| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/01614/И |
| Дугаар | 192/ШШ2025/01962 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/01962
2025 03 17 192/ШШ2025/01962
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, Бодь цамхаг, “Бодь-Интернэшнл” ХХК-ийн байранд байрлах “Голомтбанк” ХК (*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (),
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* () нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 75,165,414.55 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Голомтбанк” ХК нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75,165,414.55 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч нар нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж, 62,200,000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээл авсан байдаг. Талууд зээлийн гэрээндээ орон сууцаа ипотекийн гэрээ байгуулж барьцаалсан. Зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу зээлээ төлөхгүй 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 55,913,343 төгрөг, зээлийн хүү 8,440,211 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,937 төгрөг, даатгалын өр 133,808 төгрөг нийт хугацаа хэтэрсэн 286 хоног болж нийт төлбөр болох 64,503,301 төгрөгийг төлөөгүй байна. Ингэснээр манай талаас гэрээний 4.4 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан байдаг. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийт 75,165,414 төгрөг гаргуулахаар болсон байгаа. 10,662,113 төгрөг нь зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүд нэмэгдсэн байгаа гэжээ.
2.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2022 оны 05, 12 дугаар сард зээлдэгч Б.******* нь тархиндаа харвалт өгч, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан ч гэсэн зээлийг 2023 оны 05 дугаар сар хүртэл хуваарийн дагуу төлж байсан ба зээлийн гэрээний даатгалтай холбоотойгоор “Мандал даатгал” ХХК-нд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 онд нэхэмжлэл гаргасан. Энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь “Мандал даатгал” ХХК гэж үзэж байгаа гэж тайлбарлаж байна.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “Голомтбанк” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, “Орон сууцны зээлийн гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Ипотекийн гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүү тооцооллын баримт,
Хариуцагч талаас Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн “ийг харгалзан дэмжигчээр тогтоох тухай” А/23 дугаар захирамж, хариу тайлбар, итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75,165,414.55 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлдэгч нар нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж, 62,200,000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээл авсан байдаг. Талууд зээлийн гэрээндээ орон сууцаа ипотекийн гэрээ байгуулж барьцаалсан. Зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 4.4 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 75,165,414 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ зээлдэгч Б.******* нь 2022 оны 05 болон 12 дугаар сард тархиндаа харвалт өгч, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан тул жинхэнэ хариуцагч нь “Мандал даатгал” ХХК гэж тайлбарлаж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан. (хавтаст хэргийн 10-13 дахь тал)
4.2.Дээрх гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-аас 62,200,000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн. (хавтаст хэргийн 10 дахь тал)
4.3.Хариуцагч нар нь зээлийн гэрээний хавсралт, зээл буцаан төлөх хуваарийг зөрчсөн буюу 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийг эргэн төлөөгүй. (хавтаст хэргийн 17 дахь тал)
5.Зохигч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтын хувьд маргаангүй байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа үүссэн, тус гэрээний дагуу зээлдүүлэгч талаас мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүрэг үүсжээ.
6.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заасны дагуу хариуцагч нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
7.Зээлдэгч нарын хувьд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 55,913,343.64 төгрөг, зээлийн үндсэн хүү 8,440,211.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,937.88 төгрөг гэх нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй байна.
Харин зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 2020 онд буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнөх гэрээ байх тул хэтэрсэн хугацааны хүү шаардсаныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй юм.
8.Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” зааснаар зохигч талууд зээлийн гэрээний үүргээ эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо, Яармаг /17110/, Наадамчдын зам гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 55.8 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотекийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь ипотекийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 55,913,343.64 төгрөг, зээлийн үндсэн хүү 8,440,211.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,937.88 төгрөг, нийт 64,503,301.2 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, уг төлбөрийг хариуцагч нар нь сайн дураар төлөөгүй тохиолдолд ипотекийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын 10,662,113.35 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 736,211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 550,666.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******, Б. нараас 64,503,301.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 10,662,113.35 төгрөгийн хэсгий хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******, Б. нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо, Яармаг /17110/, Наадамчдын зам гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 55.8 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 736,211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 550,666.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД