Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01268

 

 

 

 

 

 

                             ЭТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/01196 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЭТ ХХК-ийн хариуцагч ЭХ ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 310 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ЭХ ХХК ДЭМ ХХК-тай 2019 оны 11 сарын 18-ны өдөр тус компанийн ...уурхайн талбайд өрөмдлөгийн цэг зааж, гүнийн худгийн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж, үйлдвэрлэлийн зориулалттай гүнийн худаг хүлээлгэн өгөх гэрээг байгуулсан. Уг гэрээнд ЭТ ХХКомпани туслан гүйцэтгэгчээр орж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ажиллах хүчээр хангаж ажилласан. Ажлыг гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. 2020 оны 1 сарын 17-ны өдөр захиалагч ЭХ ХХК-тай тооцоо нийлж, талуудын хооронд үүссэн харилцаа дуусгавар болсон. Гэтэл ажил хүлээн авснаас хойш буюу 2020 оны 1 сарын 28-ны өдөр өрөмдлөг хийгээд үлдээсэн цооногт 118-128 метрийн хооронд сул хөрс буюу тэсэлгээ хийгдэж байсны улмаас суларсан хэсэгт нуралт үүссэн нөхцөл байдлыг мэдэгдэн хоёр талаас тохиролцож ЭТ ХХК нэмэлт шүүрийн хоолойг 159 мм ган труба гагнаж суулгах ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэмэлт ажлын хөлс 24 480 000 төгрөг болсон. Мөн 2020 оны 1 сарын 30-ны өдөр уг уурхайн талбайд цахилгааны шонгийн суурийн цооног өрөмдөх 273 мм-ийн диаметр бүхий 7 газарт тус бүр 3 метрийн гүнтэй цооногийг буюу 21 тууш метр гүн өрөмдөх ажлыг хийж хүлээлгэн өгсөн. Тус ажлын хөлс 4 830 000 төгрөг болно. Иймд ажлын хөлс нийт 29 310 000 төгрөгийг хариуцагч ЭХ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Тус компани ...... нутагт жонш баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай усны хэрэглээг хангахын тулд гүнийн худаг гаргуулах шаардлагатай болж 2019 оны 11 сарын 18-ны өдөр ДЭМ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь усны эрэл хайгуул хийж гүний худаг гарах магадлал 75 хувьтай гэсэн дүгнэлтийг гаргаж өгсөн. Өрөмдлөгийн ажлыг ТЭБЭД ХХК-аар хийлгэхээр гэрээ байгуулан ажилласан. Ажлын үр дүнгээ хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч ЭТ ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. ДЭМ ХХК-ийн туслан гүйцэтгэгчийн хувиар уурхайн гүнийн худгийн ажилд оролцсон. Тус компанитай амаар тохиролцож ажил гүйцэтгүүлсэн асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 3434.1, 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЭТ ХХК-ийн хариуцагч ЭХ ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 29 310 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 500 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ганбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.  Хариуцагч худал тайлбар гаргасан. Манай компанитай ямар ч харилцаагүй гэсэн атлаа 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЭХ ХХК-нь уурхай дотроо шонгийн суурийн нүх өрөмдүүлэх ажил гүйцэтгүүлээд ажил хүлээлцсэн актанд дэд захирал Ч.Т гарын үсэг зурж, тамгаа дарсан байхад илт худал зүйл шүүхэд бичиж тайлбарлаж байна. Мөн туслан гүйцэтгэгчээр ажиллаж, №1 тоот гэрээний ажлыг нь хийж байгааг мэдэж, манай компанийн нягтланг дуудаж санхүүгийн төлбөр тооцоогоо хоёр талаасаа нийлээд №1 тоот гэрээний ажлын хөлс төлбөр тооцоог манай дансанд шилжүүлээд, ажил хүлээлцсэн санхүүгийн баримт акт үйлдсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг манай компаниас гаргуулж авч гэрээгээ өөрчилж татварын байгууллагад тайлан гаргаж мэдүүлж байсан байдал нь чухам ямар харилцаа болохыг анхан шатны шүүх хуулийн дагуу үнэн байдлыг тогтоож чадаагүй. Шүүх хурлыг удаа дараа хойшлуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж ЭХ ХХК-ийн талд хууль бус үндэслэлгүй шийдвэр гаргасан. Манай компани 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ЭХ ХХК-ийн Хажуу улааны жоншны уурхайд нэг бүр нь 3 метрийн гүнтэй 7 цооног буюу 21 тууш метр бүхий цахилгааны шон суулгах цооног өрөмдөж өгсөн. Уг ажлыг ямар нэг гэрээ хэлцэл огт байгуулаагүй газар дээр нь амаар тохирч хийж хүлээлгэн өгсөн. Уг ажлын үр дүнгээр тухайн уурхай тог цахилгааны эх үүсвэрээ хангаж эхэлсэн. Хөдөө гэрээ хийх нөхцөл боломж байгаагүй бөгөөд ажлаа хүлээлгэн өгсөн акт баримтыг нөхөж үйлдэж дэд захирал Ч.Тээр гарын үсэг зуруулж, компанийн тамгыг даруулсан. Гэтэл шүүхээс уг ажлын хөлсийг төлсөн гэж дүгнэж 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн нягтлан бодох бүртгэлийн актаар баталгаажуулсан гэж үзэж шийдвэрлэсэн. Манай компани 59 500 000 төгрөгийн үнийн дүн бүхий 2019 оны 11 дүгээр сарын 18-ны №1 тоот гэрээтэй холбоотой тооцоо нийлсэн бөгөөд уг тооцоонд 59 500 000 төгрөгийн үнийн дүн харагдаж байгаагаас биш илүү хийж гүйцэтгэсэн цахилгааны шонгийн нүх өрөмдсөн ажлын хөлс огт дурдагдаагүй. Иймд 4 830 000 төгрөгийг хариуцагч ЭХ ХХК-аас гаргуулж өгнө үү.

2019 оны 11 дүгээр сарын 18-ны №1 тоот гэрээтэй холбоотой нэхэмжлэл шүүхэд гаргаагүй байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж 2020 оны 1 дүгээр сарын 17-нд дуусч үүргээ биелүүлсэн гэрээний үйлчлэлийг нэмэлт ажил гүйцэтгэсэн ажлын хөлс, ЭХ ХХК-ийн эзэмшилд хийж гүйцэтгэж, тоног хэрэгсэл суурилуулж өгсөн материалын зардлууд ажлын хөлсийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн. ЭХ ХХК-ийн дэд захирал Ч.Т, Зоос банкны эзэн байсан Ч.Ч, БНХАУ-ын иргэн У нар 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ЭТ ХХК-ийн инженер төлөөллийн хүмүүсийг дуудан уулзаж “118-128м-ийн хооронд сул хөрс буюу тэсэлгээ хийгдэж байсны улмаас суларсан хэсэгт нуралт үүссэн” нөхцөл байдлыг өрөмдлөгийн аргаар уг хэсгийг шүүрийн хоолой суулгаж нуралтыг хаах ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, нэмэлт шүүрийн хоолойг (159 мм ган труба) гагнаж суулгах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохирсон байдаг. Энэ байдлыг гэрч Г.Энхбаяр шүүхэд тодорхой гэрчилсэн. Гэтэл шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлалгүйгээр №1 тоот гэрээнээс өөр харилцааг өмнөх гэрээтэй хольж тайлбарлан, хариуцвал зохих этгээд нь ЭХ ХХК гэж үзэх үндэслэлгүй байна гэж илтэд хууль бус дүгнэлт хийсэн. ДЭМ ХХК-аас шүүхэд  өгсөн албан бичигт 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1 тоот гэрээт ажлыг хийж гүйцэтгэж дууссан, захиалагч ЭХ ХХК болон туслан гүйцэтгэгч ЭТ ХХК тооцоогоо нийлж баталгаажуулаад НАӨТ-ын баримтыг гаргаж өгснөөр гэрээний харилцаа дууссан, нэмэлт ажлыг хоёр компани уг гэрээний харилцаа дууссаны дараа хоорондоо тохирч хийсэн” гэж нотолсон байтал шүүх манай компанийг хохироож байна. Иймд 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн нэмэлт ажлын төлбөр болох 6 ажилтны цалин хөлс, ЭХ ХХК-ийн уурхайн ашиглалтын худгийн цооногт нэмэлтээр суулгасан 159 мм ийн 222 тууш метр шүүрийн ган хоолой трубаны үнэ, уурхайн няравт хүлээлгэн өгсөн ЭЦВ-6 насосны үнэ зэрэг 24 480 000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн ЭХ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ЭТ ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 310 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ЭХ ХХК эс зөвшөөрч “манай компани ДЭМ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй, амаар тохиролцож ажил гүйцэтгүүлээгүй” гэж маргажээ.  

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу дүгнэлт хийгээгүй байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдсон.

Хариуцагч ЭХ ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ДЭМ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, усны эрэл хайгуулын ажил, геофизикийн дүгнэлт тайлан, 273 мм 10 инч хэмжээтэй 220 м гүнтэй гүнийн худгийн өрөмдлөгийн ажлыг 59 500 000 төгрөгөөр хийлгэхээр харилцан тохиролцож, уг ажлыг нэхэмжлэгч ЭТ ХХК-аар гүйцэтгүүлэхээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус компанитай өрөмдлөгийн ажил туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр ....... байрлах ЭХ ХХК-ийн эзэмшлийн газар цооногт 273 мм суултын ган хоолойг хадат үе хүртэл хийж гүйцэтгэн дотуур нь 230 мм-ийн диаметр бүхий цүүцээр гүний худгийн цооног өрөмдөх, гүний насос хэрэгсэл суурилуулах, шавхалт хийх ажлуудыг гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд 53 600 000 төгрөг төлөх, ажлын үр дүнг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хх 6-10/

Талуудын дээрх тохиролцоо Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгч нь дээрх гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэн  хариуцагч ЭХ ХХК-д хүлээлгэн өгсөн, гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь хэрэгт ЭХ ХХК, ЭТ ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн акт, түүний хавсралт тооцооны баримтын жагсаалт, ДЭМ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “ ... ажлыг хийхэд гүн өрөмдлөгийн өрмийн машин шаардлагатай болсон тул туслан гүйцэтгэгч ЭТ ХХК-аар 220 м өрөмдлөгийн ажлыг гэрээний дагуу хийлгэж дуусган насос хэрэгсэл тавьж захиалагч ЭХ ХХК-д хүлээлгэн өгсөн. Ажлыг 2020.01.17-ны өдөр хүлээлгэн өгч, хоёр талаас тооцоо нийлж баталгаажуулан 59 500 000 төгрөгийг бүрэн хүлээн авснаар НӨАТ-ын баримтыг ЭТ ХХК-аас ЭХ ХХК-д гарган өгч гэрээт ажил дуусгавар болсон” гэх албан бичиг зэрэг баримтууд авагдсан байх ба эдгээрийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна. Нэхэмжлэгчийн ажлын хөлс шаардсан 2 төрлийн ажил нь дээрх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлтэй хамааралгүй тусдаа ажил байх ба энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ. /хх 12-13, 39/

Хэрэгт 2 талын гарын үсэг бүхий 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн цооног өрөмдсөн ажил хүлээлцсэн тухай буюу “суурийн цооногийг 273 мм-ийн диаметр бүхий хэмжээтэйгээр 7 газарт тус бүр 3 метр буюу нийт 21 тууш метр гүнтэй өрөмдөж хүлээлгэн өгөв. Ажлыг уурхайн дарга гэх Нямдаваа хүлээн авсан бөгөөд ямар нэгэн гологдолгүй хүлээлгэн өгсөн болно. Уг ажилд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд амаар тохирч хийж гүйцэтгэсэн болно” гэж бичигдсэн акт, гэрч Г.Энхбаярын “ ... 2019.11.30-ны өдөр 3 метр гүнтэй 21 тууш метртэй цахилгааны суурийн 7 нүхний өрөмдлөгийн ажлыг хийж, уурхайн дарга болон хариуцаж байсан хятад хүнд хүлээлгэж өгсөн ...,  2020.01.28-ны өдөр ЭХ ХХК-ийн Зайсан дахь байранд очиж захирал Төгсбилгүүнтэй уулзаж 159 мм-ийн турбаг 220 метр хүртэл суулгахаар амаар тохиролцсон. 2 боодол буюу 37 ширхэг турба, вифтрот, ЭЦВ-6 нацосыг карантай машин хөлсөлж очоод ажил гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэж дуусмагц ажлыг хүлээж авсан, тоног төхөөрөмж худалдаж авсан баримтуудаа тухайн үед нярав гэх Хятад хүнд өгсөн .., ” гэх мэдүүлэг, нэхэмжлэгч компанийн иргэн Н.Батбилэгтэй ...жоншны уурхайд ачаа тээвэрлэх гэрээ, тээврийн хөлс төлсөн баримт, тухайн ажлыг гүйцэтгэсэн ажилтнуудад ажлын хөлс олгосон тухай компанийн захирлын тушаал, 2010 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 5 800 000 төгрөгөөр насос худалдан авсан кассын орлогын ордер, зарлагын баримтууд авагдсан байна.  /хх11, 40-43, 52-54, 60/  Түүнчлэн ДЭМ ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолтод “ ..., тухайн ажлын дараа өрөмдөж дууссан цооногт ган хоолой суулгах, нэмэлтээр гүйцэтгэх ажил нь манай компанид огт хамааралгүй бөгөөд хоёр хуулийн этгээд хоорондоо тохиролцож хийсэн ажил болно” гэжээ

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр,  2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрүүдэд хариуцагч ЭХ ХХК-тай тохиролцон ...уурхайн талбайд цахилгаан шонгийн суурийн цооног өрөмдөх ажил буюу 273 мм-ийн диаметртэй 7 газарт тус бүр 3 метрийн гүнтэй цооногийг нийт 21 тууш метр гүн өрөмдөх ажлыг,  хариуцагч компанийн өрөмдлөг хийгээд үлдээсэн цооногт 220 метрийн гүнд 159 метр диаметртэй ган турба суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан журмын нотлох баримт бүрдүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43,1, 43.3,  343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагч ажлын үр дүнг хүлээн авсан боловч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч ажлын хөлс 29 310 000 төгрөг шаардах эрхтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/01196 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭХ ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 310 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЭТ ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дах заалтыг “.., нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 304 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                     ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                          А.МӨНХЗУЛ