Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 214

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Урангуа,

Улсын яллагч: С.Оюунжаргал,

            Шүүгдэгч М.Мөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Мад холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1803000010121 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, М.М, 1984 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ..., 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ..., урьд Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, ...тоот регистртэй,

Шүүгдэгч М.Мнь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар төмөр замын Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын зүүн хойд талд байрлах Уянга зоогийн газрын үүдэнд Ц.Эийг мөнгө байхгүй гэж худлаа ярьлаа хэмээн шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ц.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг 30 минутын орчим Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын хойд талбай дээр зүүн талд байрлах гар утасны дэлгүүрийн үүдэнд зогсож байтал М.Мнь намайг “хөөе Эби пизда минь наашаа хүрээд ир” хэмээн дуудсан. Яваад очиход “чи эртээд мөнгөтэй л байсан юм байна лээ шүү дээ, Тчамайг машиныхаа голын хайрцаганд мөнгөтэй байсныг хэлсэн” гэсэн. Мөн “битгий янз үзээд байгаарай, гөлөг минь ална шүү” гэж хэлсэн. Харин би түүнд хэд хоногийн өмнө тааралдаж надаас архины мөнгө гуйсан үед нь ч тэр, мөн одоо ч ямарч мөнгөгүй байгаа тухайгаа дахин хэлсэн. Тэгтэл М шууд үгийн зөрүүгүй миний зүүн, баруун шанаа руу 2-3 удаа цохисон. Энэ үед нь би түүнд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй бөгөөд дахиад л мөнгө хэд хоногийн өмнө байхгүй байсан талаараа тайлбарласан. Тэгтэл дахиад баруун гараараа зүүн шанаа руу 1 удаа цохисон. Би түүний цээж рүү 1 удаа өөрийгөө хамгаалж түлхтэл зөрүүлээд дахин 1 удаа төмсөг рүү өшиглөсөн. Тэгсэн хажууд зогсож байсан “Ноён” гэх хочтой жолооч Ихбаяр нь “хөөе цагдаа бичлэг хийгээд байна, ийшээ гараад зодолд” гэсэн. Ингээд М миний зүүн гарнаас зуураад баруун чиглэлд явдаг арын автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн талд очоод дахин 1 удаа хамар руу цохисон. Энэ үед “чи тэр Төрөөгөө дууд хоёрын хооронд хүмүүсийн дунд яс хаяад байна шүү дээ” гэж хэлтэл дахин миний нүүр болон зүүн дээд хөмсөг рүү 2-3 удаа цохисон. Энэ үед миний хамарнаас болон зүүн дээд шанаанаас их хэмжээгээр цус гарч эхэлсэн. Ингээд үргэлжлүүлээд миний өмсөж байсан малгайтай цамцнаас доош дарахад би нүүрээ дараад сөхөрч суухад үргэлжлүүлэн хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж мөн гараараа цохисон. Тэгтэл хажуунаас Обама гэх хочтой жолооч Гирж салгаад надад нойтон салфетка өгсөн, би цусаа арчсан. Одоогоор хамрын баруун талын тулгуур яс хугарсан байгаа. ...2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би Маас 500.000 төгрөг бэлнээр авсан бөгөөд бид хоорондоо эвлэрч, тэрээр надаас эр хүний ёсоор уучлалт гуйсан. Мад ямар нэгэн гомдол саналгүй бөгөөд миний бие анх түүнээс 1.500.000 төгрөг нэхэмжилсэн ч гэсэн үлдэгдэл мөнгө, төгрөгийг бид хоорондоо тохиролцож цаашид бага багаар өгөлцөж авахаар болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

Гэрч Гий мөрдөн байцаалтад өгсөн: “...тухай өдөр 16 цаг 30 минутын үед Вокзалын арын талбайд хүмүүстэй уулзаад байж байсан. Тэгтэл гар утасны дэлгүүрийн үүдэнд жолооч М нь гэнэт жолооч Этэй маргалдаад түүнийг 2-3 удаа гараараа алгадаж цохисон. Ингээд М нь Эийг “Ноён” гэх хочтой Ихбаярын хамтаар Вокзалын арын автобусны буудлын тийшээ дагуулаад яваад өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа ардаас нь яваад очтол М нь Этэй зодолдсон байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 38-39/,

Гэрч Иын мөрдөн байцаалтад өгсөн: “...Эбээ гэдэг нь Эийг хэлж байгаа юм. Тухайн үед М, Э хоёр нь Вокзалын арын автобусны буудлын зүүн талд муудалцах үед Мыг мөргүүлэн цохиулсан эсэхийг сайн анзаарч харж чадаагүй. Ингээд л үргэлжлүүлээд М нь Эийг нүдээд зодчихсон юм” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

Шинжээчийн 3484 тоот дүгнэлтэд: “...Ц.Эийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, духны зөөлөн эдийн няцрал, шарх, дух, дагзны зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун дээд 7-р шүдний эмтрэл, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 48/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-8/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 27/, Хохирлын баримтууд /хх-н 34-36/, хохирогчийн хүсэлт /хх-н 37, 90/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 59-85/, шүүгдэгчийн хүсэлт /хх-н 91/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М.Мнь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын зүүн хойд талд байрлах Уянга зоогийн газрын үүдэнд Ц.Эийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…М шууд үгийн зөрүүгүй миний зүүн, баруун шанаа руу 2-3 удаа цохисон. Энэ үед нь би түүнд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй бөгөөд дахиад л мөнгө хэд хоногийн өмнө байхгүй байсан талаараа тайлбарласан. Тэгтэл дахиад баруун гараараа зүүн шанаа руу 1 удаа цохисон. Би түүний цээж рүү 1 удаа өөрийгөө хамгаалж түлхтэл зөрүүлээд дахин 1 удаа төмсөг рүү өшиглөсөн. ...М миний зүүн гарнаас зуураад баруун чиглэлд явдаг арын автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн талд очоод дахин 1 удаа хамар руу цохисон. Энэ үед “чи тэр Төрөөгөө дууд хоёрын хооронд хүмүүсийн дунд яс хаяад байна шүү дээ” гэж хэлтэл дахин миний нүүр болон зүүн дээд хөмсөг рүү 2-3 удаа цохисон. Энэ үед миний хамарнаас болон зүүн дээд шанаанаас их хэмжээгээр цус гарч эхэлсэн. Ингээд үргэлжлүүлээд миний өмсөж байсан малгайтай цамцнаас доош дарахад би нүүрээ дараад сөхөрч суухад үргэлжлүүлэн хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж мөн гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/, гэрч Д.Ган-Эрдэний: “...өдөр 16 цаг 30 минутын үед Вокзалын арын талбайд хүмүүстэй уулзаад байж байсан. Тэгтэл гар утасны дэлгүүрийн үүдэнд жолооч М нь гэнэт жолооч Этэй маргалдаад түүнийг 2-3 удаа гараараа алгадаж цохисон. Ингээд М нь Эийг “Ноён” гэх хочтой Ихбаярын хамтаар Вокзалын арын автобусны буудлын тийшээ яваад өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа ардаас нь яваад очтол М нь Этэй зодолдсон байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 38-39/, гэрч Иын: “...Тухайн үед М, Э хоёр нь Вокзалын арын автобусны буудлын зүүн талд муудалцах үед Мыг мөргүүлэн цохиулсан эсэхийг сайн анзаарч харж чадаагүй. Ингээд л үргэлжлүүлээд М нь Эийг нүдээд зодчихсон юм” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/, шинжээчийн 3484 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Мнь согтуурсан үедээ хохирогчийг урд нь мөнгө байхгүй гэж худлаа хэллээ гэж шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 500.000 төгрөг авсан, үлдэгдэл мөнгийг хоорондоо тохиролцсон, ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-н 90/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч М.Мыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдэд багтаж байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг ирүүлсэн байна.

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүгдэгч М.Мнь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.Мад шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Мнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Мыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.Мад шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР