Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/394

 

 

 

 

 

 

    2024           04           02                                       2024/ДШМ/394

 

М.Ж-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

           прокурор Т.Мөнх-Амгалан,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-н өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

           шүүгдэгч М.Ж-, түүний өмгөөлөгч С.Энхбат, Б.Тэнгис,

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

 

           Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/9 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ж-, түүний өмгөөлөгч С.Энхбат, Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М.Ж-ид холбогдох эрүүгийн 2306000001207 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Ж-,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ***** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 11 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

 

            Шүүгдэгч М.Ж- нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “***” хотхоны ****тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Ж-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, айлган сүрдүүлж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэний улмаас М.Ж- нь сэтгэл санааны гүн хямралд орж, улмаар 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө тус тоотын ариун цэврийн өрөөний хатаагчаас олсоор өөрийнхөө хоолойг боомилон, амиа хорлосон гэмт хэрэгт холбогджээ.

           

            Баянзүрх  дүүргийн прокурорын газраас: М.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Ж-ийг “хүнийг амиа хорлох нөхцөл байдал хүргэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч М.Ж-ийн цагдан хоригдсон 115 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-оос 14.487.500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-д олгож, энэ гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох М.Ж-оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, М.Ж-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ж.Хаш-Эрдэнийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоох хүртэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-н асрамжид байлгахаар шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч М.Ж- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...улсын яллагчийн эд хөрөнгийн маргаанаас болж байнга зодож дарамталдаг гэх үндэслэлийг буруу гэж үзэж байна. Би хоёр байр, хадгаламж, гурван  машин зэрэг бүх эд хөрөнгөө эхнэрийнхээ нэр дээр авдаг байсан. Би ямар ч хөрөнгө өөрийнхөө нэр дээр авч байгаагүй. Миний эсрэг мэдүүлэг, мөн гэрч гэх хүмүүсээр ямар ч үндэслэл, нотлох баримтгүй байхад намайг яллаж байгаад туйлын гомдолтой байна. Би эхнэртэйгээ ханилаад 12 жилийн хугацаанд хөдөө, орон нутгийн хүнс тээвэрт явж гэр бүл, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэн. Би эрүүлжүүлэх болон гэр бүлийн хүчирхийллийн дуудлага болон ямар ч хууль зөрчиж байгаагүй. Мөрдөн байцаалт болон хуулийн бүх шатанд зөвхөн намайг шоронд хийх, мөн миний эсрэг гэрчийн мэдүүлэг цуглуулсанд гомдолтой байна. ...” гэв.

 

            Шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч С.Энхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс М.Ж-ид 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөлийг хэрэглээгүй. М.Ж- нь хохирогчийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан 14.487.500 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, давж заалдах шатны шүүх хурлын өмнө нөхөн төлсөн. М.Ж-ийн бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг зэргийг харгалзан үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр шударга ёсны зарчимтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг зөрчсөн хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Насанд хүрээгүй гэрч Ж.Х, Ж.Н нарын 2023 оны 3 дугаар сарын 28-нд, 6 дугаар сарын 17-нд өгсөн мэдүүлгүүдэд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг нь сануулж, мэдүүлэг өгөхөд нь татгалзах зүйл байгаа эсэхийг нь огт тодруулж асуулгүй эрхийг нь хязгаарлаж мэдүүлэг авсан байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хассан хязгаарласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль бус дүгнэлт хийсэн гэх үзэхээр байна. Учир нь насанд хүрээгүй хоёр хүүхдийн хувьд эхийгээ алдсан тухайн өдрөөс эцэг нь цагдан хоригдож огт уулзалдаж чадахгүй байгаа бөгөөд ээжийнхээ ах дүү нарын гэрт байгаа, эцэг, эх хоёроосоо хол байгаа хүүхдүүдээс Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн эдлүүлэлгүй мэдүүлэг авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэр хууль ёсны үндэслэлтэй явсан эсэхэд эргэлзээ төрөхөөр байна. Анхан шатны шүүх М.Ж-ийг хохирогч М.Ж-г байнга дарамталж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орон гэрээсээ хөөж, айлган сүрдүүлдэг байсан гэх үйл баримт тогтоогдож байна гэж үзсэн байх ба хэрэгт авагдсан амь хохирогч М.Ж-гийн хамаарал бүхий ах дүүсийн өгсөн мэдүүлгийг үндэслэн М.Ж-ийг гэм буруутай гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч М.Ж- өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байсан талаар болон байнгын шинжтэй гэр бүлийн аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байсан нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй. 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 969 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “талийгаач М.Ж-гийн цогцост хүзүүнд дүүжлэлтийн ором тогтоогдлоо гэх ба талийгаачийн биеийн бусад хэсэгт шинэ болон хуучин гэмтэл, хөхрөлт, няцралт, сорив огт тогтоогдоогүй байна. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд М.Ж- нь амь хохирогч М.Ж-г амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэж үзэхэд эргэлзээтэй гэж үзэж байна. Иймд хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

           

            Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-н өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “Анхан шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг харгалзан үзээгүй” гэсэн агуулгаар гомдол гаргасан байна. Шүүгдэгч М.Ж- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн асуудлаар маргадаггүй” гэж байгаа боловч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн шатанд гэм буруугийн асуудлаар маргаж байсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн асуудлаар маргаж, хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцсон. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах шатны шүүхэд “оршуулгын зардлыг төлсөн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон зэрэг байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй” гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгч М.Ж-, түүний өмгөөлөгч нарын зүгээс ял шийтгэлийг хөнгөрүүлэхийн тулд гэм буруугийн асуудлаар маргаагүй гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч М.Ж- нь гэм буруугаа чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөөгүй, тэрээр амь хохирогчийг байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж, зодож, гэрээсээ хөөж байсан бөгөөд амь хохирогч амиа хорлохоос 3 хоногийн өмнө айлын зуны байшинд хоноод ирсэн нөхцөл байдалд ч анхаарал хандуулж байгаагүй. Гэтэл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож байсан талаар нотлох баримт хэрэгт байхгүй” гэж тайлбарладаг. Амь хохирогч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй асуудал нь М.Ж-ийн дарамт шахалттай холбоотой. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд амь хохирогч “хэрэв цагдаа дуудаад өгвөл дараа нь бид нарыг ална” гэж ярьж байсан талаар мэдүүлсэн. Мөн шүүгдэгч М.Ж- амь хохирогчийг нас барсны дараа “би бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг хүн тул хүүхдээ асран хамгаалах үүрэгтэй” гэж ярьж байна. Шүүгдэгч М.Ж-ийн үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь хохирогч амиа хорлож, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн. Том охин нь шүүгдэгчийн төрсөн хүүхэд биш бөгөөд Солонгос улс руу суралцахаар явсан. Харин бага хүүхэд нь бусдын асрамжид байгаа. Шүүгдэгч М.Ж- нь хоригдож байх хугацаандаа хүүхдүүдийнхээ эрх ашгийн төлөө огт санаа тавиагүй. Мөн шүүгдэгчийн төрсөн дүү хохирогчийн гэр бүл рүү дарамт шахалт үзүүлж байсан болохыг хэлэх нь зүйтэй. Шүүгдэгч М.Ж- нь хохирогчийн гэр бүлд дарамт шахалт үзүүлж байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн тул түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Тэрээр урьд нь хүнийг алах гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

           

            Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч нь гэм буруугийн асуудлаар маргаж байсан тул прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй талаар санал гаргаж байсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” гэж заасан. Шүүгдэгч М.Ж- нь амь хохирогчид бие махбодын хүчирхийлэл, эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийллийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал, шүүгдэгч М.Ж- нь амь хохирогчийг гэрээсээ хөөж эдийн засгийн хүчирхийлэл үйлдсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Ж-ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч М.Ж- нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, "***" хотхоны **** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Ж-тай харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, айлган сүрдүүлж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэний улмаас М.Ж- нь 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны шилжих шөнө ариун цэврийн өрөөний хатаагчаас олсоор өөрийнхөө хоолойг боомилон, амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-н “...М.Ж- согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Нэг уухаараа багадаа 7-10 хоног тасралтгүй хэрэглэдэг. ...2021 оноос хойш М.Ж- нь архи их уудаг болсон. Архи уухаараа агсан тавиад байдаг болохоор манай талийгаач дүү хүүхдүүдтэйгээ өөр тийшээ яваад өгдөг байсан. Сүүлд 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай талийгаач дүү Ж- над руу залгаад нөхөр М.Ж-ийг зодож, нүдээд хөөгөөд байна гээд ярьсан ба манай төрсөн дүү М.Г-ийн Улиастайд байдаг хашаа байшинд хүүхдүүдтэйгээ хоносон гэсэн. ...” /1хх 77/,

гэрч Д.Т-ын “...манай хүргэн ах согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Талийгаач Ж- эгч М.Ж- ахыг архи уугаад гэрээсээ хөөгөөд гэж ярьдаг байсан. ...” /1хх 110/,

гэрч Н.Б-ийн “...миний мэдэхээр намайг амьдарч байх хугацаанд М.Ж- ах согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ Ж- эгчийг ална гэж заналхийлээд агсан тавиад дарамтлаад байдаг байсан. ...М.Ж- эгч Ж- ахыг архи уучихсан үед гэртээ орохоос айгаад байдаг байсан. Гэртээ орохдоо чимээ гаргахгүйгээр сэм ордог. Ж- ах сэрэх юм бол эгчийг зодоод, агсан тавиад заналхийлээд байдаг байсан. ...Ж- ах уучихаараа Ж- эгчийг гэрээс нь хөөгөөд дарамтлаад байдаг байсан учир Ж- эгч айлаар хоноглоод өглөө нь ажилдаа явдаг байсан. М.Ж- ах 2022 оны 08 дугаар сард гэр бүлээрээ Өвөрхангай аймаг руу зугаалгаар явахад ирэхдээ болон очихдоо Ж- эгчийг зодож байсан. 2023 оны 03 сард хэрэг болохоос хэд хоногийн өмнө Ж- ах согтууруулах ундааны зүйл хэрэглэн аягатай хоолоо шидээд жижиг өрөөнийхөө цонхыг хагалаад эгчийг заналхийлж, дарамтлаад хөөж гаргаж байсан. Эгч машиндаа орж ирээд уйлаад “одоо яах ёстой юм болоо” гээд надад хэлээд сэтгэл санаа нь ихээр уначихсан байсан...М.Ж- эгч болон бид нар цагдаагийн байгууллагад дуудлага өгчихвөл суллагдаад гарч ирээд яаж ч магадгүй гээд Ж- ахаас айгаад цагдаа дууддаггүй байсан. ...” /1хх 118/,

гэрч М.Г-ийн “... М.Ж- согтууруулах ундаа хэрэглэдэг байсан учир гэр бүлийн харилцаа хоорондоо маш муу байсан. Ж ах архи уухаараа эгчийг зодож, цохиод байдаг гэж сонсож байсан. Сүүлд бид нарын нүдэн дээр зун зугаалгаар явж байхад Ж ах талийгаач эгчийг минь нэлээд гэмтэл гарахаар зодож байсан. Тухайн үед цагдаад дуудлага өгч байгаагүй. Цагдаа дуудчихвал буцаад гарч ирээд эгч хүүхдүүдийг зовоочих юм болов уу гэж боддог байсан нь одоогийн ийм байдалд хүрчихлээ. ...манай талийгаач эгч М.Ж-той гэр бүл болоод 11 жил болж байна. Эхний нэг жил сайхан амьдарч байгаад үүнээс хойш эгч минь дарамтад амьдардаг болсон. Хүүхдийнхээ сайн сайхны төлөө гээд талийгаач эгч маань тэвчиж амьдардаг байсан. Энэ талаараа хааяа даа л уулзахаараа хэлдэг байсан. ...” /1хх 124/ гэсэн мэдүүлгүүд,

“...М.Ж- нь дүүжлэлтийн улмаас хүзүү гаднаасаа уяа гогцоогоор дарагдаж, амьсгал механикаар бүтэж нас барсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 969 дүгээр дүгнэлт /1хх 136-139/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 16-28/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 29-32/, шүүгдэгч болон амь хохирогчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /55-64/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс дээрх гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч М.Ж- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч М.Ж-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Ж-г байнга хүчирхийлсэн, зодсон, гэрээсээ хөөж, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Ж-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

 

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч Б.Тэнгис “...М.Ж-ийг хохирогчийн амь хорлоход гарцаагүй нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэх нь эргэлзээтэй байх тул ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-, гэрч Д.Т, Н.Б, М.Г нарын мэдүүлгүүдээр М.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр болон хүүхдүүддээ агсам тавих, зодох, гэр орноосоо хөөх, хэл амаар доромжлох зэргээр биеийн болоод сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэл үйлддэг байсан нь тогтоогдож байх ба амь хохирогч М.Ж- нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас ариун цэврийн өрөөнийхөө хатаагчаас олсоор өөрийнхөө хоолойг боомилон, амиа хорлосон байна.

 

Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн объектив шинж нь “... байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” идэвхтэй үйлдлээр илэрхийлэгдэхээр хуульчилсан бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл ба үр дагаврын хооронд шалтгаант холбоо байх ёстой.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн өмнө гэр бүлийн хүрээнд гаргаж байсан хүч түрэмгийлсэн зан авир, заналхийлэл нь хохирогчийг ямар нэгэн гарах гарцгүй болгосон бодит аюул занал тулгарсан гэсэн субъектив төсөөллийг бий болгож, амь хохирогчийг амиа хорлоход хүргэсэн идэвхтэй үйлдэл, энэ үйлдлийн улмаас хохирогч нас барсан буюу амиа хорлосон үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад шүүгдэгч М.Ж-ийн цагдан хоригдсон хоногийг 115 гэж буруу тооцсон байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэсэн болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч М.Ж-, түүний өмгөөлөгч С.Энхбат, Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч М.Ж-ид шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 99 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Шүүгдэгч М.Ж- нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-н Хаан банкны ******тоот дансанд 14.487.500 төгрөгийг шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ийн цагдан хоригдсон 108 /нэг зуун найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ж-, түүний өмгөөлөгч С.Энхбат, Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 99 /ерэн ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүгдэгч М.Ж- нь М.Н-н Хаан банкны ***** тоот дансанд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 14.487.500 /арван дөрвөн сая дөрвөн зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлсэн болохыг дурдсугай

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН