| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01033/И |
| Дугаар | 192/шш2025/04204 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 192/шш2025/04204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,*******,-ид холбогдох,
2018 оны 02, 3, 4, 5, 6 дугаар сарын цалин нийт 4,604,612 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизид холбогдуулан 2018 оны 02, 3, 4, 5, 6 дугаар сарын цалин нийт 4,604,612 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд 2018 оны 02 дугаар сарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, бусад шаарлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 27 жил ажилласан. Миний нэхэмжлэл хоёр үндсэн шаардлагатай байгаа. Нэгдүгээрт 2017 онд ажлаас халагдаад шүүхийн шийдвэр гарч, буцаад ажилдаа орох гэсэн боловч ажилд авахгүй байсаар байгаад 2018 оны 3, 4, 5 дугаар саруудын цалин, нийгмийн даатгал төлөгдөөгүй. Үүнээс шалтгаалж тэтгэвэрт гарахаар ажилласан жил тасрах, тэтгэвэр багаар тогтоох гэсэн хохирол учирсан учраас цалин нөхөн төлүүлэх гэсэн шаардлага гаргасан. Өмнө нь энэ талаар тамгын даргад хэлсэн боловч хуулийнхаа дагуу шийдүүл гэсэн. Тухайн үеийн захиралд хүсэлт тавьж байсан боловч нөхөж өгөөгүй учраас шаардаж байгаа. Ажилд авах өдөр намайг ажилд авсан бол би хохирохгүй байсан. Шүүхийн шийдвэрийг үл тоомсорлоод ажилд авахгүй байсаар байгаад намайг цалин, нийгмийн даатгалын шимтгэлээр хохироосон байгаа учраас миний тэтгэвэрт хүртэл нөлөөлж байгаа. 2018 оны 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөгдсөн байсан тул би татгалзаж байгаа.
Хоёрдугаарт 2024 онд ээлжийн амралтын тушаал 6 дугаар сард гарсан боловч биеэр эдлээгүй явж байсан. 10 дугаар сарын 21-ний өдөр эхлэхээр өөрийнхөө спорт сувгийн ерөнхий продюсер буюу захирлын албан тушаалд томилогдсон албан тушаалтанд бичгээр биеэр эдлэх хүсэлт гаргасны үндсэн дээр би ээлжийнхээ амралтыг биеэр эдэлсэн. Намайг халах тушаал миний амралтын үеэр гарсан. Хэдийгээр би ажил дээр ирж байсан боловч миний амралтын үеэр тушаал гарсан учраас буцаж ажилдаа эргэн орох шаардлага тавьж байна. Хуульд заасны дагуу ажлаас чөлөөлж байгаа тухай 45 хоногийн өмнө надад мэдэгдээгүй. 2025 оны 1 дүгээр сард шинэчлэн батлагдсан Ахмадын тухай хуульд хэрвээ ажилтан хүсээгүй бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалж болохгүй гэсэн заалт орсон. Надад тушаал танилцуулаагүй, тушаалыг хүлээж авсан гарын үсэг зуруулаагүй. Тийм учраас тэтгэвэрт гарах тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан учраас гомдолтой байна ... гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч хоёр шаардлага гаргасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс 154.2.1-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааны асуудлаар дүүргийн ерөнхий маргаан зохицуулах асуудлаар хуульд заасан дээд шатны албан тушаалтанд хандах хэрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байхад шүүх хүлээж авсан. Энэ нь процессын ноцтой зөрчил гэж үзэж байна. Үүнтэй холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн байгаа. Энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д зааснаар 90 хоногийн дотор эрх нь зөрчигдсөнөө мэдсэн, цалинтай холбоотой бусад асуудлаар гомдол гаргах эрхтэй байсан боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, шууд шүүхэд хандсанаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж байгаа шүүгчийн захирамж алдаатай гэсэн үг. Нэхэмжлэгч энэ хугацаагаа мэдсэн эсэхийг нь мэдэхгүй боловч гомдол гаргаагүй гэж онцлон дурдсан тайлбар байна. Ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халагдах тушаалыг гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Өмнө шүүх хуралдаанд өгсөн нотлох баримтын хүрээнд дурдахад бид нар 2024 оны 8 дугаар сард тэтгэвэр гарах эрх нээгдсэн эсэх талаар өөрт нь мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгч гардаж авахгүй, танилцахгүй гэж танилцаагүй. Өөрөө бол хүлээж авсан байдаг. Нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 12 дугаар 16-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн гэж лист бичүүлж ирсэн. Гэтэл хэрэгт авагдсан эмнэлгийн магадалгааг үзвэл 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 12 дугаар сарын 9-ний өдрийн хооронд магадалгаа байна. Нөгөө магадалгаа нь 2024 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны магадалгаа байна. Бид нар баримтаар хавсаргаж өгсөн цагийн бүртгэлийн мэдээлэл байгаа. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд өгсөн цагийн бүртгэлийн мэдээлэл байна. Үүнээс харвал эхний 12 дугаар сарын 6-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд болон 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажлын цагийн бүртгэл авагдаагүй байдаг. Тэгэхээр энэ хооронд ирээгүй буюу ажлаа тасалсан гэж харагдахаар байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан 11 дүгээр талаас харахад нэхэмжлэгч маань ажаа хүлээлгэж өгөөд тойрох хуудас зураад өгсөн байдаг. Шүүгчийн захирамжийн дагуу байгууллынхаа дотоод журмыг өгсөн. Үүнд ажил тасалсан зөрчил нь дотоод журмын 9.2.1.5-т ажилтан нь сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааг цуцална гэж заасан байдаг. Үүний дагуу нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Мөн дотоод журмын 10.4-т зааснаар ажлаас хүлээлгэн өгч буй ажилтан тусгайлан заасан хугацаанд санхүүгийн болон холбогдох хэсэгт заасан тойрох хуудас хүлээлгэн өгч, актад тэмдэглүүлнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлэх бол нэхэмжлэгч тойрох хуудсаа зураад хүлээлгэн өгсөн байдаг. нь ажлаа тасалсан байдаг. Энэ нь хөдөлмөрийн дотоод журмын хөдөлмөрийн сахилга хариуцлага гэсэн бүлгийн 3.1 дэх хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хүртэл өдөр ажил тасалсан эсхүл ажлын тасалсан цаг нь 2 өдрийн цаг хүрсэн бол ажилтны цалинг 3 сарын хугацаанд 20 хүртэл хувиар буулгах шийтгэл ногдуулна гэж заасан байдаг. Мөн 4 дэх хэсгийн 4.1.1-т зааснаар журмын 3.1-т заасан зөрчлийг давтан гаргасан буюу 3 ба түүнээс дээш удаа ажлаа тасалсан бол хөдөлмөр эрх зүйн харилцааг цуцлах буюу ажлаас халах шийдвэр ногдуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гийн гаргасан зөрчил нь дотоод журмын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хэмжээний зөрчил гаргасан байгаа. Тэхдээ байгууллагаас зөрчлийн хариуцлага ногдуулалгүйгээр эрхийн дагуу цаашид хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжлэх шаардлагагүй гэж үзсэн байгаа ... гэв.
4. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эмнэлгийн магадлагаанууд, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн тамгын газарт гаргасан хүсэлтүүд, ажил хүлээлцсэн гэх тооцооны хуудас, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын хуулбар, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирлын тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл болон өргөдөл хүлээн авсан бүртгэлийн маягт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
5. Хариуцагч талаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн албан тоот, файбер чатын зураг, цагийн бүртгэлийн хүснэгт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
6. Шүүх хариуцагчаас: Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс байгууллагын хөдөлмөрийн гэрээ, МNB спорт сувгийн зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, Хөдөлмөрийн дотоод журам, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний хуулбар, нэхэмжлэгчээс: Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтыг гаргуулж хэрэгт хавсаргасан.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизид холбогдуулан 2018 оны 2, 3, 4, 5, 6 дугаар сарын цалин нийт 4,604,612 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... 2018 оны 3, 4, 5, 6 дугаар сарын цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, Спорт сувгийн зохицуулагч албан тушаалд буцаан эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлнэ ... гэж тайлбарласан,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбартаа: ... өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал гарсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн ... гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг. Нэхэмжлэгч гийн 2018 оны 3, 4, 5, 6 дугаар сарын цалин нийт 4,604,612 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:
4.1. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/218 тоот тушаалаар г Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн маркетингийн менежерийн үүрэгт ажлаас халсан бөгөөд энэхүү тушаалыг нь эс зөвшөөрч шүүхэд хандаж байжээ.
4.2. Улмаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №102/ШШ2017/02471 дугаартай шийдвэрээр г Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 12-14/
4.3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2358 дугаартай магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №102/ШШ2017/02471 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 15-20/
4.4. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/00346 дугаартай тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2358 дугаартай магадлалын 1 дэх заалт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №102/ШШ2017/02471 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар г Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 11,132,030 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 21-26/
4.5. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч г Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 11,132,030 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизид даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
4.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж зааснаар Монголын үндэсний олон нийтийн радио телевиз нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/00346 дугаартай тогтоолыг заавал биелүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй.
4.7. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б/501 дугаартай Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тухай тушаал гарч г 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн маркетингийн хэлтэст маркетингийн менежерийн албан тушаалд эгүүлэн томилсон болох нь нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
4.8. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/00346 дугаартай тогтоол гарсан өдрөөс хойш Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/501 дугаартай тушаал гарах өдрийг хүртэл энэ хугацаанд буюу 2018 оны 3, 4, 5, 6 дугаар сарын цалин хөлс олгогдоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь нэхэмжлэгч гийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.
4.9. Нэхэмжлэгч нь 2018 оны 3, 4, 5, 6 дугаар сарын цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч тал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т хөдөлмөр эрх зүйн харилцаатай холбоотой гэрээний үүрэг үүссэн буюу 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа яригдаж байна гэж харж байна, 2018 оноос хойш 2025 оныг хүртэл 7 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж харахаар гэж тайлбарлан маргасан.
4.10. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна гэж заасан.
4.11. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/00346 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч энэ шаардлагынхаа талаархи дагавар аливаа нэхэмжлэлийг 10 жилийн дотор шүүхэд гаргаж эрхтэй байна.
4.12. Өөрөөр хэлбэл Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор байна.
4.13. Иймээс нэхэмжлэгч гийн 2018 оны 3, 4, 5, 6 дугаар сарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзлээ.
4.14. Нэхэмжлэгч харуицагч Монголын үндэсний олон нийтийн радио телевиз нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилоогүйн улмаас 2018 оны 3, 4, 5, 6 дугаар сарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэх үндэслэлээр өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болон энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг шаардах эрхтэй.
4.15. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/00346 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч гийн ажилгүй байсан хугацааны дундаж сарын цалинг 1,063,728 төгрөгөөр тооцсон байна.
4.16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул гийн ажилгүй байсан хугацааны дундаж сарын цалинг 1,063,728 төгрөг гэж тооцлоо.
4.17. Иймд хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс нэхэмжлэгч гийн 2018 оны 3, 4, 5, 6 дугаар сарын цалин /1,063,728 төгрөг х 4 сар/ 4,254,912 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Хоёр. Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/382 дугаар Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай тушаалд:
1. Маркетингийн хэлтсийн маркетингийн менежер гийн захиргаанд гаргасан хүсэлтийг харгалзан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс MNB спорт сувагт зохицуулагчаар шилжүүлэн ажиллуулсугай.
2. гийн албан тушаалын үндсэн цалинг 674,000 /ҮҮ-IV/ төгрөгөөр тооцож, бусад нэмэгдлийг МҮОНРТ-ийн цалин хөлсний журамд зааснаар бодож олгохыг Санхүү, орлого бүрдүүлэлтийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч //-д зөвшөөрсүгэй гэжээ.
5.1. Нэхэмжлэгч нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Маркетингийн хэлтсийн маркетингийн менежерээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс MNB спорт сувагт зохицуулагчаар шилжин ажилласан байна.
5.2. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/664 дугаартай гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Төрөлжсөн сувгуудын MNB спорт сувгийн зохицуулагч гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосугай гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.
5.3. Хариуцагч нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2/13 дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн тухай албан бичгийг нэхэмжлэгч д танилцуулсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн албан тоотыг гардуулсан, танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй боловч гийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн тамгын газарт хандан захиргааны зүгээс өндөр насны тэтгэвэрт гаргах тухай мэдэгдсэн байгууллагадаа хамт олныхоо дунд үргэлжлүүлэн ажиллах боломж олгохыг хүсье гэж бичгээр хүсэлт гарган үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан байх тул хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар мэдэгдэж байсан байна гэж үзэхээр байна. /хх-ийн 7, 66/
5.4. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж заасан.
5.5. Хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевиз нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаа нэхэмжлэгч д бичгээр эсхүл цахим хэлбэрээр гаргаж танилцуулсан, гардуулсан эсхүл түүний оршин суугаа газрын хаягаар шуудангаар хүргүүлснээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.
5.6. Түүнчлэн нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт ... ажил хүлээлгэж өгсөн акт байгаа ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалаа 01 дүгээр сарын 08-ны өдөр гардаж аваад тойрохоо зуруулсан ... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт энэ тушаалыг хэзээ танилцуулсан талаар сайн мэдэхгүй байна, тушаалыг танилцуулаад мэдэгдээд 01 дүгээр сарын 08-ны өдөр тойрох хуудас зурсан. Тиймээс энэ хоорондох хугацаанд танилцуулсан гэж бодож байна ... гэж тайлбарлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг д хэзээ гардуулсан, танилцуулсан, хүргүүлсэн талаараа хариуцагч нь нотлож чадаагүй.
5.7. Иймээс нэхэмжлэгч нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/664 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг ажил хүлээлцсэн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр танилцсан буюу гардан авсан байна гэж үзлээ.
5.8. Тодруулбал нэхэмжлэгч нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг гардан аваад эс зөвшөөрч тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэлээ.
5.9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байна гэж заасан.
5.10. Түүнчлэн энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн нас нь 1957 он ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60, 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна. Цаашид 1958 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60 нас 3 сар, 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1977 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй, 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна гэж,
мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа 2023 онд 21 жил 6 сар байх бөгөөд энэ хугацааг 25 жил хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ гэж тус тус тайлбарласан.
5.11. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 1968 онд төрсөн байх тул тэтгэвэр тогтоолгох насыг түүний төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж тооцоход 56 нас 6 сар хүрснээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр байна.
5.12. Гэтэл Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гарах үед нэхэмжлэгч нь 56 нас, 5 сар, 19 хоногтой байжээ.
5.13. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаагүй байхад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж үзэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэлээ.
5.14. Иймд нэхэмжлэгч г Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн төрөлжсөн сувгуудын MNB спорт сувагт зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэгт нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /сүүлийн 3 сарын/, цалингийн карт ирүүлээгүй боловч талууд Хөдөлмөрийн гэрээндээ ур чадварын нэмэгдлийг олгохоо зогсоож, /ҮҮ-IV/ шатлалын үндсэн цалин 1,224,000 төгрөг болж өөрчлөгдөв ... гэсэн нэмэлт өөрчлөлтийг 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр оруулсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч г нэг сард 1,224,000 төгрөгийн үндсэн цалинтай байсан гэж үзлээ. /хх-ийн 94/
6.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу гийн 2024 оны 9, 10, 11 дүгээр сарын дундаж цалин хөлс 1,224,000 төгрөг байх бөгөөд түүнийг ажлаас халсан 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэл буюу 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 5 сар, ажлын 17 хоногийн дундаж цалин 6,440,110 төгрөгийг /5 сар х 1,224,000 = 6,120,000 төгрөг, 17 хоног х 18,830 = 320,110 төгрөг, 6,120,000+320,110=6,440,110 төгрөг/ хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизиас гаргуулан нэхэмжлэгч д олгож, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна.
6.2. Иймд хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс /4,254,912 төгрөг +6,440,110 төгрөг/ нийт 10,695,022 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож шийдвэрлэлээ.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор,
мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж,
мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж тус тус заасан.
7.1. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэн шүүхэд хандаж дээрх нэхэмжлэллийн шаардлагуудыг гаргасныг нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
8. Нэхэмжлэгч нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158.824 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 186,070 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
9. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар үйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч г Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн төрөлжсөн сувгуудын MNB спорт сувгийн зохицуулагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс ажилгүй байсан хугацааны олговорт 10,695,022 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, ажилгүй байсан хугацаа /2018 оны 3, 4, 5, 6 дугаар сар, 2024 оны 12 дугаар сараас шийдвэр гарах энэ өдрийг хүртэл/-ны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158.824 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 186,070 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ