Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2025/0373

 

2025 05 19 128/ШШ2025/0373

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: А.Б*******,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э*******

Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Г*******,

Маргааны төрөл: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т*******гийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, түүний өмгөөлөгч У.Мөнхчимэг, хариуцагч Б.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Наранцацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Гомдол гаргагч А.Б******* нь гомдлын шаардлагаа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т*******д холбогдуулан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т*******гийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

1. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т******* 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0103701 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5-д Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр гучин мянган нэгжтэй /3,000,0000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

2. Хариуцагчаас ...эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэлгүй нэр бүхий бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан зөрчил гаргасан... гэж шийтгэл ногдуулсныг гомдол гаргагчаас эс зөвшөөрч шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гомдол гаргасан байна.

3. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1. Swisse брэндийн витамин нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн буюу биологийн идэвхт бүтээгдэхүүнд хамаарах бөгөөд Монгол улсад хэрэглээнд гаргах зөвшөөрлийг ******* ХХК авсан тул худалдан борлуулахад хориглох зүйл байхгүй,

3.2. Хувь хүн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгүүлэх үүргийг хуулиар хүлээгээгүй, үйлдвэрлэгч эсхүл хуулийн этгээд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгүүлсэн бол иргэ, хуулийн этгээд борлуулж болохоор байх тул улсын байцаагчийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх үндэслэлээр торгосон ******* тоот шийтгэлийн хуудас хууль бус гэжээ.

4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэлийн ******* дугаар хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэл шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ миний зүгээс дараах байдлаар тайлбарлана. Нэхэмжлэгч А.Б******* нь ******* Mongolia онлайн дэлгүүрийг ажиллуулдаг. Тухайн онлайн дэлгүүрийн үйл ажиллагаа, борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор Zary.mn зарын худалдааны сайтад 2024 онд хорин хоёр мянга хорин дөрвөн онд Swisse брэндийн витамины зарыг тавьсан. Гэтэл иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлын энх хөтөч нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу ашиг олох зорилгоор эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдаж байна гэх мэдээллийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт, зохицуулалтын газрын улсын байцаагч 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт заасны дагуу 3,000,0000 төгрөгийн торгууль ноогдуулсан. Шийтгэлийн хуудсыг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч А.Б******* монгол шуудангаар хүлээн авч тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Хуульд зааснаар биологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэхэд шаардагдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгохоор хуульчилсан боловч 2023 онд тус заалтыг хүчингүй болгосон байдаг. Улсын байцаагч нь улсын байцаагч шийтгэлийг хугацааг ноогдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт заасан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсаар ноогдуулсан. Холбогдох зүйл заалтыг тайлбарлахад Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.40-д эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нь хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор, тодорхой хэлбэр тунгаар хүнснээс гадна нэмэлтээр хэрэглэх байгалийн болон нийтлэг гаралтай тарилгаас бусад хэлбэрийн бүтээгдэхүүнийг хэлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зар тавьсан Swisse брэндийн витамин нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн буюу биологийн идэвхт бүтээгдэхүүнд хамаарна. Мөн тус хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.14-д эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд эм, эмийн эмийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал үйлдлийн идэвхийг үнэлж хэрэглэх заавар, шошго, тэмдэглэлийг баталгаажуулан Монгол улсад хэрэглээнд гарахыг хүлээн зөвшөөрснийг хэлнэ гэж тус тус заасан байдаг. Тодруулахад эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх ойлголт нь Монгол улсад өмнө нь хэн нэгэн оруулж ирж байгаагүй буюу анх удаа оруулж ирж байгаа эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнд чанар, аюулгүй байдлын шинжилгээ, үнэлгээ, хэрэглэх заавар, шошго зэргийг баталгаажуулаад Монгол улсад хэрэглээнд гаргах зөвшөөрөл олгох хуулийн зохицуулалт байдаг. Нэхэмжлэгчийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх маргаан бүхий Swisse брэндийг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн нь Монгол улсад албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулдаг хуулийн этгээд ******* ХХК байгаа. Тодруулбал Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсан Монгол улсад үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд байна. Мөн Эрүүл мэндийн сайдын 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 295 дугаар тушаалаар баталсан Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгүүлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.17-д биологийн идэвхт бүтээгдэхүүн бүртгүүлэгч нь тухайн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч эсвэл түүнийг Монгол улсад төлөөлөх албан ёсны эрхтэй хуулийн этгээд байна гэж тус тус заасны дагуу Swisse брэндийн биологийн идэвхт бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгч буюу Австрали улсын Healt and happiness group эсвэл ******* ХХК нь бүртгүүлэх үүргийг хуулиараа хүлээсэн. Энэ үүргийнхээ хүрээнд Swisse брэндийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн нь Монгол улсад бүртгэлтэй буюу ******* ХХК нь энэ брэндийг бүртгүүлсэн. Дээрх нөхцөл байдлаас дүгнээд үзэхэд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх хэрэгцээ шаардлага нь тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хэрэглэх заавар, шошго, тэмдэглэгээг баталгаажуулах мөн хэрэглээнд гарах зөвшөөрөл олгох зэрэг зорилготой байгаа. Нэгэнт тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, идэвхийг нь үнэлчихсэн. Шошго, тэмдэглэгээг нь баталгаажуулчихсан. Монгол улсын хэрэглээнд гарахыг зөвшөөрчихсөн улсын бүртгэлд бүртгүүлчихсэн байхад дахиж үнэлэлт хийж баталгаажуулаад зөвшөөрч улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн үндэслэл шаардлага тогтоогдохгүй байгаа. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-т зааснаар энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг иргэн хуулийн этгээд борлуулж болно гэж заасны дагуу үйлдвэрлэгч эсвэл хуулийн этгээд нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн бол иргэн хуулийн этгээд худалдан борлуулж болохоор заасан. Нэхэмжлэгчийн хувьд дүгнээд хэлэх Swisse гэх эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг ******* ХХК улсын бүртгэлд бүртгүүлсний дараа худалдан борлуулж эхэлснийх нь дараа худалдан борлуулсан учраас эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг нэхэмжлэгч тал хуулиараа хүлээхгүй байна. Иймд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын улсын байцаагчийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй үндэслэлээр торгосон ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

5. Гомдол гаргагчийн өмгөөлөгч У.Мөнхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны гол асуудал болоод байгаа зүйл нь тухайн Swisse брэндийн нэр бүхий хэдэн витаминыг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаарх маргаан. Манай нэхэмжлэгчийн зүгээс Zary.mn худалдааны сайтаар дамжуулаад нийт 8 удаа Swisse брэндийн витаминыг борлуулсан үйл баримт бол байгаа. Гэхдээ худалдан борлуулсан буюу 8 удаагийн 8 нэр төрлийн витамин бүгд улсын бүртгэлд бүртгэгдсэн. Хариуцагчийн хэлээд байгаа витамин C chewable брэндийн витаминыг нэхэмжлэгчийн зүгээс худалдан борлуулсан үйл баримт бол байхгүй. Хариуцагч тал бүртгэлд бүртгүүлээгүй худалдан борлуулсны зөрчлийн шийтгэл оногдуулаад байгаа. Үүнийг үндэслэлгүй л гэж харж байна. Яагаад гэхээр улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг нь иргэнд байхгүй, иргэн очоод витамин бүртгүүлье гэвэл хариуцагч тал хүлээж авах боломжгүй нөхцөл байдал байгаа.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу манай эрх бүхий албан тушаалтан улсын байцаагч нь зөрчлийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдал энхийг төлөө хөтчийн хүсэлтийн дагуу зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн. Уг зөрчлийн хэргийн нээгээд Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн дагуу тус арга хэмжээг авсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасны дагуу бүртгэгдсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний жагсаалтыг цахим хуудсанд байршуулж, эм эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина. Хяналт тавих үүргийнхээ дагуу улсын байцаагч хяналт тавих ажиллагаа эхэлсэн. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-л зааны дагуу эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг хүсэлт, баримт бичигт түүнд хийсэн шинжилгээний дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн бүтээгдэхүүнийг бүртгэнэ гэж заасан байдаг. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэлд бүртгэсэн байх шаардлага байдаг. Энэ заалтын дагуу А.Б******* нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэлгүй буюу нэр бүхий бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.4-д эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулиар хориглосон, зүйл стандарт зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл хэрэглэсэн хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж хүнийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно гэж заасны дагуу шийтгэл ноогдуулсан. 3,000 нэгж буюу 3,000,000 төгрөгийн торгуулийг тавьсан. 2024 оноос эхэлж мөрдөж байгаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар бүртгэгдчихсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг А.Б******* худалдан борлуулах эрх нь хуулиар нээлттэй байгаа. Гэтэл энэ бүтээгдэхүүн нь Монгол улсад бүртгэлгүй ******* ХХК Монгол улсад эрүүл мэндийн нэлээн хэдэн нэмэлт бүтээгдэхүүн бүртгүүлж байгаа боловч энэ маргаад витамин С нь монгол улсад бүртгэлгүй иргэн А.Б******* бүртгэлгүй витамин С зарсан. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа ******* ХХК нь Монгол улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнд Swisse брэндийн витамин C chewable бүтээгдэхүүнийг бүртгэлгүй учраас гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

1. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т******* 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0103701 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5-д Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр гучин мянган нэгжтэй /3,000,0000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

2. Хариуцагчаас ...эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэлгүй нэр бүхий бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан зөрчил гаргасан... гэж, гомдол гаргагчаас ...Swisse брэндийн бүтээгдэхүүн нь Монгол улсад бүртгэлтэй тул Зөвшөөрлийн тухайн хуульд зааснаар дахин зөвшөөрөл авах шаардлагагүй, витамин /биологийн идэвхт бүтээгдэхүүн/ мөн эсэхийг тогтоогоогүй... тайлбарлан маргажээ.

3. Зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд Эрүүл мэндийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно гээд хүснэгтийн 13.16-д биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх гэснийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болгож, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна, мөн хуулийн 22.7-д бүртгүүлэхгүй байх үндэслэлүүдийг дурджээ.

4. Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаар тушаалаар баталсан Эм, эмийн түүний эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам-ын 1.17-д Биологийн идэвхт бүтээгдэхүүн бүртгүүлэгч нь тухайн үйлдвэрлэгч эсхүл түүнийг  Монгол Улсад төлөөлөх албан ёсны эрхтэй хуулийн этгээд байна гэж заасан бөгөөд иргэн А.Б******* нь өөрийн цахим хуудсанд 8 нэр төрлийн бүтээгдэхүүн байршуулж худалдан борлуулсан, тэдгээрээс Swisse үйлдвэрлэгчийн Vitamin C chewable нэртэй биологийн идэвхт бүтээгдэхүүн нь Монгол Улсад бүртгэлгүй болохыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2025 оны 05 дүгээр сарын 16-ны өдрийн 3934 тоот албан бичигт дурджээ.

5. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, 6.6 дугаар зүйлийн 5-д Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан бөгөөд зөрчлийг хөдөлбөргүй нотолж, түүнд тохирох шийтгэлийг ногдуулах хуульд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

6. Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийг тухайн бүтээгдэхүүнүүдийг цахим хаягтаа байршуулсныг зарж борлуулсан, улмаар зөвхөн бүртгүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл ногдуулахдаа 8 төрлийн бүтээгдэхүүний гарал үүсэл болон бүртгэлийг нэг бүрчлэн тогтоох үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхээр байна.

7. Маргаан бүхий 8 нэр төрлийн бүтээгдэхүүн эм эсхүл биологийн идэвхт бүтээгдэхүүн аль нь болох, тэдгээрээс хэд нь Монгол Улсын хилээр нэвтэрсэн эсэхийг хөндлөнгийн мэдээлэл болох Гаалийн Ерөнхий газрын мэдээлэлд тулгуурлаж тогтоосноор гомдол гаргагчийн импортолсон, худалдсан гэх үйлдэл нь зөрчил мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх учиртай байжээ.

8. Хэдийгээр гомдол гаргагчийн харилцах дансанд иргэдээс тодорхой тооны мөнгөн гүйлгээнүүд хийгдсэн хэдий ч энэ нь тухайн бүтээгдэхүүнүүдийн гарал үүслийг дангаар нотлохгүй юм.

9. Хариуцагч улсын байцаагчийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа дутуу бүрдүүлсэн нотлох баримтуудыг шүүхээс нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 5, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан иргэн А.Б*******ын гомдолтой Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т*******д холбогдох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т*******гийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01037744 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 (гурав) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын улсын байцаагч Б.Т*******гийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01037744 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ