| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2310000002157 |
| Дугаар | 2024/ДШМ/366 |
| Огноо | 2024-03-26 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ДШМ/366
2024 3 26 2024/ДШМ/366
Б.Нт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өлзийжаргал,
шүүгдэгч Б.Н,
нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Нийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2310000002157 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Цэцэн Чоймбол овгийн Б.Н, 1999 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Апдархаан суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Анагаах Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн 6 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын 2 дугаар баг, Аргалантын 00 тоотод оршин суудаг, /РД:ИА99010903/,
Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Тэлмүүн” хотхоны автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн П.А өмчлөлийн 35-60 УББ улсын дугаартай “Тоёота приус 30” загварын автомашины 4 дугуй, 2 толь, шил арчигчийг хугалж, салхины шилийг хагалж, копуд, крылон, 4 хаалга зэргийг зурж гэмтээж 2,520,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Нямцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цэцэн Чоймбол овгийн Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суудаг Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нээс 2,760,000 /хоёр сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Аэд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Нээс 174,000 /нэг зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Аэд олгож, шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдолдоо: “...Миний бие хохирогч П.А гомдлыг барагдуулсан ба 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг цуцалж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэргийн 37-оос 47 дугаар талд авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Нийн оршин сууж байгаа хаяг нь Завхан аймгийн Алдархаан сумын Аргалантад оршин суудаг гэж авагдсан. Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, ямар нэгэн байдлаар санхүүгийн эх үүсвэр олдог ажил эрхэлдэг гэх нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй учраас улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад төрлийн ял оногдуулах нь шүүгдэгч Б.Нийн үйлдсэн гэмт хэрэг болоод хувийн байдалтай тохироогүй гэж үзсэн учраас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтооолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Нийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Н нь:
2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Тэлмүүн” хотхоны автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн П.А өмчлөлийн 35-60 УББ улсын дугаартай “Тоёота приус 30” загварын автомашины 4 дугуй, 2 толь, шил арчигчийг хугалж, салхины шилийг хагалж, копуд, крылон, 4 хаалга зэргийг зурж гэмтээж 2,520,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн П.А “...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн орчимд автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 35-60 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулж тавьсан байсан. 22 цаг 30 минутын орчимд гэртээ унтаж амарч байхад манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь харсан чинь манай нөхөр Нямгэрэлийн хуучин салсан эхнэр Нямцэцэг байсан. Тэгэхээр нь хаалгаа тайлаагүй, ямар нэгэн юм хаалганы наана цаанаас яриагүй. Тэгсэн чинь манай гэрийн хаалгыг төмрөөр хөшөөд байсан, тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Цагдаа ирээд “энэ эмэгтэй гэртээ орно гээд байна, хаалга онгойлго” гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь би “наад эмэгтэй чинь манай нөхрийн хуучин салсан эхнэр нь байгаа юм, би наад эмэгтэйгээс чинь айж байна, гэрийн хаалгаа тайлах боломжгүй” гэж хэлсэн. Ингээд цагдаа нар “наад гэр бүлийн асуудлаа дотроо шийд” гэж хэлээд явсан. ...Тэгээд 00 цаг 40 минутын үед Нямгэрэл нь зогсоол дээр байсан миний машиныг өшиглөөд цохиод байсан, бас нэг үзүүртэй юмаар зураад байсан, толийг нь өшиглөөд байсан, миний машиныг эвдэж байгаад яваад өгсөн. Тэгээд өглөө машинаа үзээд эвдэрсэн байсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан. Миний машины 4 дугуйг үзүүртэй зүйлээр чичилж хагалсан байсан, 2 толийг хагалсан, урд салхивчны шилийг бага зэрэг хагалсан, урд копуд дээр миний нэрийг үзүүртэй зүйлээр бичсэн байсан, 4 талын хаалгыг бүгдийг нь зурж гэмтээсэн байсан, урд хоёр крылог зурсан байсан, мөн жолоочийн хажуу талын жижиг салхивчны зүйлийг бас зурж гэмтээсэн зэрэг эвдрэлүүдтэй байсан. ...” /хх 16/,
Д.Нямцэцэгийн яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 22 цагийн орчимд Нямгэрэлтэй уулзах гээд 5 давхрын 157 тоотод очиж хаалгыг нь тогшиход эмэгтэй хүн дугарахаар нь би Авирмэд Нямгэрэлтэй хамт байгааг мэдээд 2-оос 3 цаг тус хаалгыг тогшоод огт онгойлгож өгөхгүй байсан учир би уурандаа тухайн байрнаас гарч байрны гадаа байсан Авирмэдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ойр хавьд газар байсан төмөр үзүүртэй зүйл байхаар нь би аваад тухайн машины 4 дугуйны цоолж, 2 талын толийг нь хугалж аваад, урд талын 2 шил арчигчийг нь хугалж аваад, урд талын хамар дээр нь Авираа гэж үзүүртэй зүйлээр зураад, баруун урд шилийг бага зэргийн зурсан. Нямгэрэл бол миний нөхөр байгаа юм. 2017 онд анх танилцаад гэр бүл болоод дундаасаа хоёр хүүхэдтэй болсон. ...Би анхнаасаа тухайн машиныг эвдэлж сүйтгэх санаа бодол зүйл байгаагүй. Харин Нямгэрэлтэй уулзах гэж очиход Авирмэд гэх эмэгтэй уулзуулахгүй байсан учир ийм асуудал үүссэн, харин машиныг эвдэлсэн асуудлыг би хүлээн зөвшөөрч байна. .../хх 34-35/ гэх мэдүүлгүүд,
дуудлага лавлагааны хуудас /хх 6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-9, 10-11/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх 22-23/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Нямцэцэгийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Нямцэцэгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Д.Нямцэцэг “...Миний бие хохирогч П.А гомдлыг барагдуулсан ба 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг цуцалж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах хууль зүйн боломжтой гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Нямцэцэг нь Баянзүрх дүүрэг 5 дугаар хороолол тарвилан хотхон 48д байр 7 давхарт 54 тоотод оршин суудаг, мөн тэрээр “Этүгэн” Их сургуулийн 6 дугаар дамжааны оюутан бөгөөд уг сургуулийн байр нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг болох нь тогтоогдсон тул энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 заалтуудад зохих өөрчлөлийг оруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Д.Нямцэцэгийг Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгч Д.Нямцэцэгийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал болон хувийн байдалд дүгнэлт хийж, анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд багасгаж, хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолын
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нийг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суудаг Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ