2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/02385

 

 

 

                      

     2025             03                  27                                               192/ШШ2025/02385

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (*******)-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 05 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Тээврийн хэрэгслийн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, эд хөрөнгө битүүмжлэх тухай 22290130/06, эд хөрөнгө хураах тухай 22290130/07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан тээврийн хэрэгслийн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, эд хөрөнгө битүүмжлэх тухай 22290130/06, эд хөрөнгө хураах тухай 22290130/07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хөрөнгийн үнэлгээгээр 110,540,000 төгрөгөөр үнэлснийг бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Учир нь зах зээлийн үнийн судалгааг www.unegui.mn цахим хуудаснаас татаж хийсэн байдаг. Энэ хуудас нь иргэд өөрсдийн тогтоосон үнийг бичдэг учраас үндэслэлтэй гэж үзэхгүй байна. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн нөхөр нь тухайн тээврийн хэрэгсэлд тоног төхөөрөмж суурилуулсан байдаг. Ийм тоноглолтой байхад тэд нарыг оролцуулахгүйгээр үндсэн машиныг нь үнэлсэн. Шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг өмнө нь гаргаж байсан боловч энэ нь бусдын хөрөнгө юм байна гэсэн үүднээс ярьж тохироод больё гэсэн байр суурьтай байна.

1.2.Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тухайн машины өмчлөгч нь банк байдаг. Өөрөөр хэлбэл унаж явснаар төлбөрт төлөгдөх хөрөнгө биш юм. Энэ автомашины мөнгийг төлсөн учраас төлбөр төлөгчөөс холдоод явчихсан. Иймд хураасан ажиллагаа, битүүмжилсэн ажиллагааг зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 11******* дугаар шийдвэрээр М.*******, нараас 745,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3,882,950 төгрөг гаргуулж бусдад өгөхөөр шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх явцад материалд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг дурдаагүй учраас төлбөр төлөгчийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийн лавлагааг авахад тэдгээрийн өмчлөлд байгаа эд хөрөнгө нь бүгд гуравдагч этгээдийн барьцаанд байгаа талаар тогтоогдсон. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд зааснаар арилжааны банканд төлбөр төлөгчийн дансыг битүүмжлэх, хасалт хийх тогтоолыг хүргүүлэхэд мөнгөн хөрөнгө тогтоогдоогүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар ын эд хөрөнгийг тогтоох үйл ажиллагааг зохион байгуулсан. Ингэхэд төлбөр төлөгч нарын “Капитал банк” ХХК-нд байрлах 3,8 тэрбум төгрөг барьцаанд байсан. Тухайн маргаж байгаа машин нь банкнаас 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа банкны өр төлбөр барагдуулах хэлтэст явагдаж байсан учраас тухайн хөрөнгө чөлөөлөгдсөн болохыг олж мэдсэн. Тухайн машиныг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хураах ажиллагаа хийсэн, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр битүүмжлээд хадгалалтыг ын ашиглалтад үлдээсэн байдаг. Тус хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-д заасныг баримтлан битүүмжлэх ажиллагаа хийсэн. Тухайн эд хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлөгдсөн гэсэн бичгийг Автотээврийн үндэсний төвд өгөхгүй байгаа учраас төлбөр төлөгчийн өмчлөлд шилжихгүй байгаа юм. Энэ үйлдэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зайлсхийсэн үйлдэл юм. Тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.3-д заасныг үндэслэн хураах ажиллагаа явуулсан. Битүүмжлэх, хураах ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан бөгөөд ажиллагаатай холбоотой гомдол гаргаж байсан боловч гомдлыг хянаад хангахаас татгалзсан байдаг.

2.2.Талуудаас үнийн санал авах ажиллагаа явуулахад төлбөр төлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй, шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирдэггүй учраас хөндлөнгийн шинжээч томилж, шинжээч 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр 110,540,000 төгрөг гэж үнэлгээ тогтоосон. Үнэлгээний тайланд харьцуулсан судалгаа хийсэн байдаг тул үнэлгээний газар хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. гэдэг хүнийг оролцуулах талаар хүсэлт гаргаж байсан боловч энэ хүний эд хөрөнгө гэж үзэх ямар ч нотлох баримт байхгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 040-137/26041 дугаар албан бичиг, итгэмжлэл, “Автофэнс” ХХК-ийн 72-58 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн засвар, үйлчилгээ, түүний төлбөр төлсөн талаарх баримт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч”-ийн 20******* оны 641 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг,

Хариуцагч талаас итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд (шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, мэдэгдэх хуудас, шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах, зорчих эрх хязгаарлах, эд хөрөнгө битүүмжлэх, шинжээч томилох, дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан)-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариу тайлбар, “Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч”-ийн 2020 оны 1960 дугаар албан бичгийн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/1816, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/2058 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-ыг нотлох баримтаар гаргуулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан тээврийн хэрэгслийн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, эд хөрөнгө битүүмжлэх тухай 22290130/06, эд хөрөнгө хураах тухай 22290130/07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөрөнгийн үнэлгээ нь бодит байдалтай нийцэхгүй буюу зах зээлийн үнийн судалгааг www.unegui.mn цахим хуудас дахь мэдээллийг харьцуулсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасныг зөрчсөн. Тухайн тээврийн хэрэгсэлд тоног төхөөрөмж суурилуулсан байхад харгалзаж үзээгүй. Мөн тухайн тээврийн хэрэгсэл нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгө биш байхад битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаарлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ төлбөр төлөгчийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийн лавлагааг авахад тэдгээрийн өмчлөлд байгаа эд хөрөнгө нь бүгд гуравдагч этгээдийн барьцаанд байгаа нь тогтоогдсон, арилжааны банк дахь төлбөр төлөгчийн дансыг битүүмжлэх, хасалт хийх тогтоолыг хүргүүлэхэд мөнгөн хөрөнгө тогтоогдоогүй тул төлбөр төлөгчийн эд хөрөнгийг тогтоох үйл ажиллагааг зохион байгуулсан. Улмаар тухайн автомашиныг 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр битүүмжлэх, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хураах, хөндлөнгийн шинжээч томилж, 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр үнэлгээ тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, үнэлгээний газар хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 183/ШШ2021/011******* дугаар шийдвэр, 183/ГХ2021/01137 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. (1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал)

4.2.Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр WDCYC7BF2BX189159 арлын дугаартай, 7258 УНП улсын дугаартай Mercedes Benz G-550 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хураан авчээ. (1 дэх хавтаст хэргийн 58, 76 дахь тал)

4.3.2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр WDCYC7BF2BX189159 арлын дугаартай, 7258 УНП улсын дугаартай Mercedes Benz G-550 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр томилсон. (1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал)

4.4.Шинжээч WDCYC7BF2BX189159 арлын дугаартай, 7258 УНП улсын дугаартай Mercedes Benz G-550 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоож, тайланг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэж өгсөн. (1 дэх хавтаст хэргийн 97 дахь тал)

4.5.Үнэлгээний талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч М.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн. (1 дэх хавтаст хэргийн 6 дахь тал)

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заажээ.

 

1 дэх хавтаст хэргийн 6 дахь талд авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04-137/26041 дугаар албан бичигт “2023.12.04 өдөр гардаж авав. ” гэж, 1 дэх хавтаст хэргийн 121 дэх талд авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04-137/26041 дугаар албан бичигт “2023.12.05 хүлээн авав” гэж тус тус дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөрөнгийн үнэлгээний талаар 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдсэн болох нь тогтоогдож байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно”, 72.4 дэх хэсэгт “Үүргийг ямар нэгэн байгууллагад гүйцэтгэх ёстой байсан бол зохих журмаар тогтоосон уг байгууллагын ажлын өдөр буюу үйлдвэрлэлийн ажиллагаа дуусах эцсийн цагийн дотор гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 30 минутад шүүхэд гаргах байжээ.

 

Иймд нэхэмжлэгчийг хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Нэгэнт шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн учир шүүх хөрөнгийн үнэлгээ нь хуульд нийцсэн эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөх эрх хэмжээгүй юм.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж заажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч М.******* нь “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 22290130/06, “Эд хөрөнгө хураах тухай” 22290130/07 дугаар тогтоолтой холбоотойгоор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна.

 

Иймд дээр дурдсан эд хөрөнгө битүүмжлэх, эд хөрөнгө хураах тухай тогтоол нь хуульд нийцсэн талаарх шүүх үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

7.Дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан тээврийн хэрэгслийн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, эд хөрөнгө битүүмжлэх тухай 22290130/06, эд хөрөнгө хураах тухай 22290130/07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай М.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох тээврийн хэрэгслийн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, эд хөрөнгө битүүмжлэх тухай 22290130/06, эд хөрөнгө хураах тухай 22290130/07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨРБОЛД