| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 184/2024/10136/И |
| Дугаар | 192/ШШ2025/02493 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 192/ШШ2025/02493
2025 03 31 192/ШШ2025/02493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *******, МН таур, 13 дугаар давхар, 13******* тоот хаягт байрлах “ББМНТ ББСБ” ХХК (РД:6688314)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******, ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (*******),
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, дэнж ******* тоот хаягт оршин суух овогт () нарт холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 27,565,523.82 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.
Шүүх хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч компани нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 27,565,523.82 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч нар нь манай байгууллагаас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр автомашин худалдаж авах зорилгоор 30 сарын хугацаатай сарын 2.9 хувийн хүүтэй 25,000,000 төгрөгийг зээлж 202404125 дугаартай зээлийн гэрээ, ФГ202404125-1 дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулсан. Хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 4861 дугаартай Toyota prius alpha загварын машиныг манай байгууллагын өмчлөлд шилжүүлж фидуцийн гэрээ байгуулсан.
1.2.Хариуцагч нар нь 2024 оны ******* дугаар сарын 24, 28-ны өдрүүдэд 1,000,000 төгрөг, ******* дугаар сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 10 дугаар сарын 14-ний өдөр 450,000 төгрөг, 10 дугаар сарын 16-ны өдөр 800,000 нийт 2,550,000 төгрөг төлж, үүнээс хойш зээлийн эргэн төлөлт хийхийг шаардсан боловч нэг ч удаа төлөлт хийгээгүй байгаа. Хариуцагч О.*******ад холбогдох шаардлагаас татгалзаж байна гэжээ.
2.Хариуцагч Д.д 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа талаар шүүхэд мэдэгдээгүй болно.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “ББМНТ ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, зээлийн гэрээ болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн тооцоолол, хариуцагч О.*******аас татгалзах тухай хүсэлтийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч компани нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 27,565,523.82 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нартай 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр автомашин худалдаж авах зорилгоор 30 сарын хугацаатай сарын 2.9 хувийн хүүтэй 25,000,000 төгрөгийг зээлдүүлэх 202404125 дугаартай зээлийн гэрээ болон ФГ202404125-1 дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулсан. Хариуцагч нар нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй учир гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч Д.д шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр түүний шүүхэд мэдүүлсэн 88064780 дугаар утас руу залгахад “орох ярианы эрх хаагдсан” гэх хариу өгсөн тул түүний шүүхэд мэдүүлсэн оршин суух хаягаар “Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг илгээсэн, мөн вайбер хаягаар зурвас үлдээсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ…”, 77.2 дахь хэсэгт “…Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Зохигч талуудын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 25,000,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар 30 хоногийн 2.9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх гол нөхцөл бүхий гэрээ байгуулагдсан. (хавтаст хэргийн 6-8 дахь тал)
4.2.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зохигч талууд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ФГ2024/04/125-1 дугаар “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ” байгуулж О.*******ын өмчлөлийн 4861 УЕС улсын дугаартай Toyota Prius Alpha-XW загварын тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч компанийн нэр дээр шилжүүлсэн. (хавтаст хэргийн 9-11 дахь тал)
4.3.Хариуцагч нар нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй талаар маргаагүй.
5.Нэхэмжлэгч “ББМНТ ББСБ” ХХК болон хариуцагч О.*******, Д. нарын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөлөөс харахад тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар зохигч талуудын хооронд маргаангүй байна.
6.Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны эхлэхийн өмнө хариуцагч О.*******ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлсэн, уг татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хүлээсэн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.*******ад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хариуцагч Д. нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
8.Зээлдэгч буюу хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн үйл баримтын талаар тайлбар, татгалзлаа ирүүлээгүй учир зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч компани нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар гэрээг цуцлахаар шаардах эрхтэй.
9.Зээлдэгч буюу хариуцагч Д. нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх нэхэмжлэгчийн тооцооллыг үгүйсгэж тайлбар татгалзлаа илэрхийлээгүй учир нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй гэж үзнэ.
10.Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу “ББМНТ ББСБ” ХК болон Д., О.******* нарын хооронд байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ2024/04/125 дугаар зээлийн гэрээг цуцалж, Д.гээс үндсэн зээлийн үлдэгдэл 24,202,876.71 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 3,336,190.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,456.7 төгрөг, нийт 27,565,523.82 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
11.Зохигч талуудын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ФГ2024/04/125-1 дугаар “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ” байгуулж О.*******ын өмчлөлийн 4861 УЕС улсын дугаартай Toyota Prius Alpha-XW загварын тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч компанийн нэр дээр шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Д. нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд О.*******ын өмчлөлийн 4861 УЕС улсын дугаартай Toyota Prius Alpha-XW загварын тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 365,977.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.гээс 365,977.62 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “ББМНТ ББСБ” ХХК болон О.*******, Д. нарын хооронд байгуулагдсан ЗГ2024/04/125 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.гээс 27,565,523.82 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ББМНТ ББСБ” ХХК-нд олгосугай.
2.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д. нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, 4861 УЕС улсын дугаартай Toyota Prius Alpha-XW загварын тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан “ББМНТ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.*******ад холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 27,565,523.82 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ББМНТ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 365,977.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гээс 365,977.62 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ББМНТ ББСБ” ХК-нд олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД