| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00081/И |
| Дугаар | 141/ШШ2025/00117 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 141/ШШ2025/00117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн даргаар П.Ган-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ........................ багт оршин суугч Б овогт Гийн Аын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1991 онд Завхан аймгийн МСҮТ-ийг бетон арматурчин мэргэжлээр төгсөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Б компанид 1991 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1999 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл мужаан, нормчноор ажиллаж байсан. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү ...” гэжээ.
Нэхэмжлэгч Г.А нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Би нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд 1991 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт нормчноор, 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Баян бүрд ХК-д нормчноор, 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1999 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Зост-Өргөө ХК-д нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ
Нэхэмжлэгч Г.А нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.А нь 1991 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт нормчноор, 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Баян бүрд ХК-д нормчноор, 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1999 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Зост-Өргөө ХК-д нормчноор тус тус ажиллаж байсан болох нь:
- Б овогт Гийн Аын ............. дугаарын регистртэй иргэний үнэмлэхийн хуулбар,
- Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн дунд сургуулиас Г овогт Ат 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нээн олгож, ажлын тухай мэдээлэлд 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн дунд сургуулийн Бетон-Арматурын ангийг төгссөн тул Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Барилга угсралтын конторын мэдэлд шилжүүлэв, 1991 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс барилгад ажилчнаар авч ажиллуулав /Захирлын 1991 оны 06-р сарын 11-ний өдрийн 125-р тушаалаар/ гээд шинээр хөдөлмөрийн дэвтэр нээсэн тул хаав...” гэж бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дахь мэдээлэл /хөдөлмөрийн дэвтэр эх хувь/,
- Б ХК-иас Г овогт Ат 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээн олгож, ажлын тухай мэдээлэлд “...1991 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс нормчноор томилон ажиллуулав /Захирлын 1991 оны 06-р сарын 11-ний өдрийн 125-р тушаал/ гээд 1992 оны 06 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал авсан цалин, ажилласан хугацааны талаар бичиж тэмдэглэсэн” хөдөлмөрийн дэвтэр дахь мэдээлэл /хөдөлмөрийн дэвтрийн эх хувь/,
- Завхан аймгийн Булнай сумын Нийгмийн даатгалын тасгаас Г овогт Ат 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нээн олгож, ажлын тухай мэдээлэлд “...1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оныг дуустал авсан цалин, ажилласан хугацааны талаар бичиж тэмдэглэсэн №250295 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дахь мэдээлэл /нийгмийн даатгалын дэвтэр эх хувь/,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Б компани 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаартай “...Түр ажилд авч ажиллуулах тухай гээд шохойн бригадад Г.Аыг 1992 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс туслах ажилчнаар ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Б компани 1993 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 69 дугаартай “...Ажилд томилох тухай гээд Баянтэсийн Арцсуурьт баригдаж байгаа барилгын ажлыг дуустал Г.Аыг 1993 оны 06 дугаар 15-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай....” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Б компани 1994 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 19 дугаартай “...Шагнаж урамшуулах тухай гээд Г.А 2500 төгрөгөөр шагнаж урамшуулсугай.....” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Б компани 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 83 дугаартай “...Ээлжийн амралт олгох тухай гээд хавсралтын 3-т Г.А нормчин, амрах үндсэн хоног 21....” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Б компани 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаартай “...Шагнаж урамшуулах тухай гээд хавсралтын 2-т Г.А ажилласан хоног 165, олгох шагнал 15000...” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Б компани 1996 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаартай “...Хөрөнгө зарах тухай гээд ...аварга болсон Г овогтой Ат 2500 төгрөгийн урамшил олгосугай...” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Булнай сумын З компани 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 44 дугаартай “...Ажилчдын ээлжийн амралт олгох тухай гээд 10-т Г.А 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11 хоног....” гэсэн тушаалын хуулбар,
- З ХК-ийн захирлын 1998 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай “...Ажилчин ажилд томилох тухай гээд Булнай сумын цагдаагийн тасгийн 10 номертой цагдан хорих байрны барилга баригдах болсон тул 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс Г.Аыг бетон-арматурчинаар авч ажиллуулсугай...” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сум З ХК-ийн захирлын 1999 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаартай “...Ажлаас чөлөөлөх тухай гээд 5-т Г.Аыг ажлаас чөлөөлсүгэй...” гэсэн тушаалын хуулбар,
- Гэрч Г.Ж: “...Намайг 1978 оноос хойш 2000 он хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын барилгын бааз мөн Б компани, З,ө компанид жолоочоор ажиллаж байхад Г.А нь 1991 оноос 1999 оныг дуустал нормчноор мөн мужаанаар ажиллаж байсан. Тухайн үед 1978 онд барилгын бааз гэж байж байгаад 1991 онд хувьчлал болж Б компани болж, сүүлд нь буюу 1996 онд З,ө компани болж байсан. Тэр үед Г.А нь Б компанид 1991 оноос эхлэн 1999 оныг дуустал нормчин, мужаанаар ажиллаж байсан. Намайг арц суурийн боомтод 1993 онд жолоочоор ажиллаж байхад Г.А нь бас барилгын ажил хийгээд явж байсан. Ер нь нэг газар харьяалагдаж ажиллаж байсан учраас Г.Аыг ажиллаж байсан талаар мэддэг юм. Тухайн компани нь барилгын бүх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан учраас тухайн газар ажиллаж байсан хүмүүс нь нүүдэллэн сумдаар барилын ажил хийдэг байсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Д.Б: “...Г.А нь 1990 онд Завхан аймгийн МСҮТ-ийг барилгын чиглэлээр төгсөж ирсэн. Тэгээд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Б компанид 1991 онд нормчноор ажилд орж байсан. Тухайн үед би тэнд ажиллаж байсан учраас Г.Аын ажиллаж байсан талаар мэдэж байгаа юм. Бид нарын анхны ажил хилийн гааль дээр очиж барилгын ажил хийх байсан. Тэр үед Б компани нь барилгын компани байсан учраас тендер авч нүүдэллэн барилгын ажил хийдэг байсан. Би ар гэрийн гачигдал гарч төв дээр буюу Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ирж ажиллаан. Г.А нь тус хилийн гаалийн барилга дээр 1996 он хүртэл ажиллаж байгаад ирсэн. 1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд цагдаагийн барилга барих ажилд би нормчноор, Г.А нь мужаанаар 1997 оныг дуустал ажиллаж байсан. 1998 оноос 1999 оныг дуустал Г.А нь нормчин мужаанаар харин би галчаар ажиллаж байсан. Г.А бид хоёр Б компанийг З,ө болох хүртэл тасралтгүй ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Г.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт Гийн Аыг 1991 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт нормчноор, 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Баян-Бүрд ХК-д нормчноор, 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1999 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Зост-Өргөө ХК-д нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ