Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/409

 

 

 

 

    2024           04            04                                      2024/ДШМ/409

П.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сумъяа,

яллагдагч П.Х-ын өмгөөлөгч Ж.Баасанжав,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/434 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сумъяагийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаар эсэргүүцэл, яллагдагч П.Х-ын өмгөөлөгч Ж.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Х-т холбогдох 2306016873918 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

            Х-,

 

            Яллагдагч П.Х- нь 2022 оны 10 дугаар сард 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.С-ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

           

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр.” нотлон тогтоох үүрэгтэй байна. Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2 дугаар хавтас хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Дээрх прокурорын тогтоол нь яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, зүйлчлэл тохироогүй байна гэж шүүх дүгнэлээ. Улсын яллагч, хохирогч 14 насанд хүрээгүй ч яллагдагч нь хохирогчийг 14 насанд хүрээгүйг мэдэх боломжгүй байсан гэж тайлбар гаргаж байгаа нь шинжээчийн дүгнэлтийг няцаах үндэслэл бүхий тайлбар болохгүй байна, мөн шинжээчийн дүгнэлтийг дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл, 1 дүгээр хавтас хэргийн 93 дугаар хуудсанд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12622 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. М.С-э /*** нь одоогоор 13 нас 7 сартай, ясны бүтэц бие мах бодийн хөгжлөөрөө насандаа тохирсон байна.” гэжээ. Энэ дүгнэлтээс үзэхэд нэг жилийн өмнө буюу хэрэг учрал болох үед бие махбодын хийгээд сэтгэцийн хувьд бойжилт олоогүй бага насны хүүхэд болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад дүгнээгүй нь учир дутагдалтай байна. Мөн бага насны хүүхэд хүүхэд төрүүлэхэд ноцтой хохирол хор уршиг учрах эсэх талаар прокурор нэг мөр дүгнэх нь зүйтэй. Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэнд тооцоход, хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинжид заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүйг дурдах нь зүйтэй гэх үндэслэл зааж яллагдагч П.Х-т холбогдох эрүүгийн 2306016873918 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч П.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Яллагдагч П.Х-ын өмгөөлөгч Ж.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа хуульд заасан журмын дагуу бүрэн хийгдсэн байтал шүүхээс дээрх хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай захирамж гаргаж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яллагдагч П.Х-ын хувьд хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж буй нь гэм буруугийн санаатай үйлдэл буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тэдний хоорондын харилцсан захидал харилцаанаас /фэйсбүүк чат/ хангалттай нотлогдсон атал гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлох үүрэгтэй байна хэмээн, мөн шинжээчийн дүгнэлтийг дүгнээгүй хэмээсэн нь учир дутагдалтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй, харин зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг заах талаар хуульчилсан бөгөөд улсын яллагчийн зүгээс зүйлчлэлд хохирогчийн өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтыг үндэслэн дүгнэсэн талаараа тодорхой тайлбарласан.  Хүчиндэх гэмт хэргийн хувьд хохирогч нь бага насны, эсхүл өсвөр настай эсэхээс шалтгаалж хууль зүйн үр дагавар өөр өөр үүсдэг тул хохирогчийн биеийн өсөлт хөгжил, сургууль, зан харилцаа зэрэг хувь хүний онцлог шинж байдлыг сайтар шалгаж тогтоох, хууль зүйн зөв дүгнэлт хийх шаардлагатай байдаг. Монгол хэлний их тайлбар тольд “Мэдэх” гэдгийг хэрэг явдлын тухай үзэж сонссон, танилцсан, мэдээтэй болсон байх, юмс үзэгдэл, хэрэг явдлын тухай ухамсарлаж, ойлгох гэж тайлбарласан бөгөөд хохирогчийн хувьд яллагдагчтай танилцахдаа өөрийн насыг нэмж хэлэн удахгүй 16 хүрнэ гэж ойлгуулсан бөгөөд биеийн ерөнхий хөгжлийн хувьд өсвөр насны болон насанд хүрсэн хүнтэй ойролцоо биеийн хөгжилтэй, биеэ авч яваа байдал болон яллагдагчтай харилцаж байсан харилцааны талаар хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд яллагдагчийн мэдүүлгүүд үнэн зөв, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, яллагдагч П.Х- нь хохирогчийг бага насны бус өсвөр насны хүүхэд гэж бодитой төөрөлдсөн гэж үзэж нөхцөл тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн өрвөн зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орох” гэмт хэргийн хуульд П.Х- нь хохирогчийг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж дараа нь учирч болох хохирол, эрсдэлийг тооцоолсон атлаа учирч болох хариуцлагыг үл ухамсарлан хүсэж үйлдэж бэлгийн харьцаанд орсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл эс үйлдэхгүй, хохирол хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Хохирогчийн өгсөн мэдүүлгээс үзэхэд өөрийгөө 16 насанд удахгүй хүрнэ гэж ойлгуулж бэлгийн харьцаанд 3 удаа орсон талаараа мэдүүлдэг. Эрүүгийн хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан анхан шатны шүүхийн шатанд хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор М.Сумъяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахгүйгээр шүүгдэгчийн гэм буруугийн буюу хэргийн зүйлчлэлийг тохироогүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэхийг... хориглоно” гэж, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан  хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж заасныг тус тус зөрчиж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв шүүх хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, шийдвэрлэх боломжтой байна. Түүнчлэн, шүүх өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны талаар огт хэлэлцээгүй, шүүгчийн захирамжид ямар ажиллагаа гүйцэтгэх, уг мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэснээр хэргийн ямар үйл баримт нотлогдох, үгүйсгэгдэх талаар дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар П.Х-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн П.Х-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор  шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/434 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Яллагдагч П.Х-т авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН