Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 314/ШШ2025/00274

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч А.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн ******* тоотод оршин суух *******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг  ******* тоотод оршин суух  ********д холбогдох,

 

            “Гэм хорын хохирол 30,000,000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

“3,650,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч ******* /цахимаар/, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй. ******* гэдэг найзын гуйлтаар гэж байгаа боловч өнөөдөр Дорноговь аймгийн Цагдаагийн газраас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулах хохирлыг шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ч бусдаас болж учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй гэсэн байсан тул тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад Дорноговь аймгийн цагдаагийн газраас хуулбар үнэн даруулж, нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг хэргийн материалд нэг бүрчлэн хавсаргасан байгаа. Ямар нэгэн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж  оролцож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар ************ нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар, санаандгүй, болгоомжгүй эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан. Энэ гэм хорыг хариуцагч арилгах үүрэгтэй. Тухайн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан унаж эдэлж явж байхдаа бусдад гэм хорын хохирол учруулсан. Энэ гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тухайн машиныг зах зээлийн үнэлгээгээр биш Эд хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар үнэлэгдсэн үнэлгээгээр өөрт учирсан хохирлоо шаардаж байгаа. Энэ нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, 9 дүгээр зүйлийн 9.4.4-д учруулсан хохирлыг арилгуулах шаардах эрхтэй гэсэн эрхээ хэрэгжүүлсэн. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар тухайн тээврийн хэрэгсэл дахин унаж, эдлэх шаардлага хангахгүй болсон учраас гэм хорын хохирол 30,000,000 төгрөгийг хариуцагч ************* гаргуулж нэхэмжлэгч ********** д олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “ ********** овогтой ******** миний бие **********ийн эзэмшлийн ****УКО улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу 2024-11-04-ний өдөр ********** гэх найзын гуйлтаар хүргэж өгөх гэж яваад надаас гарсан зардалууд болно. Үүнд: 2024-11-04-нд Зуунмод 2-р баг Хөтөл шатахуун түгээх станцаас карт уншуулан пос машин 70100337-д ********* төгрөгөөр түлш хийсэн, 2024-11-05-нд Дорноговь аймгийн Айраг сумын Тулга шатахуун түгээх станцаас карт уншуулан пос машин 13172275-д 1.000.000 төгрөгөөр түлш хийсэн, 2024-11-06-нд Замын-Үүд сумаас ****ДГС дан толгойгоор буцаж шатсан машин руугаа явахдаа шатахуун түгээх станцаас  **********ийн данс болох ****************** данс руу шилжүүлэн 200.000 төгрөгөнд шатахуун хийсэн, 2024-11-08-нд Сайншанд сумаас кран дуудаж шатсан толгойгоо ачуулсан. **********ын хаан банкны **************** дансанд 800.000 төгрөг төлсөн, Замын-Үүд рүү шатсан толгойгоо ачуулсан. ***************ын хаан банкны ****************** тоот дансанд 400.000 төгрөг шилжүүлсэн, 2024-11-09-нд Замын-Үүдэд шатсан толгойгоо буулгахад кран хөлслөн ****************ийн хаан банкны ****************** дансанд 300.000 төгрөг шилжүүлсэн, 2024-11-09-нд шатсан машиныхаа чиргүүлийг чирч явахдаа ********ДГС норт бенз машинд Сайншандаас гарахдаа хувь бензин түгээх машинаас бэлэн мөнгө 500,000 төгрөгөөр түлш хийж явсан. Ингээд нийт *************ээс 3,650,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч ************ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авч өөрийн санамсар болгоомжгүйгээр шатааснаа нэхэмжилж байх шиг байна. Худалдан авах гэрээ гэж иргэний хуульд заасны дагуу эд хөрөнгийг бусдад шилжүүлээд авто тээврийн хэрэгсэл худалдах гэрээг заавал бичгээр хийнэ. Учир нь улсын дугаартай байдаг учраас заавал нэр шилжүүлдэг байгаа. Эд хөрөнгийн ямар нэгэн доголдолгүй, барьцааны биш ийм тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлснээр бусад нь хариу төлбөр төлснөөр худалдах худалдан авах гэрээ дуусгавар болдог. *************, **********ийг танихгүй, *************, *************ийг ч танихгүй. *************ийн хуурай дүү ************* гэх залуу байгаа. Энэ хүн нь Замын-Үүдэд ажил хийж байгаад БНХАУ-д баригдаад асуудалтай болчихоод Монгол улс руу орж ирж чадахгүй болчихсон. Тухайн үед хамт нэг, хоёр удаа уулзаж, танилцаад тээвэрт хамт явж байсан ************ гэдэг найзаасаа “...Миний машин Улаанбаатарт бүтэн 3 сар боллоо. Дөхүүлээд өгөөч? Ер нь эвдрэл гэмтэлтэй байгаа болохоор энд авчирч янзлуулах гээд байгаа юм аа, та туслаач...”  гэж *************ээс гуйсан байсан. Энэ гуйлтын дагуу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ************* нь Улаанбаатар хотоос уг машиныг авч Замын–Үүд рүү өөрөөсөө түлш, тос, масло зэргийг хийгээд явж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь гэмтэлтэй байсан учраас Улаанбаатар хотоос 70 км-ийн зайд явж байхад хойд талын дугуй нь зуураад шатахаа алдсан гэж байгаа. Жолооч нь туршлагатай хүн байсан учраас мэдэж арга хэмжээ тэр дор нь авсан гэсэн. Мөн дээрээс нь машинуудын хянахын гэрлүүд байнга унтарч, асаж явж байсан. Тэгээд ************* гэдэг залууд ингээд байна, тэгээд байна гэдэг асуудал тавихаар “...мэдэж байгаа, та ямар нэгэн аргаар авчраад өг...” гэдэг асуудлыг өөдөөс нь хэлээд байсан гэсэн. Тухайн тээврийн хэрэгслийг хүргэхдээ ************* нь ганцаараа яваагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцох ************* гэдэг хүнтэй хамт явсан байгаа. Тухайн үед болсон процессийг гэрчлэхээр өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа. Мөн тухайн үед замын зардал, тээврийн зардал, хоол ундны зардал, түлшний зардал гэх мэт зардлуудыг ************* гэх хүнээс нэхэмжлэх боломжгүй. Учир нь тус тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч нь *************. Тийм болохоор ************* өөрт учирсан хохирлоо *************ээс гаргуулахаар 3,650,000 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан. Тус сөрөг нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Гэм хорын хохирлын тухайд хэлэхэд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.3-д “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан. Тэгэхээр тухайн машин чинь *************ийн эзэмшлийн машин. Үүнийг өмнөх хурал дээр ч хэлсэн. Нэхэмжлэгч тал манайхыг санаатай шатаачихсан юм ярих гээд байна л даа. ...Шинжээчийн дүгнэлтэд тээврийн хэрэгсэл шатсан шалтгаан нь галын утаснаас болж шатсан байна гэсэн дүгнэлт гарсан байсан. Галын утас гэдэг нь 50-ын халаагч гэдэг зүйлээс болоод гал гарсан байна гэж бүр тодорхой гарчихсан байгаа. Энэ 50-ын халаагч гэдэг зүйлийг ************* машинд тавьчихсан юм биш байхгүй юу. Хүн болгон машинтай учраас 50-ын халаагч юу вэ? гэдгийг мэдэж байгаа байх. Тэр машинд зориулалтынх нь дагуу тавьчихсан 50-ын халаагч байгаа учраас шөнө нойр нь хүрээд байсан учраас замаас гарч унтсан. Унтаж байхдаа үүрийн 4 цагт даараад байсан учраас машинаа асаагаад 50-ын халаагчаа дөнгөж дараад ямар ч гэсэн нойр сэргэлээ хөдөлье дөө гэж босоод байж байсан чинь юу, юу үгүй гал авалцаад гал гарсан асуудал байхгүй юу. Том оврын тэргүүд 50-ын халаагч гэдэг зүйлийг машиндаа суулгахдаа Авто тээвэр ашиглах хууль дээр ямар нэгэн 50-ын халаагчийн норм, дүрмийг өөрчилвөл заавал  стандартын дагуу батлуулж байж тавиулах ёстой. Гэтэл энэ 50-ын халаагчийг ************* тавиагүй, ************* гэдэг хүн тавьсан байх ёстой. Эзэмшигчид учраад байгаа хохирлыг бусдаар биш өөрөө төлөх үүрэгтэй гэж хуулиараа хуульчлаад өгчихсөн байгаа. ************* өөртөө учирсан зардлаа хэнээс нэхэхээ мэдэхгүй яваад байдаг байсан чинь ашгүй жинхэнэ эзэмшигч нь гараад ирлээ. ************* гэх хүнээс асуухаар хэлж өгдөггүй байсан. Мөн ************* нь банкны зээлтэй, ажилдаа явж зээлээ дардаг байсан. Гэтэл энэ асуудлаас болж 7 хоног ажлаа алдсан, зээлийн график алдагдсан, өрөнд орчихсон, цагдаа сэргийлэх гэж явсаар 2 сар ажилдаа явж чадаагүй. Дээрээс нь машиныг хүргэж өгөх гэж өөрийн зардлаар явсан. Тэгээд *************ийнхээ хаягийг, утасны дугаартай нь өгчих, гарсан зардлаа авъя гэхээр огт өгдөггүй байсан. Тэгээд Замын-Үүдийн цагдаагийн газраас шинжээчийн дүгнэлт гараагүй байна, та хүлээж бай гэсээр байгаад нэг мэдсэн энэ хэрэг хаагдчихсан байсан. Би Дорноговь аймгийн Цагдаагийн газраас энэ хэргийг зориуд хаасан гэж хардаж байгаа. Яагаад гэвэл тухайн газарт очиж үзлэг хийж *************, ************* нараас тайлбар авсан нэг хуудас баримтад *************ийн гарын үсэг байдаг. Үүнээс өөрөөр *************ийг дуудаж гэрчээр мэдүүлэг авч байгаагүй. Тусгай зориулалтын мэдүүлэг авдаг өрөөнд эрх, үүргийг нь сануулж байгаад авсан мэдүүлэг байхгүй байхад баахан *************, ************* гэсэн гарын үсэгтэй мэдүүлгүүд хэрэгт нь авагдчихсан яваад байдаг. Үүнийг *************ийн гарын үсэг биш гэж үзэж байгаа. Энэ асуудлаар Дорноговь аймгийн цагдаагийн газарт 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр очиж мөрдөгчтэй нь уулзсан.  Дээрээс нь тухайн хэргийг хянаж байсан прокуророос гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул гэмт хэргийг хаалаа, хаахдаа иргэний шүүхээр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан ийм сонин зүйл биччихсэн. Прокурор зөвлөгч үү? шүүгч үү? Тийм болохоор ************* гэсэн прокурорт гомдол гаргана. Иргэний шүүхэд ханд гэж прокурор хэзээ ч ийм зүйл бичих ёсгүй. Иймд Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *************ээс 3,650,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.  

 

Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн: Хэрэг бүртгэлтийн 4019 дугаартай хэргээс хуулбарлан авсан  Дорноговь аймгийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 278 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч *************ийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, *************ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, *************ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, *************ийн Дорноговь аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/237 дугаартай Шинжээчийн дүгнэлт зэргийг гаргаж өгсөн. 

 

Хариуцагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: Улсын тэмдэгтийн хураамж 73,350 төгрөг төлсөн баримт, ************ын ХАС банкны ************* тоот дансны хуулга зэргийг гаргаж өгсөн.

 

Гэрч ************* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Миний бие *************ийн найз ************* гэдэг хүн байна. Бид хоёр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө Улаанбаатар хотоос цуг хөдлөөд Төв аймгаас нэг машин аваад Замын-Үүд рүү явах гэж байсан. Би *************ийн өөрийнх нь унадаг “Норд бенз” маркийн шланзийг, харин ************* таньдаг дүүгийнхээ машиныг унаж явсан. Ингээд бид хоёр Төв аймгийн Баян сумаас хоёр машиндаа хүдэр ачаад цааш явсан. Тэгээд *************ийн унаж яваа таньдаг дүүгийнх нь машин замдаа асуудалтай болоод түлш нь тасалдаад, хянах самбар нь байнга асаж унтраад байсан. Энэ талаар ************* таньдаг дүү рүүгээ хэлээд л яваад байсан. Хоорондоо ярихдаа нөгөө дүү нь “...та Замын-Үүд рүү аваад ир, энд засвар үйлчилгээ хийлгэх гэж байгаа...” гэж хэлээд байсан. Тэгээд цааш явж байтал ************* “...миний тормос ажиллахаа больчихлоо, надаас зайтай яваарай, би баруун тийш тормос дараад зогсохыг бодъё...” гэж хэлээд баруун тийш дараад машиныг зогсоогоод хоёулаа буугаад харсан чинь жолоочийн талынх нь хойд талын дугуй шатаж байсан. Тэгээд бид хоёр галын хор, ус, шороо цацаад унтраасан. Тэрийгээ янзалж аваад цааш явсан. Тэгээд Сайншанд сумын наахан замаас гарч зогсоод хоноод өглөө 8 цагийн үед ************* рүү залгаж хөдөлье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машинаа асаагаад удаагүй байж байсан ************* манай машинд ороод ирсэн. *************ээс “...50-ын халаагчаа асаасан чинь утаа гараад байна, тэгэхээр нь салгаад хаячихлаа, утас нь масстай байсан юм шиг байна...” гэхээр нь очиж шалгая гээд би жолооч талын хаалгыг нь онгойлгоод харсан 50-ын халаагч байсан кабиных нь доод сууриас гал асаж байсан. Тэнд байсан ус, галын хор, шороо цацаад унтраах бүх зүйлээр арга хэмжээ аваад унтрааж чадаагүй. Тэгээд Онцгой байдал руу залгаж дуудлага өгөхөд гал команд 9 цаг болж байхад ирсэн. Бараг кабин шатаад дуусч байхад ирээд галыг унтраасан. Тэгээд *************ийг дуудаж мэдүүлэг авсан байх. Надаар бас гарын үсэг зуруулсан. Тэгээд бид хоёр нөгөө машинтайгаа Замын-Үүд орчихоод буцаж шатсан машиныхаа чиргүүл авч явсан. Дараа нь бид хоёр ярилцаад дахиад ачилтын машины ирж шатсан машинаа ачуулж ************* авч явсан” гэсэн.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* нь хариуцагч *************д холбогдуулан “Гэм хорын хохирол 30,000,000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч *************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* нь нэхэмжлэгч *************д холбогдуулан “3,650,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан. 

 

2. “Гэм хорын хохирол 30,000,000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************“3,650,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ илэрхийлж, маргасан. 

 

3. Шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4. “Гэм хорын хохирол 30,000,000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “************* нь 2024оны 05 сард Хятад улсаас Монгол мөнгөөр 45.000.000 сая төгрөгөөр “Dong Fun “ маркийн улаан өнгийн “****УКО” тээврийн хэрэгслийг худалдаж аван унаж байгаад зарахаар болж тухайн үедээ өөрөө ажлаар Орос улс руу явах болоод дүү ************* зарчхаарай гээд үлдээсэн байсан бөгөөд дүү ************* нь *************тэй тохиролцож тус машиныг лизингээр зарахаар болж ************* нь тус машиныг унаж Дорноговь аймагт явж байгаад хаалаагчны утас нь масслаж шатаж дахин ашиглах боломжгүй болсон” гэж буюу талуудын хооронд автомашиныг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримтын талаар дурдсан. Харин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээнээс үүдэлтэй шаардах эрх биш гэм хорын шаардах эрх хэрэгжүүлж нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба автомашинд гэм хор учирсан гэх үйл баримт нь автомашины техникийн нөхцлөөс үүдэлтэй гэсэн тайлбар гаргасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан этгээдээс гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

  Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон үед үүснэ. Өөрөөр хэлбэл дээрх *************ийн өмчлөлийн ****УКО улсын дугаартай “Dong Feng” загварын автомашинд хариуцагч *************ийн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдлийн улмаас гэм хор учруулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************ийн нэхэмжлэлтэй хариуцагч *************д холбогдох гэм хорын хохирол 30,000,000 төгрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5. “3,650,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ “*************ийн эзэмшлийн **** улсын дугаартай том оврийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ************* гэх хүний гуйлтаар хүргэж өгөх гэж яваад гарсан зардал” буюу автомашинд шатахуун хийсэн, шатсан машины толгойг кран дуудаж ачуулсан зэрэг зардал 3,650,000 төгрөг гэж тодорхойлсон. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* “...Сөрөг нэхэмжлэлийн хувьд нотлох баримт байхгүй. Мөн гэмтэлтэй тэрэг гэж хоорондоо бичсэн чат зэрэг нотлох баримт байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан.

Хариуцагч ************* нь нэхэмжлэгч *************ийн өмчлөлийн ****УКО улсын дугаартай “Dong Feng” автомашиныг Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд жолоодон явсан гэх үйл баримттай талууд маргаагүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ буюу ямар шаардах эрх хэрэгжүүлж байгаагаа шүүхэд тодорхойлоогүй.

 

Талууд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт “Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан даалгаврын гэрээний шинжтэй харилцаанд орж, хариуцагч ************* нь автомашиныг Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд хүргэхээр явсан гэж дүгнэхээр байна. Иймд хариуцагч *************д даалгаврын гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүссэн байх боломжтой. Харин гэм хорын шаардах эрх хариуцагч *************д үүсээгүй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” нь хэргийн оролцогчийн үүрэг гэж хуульчилсан.

 

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* нарын шүүхэд гаргасан тайлбарт хариуцагч ************* нь нэхэмжлэгч *************ийг танихгүй, ямар нэгэн байдлаар харилцан тохиролцоогүй гэх нөхцөл байдал дурдагдсан ба гэрч ************* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...хариуцагч ************* нь таньдаг дүүгийнхээ машиныг унаж явсан....таньдаг дүүтэйгээ машины талаар яриад явсан” гэсэн зэргийг дурдах нь зүйтэй.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, сөрөг нэхэмжлэлд хавсаргасан хариуцагчийн гэх банкны дансны хуулгын баримтад дурдагдсан зарлагын гүйлгээнээс зарим хэсгийг тодруулан шүүхэд гаргасан ч дээрх баримт нь *************ийн өмчлөлийн ****УКО улсын дугаартай “Dong Feng” автомашинд шатахуун хийсэн эсэхийг, мөн кран дуудах зэрэг сөрөг нэхэмжлэлд дурдагдсан үйл баримтыг нотлоогүй, гэрч *************н мэдүүлэг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлоогүй байна.

 

            Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Иргэдийн төлөөлөгч ************* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт “Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж зааснаар иргэдийг төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.8-д “Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй” гэж хуульчилсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************ын “...Хэрэг бүртгэлтийн ****** дугаартай хэргээс хуулбарлан авсан  *************ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулъя гэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************ийн “...гэрч *************н мэдүүлгийг нотлох баримтаас хасуулъя” гэх   хүсэлтүүдийг тус тус хэлэлцээгүй болохыг дурдаж байна.

 

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70,350 төгрөгийг тус тус  орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************ийн нэхэмжлэлтэй хариуцагч *************д холбогдох “Гэм хорын хохирол 30,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************ын сөрөг нэхэмжлэлтэй *************д холбогдох 3,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,350 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.МАНДАХБАЯР

 

                  ШҮҮГЧИД                      Х.ОТГОНЖАРГАЛ

 

                                                          А.ҮҮРИЙНТУЯА