Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/367

 

 

 

 

           2024           3               26                                          2024/ДШМ/367

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Чинбат, 

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ад холбогдох эрүүгийн 2310024221202 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.А, 1996 оны 8 дугаар сарын 01-ний Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зам барилгын инженер мэргэжилтэй, “Таван огторгуй” ХХК-д геодезийн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 712-12 тоотод оршин суудаг, /РД:ВЮ96080111/, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 382 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял шийтгэгдсэн,

Б.А нь 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буман залуус" хорооллын 204 дүгээр байрны 236 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Атай “жирэмсэн эхнэрээ зодлоо” гэх асуудлаас болж маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүнийг угаалтуур мөргүүлэх, гараараа нүүрэн тус газар нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал дух, уруул, зүүн сарвуунд шарх, хоёр зовхи, зүүн хацар, чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хоёр нүдний алиманд цус харвалт, хоёр тохой, ууц, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-дээрх гэмт хэргийг үйлдэхдээ 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Буман залуус” хорооллын 204 дүгээр байрны 236 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Атай “жирэмсэн эхнэрээ зодлоо” гэх асуудлаас болж маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүнийг угаалтуур мөргүүлэх, индүүгээр цохих зэргээр эрүүл мэндэд нь халдах үедээ Б.Аын эд хөрөнгө болох индүүг эвдлэх, хаалгыг нь цөмлөх, Samsung А50 загварын гар утасны дэлгэцийг нь хагалах зэргээр эд хөрөнгөд нь халдаж, 439.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Боржигон овогт Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суудаг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гуйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нэг ширхэг индүүг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ааас 4.467.340 /дөрвөн сая дөрвөн зуун жаран долоо мянга гурван зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ат олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Б.Аын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, бусад зардлын нэхэмжлэл 441.250 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан зардал нүдний шилний төлбөр болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Б.Ад урьд авсан хувййн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдолдоо: “...Би Б.Аын гэрт нь тухайн хэрэг гарахаас хэд хоногийн өмнө очиход дээрх шалнаас дээш 1 метр 70 см орчим өндөр хаалганы дотор талын хэсэгт 3 см хэмжээтэй хэсэг газар цөмөрсөн байдалтай хуучин удсан байдалтай харагдаж байсан. Энэ талаараа ч анхан шатны шүүх хуралдаанд тодорхой мэдүүлсэн. Дээрх байдлыг буруу дүгнэж 159.000 төгрөг төлүүлэх шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн би “Таван Огторгуй” ХХК-д замын инженер хийдэг бөгөөд хөдөлмөрийн гэрээгээ шүүхэд гаргаж өгсөн. Манай компани нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг ба би өдөр бүр Хан-Уул дүүргээс Баянзүрх дүүрэг рүү ажилдаа явдаг. Энэ нь намайг хөдөлмөр эрхлэх боломжгүй болгож байгаа бөгөөд надад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолд “угаалгын өрөөний хаалгыг цөмлөх буюу эвдэх ...гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болох бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна” гэж хүуль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна.

Учир нь, хохирогч Б.А нь мөрдөн байцаалтын шатанд 2 удаа тогтвортой мэдүүлэг өгөхдөө “Б.А ариун цэврийн өрөөний хаалганы хавтасыг цөмөлсөн, эсэх, түүний хохирлыг Б.Ааас нэхэмжилж байгаа” талаар ямар ч мэдүүлэг өгөөгүй ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.А “...Б.А хаалганы хавтасыг цөмлөж байхыг нь би хараагүй, мэдээгүй. Түүнийг явсаны дараа хаалганы хавтас хэсэгхэн газар цөмөрсөн байсан түл түүнийг эвдсэн гэж бодож байна" гэж мэдүүлдэг.

Харин шүүгдэгч Б.А нь шүүхийн шатанд “...Би Б.Аынд хэд хоногийн өмнө ирэхэд дээрх хаалга хэсэгхэн газар хуучин цөмөрсөн байсан. Би хаалгыг нь цөмлөөгүй. ..” гэж мэдүүлсэн юм.

Дээрх байдлаас үзэхэд миний үйлчүүлэгч Б.А нь Б.Аын хаалганы хэсэгхэн газрын цөмлөсөн болох нь бүрэн дүүрэн хангалттай тогтоогдохгүй, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжыг тодорхой зааж мэдүүлж чадахгүй байхад шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт “угаалгын өрөөний хаалгыг цөмлөх буюу эвдэх ...гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгч М.Алтантуяа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх хуралд мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээс илтэд зөрүүтэй бол хэрэгт авагдсан мэдүүлгийг уншиж сонсгоно” гэсэн хуулийн заалтыг хангаагүй, бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлтэй танилцахад “...нэмэлтээр угаалгын өрөөний хаалга цөмөрсөн байсан тул гэрэл зургаар бэхжүүлж авав” гэж дурьдсан байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “..хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээр угаалгын өрөөний хаалга эвдэрсэн байсныг гэрэл зургаар бэхжүүлж тэмдэглэл үйлдсэн” гэж бодит байдалд нийцээгүй, илтэд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээр угаалгын өрөөний хаалга нь хаана ямар хэмжээтэй, яаж цөмөрсөн, шинэ, хуучин аль нь болох хаалганы хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх талаар тодорхой тусгаагүй ба үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан хаалганы фото зургаас үзэхэд хаалга шалнаас дээш 150-170 орчим см өндөрт хэсэгхэн газар цөмөрсөн байж болох шинж тэмдэгтэй байхад шийтгэх тогтоолд “...үгаалгын өрөөний хаалга эвдэрсэн байсан...” гэж бодит байдалтай нийцээгүй, илтэд хүуль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Мөн хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд байх хаалганы фото зургаас үзэхэд цөмөрсөн гэх хэсэгхэн газар нь тухайн хаалганы хэвийн үйл ажиллагаанд ямар ч нөлөө байхгүй байхад анхан шатны шүүхээс Б.Ааар шинэ хаалганы үнэ 159.000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, анхан шатны шийтгэх тогтоол нь “хууль ёсны бегеед үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Иймд шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Аын угаалгын өрөөний хаалганы хэсэгхэн газрыг цөмлөж 159.000 төгрөгний хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бага хэмжээний хохирол учруулсан. ...” бол гэмт хэрэг тооцох, ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг бага бус хохирол”-д тооцохоор тус тус заасан байх тул цахилгаан индүү 65.940 төгрөг, гар утас 215.000 төгрөг зэрэг нийт 280.940 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь хохирлын хэмжээгээрээ гэмт хэрэгт тооцогдохгүй тул шүүгдэгч Б.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийг нь хэрэгсэхгүй болгуулах гомдлыг гаргаж байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.Ааас “хавтаст хэрэгт эмчилгээний зардал гэж 3.000.000 төгрөг төлсөн баримт байна” гэхдээ энэ эмчилгээ нь Б.Аын учруулсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Хавтаст хэргийн 59-84 дүгээр хуудсанд байх хуулбарласан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эх хувиараа болон наториатчаар батлуулаагүй, унших боломжгүй бүдэгхэн байна. Дээрх эмнэлэгт эмчлүүлсэн гэх өвчтөний түүх байхгүй. Өвчтөний түүхтэй танилцаж, хэрэв Б.Ааас “таны биед учруулсан гэмтлийг дээрх 3.000.000 төгрөгөөр эмчлүүлсэн нь нотлогдвол хохирлыг төлнө. Архаг хууч өвчин болон өөр бусад эмчилгээ хийлгэсэн бол Б.Ад хамаарахгүй. Өвчтөний түүхээ яагаад хэрэгт хавсаргаагүй, шүүхэд гаргаж өгөөгүй юм бэ” гэсэн асуулт тавихад шүүгч М.Алтантуяа нь хохирогчийн зүгээс уг асуултад хариулах нөхцөл боломжыг хааж, “хохирогч хариулах шаардлага байхгүй, мөнгө төлсөн л болоо” гэж илтэд нэг талыг барьсан шүүн таслах ажиллагаа явуулж, зөвхөн дээрх мөнгө төлсөн баримтаар нь хохирогч Б.А нь шүүгдэгч Б.Аын учруулсан гэмтлийг эмчилсэн болох нь нотлогдож байна" гэсэн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул эмчилгээний зардалаас 3.000.000 төгрөгийг хасуулах гомдлыг гаргаж байна.

Ял шийтгэл нь шудрага ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй талаар:

Миний үйлчлүүлэгч Б.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулах талаар удаа дааа тогтвортой мэдуулсэн” нь Эрүүгийн хуулийн ерөний 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн хангасан, шүүхээс хэрэглэх боломжтой байхад зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шудрага ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна. 

Учир нь, шүүгдэгч Б.А нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, торгох ялаар шийтгүүлсэн тохиолдод шүүхээс заасан хугацаанд торгуулаа төлөх бүрэн боломжтой байхад зорчих эрхийг нь хязгаарлах ялаар шийтгэж байгаа нь эрүүгийн хариуцлагын зорилго болон шудрага ёсны зарчимд нийцэхгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь шүүгдэгч Амаржаргалд 450 нэгжээр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор  Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “намайг боож унагаасан, би сэрээд юу болж байгааг мэдээгүй, намайг өрөөнд зодож байсан. Тухайн үед юу болсон талаар санахгүй байна” гэж 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлдэг. Хэргийн газарт үзлэг хийхэд хаалга цөмөрч, угаалтуур нь цуурч, хиншүү сорогч нь эвдэрч, индүү эвдэрч, гар утасных нь нүүр хагарсан нөхцөл байдал тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтээр угаалтуур мөргүүлж угаалтуур, хишнүү сорогчийг эвдэлсэн гэдэг нь нотлогдохгүй байна гэдэг. Харин хаалга цөмөрч, индүүгээр цохиж эвдэлсэн, гар утасны нүүрийг хагалсан нөхцөл байдал тогтоогддог. Хохирогч хохирол төлбөр дээр маргадаггүй. Мөн эмчилгээний зардлын хувьд хохирогчийн нүдний ухархайн хугарал гэмтэл авч үүнийг хувийн эмнэлэгт эмчлүүлж, 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргаж өгсөн. Үүнийг шүүхээс үндэслэлтэй гэж үзэн хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ад 3 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ... гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Б.А нь 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буман залуус" хорооллын 204 дүгээр байрны 236 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Атай “жирэмсэн эхнэрээ зодлоо” гэх асуудлаас болж маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүнийг угаалтуур мөргүүлэх, гараараа нүүрэн тус газар нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал дух, уруул, зүүн сарвуунд шарх, хоёр зовхи, зүүн хацар, чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хоёр нүдний алиманд цус харвалт, хоёр тохой, ууц, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-дээрх гэмт хэргийг үйлдэхдээ 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Буман залуус” хорооллын 204 дүгээр байрны 236 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Атай “жирэмсэн эхнэрээ зодлоо” гэх асуудлаас болж маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүнийг угаалтуур мөргүүлэх, индүүгээр цохих зэргээр эрүүл мэндэд нь халдах үедээ Б.Аын эд хөрөнгө болох индүүг эвдлэх, хаалгыг нь цөмлөх, Samsung А50 загварын гар утасны дэлгэцийг нь хагалах зэргээр эд хөрөнгөд нь халдаж, 439.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Аын “...Манай найз Амаржаргал манай гэрт 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ирж түүнээс хойш манай гэрт надтай хамт амьдарсан. ...Нэг мэдсэн чинь би тасарчихсан байсан, юу болоод байгааг мэдэхгүй учир зүггүй Амаржаргал “пизда минь” гээд намайг учир зүггүй, нүүр нүдгүй намайг зодсон. ...Амаржаргал миний хойноос гүйцэж ирээд намайг барьж аваад “чи муу ямар овоо пизда вэ, одоо чамайг алнаа новш минь” гээд намайг зодоод байсан. Тэгэхээр нь би Амаржаргалд худал хэлж аргацааж пиво аваад гэртээ оруулж, пиво ууж байхдаа өөрийнхөө эгч Мягмарсүрэнд “цагдаа дуудаарай намайг авраарай, дүү нь зодуулаад байна” гэх утгатай зурвас бичиж байж эгч маань цагдаа дуудаж, би Амаржаргалын гараас мултарч зугтсан. ...Намайг хамаг зүйлийг эхлүүлж маргаж, хутга барьж дайрсан гээд байгаа, уг нь Амаржаргал өөрөө эхэлсэн. Би Амаржаргалд маш их гомдолтой байна. ...” /хх 20-21/,

шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн “...Би Б.Аын мэдүүлэгтэй санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл хохирлын тооцоо нь их байна. Би найз Б.Атай хамт Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буман залуус хороолол, 204 дүгээр байрны 236 тоотод 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид маргалдах болсон шалтгаан нь гэвэл Ариунбаатар нь өөрийнхөө жирэмсэн эхнэрээ зодсон байсанд би уурлаад бид маргалдсан. Би Ариунбаатарын гэрт гал тогооны өрөөнд байсан индүүг хөлөөрөө өшиглөчихсөн. Харин ариун цэврийн өрөөний угаалтуурын доод хэсгийг би эвдээгүй, угаасаа доороо хагарсан байсан, гал тогооны өрөөнд байсан хиншүү сорогчийн таг нь угаасаа унасан байсан. Би Ариунбаатарын гар утсанд огт ойртоогүй, өөрөө дуудлага өгөөд байсан. Би Ариунбаатарын толгой руу нь 2 удаа гараараа цохисон. Индүүгээр нэг удаа толгойд нь цохисон. Харин өвдөг тохой хэсэгт нь зулгарсан байсан нь би Ариунбаатарыг автобусны буудал дээр чирч унагаснаас болсон байх. ...” /хх 46/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Б.Аын биед баруун, нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дух уруул, зүүн сарвуунд шарх, хоёр зовхи, зүүн хацар, чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алиманд цус харвалт, цус харвалт хоёр тохой, ууц, хоёр өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дух, уруул, зүүн сарвуунд шарх, хоёр зовхи, хоёр нүдний алиманд цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7779 дугаартай /хх 29-30/ дүгнэлт,  

дуудлага лавлагааны хуудас /хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-6, 7-12/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх 34-35/, хохирлын баримтууд /хх 75-84/, компьютер томографийн шинжилгээний хариу /хх 85-88/, өвтөний түүх /хх 91-97/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Чинбат нар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийг нь хэрэгсэхгүй болгуулах, мөн тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуудлсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд дурдсан “...хаалганы дотор талын хэсэгт 3 см хэмжээтэй хэсэг газар хуучин цөмөрсөн байдалтай харагдаж байсан. ...” гэх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгасан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А нь эд хөрөнгийн хохирол учирсан талаараа мэдүүлсэн, түүний мэдүүлэг нь хэргийн газарт үзлэг хийсэн “...угаалгын өрөөний хаалга цөмөрсөн байсан тул гэрэл зургаар бэхжүүлж авав. ...” /хх 5-6/  гэсэн тэмдэглэлд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-12/, “Дамно” үнэлгээний тайлан /хх 34-35/-гаар давхар нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Аын үйлдлийн улмаас хохирогч Б.Аын эд хөрөнгөд 439.940 төгрөгийн хохирол учирсан нөхцөл тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр, засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлуудыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хүнд биш ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “эд хөрөнгө устгах гэмтээх” гэмт хэрэг үйлдээгүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна шүүгдэгч Б.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, бүсийг тэлэх эсхүл өөрчлөх, буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ