2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/03786

 

2025 05 06   192/ШШ2025/03786

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Арцатын ам, ** дүгээр байр, ** дугаар тоотод оршин суух, О овогт Г-ийн А /РД:ЗД*******7/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Буянт ухаа, *** дүгээр тоотод байрлах, А ХХК /РД:5********9/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, **-р хороо, Б хотхон, *** тоотод оршин суух С-ийн Г /РД:УП*******4/

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Д.У,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.А болон А ХХК нар нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Эрх шилжүүлэн, үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.1, 1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.А нь эрх шилжүүлэгч А ХХК-ийн хариуцагч А ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/22 дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрт бартераар шилжүүлэн авах Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, арцатын аманд байрлах, А хотхоны А блок, **-р орц /Зүүн тал/-ны ** давхрын 108,4 м.кв, үйлчилгээний зориулалттай талбайг нийт 216,800,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч болон А ХХК-тай байгуулсан эрх шилжүүлэх гэрээний 2.2-т заасны дагуу А ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Н-ы иргэн Г.Х-д зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 66,200,000 төгрөгийг түүний нэрийн өмнөөс төлөх, 137,600,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, үлдэгдэл 13,000,000 төгрөгийг бартераар болон бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч Г.А нь эрх шилжүүлэгч А ХХК-тай байгуулсан Эрх худалдах, худалдан авах гэрээний 1.1, 2.3-т заасны дагуу нэхэмжлэгч Г.А нь хариуцагч А ХХК-тай 2023 оны 06-р сарын 08-ны өдөр 16/23 дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан 16/23 дугаартай гэрээний 1.1, 1.2-т заасны дагуу хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Г.А-д Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо А хотхоны ** блок, **-р орц /Зүүн тал/-ны ** давхрын 108,4 м.кв, үйлчилгээний зориулалттай талбайг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байдаг. Нэхэмжлэгч талын зүгээс Эрх шилжүүлэн, үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ"-ний 2.1, 2.2-т заасны дагуу А хотхоны ** блок, **-р орц /Зүүн тал/-ны 1 давхрын 108,4 м.кв үйлчилгээний талбайн 216,800,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. А ХХК-ийн захирал болох Г.Н-ны нэрийн өмнөөс иргэн Г.Х-д 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны 50*******1 тоот дансанд 60,200,000 төгрөгийг шилжүүлсэн, Хариуцагч А ХХК-тай байгуулсан 16/23 дугаартай гэрээний 1.2-т заасны дагуy хариуцагч компанийн ажилтан Б.Х-ын харилцан Хаан банкны 53*****25 тоот дансанд 2023 оны 06-р сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 57,580,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 137,580,000 төгрөгийг шилжүүлсэн А ХХК-ийн захирал Г.Н-д 2023 оны 06-р сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр мөн 9,020,000 төгрөгөнд Марк Х автомашиныг шилжүүлсэн буюу Эрх шилжүүлэн, үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 216,800,000 төгрөгийг бүрэн төлсөн. Үүнийг хариуцагч болон эрх шилжүүлэгч А ХХК нар нь хүлээн зөвшөөрч хариуцагч А ХХК-ийн зүгээс 2023 оны 08-р сарын 22-ний өдөр 22/23 дугаартай тодорхойлолт гаргасан бөгөөд тус тодорхойлолтод Манай компани А ХХК /РД:5***9/-ийн Хан-Уул дүүргийн **-р хороонд байрлах А хотхоны ** блок барилгын **-р орц, 1-р давхрын 108.4 м ка В тоот орон сууцны үйлчилгээний талбайг Иргэн Г овогтой А /РД:ЗД******7/нь №16/23 тоот гэрээгээр худалдан авч төлбөр тооцоог 100 хувь дуусгасан болно гэж тодорхойлж, нэхэмжлэгч Г.А нь тухайн 108,4 м.кв талбайг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн болно. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 3.1-д гүйцэтгэгч нь ХУД, Арцатын аманд баригдаж буй  хотхон ** блок үйлчилгээтэй 13 давхар орон сууц хотхоныг 2023 он буюу 2-р улиралд ашиглалтад оруулна гэж заасны дагуу 2023 оны 06 дугаар сард багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч талын зүгээс хүлээцтэй хандаж хүлээж байсан боловч өнөөдрийг хүртэл үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэлгүй нэхэмжлэгч иргэн миний эрхийг хохироож байгаа болно. Иймд Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, арцатын аманд байрлах, А хотхоны ** блок, 2-p орц /Зүүн тал/-ны 1 давхрын 108,4 м.кв, үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.А болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргуулж өгөхийг хариуцагч А ХХК-д даалгаж өгнө өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О , Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулаад, 108,4 метр квадрат талбайг 216,800,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. А ХХК-ийн захирал болох Г.Н-ны нэрийн өмнөөс иргэн Г.Х-д 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 60,200,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч компанийн ажилтан Б.Х-ын харилцан дансанд 2023 оны 06-р сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 57,580,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 137,580,000 төгрөгийг шилжүүлж, А ХХК-ийн захирал Г.Н-д 2023 оны 06-р сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр мөн 9,020,000 төгрөгт Марк Х автомашиныг шилжүүлсэн буюу нийт 216,800,000 төгрөгийг бүрэн төлсөн. Бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ, цаашаа худалдсан гээд байгаа бол эхэлж гэрээ хийснээрээ манайх өмчлөгч байх ёстой, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол үнэхээр хөндөгдсөн юм бол яагаад өнөөдөр хуралдаа ч ирсэнгүй вэ, энэ худалдаад авсан гээд байгаа бол өдийд ирээд эрх ашгаа ярьж байх ёстой биздээ, мөнгөө өгчихсөн улсын комисс одоо хүртэл аваагүй л байгаа юм байна лээ, хүн амьдарч ашиглаж эхлээгүй байгаа гэсэн үг, одоо байраа өмчилж авах шаардлагаа дэмжинэ ээ, А-т гэрээгээ цуцалж байна гэж огт мэдэгдэж байгаагүй ээ, ер нь тэгээд тэр А ХХК Н нарын гэрээг харахад 392,000,000 төгрөгийн ажил хийгдчихсэн байхад манай орон сууцыг өгөхгүй гээд баахан алданги тооцчихсон байгаа нь угаасаа буруу хууль зөрчсөн байна шүү дээ. гэв.

 

2. Хариуцагч А ХХК-иас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэн Г.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. 1. Манай компанийн зүгээс А ХХК-тай харилцан тохиролцож дараах гэрээг байгуулсан байдаг үүнд: а. 2022 оны 11 сарын 22-ны өдөр №0422 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулж уг гэрээгээр:-А ХХК нь дотор модон хаалга булан залгаа, паркет, шалны хүрээ цоож бариулыг гэрээнд тусгагдсан тоо ширхэг хэмжээний дагуу 531.957.250 төгрөгний бүтээгдэхүүн нийлүүлэх, паркет шахан суурилуулах ажлыг 55.825.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, -А ХХК-ийн зүгээс дээрх бараа бүтээгдэхүүн болон ажлын хөлсөнд А хотхоны А блокын **-р орцны 1 давхрын 108,4 м.кв үйлчилгээний талбайг 1мкв-ийг нь 3.200.000 төгрөгт тооцон 346.880.000 төгрөг, үлдэгдэл 240.902.250 төгрөгөнд бэлэн болон бэлэн бус бартерын нөхцөлөөр төлж барагдуудахаар тус тус тохиролцсон. b. 2022 оны 10 сарын 01-ны өдрийн №0422 тоот гэрээгээр А ХХК нь Босоо душ, хаалт, ванн, 00-ын суултуур, гэх мэт гэрээнд тусгагдсан 310.358.400 төгрөгийг бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, А ХХК-ийн зүгээс А хотхоны А блокын зүүн орц ** давхрын 53,3м.кв 2 өрөө орон сууц болон С блокын зүүн орцны 8 давхрын 53,3 м.кв 2 өрөө орон сууцуудыг 1м.кв-ыг нь 2.900.000 төгрөгөөр тооцон өгөхөөр тус тус тохиролцсон байдаг. 2. Манай зүгээс 2022-10-01-ны өдрийн гэрээний дагуу С блокын зүүн орцны 8 давхрын 53,3 м.кв 2 орон сууцыг 1м.кв-ыг А ХХК-д шилжүүлэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй учир гэрээ цуцлагдсан болно. 3. 2022-11-22-ны өдрийн №0422 тоот гэрээний хувьд А ХХК нь мөн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул уг гэрээ мөн цуцлагдсан байгаа тодруулбал. 3.1 Дээрх гэрээгээр А ХХК нь хүлээсээн үүргээ 2023 оны 2 дугаар сард багтаан хийж гүйцэтгэх ёстой байсан боловч хугацаа хэтрүүлэн бидний зүгээс удаа дараа шаардлага тавьж гэрээ цуцлах мэдэгдлээ өгч байсан. 3.2 Улмаар А ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу А хотхоны А блокын 2-р орцны 1 давхрын 108,4 м.кв үйлчилгээний талбайн захиалгын гэрээг Г.А-ын нэр дээр шилжүүлж гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-т төлбөрийг 100 хувь бэлнээр төлнө гэж мөн гэрээний 5.4 дэх хэсэгт бартерт захиалагч ХХК-иас /байр болон машин/ үнэ бүхий зүйл авсан тохиолдолд тухайн нийлүүлэгч, гүйцэтгэгч ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд орон сууц захиалгын гэрээг цуцлах эрхийг захиалагч байгууллага дангаар хариуцна. Гэж өөрөөр хэлбэл А ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг захиалгын гэрээ цуцлагдахаар тохиролцсон. 3.3 А ХХК нь 2023-09-12-ны өдөр хамгийн сүүлийн байдлаар 2023-09-20-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх, уг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлахад татгалзах зүйлгүй талаараа хүсэлт өгсөн. Ингэхдээ Г.А-т үүсээд байгаа нөхцөл байдлыг А ХХК-ийн захирал Н.Н-ны хамт биечлэн уулзаж танилцуулан гэрээ цуцлах талаар мэдэгдэж байсан. 3.4 Улмаар 2023-09-20-ны өдөр А ХХК нь 2022-10-01 -ны өдрийн болон 2022-11-22-ны өдрийн №0422 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул дээрх гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг А ХХК болон иргэн Г.А нарт тус бүрт нь илгээсэн байдаг. 4. Г.А-ын хувьд гэрээний үнээ бүрэн төлсөн гэдэгч бодит байдал дээр энэ нь нотлох баримтаар дараах байдлаар үгүйсгэгдэнэ. 4.1 137,580,000.00 төгрөгийг манайд шилжүүлснээс 100.000.000 төгрөгийг нь А ХХК-ийн данслуу шилжүүлсэн, ба үлдэгдэл үлдэгдлийг нь Н.Н-ны нэрлэсэн данслуу шилжүүлсэн. 4.2 Харин бусад хэлбэрээр ямар нэг төлбөр бэлнээр болон бэлэн бусаар, бартераар бид хүлээж аваагүй учир төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэх боломжгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор бид өөрсдийн дансаар хүлээж авсан 137.580.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх боломжтой харин Н.Н-д болон түүний өмнөөс төлсөн гэх бусад төлбөр, шилжүүлсэн гэх автомашиныхаа төлбөрийг бид хүлээж аваагүй учир Н.Н-аас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч А ХХК-иас 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа: А.О миний бие тус шүүхэд иргэн Г.А-ийн нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийг төлөөлөн оролцож байна. Тус иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбар утга агуулгын зөрүүтэй байсан тул дахин хариу тайлбар гаргаж байна. 1. Манай байгууллага А ХХК-тай харилцан тохиролцож 2022.10.01 -ний өдөр мөн 2022.11.22-ны өдөр тус тус Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. А ХХК нь манай байгууллагад хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бөгөөд 2022.11.22-ны өдрийн гэрээний төлбөрт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий үйлчилгээний талбайг бартерт оролцуулахаар тохиролцсон. Ингээд гэрээ байгуулагдсанаас хойш А ХХК нь гэрээний заасан хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Манай компанийн зүгээс хэд хэдэн удаа гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж байсан. Хамгийн сүүлд А ХХК-ийн захирал 2023.09.12-ны өдөр манай компанид гаргасан хүсэлтдээ 2023.09.20-ны өдөр гэхэд барааг бүтээгдэхүүнээ нийлүүлэх бөгөөд чадаагүй тохиолдолд гэрээ цуцлахад бэлэн, татгалзах зүйлгүйгээ дурдсан байсан. Иймд манай байгууллагын зүгээс 2023.09.20-ны өдрийг дуустал үлдэгдэл бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж дуусахыг хүлээсэн боловч нийлүүлээгүй. Иймд тус өдөр буюу 2023.09.20-ны өдөр А ХХК болон Иргэн Г.А нарт тус тус гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, гэрээг цуцалсан байдаг. Мөн хамгийн сүүлд гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэхээс өмнө А ХХК болон Иргэн Г.А нарт гэрээний үүргээ биелүүлэхгүй бол гэрээ цуцлах талаар удаа дараа мэдэгдэж, тухай бүр хугацаа олгож байсан. 2. Төлбөр тооцоо дууссан- эсэх тухайд: Манай байгууллага иргэн Г.А-аас нийт 137,580,000 төгрөгийг дансаар авсан бөгөөд үүнээс А ХХК-н захирал Н-д 100,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 29,952,000 төгрөгийг бараа материалын хэлбэрээр олгосон болно. Иймд манай байгууллага үлдэгдэл 7,628,000 төгрөгийг А-т буцаан олгоход татгалзах зүйлгүй болно. Түүнчлэн Г.А нь манай байгууллагаас төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг бичиж өгөхийг хүсч, бичээд өгвөл Н-ыг шахаж байгаад ажлыг дуусгуулья гэж хүссэн. Иймд бид нэхэмжлэгчид тус албан бичгийг бичиж өгсөн болно. 3. Үйлчилгээний талбайг А-т биет байдлаар хүлээлгэн өгөх боломжгүй тухайд: Манай байгууллага А ХХК болон Г.А нартай байгуулсан гэрээг цуцалсаны дараа өөр этгээдэд маргаан бүхий үйлчилгээний талбайг худалдан борлуулсан. Түүнчлэн одоо тус үйлчилгээний талбайд үйл ажиллагаа явуулж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй талбайг аль хэдийн өөр этгээдэд худалдан борлуулсан тул гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхөөр байна. Иймд дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрөхгүй, Удаа дараа албан тоот шаардлага явуулж гэрээний үүргээ биелүүлэхийг хүссэн ч үр дүн гараагүй учир 2023-02-21 ний өдөр гэрээнийхээ 7.1 т зааснаар цуцлагдсан. Гэрээний 5.6, 7.8 т зааснаар гэрээ цуцлах хүртэл мэдэгдэл өгсөн, албан тоот эргээд удаа дараа өгсөн ба Иргэний хуулийн 249.2, 249.3 аар арга хэмжээ авчихсан, одоо Г бол шударга өмчлөгч ба 257 сая төгрөг манайд төлсөн гэв.

 

3. Гуравдагч этгээд С.Г-д шүүх нэхэмжлэлийн хувийг 2025-03-17 ний өдөр гардуулсан ба хариу тайлбар ирүүлээгүй, харин 2025-05-06 ний өдрийн шүүх хуралдаанд оролцож чадахгүй талаар шүүхийн хаягаар захиа илгээжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023.06.06-ны өдрийн эрх шилжүүлэн, үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ, 2023.06.06-ны өдрийн эрх шилжүүлэн, үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээний тооцоо нийлсэн акт, 2023.06.08-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А ХХК-ийн 2023.08.22-ны өдрийн 22/23 дугаартай тодорхойлолт, 2022.11.22-ны өдрийн 04/22 дугаартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, 2022.11.22-ны өдрийн 46/22 дугаартай орон сууц захиалгын гэрээ, зарлагын баримт, А ХХК-д нийлүүлсэн бараа материалын жагсаалт, 2022.10.01-ний өдрийн 41/22 дугаартай орон сууц захиалгын гэрээ, 2022.10.01-ний өдрийн 04/22 дугаартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, А ХХК-ийн 2024.01.06-ны өдрийн 01/01 дугаартай албан бичиг, зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

5. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022.10.01-ний өдрийн 04/22 дугаартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, А ХХК болон А ХХК нарын тооцооны үлдэгдлийн баталгаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зарлагын баримт, А ХХК-ийн 2023.09.12-ны өдрийн мэдэгдэл, А ХХК-иас А ХХК-д ирүүлсэн хүсэлт, паркет шахах ажлын төлөвлөгөө, А ХХК-ийн 2023.08.22-ны өдрийн 01/02, 01/01 дугаартай, 2022.11.04-ний өдрийн 11/04 дугаартай албан бичгүүд, А ХХК-ийн 2023.09.20-ны өдрийн 33/23 дугаартай албан бичиг, С.Г-ээс ирүүлсэн хүсэлт, 2024.02.09-ний өдрийн 03/24 дугаартай орон сууц захиалгын гэрээ, хавсралтын хамт, А ХХК-ийн 2023.04.13-ны өдрийн 07/23 дугаартай, 2023.05.23-ны өдрийн 12/23 дугаартай албан бичгүүд зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Шүүхээс А ХХК-иас 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн С.Г-тэй байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөр авсан эсэх баримтыг, С.Г-ээс 51*****03 дугаартай дансны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 02-р дугаар сарын 28-ны өдөр хүртэлх орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулгыг тус тус гаргуулж, гэрчээр Г.Н-г асууж нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Г.А болон А ХХК нар нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Эрх шилжүүлэн, үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.1, 1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.А нь эрх шилжүүлэгч А ХХК-ийн хариуцагч А ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/22 дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрт бартераар шилжүүлэн авах Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, арцатын аманд байрлах, А хотхоны А блок, **-р орц /Зүүн тал/-ны 1 давхрын 108,4 м.кв, үйлчилгээний зориулалттай талбайг нийт 216,800,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч Г.А нь эрх шилжүүлэгч А ХХК-тай байгуулсан Эрх худалдах, худалдан авах гэрээний 1.1, 2.3-т заасны дагуу нэхэмжлэгч Г.А нь хариуцагч А ХХК-тай 2023 оны 06-р сарын 08-ны өдөр 16/23 дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан 16/23 дугаартай гэрээний 1.1, 1.2-т заасны дагуу хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Г.А-д Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо А хотхоны А блок, **-р орц /Зүүн тал/-ны 1 давхрын 108,4 м.кв, үйлчилгээний зориулалттай талбайг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байдаг. А ХХК-ийн захирал болох Г.Н-ны нэрийн өмнөөс иргэн Г.Х-д 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 60,200,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч компанийн ажилтан Б.Х-ын харилцан дансанд 2023 оны 06-р сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 57,580,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 137,580,000 төгрөгийг шилжүүлж, А ХХК-ийн захирал Г.Н-д 2023 оны 06-р сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр мөн 9,020,000 төгрөгт Марк Х автомашиныг шилжүүлсэн буюу нийт 216,800,000 төгрөгийг бүрэн төлсөн гэв.

 

3. Хариуцагч А ХХК дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: Манай байгууллага А ХХК-тай харилцан тохиролцож 2022.10.01 -ний өдөр мөн 2022.11.22-ны өдөр тус тус Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. А ХХК нь манай байгууллагад хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бөгөөд 2022.11.22-ны өдрийн гэрээний төлбөрт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий үйлчилгээний талбайг бартерт оролцуулахаар тохиролцсон. Ингээд гэрээ байгуулагдсанаас хойш А ХХК нь гэрээний заасан хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 2023.09.20-ны өдөр А ХХК болон Иргэн Г.А нарт тус тус гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, гэрээг цуцалсан байдаг. Манай байгууллага иргэн Г.А-аас нийт 137,580,000 төгрөгийг дансаар авсан бөгөөд үүнээс А ХХК-н захирал Н-д 100,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 29,952,000 төгрөгийг бараа материалын хэлбэрээр олгосон болно. Манай байгууллага А ХХК болон Г.А нартай байгуулсан гэрээг цуцалсны дараа өөр этгээдэд маргаан бүхий үйлчилгээний талбайг худалдан борлуулсан гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.А болон А ХХК нар нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Эрх шилжүүлэн, үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Г.А нь эрх шилжүүлэгч талын А ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/22 дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу ажлын хөлсөнд хүлээн авах Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, арцатын аманд байрлах, А хотхоны А блок, **-р орц /Зүүн тал/-ны 1 давхрын 108,4 м.кв, үйлчилгээний зориулалттай талбайг 216,800,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ.

Улмаар 2023 оны 12 дугаар сарын 13-ний өдөр Г.А болон А ХХК нар нь тооцоо нийлж, 2023-06-06 ний өдрөөс 2023-12-13 ний өдрийг хүртэлх хугацаанд 216,800,000 төгрөгийг бүрэн төлсөн талаарх баримт үйлдсэн байна.

Улмаар нэхэмжлэгч Г.А нь хариуцагч А ХХК-тай 2023 оны 06-р сарын 08-ны өдөр 16/23 дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээний 1.1, 1.2-т заасны дагуу хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Г.А-т Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо А хотхоны А блок, 2-р орц /Зүүн тал/-ны 1 давхрын 108,4 м.кв, үйлчилгээний зориулалттай талбайг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байдаг. Хэдийгээр уг гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 265,580,000 төгрөг гэж бичсэн байх боловч хариуцагч А ХХК нь А ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан гэрээний төлбөрт энэхүү үйлчилгээний талбайг бартерт оролцуулахаар тохиролцсон талаар хариу тайлбартаа дурдсан байна.

2023 оны 08 дугаар сарын 22 ний өдрийн 22/23 дугаартай А ХХК-н Тодорхойлолт гэх нэртэй бичгийн баримтад ...Манай компани нь..... Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо А өргөө хотхоны ** блок, 2-р орц 1 давхрын 108,4 м.кв, В тоот орон сууцны үйлчилгээний талбайг Иргэн Г овогтой А нь 16/23 тоот гэрээгээр худалдан авч төлбөр тооцоог 100 хувь дуусгасан болно. гэжээ.

2022 оны 11 дүгээр сарын 22 ний өдрийн 04/22 дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр А ХХК нь 587,782,250 төгрөгт дотор модон хаалга, булан залгаа, паркет, шалны хүрээ,цоож, бариул зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэх, угсрахаар, мөн өдрийн 45/22 дугаартай Орон сууц захиалгын гэрээгээр А ХХК нь 2 өрөө 108,4 метр квадрат орон сууцыг ажлын хөлсөнд/ 346,880,000 төгрөгт тооцон/ А ХХК нь-д төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Хэргийн 47-48 дугаар талд Б.Х-ын Хаан банкны 53*******25 тоот данс руу 2023-07-20 ний өдөр арцат 108 тай үйлчилгээ төлөлт 2023-08-06 ний өдөр мөн ийм утгатайгаар тус тус 50,000,000 төгрөгийн орлого хийгдсэн байх ба уг мөнгийг хариуцагч нь А ХХК-д цааш нь дамжуулсан учраас Г.А-ийн төлөлт дутуу гэж тайлбар гаргадаг.

Хэргийн 75 дугаар хуудсанд Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг хариуцагч тал гарган өгсөн ба тухайн хүснэгтээр А ХХК-нь 394,763,628 төгрөгийн бараа, ажил үйлчилгээг хийсэн гэх ба ажлын хөлсөнд А ХХК нь 154,570,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг А ХХК-д шилжүүлсэн, мөн гэрээний алдангид 229,229,600 төгрөгийг тооцоод 10,964,028 төгрөгийг А ХХК-д төлөх агуулга тусгагджээ.

2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 03/24 дугаартай Орон сууц захиалгын гэрээгээр С.Г-д Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо А хотхоны А блок, 2-р орцны 1 давхрын тоот 106,6 м кв үйлчилгээний талбайг 257,160,000 төгрөгөөр А ХХК нь худалдахаар харилцан тохиролцож 2024-02-09 ний өдөр 257,160,000 төгрөгийн орлого Б.Б-ын Хаан банкны 51*******03 дугаарын данс руу орсон байна.

 

5. Маргааны зүйл болсон дээрх үйлчилгээний талбайг хариуцагч А ХХК нь ...дотор модон хаалга, булан залгаа, паркет, шалны хүрээ, цоож, бариул зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэх, угсрах ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт бартераар тооцохоор А ХХК-д шилжүүлжээ. А ХХК нь ажлын хөлсөнд авах дээрх орон сууцын үйлчилгээний зориулалттай талбайн захиалагчийн эрхийг Н.А-т худалдаж, Г.А нь хариуцагч А ХХК-тай 2023 оны 06-р сарын 08-ны өдөр 16/23 дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулжээ.

Улмаар тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгч шүүхэд гаргасан ба хариуцагч нь .. А ХХК нь ажлыг гүйцэд хийгээгүйн улмаас гэрээ цуцлагдсан, орон сууцны төлбөр бүрэн төлөгдөөгүй гэх үндэслэлээр шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний агуулгаас үзвэл шинээр баригдаж буй ...орон сууцыг 1 м кв-аар нь үнэлж, нийт 216,800,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохиролцжээ. Тодруулбал ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн, гэрээний гол шинж нь ажлын үйл явц байдаг ба худалдах худалдан авах гэрээний зүйл нь эд хөрөнгө,... байх ба тэрхүү хөрөнгө нь ирээдүйд худалдан авагчийн өмчлөлд шилжиж болох хөрөнгө байдаг.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан бөгөөд хариуцагч нь Н.А-т гэрээ цуцалсан талаар мэдэгдсэн гэх боловч нэхэмжлэгч үүнийг үгүйсгэхээс гадна, хэрэгт энэ талаарх мэдэгдлийг Н.А-т А ХХК-нь хүлээлгэн өгч байсан баримт байхгүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлагдсан гэж үзэхгүй.

Нэгэнт орон сууц захиалгын 2023 оны 06-р сарын 08-ны өдөр 16/23 дугаартай гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй, 2023 оны 08 дугаар сарын 22 ний өдрийн 22/23 дугаартай А ХХК-н Тодорхойлолт гэх нэртэй бичгийн баримтаар орон сууцны төлбөр тооцоог 100 хувь бүрэн төлөгдсөн гэсэн байх тул худалдагч орон сууцны төлбөрийг төлөөгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, гэрээний үүргийг биелүүлж тухайн талбайг захиалагчид хүлээлгэн өгөх учиртай. Тус орон сууц нь өмнө нь улсын бүртгэлд бүртгэгдэж байгаагүй шинээр бий болсон хөрөнгө учраас Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 д худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж зааснаар Г.А эхэлж гэрээ хийснээрээ уг эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй байна. Тодруулбал үл хөдлөх эд хөрөнгийн тухайд улсын бүртгэл өмчлөх эрхийг үүсгэхэд чухал ач холбогдолтой учраас Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д бүртгэлийг үнэн зөвд тооцох эрхийг зохицуулснаар өмчлөгчийн эрхийг хамгаалж, баталгаажуулсан байдаг. Харин энэ тохиолдолд гуравдагч этгээд өмчлөгчөөр бүртгэгдээгүй тул Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 т заасан зохицуулалтыг хэрэглэсэн болно.

Эдгээрээс дүгнэхэд Г.А-ийг Хан-Уул дүүргийн **дүгээр хороо А хотхоны А блок, 2-р орц 1 давхрын 108,4 м.кв, В тоот үйлчилгээний талбайн захиалагч буюу өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах шаардлага нь өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл учраас бие даасан шаардлага гэж үзэхгүй бөгөөд шүүх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул энэ эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудал нь цаашид маргааны зүйл болон үргэлжлэх учиргүй. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага шүүхээс өмчлөгч буцаан тогтоосон шийдвэрийг үндэслэн эрх бүхий этгээдийг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх учиртай. Хэрэв хуульд заасан үндэслэлгүйгээр ийнхүү бүртгээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй бол түүнээс үүсэх үр дагаврыг хариуцах үндэслэл үүсэхийг дурдах нь зүйтэй.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Г.А-ийг Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо А хотхоны А блок, **-р орц , 1 давхрын 108,4 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,556,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас 1,556,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.А-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ