэмтлийн улмаас тархины зүүн талын тараагуур болон хураагуур судасны уулзварт урагдалт үүссэн, цусны урсгалд өөрчлөлт орсон гэсэн бичиг хавтаст хэрэгт авагдсан байсан байна. Дүгнэлтийн 8 дугаар хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн СД-г дахин уншуулахад тархины компьютер томограф шинжилгээнд зүүн суурийн хөндийн артери венийн зангилаанд шунт үүссэн байдалтай, тархины эдэд няцралт, цус хуралтгүй гэсэн хариу гарсан байсан. Эдгээрийг үндэслэн тархины артери венийн судасны шунт гэсэн онош гарсан. Сингапур улсад үзүүлсэн гэх эмчийн дүгнэлтийг монгол хэл дээр гэмтлийн улмаас тархины зүүн талын тараагуур болон хураагуур судасны уулзварт урагдалт авсан гэдгийг үндэслэлгүй гэж үзсэн. 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэмтэл авсаны улмаас тархины судсанд урагдалт үүссэн бол шууд цус алдаж эхэлнэ. Хохирогч 12 дугаар сарын 05-ны өдрийн эмчийн дүгнэлт гарах хүртэл удаан хугацаанд явах боломжгүй. Сингапур улсын эмнэлгийн эмчийн англи хэл дээрх магадлагаан дээр тархины артери венийн шунт гэж бичигдсэн байдаг. Монгол хэл дээр тархины судасны урагдалт гэж буруу орчуулсан байсан.

...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл; Үүнд тархины хүнд няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрхи, доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл хүнд зэрэгт хамаарна гэсэн байдаг. Тухайн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд хүнд зэргийн гэмтэлд хамаарахгүй ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Амь тэнссэн байдал гэдгийг амин чухал эрхтэний үйл ажиллагаа буюу тархи, зүрх, бөөр, элэг зэрэг хямрах, эдгэрэшгүй өөрчлөлтөнд орох үед эмнэлгийн иж бүрэн яаралтай эмчилгээ үзүүлж, амь нас аврагдсан гэсэн шалгуурыг хэлдэг. Тухайн үед хохирогч ухаан алдсан байж болно, яаралтай эмнэлгийн тусламж аваагүй ба эмнэлэгт 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр үзүүлсэн. Хохирогч хэрэг болсон даруй эмнэлгийн иж бүрэн эмчилгээ аваагүй, сэхээнд ороогүй тул амь тэнссэн байдал илрэх байсан гэх зүйл харагдахгүй байна. ... Хохирогчийн биед амь тэнссэн байдал илрээгүй. Хүндэвтэр зэргийн гэмтэлд хөдөлмөрийн ерөнхий чадвар удаан хугацаагаар сарниулах гэмтлүүд хамаардаг. Хохирогч 10 хоног эмнэлэгт хэвтсэн ба хөдөлмөрийн чадварын алдалт түр хугацаанд сарниулсан гэдэг шинж тэмдгээр хөнгөн зэргийн гэмтэл гэж үзсэн.

...2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн СД-г уншуулахад тархины эдэд цус хуралтгүй гэсэн онош гарсан ба тархины артер венийн шунт буюу зангилаа үүссэн гэж дүгнэсэн. Энэ нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлтэй холбоо хамааралгүй гэж үзсэн. ...Тархины судасны шунт нь маш олон шалтгааны улмаас үүсдэг. Даралт ихсэх, архаг толгойн өвчтэй, тархины цус хангамжийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, архаг хямрал, сэтгэл санаа хэвийн биш үед гэх мэт олон шалтгааны улмаас тархины судасны шунт буюу зангилаа үүсэж болно. Хохирогч мэдүүлэгтээ усны урсгал шиг чимээ байнга сонсогддог гэж хэлсэн байна. Артери венийн холбоосын үед усны урсгал шиг чимээ сонсогдох нь энгийн үзэгдэл, илрэх ёстой шинж тэмдэг юм. Монгол хэл дээр шунт буюу зангилгааг урагдалт гэж буруу орчуулсан байна...” гэв.

Шинжээч М.Золжаргал: “...О.Мын биед учирсан зүүн чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал цус хуралт нь хүний амь насанд аюултай, амь тэнссэн шинж тэмдэг агуулдаг тул Гэмлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж үзсэн. ...Би хохирогчид учирсан гэмтлийг хүнд зэргийн гэмтэлд хамааруулж байгаа учир тус гэмтэл нь энгийн явцаараа хохирогчийг үхэлд хүргэх аюултай шинж чанарыг агуулж байна. ...Хохирогчийн биед учирсан зүүн чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал цус хуралт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эмчлэгдэхгүй бол амь насанд эрсдэлтэй, хохирогч ухаан алдах, бөөлжих, босож явж чадахгүй байх, болсон явдлыг санахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрсний улмаас хохирогч эмнэлэгт хандаж эмчлүүлсэн...” гэв.  

Шүүгдэгч Ч.Э: “...2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хамтран амьдрагч О.М намайг сэтгэл санааны эрхшээлд оруулж, манай найзын хуримд заавал оролцоно гээд бид хоёр хуримд явсан. Хурим дээр О.М архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэж, зодоон хийхээр нь би О.Мыг авч гэр рүү явсан. Бид хоёр гэртээ ирэхэд О.М надад агсам тавьсан. Би хувцасаа өмсөөд гарах гэж байтал намайг хувцасны индүүгээр эрэгтэй хүн шиг хоёр удаа цохьсон. Хоёр дахь цохилт дээр би зуршлаараа /рефлэксээрээ/ гараа сарвайж түлхэхэд О.М жижиг шүүгээ мөргөөд унасан. О.М ухаан алдаад унахаар нь би орон дээр хэвтүүлж толгой дээр нь мөсөн жин тавьж унтуулсан ба шөнө бөөлжсөн. Маргааш нь би бүтэн өдөр О.Мын биеийн байдлыг сахиж хоносон, нөгөөдөр нь О.М толгой өвдөөд байна гэхээр нь Гэмтлийн эмнэлэг цуг явсан. О.М Гэмтлийн эмнэлэгт нийт 10 хоног, эмнэлгээс гараад 4 хоног хэвтэхэд би асарч халамжилсан. Би хийсэн үйлдэлдээ харамсаж, О.Маас уучлалт гуйж байна. О.Мын эмчилгээний бүх зардлыг төлж барагдуулсан ба хохирогчийн зүгээс нэхэмжилж байгаа баримтын хэмжээнд 1.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид хохирол барагдуулах зорилгоор 1.000.000 төгрөг бэлнээр шүүх хуралдаанд аваад ирсэн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч О.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Асем Виллад хуриманд очоод 23 цаг өнгөрч байхад тэндээс явсан. ...Гэртээ байж байгаад Э бид хоёр муудалцсан. Э ариун цэврийн өрөө рүү явахаар нь би араас нь хувцасыг нь өгөөд чи манай гэрээс яв гэж хэлэхэд миний өөдөөс хараад гараа сарвайхад би ухаан алдсан. Маргааш өглөө сэрээд өмнөх өдрийн болсон зүйлийг санахгүй байсан болохоор толинд харахад зүүн талын нүдний доогуур хөхөрчихсөн, толгойн баруун хэсгээр хавдчихсан байхаар нь Эгаас юу болсон талаар асуухад “би чамайг гараараа хоёр удаа нүүр рүү нь цохьтол унахдаа толгойгоороо юм мөргөж унасан, юу мөргөснийг чинь мэдэхгүй байна. Намайг харах үед толгой чинь том хавдчихаар нь би айгаад нүүрийг чинь шөнөжин мөсөөр жин тавьж хоносон” гэхээр нь би тухайн үед ямар байдалтай байсан бэ гэхэд “чи зүгээр унтаж байгаад бөөлжөөд буцаад унтсан” гэсэн. Тэгээд миний бие өвдөөд байхаар нь тэр өдөртөө хэвтэж өнжөөд ариун цэврийн өрөө болон том өрөөнд ороход тэнцвэргүй алхаад байсан. Тэгтэл Э миний толгой өвдөөд байсан болохоор өвчин намдаах эм их хэмжээгээр өгөөд хоёр хоног гэртээ байсан. Бие өвдөөд байхаар нь Эд хэлж Гэмтлийн эмнэлэг орж тэндээ хэвтсэн. Өмнөх өдөр нь би толгой өвдөөд байна эмнэлэг орьё гэхэд чи шартчихаад толгой чинь өвдөж байгаа байх өвчин намдаах эм уучих гэж хэлээд яваагүй юм. Тэгээд эмнэлэг дээр очиход тархи хавантай, цусан хураа үүссэн, тархины няцрал хоёр газар үүссэн гээд Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж бие дээрдсэн юм. Би Эд зодуулсан өдрийг одоо хүртэл бүрэн санахгүй байгаа учир тодорхой сайн ярьж чадахгүй байна. Мөн надад учруулсан гэмтлийг Э учруулсан. Өөрөө тэрнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. ...Ч.Э унтлагын өрөөний хажууд миний нүүр рүү цохиод би ухаан алдсан бөгөөд маргааш өглөө нь миний зүүн дээд талын араасаа хоёр дахь шүдний дотор тал хугарсан байсан...” / 1-р хх-ийн 05-06, 08/ гэсэн,

 

Гэрч Б.Батцолмон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...О.М нь гэмтлийн эмнэлгийн тархины тасагт хэвтэн эмчлүүлсэн. О.М тухайн үед нөхөртөө зодуулсан гэж хэлсэн...” /1-р хх-ийн 12-13/ гэсэн,

 

Гэрч О.Мөнхтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед хамт байгаагүй сүүлд О.М эмнэлгээс гарсныхаа дараа Мөнхцацрал бид хоёртой уулзаад ...Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж байгаад гарч ирлээ гэсэн. ...Э над руу залгаад М бид хоёр муудалцаад би Мыг хоёр удаа цохисноос болж толгойдоо гэмтэл аваад эмнэлэгт хэвтээд гарлаа гэж хэлсэн...” /1-р хх-ийн 14-15/ гэсэн,

 

Гэрч О.Мөнхцацрал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...М надад Э намайг 2017 оны 08 дугаар сарын 04-ний орой цохиод гэрт хоёр хоног байлгаж байгаад бие өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн гэж хэлсэн. О.М тухайн үед яаж цохиулсанаа санахгүй байна гэж хэлж байсан бөгөөд миний ойлгосноор Э огцом ууртай, урьд нь боксоор хичээллэж байсан юм байна лээ...” /1-р хх-ийн 23-24/ гэсэн,

 

Гэрч Ш.Рэнцэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сард жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа ГССҮТ-ийн хүлээн авах тасагт очиход О.М гэх эмэгтэй рентгенд зургаа авхуулж байсан юм. Тэгээд би юу болсон талаар тодруултал тэр эмэгтэй өчигдөр хуриманд очоод өглөө нь сэртэл миний нүд хөх болчихсон байхаар нь найз залуугаасаа асуухад би чамайг цохьчихсон гэж хэлсэн. ...Намайг дуудлагын дагуу очиход О.М ганцаараа байсан бөгөөд нүд нь хөхөрчихсөн өөр ил харагдах гэмтэл байгаагүй...” /1-р хх-ийн 21/ гэсэн,

 

Шинжээч М.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хохирогч О.Мын биед тухайн үед тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чамархай зулай, зүүн хацрын няцрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, зүүн дээд 6-р шүдний эмтрэл зэрэг гэмтэл учирсан байсан нь тогтоогдсон. Энэ гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул бид санал нэгтэйгээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэлд тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн тархмаг гэмтэх, түүнчлэн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарахаар заасан байдаг. Харин О.Мад энэ заасан шинж тэмдэг илрээгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарсан. ...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн гавал тархины КТГ-ын зураг дээр хамрын яс зүүн далавч нь хугарсан шинэ гэмтэл тогтоогдсон бөгөөд түүнийг тухайн үед бид үүсгэгдсэн шинэ гэмтэл гэж үзээд дүгнэлтэд тусгасан. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлдээ хамаарч байсан...” /2-р хх-ийн 109-111/ гэсэн,

 

Шүүгдэгч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хурим дуусаад гэртээ харьсаны дараа М над руу дайраад хуучин эхнэр рүүгээ яв гэж хэлэхээр нь би чи согтчихсон байна, одоо унтаж амраад маргааш ярилцаж болохгүй юм уу гэхэд миний үгийг сонсохгүй над руу дайраад байсан. ...Өөрөөсөө холдуулах гээд түлхтэл М газар унасан ба унахдаа толгойгоо орны хажууд байсан жижиг шүүгээг мөргөж унасан. Тэгээд М орилж доошоо хараад уйлахаар нь би сандраад эргүүлж хартал нүүрний баруун тал нь хавдсан байхаар нь хөргөгчнөөс мөс аваад нүүрэн дээр нь жин тавьж өгсөн. ...Маргааш өглөө нь М босоод ариун цэврийн өрөө орчихоод гарч ирэхдээ би юу ч санахгүй байна, юу болсон юм бэ, чи намайг цохисон юм уу гэж хэлэхээр нь би болсон зүйлийг бүгдийг нь үнэн зөвөөр хэлээд эмийн сан орж өвчин намдаах эм, даралтны эм авч өгсөн. Тухайн үед бид хоёр эв зүйгээ олчихсон байсан. ...Гэмтлийн эмнэлэг ороход тархины няцралттай байна гэж хэлээд 10 хоног хэвтүүлж эмчилгээ хийсэн бөгөөд эмнэлэгт хэвтэж байх үед нь би асраад бүх эм тариаг нь авч өгсөн юм. ...М газар унасны дараа нүүрний баруун тал нь хавдчихсан байсан бөгөөд цус гараагүй...” / 1-р хх-ийн 53-55/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №1068 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. О.Мын биед тухайн үед зүүн чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорхи голомтлог цус харвалт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, зулайн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 6-р шүдний дотор талын эмтрэл гэмтэл учирчээ.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №10828 тоот дүгнэлтийн 3-р заалт болон нэмэлтээр хийгдсэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №1019 дугаартай дүгнэлтийн 3-р заалттай санал нийлэхгүй ба бусад заалтууд нь үндэслэлтэй байна...” /2-р хх-ийн 73-75/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №1193 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. О.Мын биед зүүн чамархай, дагзны хэсгийг жижиг хэмжээний тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, зулай, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, зүүн дээд 6-р шүдний эмтрэл гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Учирсан гэмтэл нь болсон хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №10828 тоот дүгнэлтийн 3-р заалт, болон нэмэлтээр хийгдсэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №1019 дугаартай дүгнэлтийн 3-р заалттай санал нийлэхгүй байна бусад заалтууд үндэслэлтэй байна. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээч эмч Б.Ундармаа, Т.Амартүвшин, Ц.Нандинцэцэг нарын гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна...” /2-р хх-ийн 93-96/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №80 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. О.Мын биед тархины зүүн чамархай, дагзны хэсгийн жижиг хэмжээний тархины эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, зулай, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр болсон хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №10828 тоот дүгнэлтийн 3-р заалт, болон нэмэлтээр хийгдсэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №1019 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

6. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээч эмч Б.Ундармаа, Т.Амартүвшин, Ц.Нандинцэцэг нарын гаргасан №1068 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

7. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээч эмч М.Энхбаяр, Ж.Ганцэнгэл, Б.Ганзориг нарын гаргасан №1193 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” /2-р хх-ийн 163-166/ гэсэн дүгнэлтүүд ,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1-р хх-ийн 43-45/,

- Гэр бүлийн хүчирхийллийн болон аюулын зэргийн үнэлгээний маягтууд /1-р хх-ийн 73-85/,

- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар  /1-р хх-ийн 132-142, 2-р хх-ийн 116-123/,

- Хохирлын баримтууд /1-р хх-ийн 38, 95-131,  2-р хх-ийн 26-27, 125-149/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас /1-р хх-ийн 56, 59-62/,

-  Бумранград эмнэлгийн баримтууд /1-р хх-ийн 138-140/,

- Нийгмийн даатгалын эмнэлгийн хуудас /1-р хх-ийн 211-212/

- Нийгмийн даатгалын тэтгэмж олголтын баримтууд /1-р хх 213-215/ зэрэг болно.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ч.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 82 дугаар байрны 4 тоотод хамтран амьдрагч О.Мыг зодож, эрүүл мэндэд нь “тархины зүүн чамархай, дагзны хэсгийн жижиг хэмжээний тархины эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, зулай, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч О.Мын “...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Асем Виллад хуриманд очоод 23 цаг өнгөрч байхад тэндээс явсан. ...Гэртээ байж байгаад Э бид хоёр муудалцсан. Э ариун цэврийн өрөө рүү явахаар нь би араас нь хувцасыг нь өгөөд чи манай гэрээс яв гэж хэлэхэд миний өөдөөс хараад гараа сарвайхад би ухаан алдсан. Маргааш өглөө нь сэрээд өмнөх өдрийн болсон зүйлийг санахгүй байсан, толинд өөрийгөө харахад миний зүүн талын нүдний доогуур хөхөрсөн, толгойн баруун хэсгээр хавдсан байхаар нь Эгаас юу болсон талаар асуухад “би чамайг гараараа хоёр удаа нүүр рүү нь цохьтол чи унахдаа толгойгоороо юм мөргөж унасан, юу мөргөснийг чинь мэдэхгүй байна. Намайг харах үед толгой чинь том хавдчихаар нь би айгаад нүүрийг чинь шөнөжин мөсөөр жин тавьж хоносон” гэхээр нь би тухайн үед ямар байдалтай байсан бэ гэхэд “чи зүгээр унтаж байгаад бөөлжөөд буцаад унтсан” гэсэн. Миний толгой өвдөөд байсан болохоор Э өвчин намдаах эм их хэмжээгээр өгөөд хоёр хоног гэртээ байсан. ...Эмнэлэг дээр очиход тархи хавантай, цусан хураа үүссэн, тархины няцрал хоёр газар үүссэн гээд Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж бие дээрдсэн. ...Ч.Э унтлагын өрөөний хажууд миний нүүр рүү цохиод би ухаан алдсан бөгөөд маргааш өглөө нь миний зүүн дээд талын араасаа хоёр дахь шүдний дотор тал хугарсан байсан...” / 1-р хх-ийн 05-06, 08/ гэсэн,

Гэрч О.Мөнхтуяагийн “...Би тухайн үед хамт байгаагүй сүүлд нь О.М эмнэлгээс гарсаны дараа манай дүү Мөнхцацрал бид хоёрыг дуудаж уулзахад ...Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж байгаад гарч ирлээ гэсэн. ...Э над руу залгаад М бид хоёр муудалцаад би Мыг хоёр удаа цохисноос болж толгойдоо гэмтэл аваад эмнэлэгт хэвтээд гарлаа гэж хэлсэн...” /1-р хх-ийн 14-15/ гэсэн,

Гэрч Ш.Рэнцэнгийн “...2017 оны 08 дугаар сард намайг жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ГССҮТ-ийн хүлээн авах тасагт очиход О.М гэх эмэгтэй рентгенд зургаа авахуулж байсан. Тэгээд би юу болсон талаар тодруултал тэр эмэгтэй өчигдөр хуриманд очоод өглөө нь сэртэл миний нүд хөх болчихсон байхаар нь найз залуугаасаа асуухад би чамайг цохьчихсон гэж хэлсэн. ...Намайг дуудлагын дагуу очиход О.М ганцаараа байсан бөгөөд нүд нь хөхөрчихсөн өөр ил харагдах гэмтэл байгаагүй...” /1-р хх-ийн 21/ гэсэн,

Гэрч О.Мөнхцацралын “...М надад Э намайг 2017 оны 08 дугаар сарын 04-ний орой цохиод гэрт хоёр хоног байлгаж байгаад бие өвдөөд байхаар нь гэмтэл очоод хэвтүүлсэн гэж хэлсэн. О.М тухайн үед яаж цохиулсанаа санахгүй байна гэж хэлж байсан бөгөөд миний ойлгосноор Э огцом ууртай, урьд нь боксоор хичээллэж байсан...” /1-р хх-ийн 23-24/ гэсэн,

Шинжээч М.Энхбаярын “...Хохирогч О.Мын биед тухайн үед тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чамархай зулай, зүүн хацрын няцрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, зүүн дээд 6-р шүдний эмтрэл зэрэг гэмтэл учирсан байсан нь тогтоогдсон. Энэ гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул бид санал нэгтэйгээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэлд тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн тархмаг гэмтэх, түүнчлэн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарахаар заасан байдаг. Харин О.Мад энэ заасан шинж тэмдэг илрээгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарсан. ...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн гавал тархины КТГ-ын зураг дээр хамрын яс зүүн далавч нь хугарсан шинэ гэмтэл тогтоогдсон бөгөөд түүнийг тухайн үед бид үүсгэгдсэн шинэ гэмтэл гэж үзээд дүгнэлтэд тусгасан. Уг гэмтэл нь гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлдээ хамаарч байсан...” /2-р хх-ийн 109-111/ гэсэн,

Шүүгдэгч Ч.Э-гийн “...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хурим дуусаад гэртээ харьсаны дараа М над руу дайраад хуучин эхнэр рүүгээ яв гэж хэлэхээр нь би чи согтчихсон байна, одоо унтаж амраад маргааш ярилцаж болохгүй юм уу гэхэд миний үгийг сонсохгүй над руу дайраад байсан. ...Өөрөөсөө холдуулах гээд түлхтэл М газар унасан ба унахдаа толгойгоо орны хажууд байсан жижиг шүүгээг мөргөж унасан. Тэгээд М орилж доошоо хараад уйлахаар нь би сандраад эргүүлж хартал нүүрний баруун тал нь хавдсан байхаар нь хөргөгчнөөс мөс авраад нүүрэн дээр нь жин тавьж өгсөн. ...Маргааш өглөө М босоод ариун цэврийн өрөө орчихоод гарч ирэхдээ би юу ч санахгүй байна, юу болсон бэ, чи намайг цохисон юм уу гэж хэлэхээр нь би болсон зүйлийг бүгдийг нь үнэн зөвөөр хэлээд эмийн сан орж өвчин намдаах эм, даралтны эм авч өгсөн. Тухайн үед бид хоёр эв зүйгээ олчихсон байсан. ...Гэмтлийн эмнэлэг ороход тархины няцралттай байна гэж хэлээд 10 хоног хэвтүүлж эмчилгээ хийсэн бөгөөд эмнэлэгт хэвтэж байх үед нь би асраад бүх эм тариаг нь авч өгсөн...” /1-р хх-ийн 53-55/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны №80 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. О.Мын биед тархины зүүн чамархай, дагзны хэсгийн жижиг хэмжээний тархины эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, зулай, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр болсон хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №10828 тоот дүгнэлтийн 3-р заалт болон нэмэлтээр хийгдсэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №1019 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

6. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээч эмч Б.Ундармаа, Т.Амартүвшин, Ц.Нандинцэцэг нарын гаргасан №1068 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

7. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээч эмч М.Энхбаяр, Ж.Ганцэнгэл, Б.Ганзориг нарын гаргасан №1193 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” /2-р хх-ийн 163-166/ гэсэн болон мөн хүрээлэнгийн 2017 оны 1068, 1193 дугаартай дүгнэлтүүд, Гэр бүлийн хүчирхийллийн болон аюулын зэргийн үнэлгээний маягтууд /1-р хх-ийн 73-85/, хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 132-142, 2-р хх-ийн 116-123/, шүүх хуралдаанд оролцсон шинжээч Г.Энхбаатарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.   

Шүүгдэгч, хохирогч  нар нь 2017 оны 4 дүгээр сард танилцаж, 7 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй тул шүүгдэгч Ч.Эг хамтран амьдрагч О.Мын биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг агуулж байна.  

 

Иймд шүүхээс Ч.Эг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.М-ын биед “тархины зүүн чамархай, дагзны хэсгийн жижиг хэмжээний тархины эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, зулай, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол учирч, эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс, Сингапур улсад шинжилгээ хийлгэсэн зардал, замын зардалд нийтдээ 39.874.870 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 1.182.330 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж, хохирогчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38.692.554 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

1. Хохирогчийн гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 6.500.000 төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 6.500.000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

2. Хохирогч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Ч.Эгийн миний биед учруулсан гэмтлээс болж удаа дараа эмнэлэгт үзүүлсэн, Сингапур улс руу хоёр удаа явж шинжилгээ хийлгэсэн, улмаар зүүн дагзны артерийн венийн эмгэг цорго буюу ДАВФ оноштойгоор яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай гэж 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мэс засалд орсон, энд гарсан бүх зардлыг Ч.Эгаас нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгийг өгсөн бөгөөд шүүх дараах үндэслэлээр няцааж байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарсан 2018 оны №80 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед тархины зүүн чамархай, дагзны хэсгийн жижиг хэмжээний тархины эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, зулай, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх дүгнэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан нь хохирогчийн Сингапур улс руу хоёр удаа явж шинжилгээ хийлгэсний дараа гарсан дүгнэлт бөгөөд уг дүгнэлтийг гаргахад хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10828, 1019, 1068, 1193 дугаартай дүгнэлтүүд болон хохирогчийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тодосгогч эмрайн /МRI/ шинжилгээ, амбулаторын карт, 2017 оны 10 дугаар сарын 10, 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдрүүдэд хохирогчийн биед хийсэн үзлэг, тэмдэглэл, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тархины бичлэг, хохирогч О.Мын өөрөө авчирсан 16 ширхэг фото зураг, 3 ширхэг СД, 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Сингапур улсын эмнэлгийн мэдрэлийн мэс заслын төвийн дүгнэлт, түүний орчуулга, 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр уншуулсан СД зэрэг баримтуудыг үндэслэн дүгнэлтийг гаргасан байна.

Эдгээр дүгнэлт, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжээч эмч Г.Энхбаатарын “...Сингапур улсад үзүүлсэн гэх эмчийн дүгнэлтийг монгол хэл дээр гэмтлийн улмаас тархины зүүн талын тараагуур болон хураагуур судасны уулзварт урагдалт авсан гэдгийг үндэслэлгүй гэж үзсэн. 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэмтэл авсаны улмаас тархины судсанд урагдалт үүссэн бол шууд цус алдаж эхэлнэ. Хохирогч 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эмчийн дүгнэлт гарах хүртэл удаан хугацаанд явах боломжгүй. Сингапур улсын эмнэлгийн эмчийн англи хэл дээрх магадлагаан дээр тархины артери венийн шунт гэж бичигдсэн байдаг. Гэтэл Монгол хэл дээр тархины судасны урагдалт гэж буруу орчуулсан байсан.

...2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн СД-г уншуулахад тархины эдэд цус хуралтгүй гэсэн онош гарсан ба тархины артер венийн шунт буюу зангилаа үүссэн гэж дүгнэсэн. Энэ нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлтэй холбоо хамааралгүй гэж үзсэн. ...Тархины судасны шунт нь маш олон шалтгааны улмаас үүсдэг. Даралт их ихсэх, архаг толгойн өвчтэй, тархины цус хангамжийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, архаг хямрал, сэтгэл санаа хэвийн биш үед гэх мэт олон шалтгааны улмаас тархины судасны шунт буюу зангилаа үүсэж болно. Хохирогч мэдүүлэгтээ усны урсгал шиг чимээ байнга сонсогддог гэж хэлсэн байна. Артери венийн холбоосын үед усны урсгал шиг чимээ сонсогдох нь энгийн үзэгдэл, илрэх ёстой шинж тэмдэг юм. Монгол хэл дээр шунт буюу зангилгааг урагдалт гэж буруу орчуулсан байна...” гэсэн мэдүүлэг зэргээр хохирогчийн биед учирсан зүүн дагзны артерийн венийн эмгэг цорго гэмтлийг Ч.Э учруулаагүй, түүний үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд энэ гэмтэлтэй холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн, Сингапур улс руу хоёр удаа явсан замын зардал, ингэж нэг удаа явахдаа өөрийн өмгөөлөгчийн хамт явсан замын зардал, орчуулга, нотариатын үйлчилгээ авсан, шинжилгээ хийлгэсэн болон бусад зардал зэрэг нийтдээ 32.192.554 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 6.500.000 төгрөг, эмчилгээний зардалд зарцуулсан 32.192.554 төгрөг, нийтдээ 38.692.554 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин Монгол улсад Интермэд эмнэлэгт үзүүлсэн /1-р хх-ийн 128, 129, 2-р хх-ийн 25, 26, 125/, толгойны сд, фото зураг /1-р хх-ийн 127/, эм авсан баримтууд, үзлэгийн төлбөр /1-р хх-ийн 130, 131, 2-р хх-ийн 26/, факс, хуулбар машин /copy/ ашигласан төлбөр /1-р хх-ийн 131, 2-р хх-ийн 26/ зэрэг баримтуудаар гарсан зардал болох 1.182.330 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Гэм буруугийн хуралдааны дараа шүүгдэгч Ч.Э шүүхийн шийдвэрээр хохирогчид олгогдохоор заасан 1.182.330 төгрөгийг хохирогчид төлсөн, энэ талаар баримт үйлдэж шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэ шүүх хуралдаанаар болон хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ч.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх нотлох баримтыг шалгаж үнэлэх талаар хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч М.Золжаргал “...О.Мын биед учирсан зүүн чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал цус хуралт нь хүний амь насанд аюултай, амь тэнссэн шинж тэмдэг агуулдаг тул Гэмлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж үзсэн. ...Би хохирогчид учирсан гэмтлийг хүнд зэргийн гэмтэлд хамааруулж байгаа учир тус гэмтэл нь энгийн явцаараа хохирогчийг үхэлд хүргэх аюултай шинж чанарыг агуулж байна. ...Хохирогчийн биед учирсан зүүн чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал цус хуралт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эмчлэгдэхгүй бол амь насанд эрсдэлтэй, хохирогч ухаан алдах, бөөлжих, босож явж чадахгүй байх, болсон явдлыг санахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрсний улмаас хохирогч эмнэлэгт хандаж эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг болон түүний гаргасан 2017 оны 1019, 1193 тоот дүгнэлтүүдийг шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын гаргасан 80, 1068 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Г.Энхбаатарын “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл; Үүнд тархины хүнд няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрхи, доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл хүнд зэрэгт хамаарна гэсэн байдаг. Тухайн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд хүнд зэргийн гэмтэлд хамаарахгүй ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Амь тэнссэн байдал гэдгийг амин чухал эрхтэний үйл ажиллагаа буюу тархи, зүрх, бөөр, элэг зэрэг хямрах, эдгэрэшгүй өөрчлөлтөнд орох үед эмнэлгийн иж бүрэн яаралтай эмчилгээ үзүүлж, амь нас аврагдсан гэсэн шалгуурыг хэлдэг. Тухайн үед хохирогч ухаан алдсан байж болно, яаралтай эмнэлгийн тусламж аваагүй ба эмнэлэгт 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр үзүүлсэн. Хохирогч хэрэг болсон даруй эмнэлгийн иж бүрэн эмчилгээ аваагүй, сэхээнд ороогүй тул амь тэнссэн байдал илрэх байсан гэх зүйл харагдахгүй байна. ... Хохирогчийн биед амь тэнссэн байдал илрээгүй. Хүндэвтэр зэргийн гэмтэлд хөдөлмөрийн ерөнхий чадвар удаан хугацаагаар сарниулах гэмтлүүд хамаардаг. Хохирогч 10 хоног эмнэлэгт хэвтсэн ба хөдөлмөрийн чадварын алдалт түр хугацаанд сарниулсан гэдэг шинж тэмдгээр хөнгөн зэргийн гэмтэл гэж үзсэн...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ мэдүүлгүүдээр няцаагдаж байна гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн 171000000078 дугаартай хэрэгт хураагдан ирсэн сиди 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Ханбүрэн зэлмээ овогт Ч-ын Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-г 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Э торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1710000000078 дугаартай хэрэгт  хураагдан ирсэн сиди 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР