2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/04264

 

2025 05 20   192/ШШ2025/04264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн **-р хороо, чингисийн өргөн чөлөө, М ХК, өөрийн байранд байрлах М ХК /РД:2*****4/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, жаргалан хотхон, **-р байр, 6-р орц, ** тоотод оршин суух Д.Б /РД:ЧИ*********1/-д холбогдох,

 

2,657,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т

Хариуцагчийн өмгөөлөгч Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М ХК нь 2015.06.22-ны өдөр К ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж 1,340,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд К ХХК-ийн захирал Д.Э хамаарал бүхий этгээд /төрсөн дүү/ болох Д.Б нь М ХК болон К ХХК-иудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний үүргийг батлан дааж батлан даалтын гэрээг байгуулсан юм. Улмаар зээлдэгч К ХХК-иас 2017.06.22-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасан бөгөөд 2015.06.22-ны өдрийн зээлийн гэрээ 2017.12.31-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгагдсан ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2в-д хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Зээлдэгч К ХХК болон батлан даагч Д.Б нар нь нийт 20,000,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй ба үндсэн зээл 1,340,000,000, хүү 915,000,000 төгрөг, алданги 650,000,000 төгрөг буюу нийт 2,905,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Батлан даагч Д.Б болон зээлдэгч нарын зүгээс зээлийн болон батлан даалтын гэрээний үүргийг Сүхбаатар дүүргийн **-р хороо, **-р хороолол /14250/, Сөүлийн гудамж, **а тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө /70 хувийн гүйцэтгэлтэй/-өөс гүйцэтгэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл тухайн хөрөнгөөр төлбөрийг төлж барагдуулаагүй юм. Иймд Зээлийн гэрээний батлан даагч Д.Б-аас нийт 2,905,000,000 төгрөг гаргуулж өгөх гэж анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин одоо 248,000,000 төгрөгөөр багасгаад 2,657,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхтай 2015.06.22-ны өдөр К ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж 1,340,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд К ХХК-ийн захирал Д.Э , Д.Б нь М ХК болон К ХХК-иудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний үүргийг батлан дааж батлан даалтын гэрээг байгуулсан юм. 2015-06-22 ноос хойш сунгаж өгөөч ээ гээд 2017-12-31 хүртэл сунгасан байсан. Гэрээний 22б дэх заалтад 0,5 хувийн алдангийн талаар заасан байдаг. Б анхнаасаа энэ гэрээг мэдээд гарын үсэг зураад, би төлье л гээд бичиг өгөөд байдаг байсан, улмаар 70 хувийн гүйцэтгэлтэй 31 а тоот үл хөдлөх хөрөнгийг өгье хүлээгээч гээд байдаг байсан. Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсан, хариуцагчийн тайлбараар бол эхлээд К-аас шаардаад төлөхгүй бол батлан даагчаас шаардах ёстой гээд байгааг зөвшөөрөхгүй, 2015 оноос хойш 10 жил хүлээлээ, хэзээ төлнө гэж хүлээх юм, хэзээ ч төлөхгүй гэж Б татгалзаж байгаагүй атлаа шүүх дээр ийм тайлбар хэлж байна. 2020,2021,2022 онуудад албан бичиг өгч л байсан, өөрийн хөрөнгөөрөө төлнө л гээд байдаг байсан. Анх 2,905,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байсан ч 268,000,000 төгрөгөөр багасгаад 2,657,000,000 төгрөгийг батлан даагчаас гэрээний дагуу шаардана. Үнийн дүнг задалбал : үндсэн зээл 1,340,000,000 төгрөг, 1 тэрбумын зээлийн хүү 30 сараар 660,000,000 төгрөг, 340,000,000 төгрөгийнх 255,000,000 төгрөг, алдангид үндсэн зээлийн тал хувь болох 670,000,000 төгрөг, нийт 2,925,000,000 болсноос Касс таунаас 68,000,000 төгрөг, мөн 2016-10-21 ний өдөр 200,000,000 төгрөг/ юанаар/ төлсөн тул 268,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзээд 2,657,000,000 төгрөгийг гаргуулна гэв.

 

2. Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М ХК нь Д.Б-д холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараахь хариу тайлбарыг гаргаж байна. 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг К ХХК, Мо ХХК нар байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу М ХК нь 1.340.000.000 төгрөгийг шилжүүлэх, К ХХК буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг. Д.Б-ийн мэдэж байгаагаар 1.340.000.000 төгрөгийн ихэнхи хэсгийг нэхэмжлэгч М ХК нь шилжүүлээгүй. Нөгөөтэйгүүр Д.Б нь энэхүү зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй. Тиймээс М ХК-аас хэдэн төгрөгийг, хэзээ, хэний данс руу шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Д.Б-ийн хувьд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж байсан боловч энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бичгийн тухайд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, **-р хорооны нутаг дэвсгэрт ** давхар оффисын барилга барьж барилгын борлуулалтаас төлж болох талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийн байдлаар уг барилга ашиглалтад ороогүй, борлуулалт хийгдсэн зүйлгүй байна. М ХК нь Д.Б-г шүүхэд өгч, зээлийн төлбөр үндэслэлгүйгээр шаардаж байгаа бол Д.Б-ийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бичигнээс татгалзаж байна. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Д.Б-аас М ХК шаардах эрх зүйн үндэслэл бүрдээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрөхгүй.. эрх үүрэг үүсэх ёстой. 2015-06-22 ний Зээлийн гэрээг К ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан тэдний хооронд эрх үүрэг үүссэн. Батлан даалтын гэрээг бол Б байгуулсан, энэ талаар Улсын дээд шүүхийн тайлбар ч байдаг, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2024-11-11 нй өдрийн бичиг, батлан даалтын гэрээ 2 бол өөр өөр юм. Бичиглэл нь баталгаа биш болзол тавьж хийсэн хэлцэл байдаг. Энэ бичиглэлээр шаардаад байгаа нь үндэслэлгүй, батлан даалт бол нөхөх харилцаа юм шүү дээ, зээлийн гэрээний үүргээ шаардаж байж тэр төлөх боломжгүй гэдгээ нотолж байж дараа нь Б-ийн үүрэг яригдана гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас зээл тооцоолсон хүснэгт, төлбөрийн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2015.06.22-ны өдрийн зээлийн гэрээ, 2015.06.30-ны өдрийн 05 дугаартай батлан даалтын гэрээ, К ХХК-ийн 2017.06.22-ны өдрийн 17/128, 2020.03.26-ны өдрийн 03/15, 2022.03.02-ны өдрийн 22/03, 2024.06.22-ны өдрийн 24-0902, 2024.09.20-ны өдрийн 24-0915 дугаартай албан бичгүүд, Д.Б-ийн 2024.10.28-ны өдөр гаргасан хүсэлт, Д.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2017.10.30-ны өдрийн 10/01 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, мөнгөн шилжүүлгийн баримт, орлогын баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Т-ын 2025.04.15-ны өдөр гаргасан хүсэлт, Д.Т-ын иргэний үнэмлэхний хуулбар, М ХК-ийн хасбанк дахь дансны хуулга, Ц.Я-ын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, цахим гүйлгээний баримт зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүхээс Х банк ХК-иас Ц.Я-ын 58*****90 тоот дансны 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх, К ХХК-ийн 50******19 тоот дансны 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хуулгыг гаргуулж нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М ХК нь 2015.06.22-ны өдөр К ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж 1,340,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн , Д.Б нь М ХК болон К ХХК-иудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний үүргийг батлан дааж батлан даалтын гэрээг байгуулсан юм. Улмаар зээлдэгч К ХХК-иас 2017.06.22-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасан бөгөөд 2015.06.22-ны өдрийн зээлийн гэрээ 2017.12.31-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгагдсан ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2в-д хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Анх 2,905,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байсан ч 268,000,000 төгрөгөөр багасгаад 2,657,000,000 төгрөгийг батлан даагчаас гэрээний дагуу шаардана. Үнийн дүнг задалбал : үндсэн зээл 1,340,000,000 төгрөг, 1 тэрбумын зээлийн хүү 30 сараар 660,000,000 төгрөг, 340,000,000 төгрөгийнх 255,000,000 төгрөг, алдангид үндсэн зээлийн тал хувь болох 670,000,000 төгрөг, нийт 2,925,000,000 болсноос К-аас 68,000,000 төгрөг, мөн 2016-10-21 ний өдөр 200,000,000 төгрөг/ юанаар/ төлсөн тул 268,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзээд 2,657,000,000 төгрөгийг гаргуулна гэв.

 

3. Хариуцагч Д.Б дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: Д.Б-ийн мэдэж байгаагаар 1.340.000.000 төгрөгийн ихэнхи хэсгийг нэхэмжлэгч М ХК нь шилжүүлээгүй. Нөгөөтэйгүүр Д.Б нь энэхүү зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй. Тиймээс М ХК-аас хэдэн төгрөгийг, хэзээ, хэний данс руу шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Д.Б-ийн хувьд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж байсан боловч энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. М ХК нь Д.Б-г шүүхэд өгч, зээлийн төлбөр үндэслэлгүйгээр шаардаж байгаа бол Д.Б-ийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бичигнээс татгалзаж байна. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Д.Б-аас М ХК шаардах эрх зүйн үндэслэл бүрдээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр М ХК, К ХХК нар нь зээлийн гэрээ байгуулж, тухайн гэрээгээр 1,340,000,000 төгрөгийг К ХХК нь 12 сарын хугацаатайгаар, 1 тэрбум төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэйгээр, 340,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлжээ. Мөн гэрээний 2.2 в дэх заалтаар зээл болон хүүг хугацаанд нь төлөөгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон байна. Уг зээлийн гэрээнд К ХХК-н захирлаас гадна И ХХК-г төлөөлж Д.Э, Т ХХК-г төлөөлж Д.Б нар гарын үсэг зурсан байна.

2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 05 дугаартай Батлан даалтын гэрээг М ХК, Д.Б нар байгуулж, М ХК, К ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэдгийг батлан даагчийн хувьд компанийн өмнө баталж, түүний өмнөөс үүрэг гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тохиролцжээ. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Зээлдэгч нь үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд компани түүний үүргийн гүйцэтгэлийг хангахыг батлан даагчаас шаардах, батлан даагчийн хөрөнгөөр үл маргах журмаар хангуулах эрхтэй гэжээ.

2015-06-24 ний өдөр М ХХК-аас К ХХК-н Хаан банкны 50*******19 дугаартай дансанд 960,000,000 төгрөг шилжин орсон дансны дэлгэрэнгүй хуулга шүүгчийн захирамжийн дагуу банкнаас ирсэн.

2017 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 17/128 дугаартай К ХХК-н М ХК-д гаргасан хүсэлт хэрэгт авагдсан ба тухайн хүсэлтэд .. Манай компани нь М ХК-тай 2015-06-22 нд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан тул дээрх гэрээг 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгаж өгнө үү гэжээ.

2017 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 10/01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэх нэртэй гэрээг нэг талаас К ХХК-н захирал П.Э, Т ХХК-г төлөөлж Д.Б, нөгөө талаас Ц.Т, Т.Э нар байгуулж, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 15 давхар оффисын барилгын 4 давхрын 2,4,14,15 дугаартай талбайг худалдах, худалдан авахаар тохирч, гарын үсэг тамга тэмдгээ дарсан байх боловч нотариатаар гэрчлүүлээгүй байна.

Талууд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлсэн байх ба ..Д.Б нь 1,591,584,166 төгрөг болон 640,447,742 төгрөгийн тус тус өртэй гарсныг баталгаажуулсан байгааг 1 тэрбум болоод 340,000,000 төгрөгөө тус тусад нь тооцоо нийлсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарласан.

2020 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 03/15 дугаартай К ХХК-н М ХК-д гаргасан төлбөр төлөлтийн тухайд .. гэх нэртэй албан бичиг хэрэгт авагдсан. Уг албан бичигт .. 1,34 тэрбум төгрөгийн үндсэн зээл болон хүүг 2020-06-30 ний өдрийн дотор төлж барагдуулахаа албан ёсоор баталж байна гэх агуулга байна. Үүний дараа дахин 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдөр 2023 ондоо зээлийн өр төлбөрөө төлөх талаар дурдсан албан бичгийг М ХК-д гарган өгчээ. 2024 оны 06 дугаар сарын 22-ний өдөр 24-0902 дугаартай К ХХК-н М ХК-д гаргасан хүсэлт хэрэгт авагдсан ба тухайн хүсэлтэд ...барьж буй барилгаа яаралтай дуусгаж авсан зээлээ төлөхөөр ажиллаж байгаа тул барилга ашиглалтад ортол зээлийг сунгаж өгөөч.. гэжээ.

2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 24-0915 дугаартай К ХХК-н М ХК-д гаргасан хүсэлт хэрэгт авагдсан ба тухайн хүсэлт нь ...1,340,000,000 төгрөг зээлснээс 2023-09 дүгээр сарын байдлаар 2023-12-25 ний өдөр 5,000,000 төгрөг, 2023-12-26 ний өдөр 5,000,000 төгрөг, 2024-06-26 ний өдөр 5,000,000 төгрөг, 2024-07-05 ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг төлж 1,320,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй ... Сүхбаатар дүүрэгт баригдаж байгаа оффисын барилга 70 хувийн гүйцэтгэлтэй байх тул барилга ашиглалтад ортол зээлийн гэрээг сунгаж өгнө үү гэх агуулгатай байна.

2024 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Д.Б нь М ХК-н Төлөөлөн удирдах зөвлөлд баталгаа ирүүлсэн байх ба уг бичигт ... Миний бие Д.Б нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 15 давхар оффисын барилга барьж буй бөгөөд одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Өөрийн төрсөн ах Д.Э-ын К ХХК- нь танай компаниас зээлсэн зээлийн төлбөрийг өөрийн барилгын эхний борлуулалтын орлогоос төлөхөө үүгээр баталж байна гээд гарын үсгээ зуржээ.

2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д.Б нь М ХК-н Төлөөлөн удирдах зөвлөлд баталгаа ирүүлсэн байх ба уг бичигт ...Миний бие Д.Б нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 15 давхар оффисын барилга барьж буй бөгөөд одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Өөрийн төрсөн ах Д.Э-ын К ХХК- нь танай компаниас зээлсэн зээлийн төлбөрийг 2017-10-31 ний өдрийн 1,2 дугаар актын үнийн дүнгээр өөрийн барилгын эхний борлуулалтын орлогоос төлөхөө үүгээр баталж байна гээд гарын үсгээ зуржээ.

Хэрэгт 2024-12-24 ний өдрийн Ц.Т-д 5,000,000 төгрөг, 2024-12-24 нд мөн дахин 5,000,000 төгрөгийг, 2017-05-15 ний өдөр М ХК-д 20,000,000 төгрөгийг К ХХК шилжүүлсэн талаарх 2016-10-21 ний өдөр Д.Б нь М ХК-д 576,369 юань шилжүүлсэн байна.

 

5. Нэхэмжлэгч тал.... гэрээ байгуулснаас хойш 268,000,000 төгрөгийн төлөлт хийгдсэн, 10 жилийн хугацаа өнгөрсөн ч үүргээ биелүүлэхгүй байгаа учраас батлан даагчаас шууд зээлийн гэрээний үүргээ шаардах эрхтэй гэж шаардлагаа дэмждэг бол хариуцагч нь .. хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөнгийг шилжүүлээгүй, шууд батлан даагчаас бус гэрээний нэг тал К ХХК-аас нэхэх учиртай .. гэж татгалздаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу зээлийн гэрээний үүрэгт төлөгдвөл зохих 2,108,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Д.Б-д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 2,657,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. Д.Б нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, хэрэв гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө хариуцахаар үүрэг хүлээжээ. Батлан даалтын гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх ба тус гэрээ нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх заалтад нийцсэн байна.

Улмаар К ХХК нь М ХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 1,340,000,000 төгрөгийг авсан болох нь зээлдэгчийн дансны хуулга болон тооцоо нийлэх актуудаар тогтоогдох ба 268,000,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул зээлдэгчээс удаа дараа үүргээ биелүүлэх хугацаа олгохыг ч төлбөр төлөгдөөгүй байгаа үндэслэлээр зээлдүүлэгч нь батлан даагчаас зээлийн гэрээний үүргийг нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 т үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй .. бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байхаар хуульчилжээ. Зохигчийн хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Зээлдэгч нь үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд компани түүний үүргийн гүйцэтгэлийг хангахыг батлан даагчаас шаардах, батлан даагчийн хөрөнгөөр үл маргах журмаар хангуулах эрхтэй гэжээ.

Гэрээний дээрх заалтаас батлан даагч Д.Б нь ямар нэг нөхөх хариуцлага хүлээх бус үүрэг гүйцэтгэгч төлбөрийг хугацаандаа төлөх гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хамтран хариуцахаар тохиролцсон гэж үзнэ. Тодруулбал Д.Б-г Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 -т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй тул батлан даагчаас гэрээний үүргийг шаардсаныг үндэслэлтэй юм. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн аваагүй гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан К ХХК-н дансны хуулга болоод тооцоо нийлсэн акт, албан бичгүүдээр уг тайлбар үгүйсгэгдэнэ. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн талаар хариуцагч ..сайн мэдэхгүй гэж тайлбарлах ба нэхэмжлэгч 268,000,000 төгрөг төлөгдсөн талаарх шилжүүлгийн баримтууд гаргаж өгсөн тул тухайн төлбөрийг төлөгдсөн гэж үзлээ. Гэхдээ зээлийн гэрээг сунгасан талаарх бичгийн баримт, гэрээ байхгүй учраас шүүх 30 сарын хүү бус гэрээний хугацааны буюу 12 сарын хүүг гаргуулах нь зүйтэй байна. Учир нь ийнхүү гэрээ сунгасан талаар хариуцагч хүлээн зөвшөөрдөггүй, сунгасан талаарх бичгийн баримт байхгүй тул хүү авах эрхгүй тул үндсэн зээлийн төлбөрт 1,340,000,000 төгрөгийг, 1,000,000,000 төгрөгийн хүүд 264,000,000 төгрөгийг, 340,000,000 төгрөгийн хүүд 102,000,000 төгрөгийг , алдангид үндсэн зээлийн төлбөрийн тал хувьтай тэнцүү буюу 670,000,000 төгрөгийг , ингээд төлөгдсөн гэх 268,000,000 төгрөгийг хасаад 2,108,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Алдангийн тухайд зээлийн гэрээний 2.2 в -д Зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож, алданги тооцно гэж тохиролцсон байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 д зааснаар алдангид үндсэн зээл 1,340,000,000 төгрөгийн тал хувийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр М ХК, К ХХК нарын байгуулсан зээлийн гэрээ нь 2016 оны 06 дугаар сарын 22-ний өдөр дуусгавар болсон ба хэрэгт авагдсан К ХХК-ийн 2017.06.22-ны өдрийн 17/128, 2020.03.26-ны өдрийн 03/15, 2022.03.02-ны өдрийн 22/03, 2024.06.22-ны өдрийн 24-0902, 2024.09.20-ны өдрийн 24-0915 дугаартай албан бичгүүдээр хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзнэ. Тодруулбал эдгээр албан бичгүүдээр К ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах хүсэлтийг удаа дараа илэрхийлж байсан ба хамгийн сүүлд 2024-09-20 ний өдөр үүргээ гүйцэтгэх хугацааг хойшлуулах хүсэлтийг ирүүлжээ. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3.-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолж, үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгадаг байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7.-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог болно.

Дээрхээс дүгнэхэд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дах заалтыг үндэслэн Д.Б-аас зээлийн гэрээний дагуу К ХХК-н гүйцэтгэх үүрэг болох 2,108,000,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 549,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-аас батлан даалтын гэрээний үүрэгт 2,108,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 549,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,682,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 10,697,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ