| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2014/00009/И |
| Дугаар | 141/ШШ2025/00102 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 141/ШШ2025/00102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн даргаар П.Ган-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч .................. багт оршин суугч Ш овогт Чын Цын “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ц нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1980-1983 онд Ховд аймгийн ХАА-н техникумыг малын бага эмчээр төгсөөд Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн Соёл бригадад малын эмчээр 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ныг дуустал ажиллаж байгаад 1984-1987 онд Дорноговь аймгийн 0129-р ангид цэргийн алба хаасан. Мөн 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-нийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн Идэр бригадад малын бага эмчээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр маань мал эмнэлгийн газарт байж байгаад алга болсон.Иймд намайг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Отгон суманд Соёл бригадын мал эмчээр, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн Идэр бригадад малын багаа эмчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Ц нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Ц нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Ц нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Отгон суманд Соёл бригадын малын эмчээр, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Идэр бригадад малын багаа эмчээр ажиллаж байсан болох нь:
- Ш овогт Чын Ц .............. дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,
- Завхан аймгийн Архивын тасгийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/903 дугаартай Ч.Ц нь Отгон сумын Оргил нэгдлийн Соёл бригадын малын эмчээс 1984 онд чөлөөлөгдсөн, 1987-1992 онд Булнай сумын Рашаант нэгдлийн Идэр бригадын малын эмчээр ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд Отгон, Булнай сумын мал эмнэлгийн баримт шилжигдэн ирээгүй, ХАА-н удирдах газар, Аймгийн мал эмнэлгийн баримтад холбогдох баримт олдохгүй байна гэх лавлагаа,
- Завхан аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газар, Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 66/7 дугаартай тушаал, түүний хавсралтын хуулбарт: “...Ч. Цыг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн Отгон суманд малын бага эмчээр томилон ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар
- Цэргийн батлахын хуулбарт Ч.Ц нь 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр халагдсан талаар хийгдсэн тэмдэглэгээ,
- 1990 онд Мал эмнэлэг үржлийн албаны 90 жилийн ойгоор хамт олонтойгоо авхуулсан фото зураг,
- Гэрч Ж.Т.: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Ч.Ц нь 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Идэр бригадад малын эмчээр ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Д.Ц.: “...Ч.Ц нь 1987-1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Идэр бригадад малын эмчээр ажиллаж байсан. Ч.Цын нэхэмжлэлд хавсаргасан зургийг нь үзүүлэхэд энэ зургийг 1990 онд мал эмнэлгийн 70 жилийн ойгоор малын эмч нарын авхуулсан зураг байна. Зүүн гар талаас урд талын эгнээний 2 дахь хүн нь Ч.Ц байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Ч.Цын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ш овогт Чын Цыг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Отгон сумын Оргих нэгдлийн Соёл бригадын малын эмчээр, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн Идэр бригадад малын бага эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ