Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0380

 

2025 05 20 128/ШШ2025/0380

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Б.Т*******,

Хариуцагч: нийслэлийн С******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Н*******, Л.О,

Гомдлын шаардлага: Сонгино хайран дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э*******гийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Б.Т*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч Ц.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******, Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Б.Т******* нь С******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э*******д холбогдуулан С******* дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.

1. Иргэн Б.Т******* 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд аас С******* дүүргийн 11 дүгээр тойрогт нэр дэвшсэн байна.

2. С******* дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э******* нь Үндэсний аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот албан бичгээр ирүүлсэн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 11 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Т******* нь сонгуулийн зардлын данс нээсэн банкны нэр, дансны дугаарын мэдээллийг Аудитын байгууллагад ирүүлээгүй гэх бүртгэлийн ******* дугаартай гомдол мэдээллийг шалгаад, сонгуулийн дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулсан талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ.

3. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1. Миний бие 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд С******* дүүргийн 11 дүгээр тойрогт аас нэр дэвшиж бүртгүүлсэн боловч гэр бүлд гэнэтийн гачигдал гарч сонгуульт ажилд оролцоогүй учир банканд зардлын болон хандивын данс нээлгээгүй, энэ талаараа дүүргийн татварын хэлтэс хүсэлт гаргасан,

3.2. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар дансаа бүртгүүлээгүй гэх агуулгаар зөрчилд тооцож, шийтгэл оногдуулж байгаа нь зардлын данс нээгээгүй нэр дэвшигчээс данс бүртгүүлэхийг шаардах нь хууль бус гэжээ.

4. Гомдол гаргагч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С******* дүүргийн татварын байцаагч Ц.Э******* нь миний нэр дээр зөрчлийн хэрэг үүсгэж 10,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан байгаа. Тухайн үеийн болсон процессыг яривал аас намайг шинэ гишүүнээр бүртгэж сонгуульд оролцуулахаар болсон. Гэнэт төлөвлөгдөөгүй болон хүндэтгэн үзэх шалтгаан гарсан. Тэр нь юу гэхээр миний эгч Б.У*******гийн нөхөр нь ажлын байрандаа гэнэт ухаан алдаж 06 дугаар сарын 05-ны өдөр нас барсан. Тус үндэслэлийг би татварын байцаагчид очиж мэдүүлэг, тайлбар өгөхдөө хэлж байсан. Мөн манай аав 2021 онд уушгины ховор хэлбэрийн хорт хавдартай гэж оношлогдоод одоо хүртэл эмчилгээ хийлгүүлээд явж байгаа. Ийм гэнэтийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан аавын маань тогтвортой байсан биеийн байдал нь эрс муудсан учраас асрах шаардлага гарсан. Тухайн үед би мэдүүлэг өгөөд явж байхдаа эмнэлэгт аавыгаа асарч байсан нөхцөл байдлаа тайлбарлаж хэлсэн. 2024 оны 06 дугаар сард намын менежер болох н.******* гэдэг залуу байсан. Тэр хүнд надад ийм гэнэт ажил явдал гарчихлаа би сонгуульд оролцох боломжгүй боллоо гэдгээ тухайн үед намын байрандаа очиж тайлбар өгч байсан. Энэ нөхцөл байдалд холбогдуулан Ц.Э******* нь намайг хандивын данс нээгээгүй болон дансаа бүртгүүлээгүй гэдэг үүднээс 10,000,000 төгрөгийн торгууль тавьсан. Ийм нөхцөл байдал үүссэн болохоор хандивын данс нээлгэх боломжгүй байсан гэдгийг тухайн үед мэдүүлэгтээ тайлбарлаж байсан. Тухайн үед мэдүүлэг өгөхдөө нам дээрээ очоод ийм нөхцөл байдалтай байсан та хэд яагаад энэ асуудалд оролцохгүй байгаа вэ, би оролцоогүй гэдгийг нотлоод өгөөч гэхэд намаас намайг оролцоогүй, хандивын данс нээгээгүй. Хэрэв оролцсон байвал сонгуультай холбоотой зардлыг бид нар гаргаж өгөх бүрэн боломжтой байсан гэдэг албан бичгийг хүргүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

5. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хандивын дансаа бүртгүүлээгүй гэдэг дансны асуудал байгаа. Б.Т*******гийн хувьд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, Сонгуулийн ерөнхий хорооноос ирсэн хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд байгаа баримтыг харахаар намын нэрийн өмнөөс нэр дэвшиж байгаа тохиолдолд заавал хувь хүн данс нээлгэх шаардлагагүй. Яагаад гэхээр дансыг нэгдсэн журмаар намынхаа нэр дээр нээж байгаа учраас намын нэрийн өмнөөс нэр дэвшигч дансгүй явж болно гэсэн зохицуулалттай байгаа. Б.Т*******гийн хувьд данс нээлгэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Нам нь бүх санхүүжилтийг гаргасан. Гаднаас ямар нэгэн санхүүжилт, хандив аваагүй. Намаас нэр дэвшихдээ сонгуульд нэр дэвшихтэй холбоотой зардлаа гаргаж чадахгүй нам хариуцна гэхээр нам нь хариуцна гээд шинээр бүртгэж аваад хүмүүс нэрээ дэвшүүлсэн байна. Тэгэхээр нам тухайн зардлыг өгч данс тооцоогоо гаргаад явж байгаа тохиолдолд Б.Т*******гийн хувьд данс нээх шаардлага байхгүй. Тийм учраас данс нээгээгүй. Нэгэнт нээлгээгүй дансыг бүртгүүлэх ёстой гэж торгууль шийтгэл тавьсан нь бодит үндэслэлгүй. Данс нээчхээд бүртгүүлээгүй бол зөрчил гэж хуулийн агуулгаас уншигдаж байна. Өөрөөр хэлбэл дансыг бүртгүүлэх мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж зарцуулах талаар хуульд заасан журам зөрчсөн бол гэж байгаа. Данс нээлгээгүй, данс нээлгэх шаардлагагүй тохиолдолд бүртгүүлээгүй гэж буруутгах хуулийн боломжгүй гэж харагдаж байна. Сонгуулийн ажилд аас нэр дэвшсэн боловч ар гэрийн гачигдлаас болоод оролцоогүй. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Ийм бодит шалтгааны улмаас сонгуулийн ажилд оролцож чадахгүй явлаа, аавыгаа асрах, ажил явдалд оролцлоо гэдэг баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нөхцөл байдлаа намын хүмүүстээ хэлээд явсан байна. Гэтэл хариуцагчийн хариу тайлбараас харахад нэрсийн жагсаалтад нэр нь байгаа, сонгуульд 0,07 хувийн санал авсан гэж байна. Нэрсийн жагсаалтад нэгэнт орчихсон тохиолдолд тэрийг яаж хасах вэ гэдэг асуудал нам сонгуулийн хорооны асуудал болохоос хувь хүний асуудал биш. Энэ хүн намынхаа нэрийн өмнөөс нэр дэвшээд намдаа тайлбар өгөөд хэлээд яриад явчихсан. Татварын улсын байцаагчийн хувьд миний ойлгож байгаагаар энэ асуудлыг нарийн шалгаж үзээгүй байна. Нам тайлангаа өгсөн байна уу, намд хэдэн төгрөгийн санхүүжилттэй, Б.Т*******гийн сонгуулийн ажилд хэдэн төгрөгийг зарцуулчихсан байна гэж шалгаагүй. Яагаад үүнийг хэлээд байна гэхээр сонгуулийн хувьд данстай холбоотой асуудлыг Татварын албанд харьяалуулан шалгадгийн цаад учир нь хууль бусаар мөнгө олж уу, татвар төлж үү, үгүй юү гэдэг асуудал байгаа. Тэндээс хүн нэр дэвшээд хандив авна уу, өгнө үү тэр асуудал биш. Мөнгөтэй холбоотой асуудал байгаа. Тэгэхээр татварын улсын байцаагч ын дансыг нь шалгаад үнэхээр Б.Т*******д мөнгө зарцуулж уу, үгүй юү гэдгийг нь шалгасан бол энэ асуудал үүсэхгүй гэж үзэж байна.

5.1. Сонгуулийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиа мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч нухацтай хүлээж авч үзээгүй учраас энэ асуудалд хариуцагч учир дутагдалтай хандсан гэж ойлгогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа үг, таслал бүхэн утгатай. Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлнэ гэж байгаа. Нээгээгүй бол торгоно гэсэн хуулийн заалт байхгүй. Данс заавал нээлгэх ёстой юу гэхээр Сонгуулийн ерөнхий хороо анхан шатны бүх нэгжүүд Татварын байгууллагад чиглэл өгчихсөн байгаа. Хэрэв намаас нэр дэвшиж байгаа бол нэр дэвшигч данс нээх шаардлагагүй. Данс нээхгүй бол бүртгүүлэх, тайлагнах зүйл байхгүй. Зөрчлийг шалгахдаа намын гаргасан зөрчил байна уу, хувь нэр дэвшигчийн гаргасан зөрчил байна уу, Эсвэл сонгуулийн байгууллагын гаргасан зөрчил байна уу гэдгийг нарийн шалгаж тогтоох байсан. Энэ ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Хяналт шалгалтын ажиллагаагаар зөрчлийг хөдөлбөргүй тогтоох ёстой гэж шүүгч хэллээ. 10,000,000 төгрөг гэдэг өнөө үед маш их мөнгө. Би өөрөө энэ чиглэлийн ажил хийдэг учраас хүн торгоход их хэцүү байдаг. 10,000,000 төгрөгөөр хүн торгоно гэдэг хүнээс анхаарал болгоомж их шаардсан ажил. Би эрхтэй учраас торгож болно гэдэг байдлаар хандаж болохгүй. Ц.Э******* энэ хүнд шийтгэл оногдуул эсвэл энэ намын хүмүүст торгуул оногдуулж хариуцлага хүлээлгэ гэсэн чиглэл өгсөн зүйл байгаа биш биз гэсэн сэтгэгдэл төрж байна. Түүнээс хувьдаа энэ хүн энэ мөнгийг аваагүй. Тэгээд өөрөө хуульд байхгүй үг үсэг бичээд заавал торгох гээд байгаа учраас ингэж бодож байна. Үүний цаана Татварын газрын дарга, ахлах мэргэжилтэн гэдэг ч юм уу тэр нь намын шугамаар чи заавал арга хэмжээ ав гэдэг зүйл байдаг биш биз гэсэн бодол төрж байна. Тэгэхдээ надад баримт байхгүй. Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас бодит үндэслэлгүй. Данс нээгээгүй бол торгоно гэсэн зүйл байхгүй. Сонгуульд оролцож байгаад янз бүрийн шалтгаанаар больдог. Хорих ялаар шийтгэчхээд тайлангаа өгөөгүй гээд торгуулаад байвал ямар санагдах вэ. Ар гэрийн шалтгаанаар явчихсан хүнийг данс нээгээгүй гээд амьдралаас тасарчихсан зүйлүүд байгаад байна. Ийм учраас бодит үндэслэл талаасаа үндэслэлгүй байна. Хуульд бүртгүүлээгүй, тайлагнаагүй, төвлөрүүлээгүй гэсэн зөрчлүүд байгаа. Тэгэхээр данс нээгээгүй, хандив тусламж аваагүй, хувь хүнээс сонгуулийн зардал гаргах гээд дансандаа мөнгө байршуулаагүй тохиолдолд өөрсдөө зохиож бичээд торгоно гэдэг учир дутагдалтай байна. Ийм учраас хууль зүйн бодит үндэслэлгүй татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч тал сонгуульд оролцож чадаагүй, оролцоогүй учраас данс нээгээгүй, бүртгүүлээгүй тайлагнаагүй гэж ярьж байна. Сонгуулийн тухай хууль 2019 онд шинэчлэгдээд 2020 оноос дагаж мөрдөгдсөн. Сонгуулийн тухай хуульд сонгуульд оролцож байгаа нам эвсэл нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүжилтийг ил тод байлгах үүднээс сонгуулийн зардалтай холбоотой зохицуулалтуудыг шинээр оруулж өгсөн. Энэ зохицуулалтууд нь Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар бүлэгт сонгуулийн зардал гээд гаргачихсан. Энд 49 дүгээр зүйлээс эхлээд сонгуулийн зардал гэж юу болох, сонгуулийн зардлын дээд хэмжээ бүх зүйлийг заагаад өгчихсөн. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа данс нээгээгүй талаар ямар зөрчил илэрч байна гэдгийг авч үзье. Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дах заалт байгаа. Энэ нь нам эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигч, сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон Банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ. 51 дүгээр зүйлийн 51.4-д нам эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй гэсэн заалт байгаа. Энэ заалтуудыг зөрчилд холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэгтээ эдгээр хуулийн заалтуудыг мэддэггүйгээс болоод энэ зөрчилд холбогдлоо. Тийм учраас шийтгэлээс чөлөөлж өгнө үү гэсэн байдлаар мэдүүлгээ өгсөн байдаг. Тэгэхээр энэ хуулийн заалт нь сонгож хэрэглэх, сонгуулийн үйл ажиллагаанд оролцоогүй учраас данс нээхгүй байх боломжтой гэдэг байдлаар тайлбарлах заалт биш. Дансаа нээж, бүртгүүл гэдгийг үүрэг болгосон заалт байгаа. Сонгуульд оролцоогүй гэж ярьж байна. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг бүртгэх гэдэг заалт байна. Нэр дэвшигчээ бүртгэхдээ сонгуулийн холбогдох баримт бичгүүдийг өөрөөс нь зөвшөөрөл болон 10 гаруй төрлийн баримт бичгүүдийг шаардаж аваад үүний үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээ бүртгэх шийдвэрийг гаргадаг. Нэр дэвшигчээ бүртгэх шийдвэр гарснаас хойш нэр дэвшигч татгалзахыг хориглоно гэсэн Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.13-д заасан байдаг. Мөн хуулийн 32.14-д нэр дэвшигчийн эрх нь үнэмлэх авснаас эхэлж, санал хураалтын албан ёсны дүн гарснаар дуусгавар гээд заачихсан. Зөрчлийн тухай хуульд Сонгуулийн хууль тогтоомж зөрчих гээд 17 дугаар зүйлийн 1 гэсэн заалт байгаа. 17 дугаар зүйлийн 17.1.5-д нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээр бүртгэгдсэн этгээд нэр дэвшихээс татгалзсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн тусдаа байдаг. Ийм учраас нэр дэвшигчээ бүртгэх шийдвэр гарсан өдрөөс хойш нэр дэвшигчээс өөрөө татгалзах эрх байхгүй гэдгийг заагаад өгчихсөн. Холбогдогч би хандив аваагүй учраас данс нээх шаардлагагүй гээд яриад байна. Тэгэхээр сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ гэж байгаа. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал гарна. Үүнийг цаашид сонгуулийн зардал гэж нэрлэнэ гэж байгаа. Сонгуулийн зардал нь дараах хөрөнгөөс бүрдэнэ. Үүнд нь хандив, намын хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс бүрдэнэ. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т Сонгуулийн зардлын хөрөнгийн мөнгөн хөрөнгийг хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж зарцуулна. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т Сонгуулийн данснаас өөр дансанд мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулахыг хориглоно. Мөн данс нээгээгүй, тайлагнаагүй гэдэгтэй холбоотой Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд сонгуулийн зардлын данс, 52 дугаар зүйлд сонгуулийн зардлаас зарлага гаргах, 57 дугаар зүйл сонгуулийн зардлын тайлан гэдэг заалтууд зөрчигдөөд байгаа. Гэтэл хуулийн заалтыг нарийвчилсан зохицуулалт буюу журмаар зохицуулж өгч байгаа. Үүнийг Монгол улсын ерөнхий аудиторын 2024 оны******* дүгээр Журам шинэчлэн батлах тухай гэдэг тушаал байгаа. Тус журмаар тайлан, маягт зааварчилгааг тусгаж өгсөн байгаа. Тус журмын 1.1 дүгээр зүйлд нь Монгол Улсын их хурлын сонгуульд оролцож байгаа нам эвсэл нэр дэвшигч, сонгуулийн санхүүжилтийг хуулиар зөвшөөрсөн бодит эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулах талаар тайлагнах, мөн дүгнэлт гаргах сонгуулийн санхүүжилтийг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд энэ журмын зорилго оршино гэж байгаа. Хуулийн заалтуудаа дэлгэрэнгүй байдлаар журмаар зохицуулж өгсөн байна. Журмын 3.1-д Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар сонгуульд оролцож байгаа нам эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн төсвийн төгрөгийн нэг данстай байна. Тус бүрдээ данс нээсэн байна. Журмын 3.4-д нам эвсэл, нэр дэвшигч, сонгуульд оролцогчоор бүртгүүлэх тухай шийдвэр гарснаас хойш нам эвсэл, нэр дэвшигч, хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газар бичгээр бүртгүүлнэ. Эдгээр журам, хуулийн заалтууд зөрчигдөж байгаа учраас эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтаар торгуулийн арга хэмжээ авсан. Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрдөг. Харин торгуулийн хэмжээ өндөр учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг зүйл хэлдэг. Хуульд торгуулийн хэмжээг тодорхой заагаад өгчихсөн учраас эрх бүхий албан тушаалтан заалтынхаа дагуу торгуул оногдуулах учраас буулгаж шийтгэлийн хуудас бичих боломжгүй. Зөрчлөөр тогтоогдож байгаа зөрчлийг татгалзах, болон хаахаар шийдвэрлэвэл Авлигатай тэмцэх газраас бусдад давуу байдал олгосон гэж байцаагч өөрөө шалгагдах нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр байцаагч бол хуулийн дагуу шийдвэрлэсэн. Зөрчлийн тухай хуульд зөвхөн сонгуулийн дансыг бүртгүүлэх гэсэн заалт байгаа гэж тайлбарлаж байна. Гэхдээ бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулахдаа хуульд заасан журам зөрчсөн гэж байгаа. Энэ нь сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх талаар хуульд заасан дүрмийг зөрчсөн тохиолдолд болон дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж байгаа учраас Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтаар торгох нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар шүүх гомдлын шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. С******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э******* нь Үндэсний аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот албан бичгээр ирүүлсэн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 11 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Т******* нь сонгуулийн зардлын данс нээсэн банкны нэр, дансны дугаарын мэдээллийг Аудитын байгууллагад ирүүлээгүй гэх бүртгэлийн ******* дугаартай гомдол мэдээллийг шалгаад, сонгуулийн дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулсан талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэн, 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч эс зөвшөөрч ...миний бие нэр дэвшиж бүртгүүлсэн боловч ар гэрийн гачигдлаар сонгуулийн ажиллагаанд огт оролцоогүй, сонгуулийн зардлын данс нээлгээгүй байхад зардлын дансаа бүртгүүлээгүй гэж буруутгасан нь хууль бус... гэж тайлбарлан маргаж байна.

2. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигч сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ, 51.4-д нам эвсэлд нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийг санал авах өдрөөс 15 доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдүүлж бүртгүүлэх үүрэгтэй гэж, Монгол улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн******* дүгээр тушаалаар баталсан Монгол улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам-ын 3.4-д нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгууль оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр хүргэнэ гэж тус тус зааснаас үзвэл нам, эвсэл болон нэр дэвшигч эрх бүхий байгууллагаас бүртгэх шийдвэр гарснаас хойш сонгуулийн зардлын дансыг нээлгэж, санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийг бүртгүүлэх үүргийг хүлээхээр байна.

3. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын дансыг нээх, түүнийг бүртгүүлэх үүргийг хүлээсэн байх бөгөөд энэхүү маргааны үйл баримттай холбогдуулан үзвэл аас нэр дэвшигч Б.Т******* нь нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа ар гэрийн гачигдал гарч сонгуулийн үйл ажиллагаанд оролцоогүй болохыг зөрчлийг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

4. Хүндэтгэн үзэх шалтгаанд онцгой нөхцөл шалтгаанууд орох ба тэдгээр нөхцөл байдлуудыг тодорхой нотлох баримтад тулгуурлан хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэхийг тогтоох шаардлагатай. Хүндэтгэн үзэх шалтгааныг Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д дараах байдлаар тодорхойлж заасан. Үүнд:

Өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан, томилолтоор гадаад, дотоодод ажилласан, сургалтад хамрагдсан, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг нөхцөл байдал зэрэг үндэслэлүүдийг хүндэтгэн үзэх шалтгаан болно гэж үзсэн бөгөөд гомдол гаргагчийн тухайд өвчтөн асарч гадаад улсад эмчлүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас сонгуулийн зардлын данс нээгээгүй учраас бүртгүүлэх үүргээс чөлөөлөгдөхөөр байна.

5. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газраас 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг зөвхөн намын өөрийн хөрөнгөөс бүрдүүлж байгаа тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой. данс нээсэн бол төрийн аудитын байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх тухай 3/118 дугаартай албан бичгийг ын даргад хүргүүлснээс байх бөгөөд эндээс данс нээгээгүй зөвхөн намаас зардлыг гаргасан бол тус намаас нэр дэвшигчийг данс нээхийг шаардахгүй, харин данс нээсэн бол бүртгүүлэхийг үүргийг хуулиар хүлээлгэсэн болох нь тогтоогдож байна.

6. Нөгөөтэйгөөр эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байна.

7. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгино хайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э*******гийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Б.Т*******гаас С******* дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Э*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С******* дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э*******гийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ