Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 225

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж,

Улсын яллагч:А.Намдаг,

Хохирогч: Б.М,

            Шүүгдэгч: Ө.Н, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Нд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705013230243 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ө.Н, 1994 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ...., 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ...., урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 203 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 666 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,  .... тоот регистртэй,

Шүүгдэгч Ө.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9а байрны орчим иргэн Б.Мтөй машинаа холдуулсангүй гэж маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгчээс тухайн үед өмсөж явсан хувцасны мөнгө, шүүх эмнэлэгт үзүүлсэн мөнгө нийт 278.000 төгрөг нэхэмжилж байна, эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгэхээр нь би машинаасаа буугаад “чи миний машинаа хаана тавихыг заадаг юм уу” гээд ойртоод очтол нөгөө залуу над руу барилдах гэж байгаа юм шиг духаа өгөөд ойртоод ирсэн. Тэгэнгүүт нь би “хөөе чи холд” гээд тэр залуугийн шанаа руу гараараа нэг удаа түлхсэн. Тэгтэл нөгөө залуу намайг өвдгөөрөө хашаад мушигаад газар унагаасан. Би газар зүүн тохойгоороо унасан. Намайг газар унасан байх үед нөгөө залуу миний дээр гараад гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Би тэр залууг цохиход нь гараараа хамгаалаад толгой руугаа цохиулаагүй. Мөн төмсөг рүү бас хальт өшиглөсөн. Дараа нь 5 орчим минутын дараа би машинаа цоожлоод гэр лүүгээ орох гээд явж байтал нөгөө залуу яг манай орцны хажууд зогсчихсон чиний л буруу шүү дээ гээд үгээр идээд байсан. Тэгэхээр нь миний шар хөдлөөд чи муу юу гээд байгаа юм гээд нөгөө залуу дээр очоод нүүр рүү нь мөргөсөн тэр үед нөгөө залуу намайг дахин газар унагаасан энэ үед би баруун тохойгоороо газар унасан. Нөгөө залуу намайг дахиад газар унагаагаад миний дээр гараад миний чамархай руу цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Гэрч Б.Өийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нөгөө ах Нгийн шанаа руу эхлээд гараараа цохисон. Н хариуд нь бас гараараа цохиод нөгөө ахыг газар унагаасан. Тэгээд тэр хавьд байсан нэг танихгүй ах Н нөгөө ах хоёр зууралдсан байхад нь салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Шинжээчийн 13888 тоот дүгнэлтэд: “...Б.Мгийн биед зүүн чамархайн хуйх, дух, зүүн хацар, хүзүү, баруун тохойнд зулгаралт, өнгөц улайлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 15/,

Яллагдагчаар Ө.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгсэн чинь нөгөө жолооч ах “чи муу миний машинаа хаана тавихыг заадаг хэн юм” гэж хэлээд машинаас бууж ирээд миний баруун хацар руу гараараа хоёр удаа цохьсон. Тэгээд би тэр ахыг газар унагаасан. Тэр ах биеийнхээ баруун хэсгээр хажуулдаж газар унасан. Тэр үед хогны машины жолооч ах Т ирж салгасан. Тэгээд бид хоёр салсан. Би үргэлжлүүлээд хогоо ачаад байж байсан чинь нөгөө ах байр руугаа орохоосоо өмнө ахиад надаас хэрүүл нэхсэн. Тэгээд бид хоёр ахиад маргалдтал миний баруун хацар руу тэр ах эхлээд гараараа цохьсон тэгэхээр нь би тэр ахыг ахиад газар унагаагаад толгойн баруун хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэр үед ахиад хогны машины жолооч ах салгасан. Тэгээд манай эхнэр цагдаа дуудаад тэр хүн бид хоёр хоёулаа цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-н 39/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 6-10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 29-34, 46-49, 54-60/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 105-107/, Дорнод аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоот /хх-н 103/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ө.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9а байрны орчим иргэн Б.Мтөй машинаа холдуулсангүй гэж маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Мгийн: “...Тэгтэл нөгөө залуу намайг өвдгөөрөө хашаад мушигаад газар унагаасан. Би газар зүүн тохойгоороо унасан. Намайг газар унасан байх үед нөгөө залуу миний дээр гараад гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Би тэр залууг цохиход нь гараараа хамгаалаад толгой руугаа цохиулаагүй. Мөн төмсөг рүү бас хальт өшиглөсөн. Дараа нь 5 орчим минутын дараа би машинаа цоожлоод гэр рүүгээ орох гээд явж байтал нөгөө залуу яг манай орцны хажууд зогсчихсон чиний л буруу шүү дээ гээд үгээр идээд байсан. Тэгэхээр нь миний шар хөдлөөд чи муу юу гээд байгаа юм гээд нөгөө залуу дээр очоод нүүр рүү нь мөргөсөн тэр үед нөгөө залуу намайг дахиад газар унагаасан. Энэ үед би баруун тохойгоороо газар унасан. Нөгөө залуу намайг дахиад газар унагаагаад миний дээр гараад чамархай руу цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 23/, гэрч Б.Өийн: “...нөгөө ах Нгийн шанаа руу эхлээд гараараа цохьсон. Н хариуд нь бас гараараа цохиод нөгөө ахыг газар унагаасан. Тэгээд тэр хавьд байсан нэг танихгүй ах Н нөгөө ах хоёр зууралдсан байхад нь салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, шинжээчийн 13888 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ө.Нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ө.Н нь хохирогч Б.Мтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Б.М нь тухайн үед өмсөж явсан савхин хүрэм, ноолууран цамц зэрэг хувцасны мөнгө, шүүх эмнэлэгт үзүүлсэн мөнгө зэргийг нэхэмжилж байна. Дээрх хохирол нь хувцсанд хийсэн эд зүйлийн үнэлгээ /хх-н 105-106/, үнэлгээний төлбөр төлсөн баримт /хх-н 104/, шүүх эмнэлгийн төлбөр төлсөн баримт /хх-н 12/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 278.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогч нь эмчилгээтэй холбоотой зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ө.Нг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох санал гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч нь төлбөрийн чадваргүй учир 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял болгож, нийт эдлэх ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 666 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд төлөхийг даалгасан байна.

Шүүгдэгч нь уг торгуулийн ялааг биелүүлээгүй болох нь Дорнод аймгийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байх ба 6.9 дүгээр зүйлийн 2-т “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нгийн урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 666 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэхдээ хуулийн дээрх заалтад заасны дагуу торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоног хорих ялтай дүйцүүлж /450.000: 15.000=30 хоног/ хорих ял, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цаг нь нэг хорих ялтай дүйцэх тул /30*8=240/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял гэж тооцон нэмж нэгтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ө.Нг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 666 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлж, дээрх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
  4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н нь шүүхээс оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нгөөс 278.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мд олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР