Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 141/ШШ2025/00108

 

 

                                             Зохигчдын эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай           

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г,

Хариуцагч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар “Э у н” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Нт холбогдох “9,100,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э у н”  ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани нь гүний худгийн өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг юм. .................. тоотод байдаг иргэн Ж.Нын эзэмшил газарт буюу үхрийн фермийн хашаанд нь гүний худаг гарган иж бүрэн тоноглож хүлээлгэн өгсөн байдаг билээ. Өвлийн хүнд нөхцөлд гүний өрөмдлөг хийхэд туйлын хүнд хэцүү нөхцөлтэй байдаг ба өрмийн машин хийн компрессор гэх төхөөрөмжүүд маань дизель түлшээр ажилладаг учраас өвлийн нөхцөлд асдаггүй, дулаан гражид заавал хонуулах шаардлагатай байдаг, газрын гүнээс гарсан ус тэр даруйдаа хөлдөж тоног төхөөрөмжид наалдаж ажиллуулах боломжгүй болдог, гагнуурын чанар муу хийгддэг зэрэг маш их хүндрэл бэрхшээлтэй байдаг юм. Энэхүү байдлаа захиалагчид хэлж ярьж ойлгуулж дулааны улиралд уг ажлыг 14.500.000 төгрөгт хийж гүйцэтгэхээр ярьж тохирсон боловч фермийн үхрүүд нь усгүй өвөлжиж зөөврийн усаар хангах нөхцөлгүй учраас ямар нэг аргаар зардал мөнгийг нь гаргаж худаг гаргаж өгөхийг хүссэн байдаг. Уг хүсэлтийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 16-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 06 ний өдрүүдийн хугацаанд ажиллаж гүний худгийг өрөмдөж гарган насос хэрэгслийг нь суурилуулж захиалагч талд хүлээлгэн өгсөн юм. Худгийн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхэд тохиролцсон зардлаас гадна нэмэлтээр дулаан гражийн төлбөр, зочид буудлын төлбөр, өвлийн хүйтэн нөхцөлд өрмийн машин, хийн компрессор, ачилтын автомашин зэргийг байнга асаалттай байлган нармалдах зэрэгт 6.100.000 төгрөгийг өрөмдлөгийн ажилд зарцуулсан байдаг билээ. Захиалагч Ж.Н нь манай компанид 11.500.000 төгрөгийг цувуулан төлж хувааж шилжүүлсэн байдаг ба уг төлбөр нь худаг гаргах ажлын зардалд огт хүрэлцээгүй бөгөөд манай компанийн зүгээс уг ажлын үлдэх бүх зардал мөнгийг түүний өмнөөс гаргасан байдаг билээ. Энэхүү өрөмдлөгийн ажлаас манай компани ямар ч ашиг олоогүй ба хоёр удаа өрөмдлөг хийж, 152 мм ийн үзүүрийн багаж, цохилтот алх, 4 метр штанг, 42 метр 165 мм ийн ган труба зэргийг эхний өрөмдлөгийн явцад хөрсний нуралтад даруулж дахин ашиглах боломжгүйгээр газарт булагдаж орхисон байдаг. Энэхүү хэцүү хүнд нөхцөл байдлыг захиалагч талд тухай бүрд нь мэдэгдэж байсан ба бусдаас 5 сая төгрөгөөр багаж хэрэгсэл зээлээр худалдан авсан, нэмэлтээр 54 метр труба зээлээр Улаанбаатар хотоос зөөж тээвэрлүүлэн худалдан авсан, өрмийн араа хүйтний улмаас цан цохигдон элэгдэж удаа дараа Завхан аймаг руу явж токарьт зоролт хийлгэсэн, шинээр захиалж хийлгэсэн байгааг Ж.Н нь тодорхой мэдэж байгаа билээ. Ж.Н нь худгийн үлдэгдэл төлбөртөө үхрийн мах өгч Улаанбаатар хот руу манай компанийн автомашинд ачуулсан боловч махаа хотод хүргүүлж аваад тандаг хүнээ дуудаж түүндээ худалдан борлуулчхаад төлбөр тооцоог маань барагдуулахгүй сураггүй алга болсон байдаг. Манай зүгээс удаа дараа түүнтэй холбогдох гэж утсаар нь залгасан боловч утсаа авахгүй, эсвэл салгаж шалтгаангүйгээр төлбөрийг маань төлөхөөс зайлсхийж байсан. Тосонцэнгэл суманд түүний ажиллуулдаг “Ж” гэх хоолны газар байдаг ба уг газарт нь 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлбөр тооцоогоо барагдуулахыг шаардаж албан тоотыг хүргүүлсэн. Уг албан бичгийг түүний төрсөн хүүд нь гардуулж өгсөн байдаг. 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Н нь албан бичгийн дагуу утсаар залгаж төлбөр тооцоогоо төлж барагдуулах талаараа мэдэгдсэн ба удахгүй Улаанбаатар хот руу очно, тэр үедээ төлбөрийг маань өгнө гэсэн боловч одоог хүртэл төлж барагдуулахгүй байна. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн гүний худаг өрөмдлөгийн ажлын хөлс, насос тоног хэрэгслийн үнэ, өрөмдлөгийн ажилд зарцуулсан хүйтний улирлын нэмэгдэл зардал зэргийн төлбөр болох 9,100,000 төгрөгийг хариуцагч Ж.Наас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Нэхэмжлэгч Э,у,н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагч Ж.Н бид харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгч тал анх нэхэмжилсэн 9,100,000 төгрөгийг 3,000,000 төгрөг болгон багасган, хариуцагч Ж.Н нь нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор “Э У н” ХХК-ний Хаан банкны ............... тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав...” гэж бичиж тэмдэглээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э у н” ХХК нь хариуцагч Ж.Нт холбогдуулан гаргасан 9,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, мөн зүйлийн 26.3-т “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй…” гэж тус тус зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “...Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно” гэж заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлжээ.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “...Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заажээ.

Иймд зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохиогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,550 төгрөгийн тал хувь болох 80,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 80,275 төгрөг, хариуцагч Ж.Наас 80,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Э У н” ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Э у н” ХХК-ийн хариуцагч Ж.Нт холбогдуулан гаргасан 9,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч “Э У н” ХХК нь анх нэхэмжилсэн 9,100,000 төгрөгийг 3,000,000 төгрөг болгон багасган, хариуцагч Ж.Н нь нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор “Э У н” ХХК-ийн Хаан банкны .............. тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,550 төгрөгийн тал хувь болох 80,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 80,275 төгрөг, хариуцагч Ж.Наас 80,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Э У н” ХХК-д олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч Ж.Н нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ДОРЖБАЛ