Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 141/ШШ2025/00116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн даргаар П.Ган-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч .................... багт оршин суугч З овогт Ш Г ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие бага наснаас эхлэн эцэг эхийн хамт мал малласан бөгөөд Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт бригадын бага сургуульд суралцаж бага боловсрол эзэмшсэн. Түүнээс хойш одоог хүртэл гэр бүлийн хамт мал маллаж амьдарч байна. Цэрэгт яваагүй. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд намайг 1985 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант компанид грушикчинээр  ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “..Миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн туслах үйлдвэр бригадад грушикчнээр ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлттэй байна. Мөн манай гэр бүл ............. түр хугацаагаар ажиллаж амьдарч байгаа учраас өөрийн биеэр шүүх хуралдаанд очих боломжгүй байгаа тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгч Ч Ш.Г нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Г нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Г нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн туслах үйлдвэр бригадад грушикчнээр ажиллаж байсан болох нь:

- Зарагч овогт Ш Г.......... дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,

- Завхан аймгийн Архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/813 дугаартай “...1985-1990 онд Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Туслах үйлдвэр бригадад грушикчнээр ажиллаж байсан Г.Г, суурийн ахлагч Г.Ш нарын цалингийн тодорхойлолтыг олгов гээд 1985 онд 1041,63 төгрөг, 1, 6, 7, 9, 11 сар / Шагдар нэрээр/, 1987 онд 82,80 төгрөг, 2, 6 сар /Ш.Г нэрээр/, 1988 онд 275,2 төгрөг, 11 сар, /Ш.Г нэрээр/, 1989 онд 1858,40 төгрөг, 1-5, 7-9 сар /Г.Шагдар нэрээр/,  1990 онд 1560,42 төгрөг, 1-10 сар /Г.Шагдар нэрээр/...” гэсэн лавлагаа,

 

- Гэрч Ё.У: “...Би Ш.Гтай хамт ажиллаж байсан учраас түүний ажил хийж байсан талаар сайн мэднэ. Ш.Г х нь намайг 1985 онд Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн туслах үйлдвэр бригадад грушикээр ажиллаж байхад 1987 онд грушикээр ажилд орж байсан. Ш.Г бид хоёр  туслах үйлдвэр бригадад 1987 оноос 1988 оныг дуустал грушикээр ажиллаж байсан. Тухайн үед грушик нь бараа буулгах, өвс хадах, солоом ачих, тэжээл буталж уутлах зэрэг бүх л туслах ажлыг хийдэг байсан. Тэр үед нэгдлийн дарга Дашпунцаг, бригадын дарга нь Р нар гэдэг хүмүүс ажиллаж байсан. Бид нар цалин хийснээрээ буюу дээд тал нь 200 төгрөгийн цалин авдаг байсан...” гэсэн мэдүүлэг,  

- Гэрч Л.П: “...Би Ш.Гтай нэг нутагт ажиллаж амьдарч байсан учраас ажиллаж байсан талаар сайн мэднэ. Ш.Г 1987 онд Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн туслах үйлдвэр бригадад грушикээр ажиллаж байсан. Бид нар нэг нэгдэлд харьяалагдаж ажиллаж байсан учраас Ш.Г нь туслах үйлдвэр бригадад 1987 оноос 1988 оныг дуустал грушикээр ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Ш.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан З овогт Ш.Г 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн туслах үйлдвэр бригадад грушикчинээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ДОРЖБАЛ