Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01267

 

 

 

 

 

 

                                         Б.Дийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/01219 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Дийн хариуцагч СМ ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Гүрбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өнөржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Д СМ ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр няравын ажилд орж, энэ хугацаанд ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гаргаж, ажлыг нь хүлээлцэхгүйгээр онгоцоор Улаанбаатар руу явуулсан. Б.Д нь 28 хоног ажиллаад 14 хоног амрах ээлжээр ажилладаг. Улсын дээд шүүхийн тогтоол, зөвлөмжид зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол шүүх сэргээж болно. Нэхэмжлэгч Б.Д нь ажлаас халагдсан тушаалыг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаас хойш чихээ үзүүлэх, хагалгаанд орох, гам сахиж эмчилгээ хийлгэх зэргээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан үндэслэлээр гомдол гаргах хугацааг сэргээсэн, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа. Хариуцагч ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.3, 11.7.8, Хөдөлмөрийн гэрээний 5.1.12 дугаар зүйлийг тус тус баримталсан. Уг зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан аль ч зөрчилд хамаарахгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй байдаг. Мөн нэхэмжлэгчийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүнсний бараа ачсан машины жолоочийг эрүүл мэндийн ямар нэг үзлэггүйгээр Оюу толгой үйлдвэрт нэвтрүүлж аюулгүй ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэдэг. Нэхэмжлэгч Б.Д нь ОТ ХХК-ийн ажилтан биш СМ ХХК-ийн ажилтан бөгөөд тус компани нь ОТ ХХК-ийн туслан гүйцэтгэгч боловч СМ ХХК-ийн нярав ажилтай хүн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар “Оюу толгой” үйлдвэрт орох машинд зөвшөөрөл өгч оруулах талаар заалт байхгүй. Мөн хөдөлмөрийн дотоод журамд энэ талаар заагаагүй. Үйлдвэрт нэвтрэх зөвшөөрөл олгох, тээврийн жолоочийн халууныг хэмжих үүрэг Б.Дт байхгүй, няравын гол үүрэг нь ирсэн бараа материалыг тооцоолох, ажлын байрны тодорхойлолтод зааснаар гал тогооны захиалга бүхий бараа материалыг нийлүүлэх ажлуудыг хийдэг. Нэхэмжлэгч гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн зүйл байдаггүй. Байгууллагын удирдлага буюу холбогдох эрх бүхий албан тушаалтан нь ОТ ХХК-аас зөрчил гаргасан, холбогдох ажилтанд арга хэмжээ ав гээд байна, зөрчил гаргасан гэдгээ зөвшөөрсөн өргөдөл гаргачих, ажлаас огт халахгүй, удирдлагуудад хариуцлага тооцох асуудал яригдаж, олон хүн хохирно гэж хэлж өргөдөл бичүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч ажлаас халах тушаалын үндэслэл болсон зөрчлийг гаргаагүй, шалгаж тогтоогоогүй. Уг зөрчил нь Б.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил биш, уг зөрчлийн улмаас байгууллагын нэр хүндэд халдсан, бодитой хохирол учирсан зүйл байхгүй. Иймд хариуцагчийн гаргасан тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Дийг агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ажлаас халах тушаалыг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гардаж авч гомдлоо 5 сар 2 хоногийн дараа буюу гардан авснаас хойш 4 сар 29 хоногийн дараа гаргасан. Нэхэмжлэгч эмчилгээ хийлгэж байсан, чихний хагалгаанд орсон гэсэн эмчийн магадалгаа, эмчилгээний бичиг байгаа боловч энэ нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хангалттай үндэслэл болохгүй. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Иргэний хэргийн анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн зөвлөмжид хэрэг маргааныг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх үед хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл байгаа эсэхийг харгалзан үзэх ёстой байдаг. Харин шүүх өмнө нь захирамжаар нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн нь шүүхийн практикт байхгүй. Иймд Б.Д хүндээр өвдсөн, нэхэмжлэл гаргах боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Д нь ажиллаж байх хугацаандаа 2020 оны 5 дугаар сарын 09, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ноцтой зөрчлүүдийг давтан гаргасан бөгөөд энэ нь зөрчил бүртгэх хуудсанд тэмдэглэгдсэн. Тэрээр шинээр солигдсон цэсний мэдээллийг дараагийн ээлжийн хүнд өгөөгүйн улмаас агуулахаас буруу бараа материал оруулсан. Хүнсний бараа ачсан машины жолоочийг эрүүл мэндийн ямар нэг үзлэггүй зөвшөөрөлгүй нэвтрүүлж холбогдох журмуудыг зөрчсөн. Тухайн үед нэхэмжлэгч зөрчил гаргасан үйлдэлдээ тайлбар бичиж, ажлаас гарах хүсэлтээ бичиж өгсөн байдаг. Мөн нэхэмжлэгч Б.Д ажилтнуудын хэрэгцээний жимснээс удирдлагын зөвшөөрөлгүй, хулгай хийж авсан нь Оюу толгой хамгаалалтын албанаас ирүүлсэн гэрэл зураг, гал тогооны хэлтсийн менежер Дебендра, хүнсний чанарын ажилтан Ц.Зориг нарын тайлбараар тогтоогдоно. Б.Дийн байгууллагын холбогдох дүрэм, журмуудыг зөрчсөн үйлдэл нь ажлаас халах үндэслэл болсон байдаг. Ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг дурдаагүй нь техникийн алдаа болсон. Гэвч агуулгаараа тодруулж ажлаас халах ноцтой зөрчлийг гаргасан гэдгийг дурдсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Дийг СМ ХХК-ийн ОТ ХХК салбар, Хоол үйлдвэрлэлийн хэлтэст агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч СМ ХХК-аас 12 561 946 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Дийн дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч СМ ХХК-нд үүрэг болгож, нэхэмжлэгч Б.Д нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч СМ ХХК-аас 215 941 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн НК2-337 дугаартай тушаалыг нэхэмжлэгч Б.Д 2020 оны 5 дугаар сарын 20-нд хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Өмнөговь аймгийн Ханбогд сум дах сум дундын шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн шүүгчийн захирамжаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн бөгөөд уг хуралд хариуцагч тал оролцоогүй, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан. Шүүгч захирамждаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсгүүдийг удирдлага болгосон хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дах заалтыг үндэслээгүй, хөөн хэлэлцэх хугацааг 4 сараар хэтрүүлсэн байгааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж ямар ч тооцоо, үндэслэлгүй захирамж гаргасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй 4 сар хэтрүүлсэн талаар тайлбар гаргаж, нэхэмжлэгчийн гаргасан эмнэлгийн карт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нэхэмжлэгч дунд чихний хагалгаанд 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр орохоор 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хэвтсэн байдаг ба бусад хугацаанд гадуур байсан гэдгийг шүүх харгалзан үзээгүй. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг баримтлан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.   

Шүүх нотлох баримтад үндэслэх зарчмыг зөрчсөн, талуудад тэгш хандаж чадаагүй. Ажилтан давтан зөрчлийн улмаас хамгийн сүүлд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй болон Ковид-19 халдварт өвчинтэй холбоотой журмыг зөрчин хүнсний бараа ачсан жолоочийг Оюу толгой сайтад оруулсан байхад холбогдох арга хэмжээг авч халууныг үзэх, ариутгах, тусгай хувцас хэрэгслээр хангах, гал тогоонд нэвтрүүлэхгүй байх, шаардлагыг нөхөн хангуулах арга хэмжээг аваагүй, мэдэгдээгүй болохыг анхаарч үзээгүй. Мөн өмнө нь хүнсний зүйл нууцаар авч гарахаар оролдсон, цэсэнд шинээр ирсэн барааг оруулаагүй нь зөрчил бүртгэх хуудсаар тогтоогдсон байхад уг зөрчлийг авч үзээгүй. Мөн хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн атлаа нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг ялгамжтай хандсан. Шүүх хөдөлмөрийн гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч СМ ХХК-д холбогдуулан тус компанийн ОТ ХХК салбар хоол үйлдвэрлэлийн хэлтэст агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч СМ ХХК-д нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс няраваар, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс агуулахын няраваар ажиллаж байгаад тус компанийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн HR2-337 дугаар тушаалаар “2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ОТ сайтад ирсэн хүнсний хүргэлтийн машиныг зөвшөөрөлгүй нэвтрүүлж, аюулгүй ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /1хх3/

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа, ажилтны гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарах эсэх талаар маргажээ.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн ажлаас халсан тушаалыг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гардан авсан боловч 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд хандсан байна.

Тэрээр хуульд заасан хугацаанд шүүхэд хандаж чадаагүй үндэслэлээ “эрүүл мэндийн шалтгаантай байсан” гэж тайлбарласан бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 144/ШЗ2021/00019 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Дийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дах хэсэгт зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээжээ. Уг захирамж хүчин төгөлдөр байна. /1хх102-103/ Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Сахилгын зөрчлийн хувьд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан байх ба үүнд “ ... зөвшөөрөлгүйгээр ажлын 3 өдөр дараалан ажил тасалсан, сүүлийн сануулах хуудас авснаас хойш дахин зөрчил гаргасан, бараа материал, эд хөрөнгө худалдан авах, эсхүл борлуулах эрх бүхий ажилтан тухайн үеийн зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр худалдан авч, компанийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан нь нотлох баримтаар тогтоогдсон, дэг журам, сахилга хариуцлага дээшлүүлэхээр баталж гаргасан удирдлагын шийдвэрийг биелүүлээгүй, ажлын байранд сахилга дэг журмыг зөрчсөн, компанийн хэвийн үйл ажиллагааг аливаа хэлбэрээр алдагдуулсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан, албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгох талаар үгсэн тохиролцсон, шан харамж авсан, өгөхийг шаардсан ...” зэрэг зөрчлүүд заагджээ.  /1хх119-122/

Дээрх зөрчлүүдийг гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сануулах, цалин хөлс бууруулах, ажлаас халах шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар байх боловч 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл мөн эсэхэд эргэлзээгүй дүгнэлт өгөх боломжгүй байна. Ажил олгогч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчлийг давтан гаргасан, ОТ ХХК сайтад ирсэн хүнсний хүргэлтийн машиныг зөвшөөрөлгүй нэвтрүүлж, аюулгүй ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шинээр солигдсон цэсний мэдээллийг дараагийн ээлжийн хүнд өгөөгүйн улмаас агуулахаас буруу бараа материал татан авсан, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажилтнуудын хэрэгцээний жимснээс удирдлагын зөвшөөрөлгүй хувийн хэрэгцээндээ зарцуулсан ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарладаг.

Ажил олгогчийн тушаалд дурдсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болох нь эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байна. Хэргийн 1 дүгээр хавтасны 46-47 дугаар тал дахь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд “агуулахын няравын ажлын байр нь сайтын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, түүнийг түргэн шуурхай явуулах нөхцөл бололцоог хангах, шаардлагатай бүтээгдэхүүн, бараа материалыг хүргэн үйлчлэх, түүний татан авалт, хүргэлт, захиалгыг хийн гүйцэтгэх ... зорилготой, ачигч нарыг өдөр тутмын удирдлагаар хангах, өөрийн ажлыг түргэн шуурхай, аюулгүй гүйцэтгүүлэхэд зөв хуваарилалт хийх ... зэрэг чиг үүрэгтэй” байна.  Ажил олгогчийн тушаалд заасан ОТ сайтад ирсэн хүнсний хүргэлтийн машиныг зөвшөөрөлгүй нэвтрүүлж, аюулгүй ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтоор үгүйсгэгдэж байна. Тэрээр хүнсний машиныг төслийн талбайд нэвтрүүлэх чиг үүргийг хүлээгээгүй байна. Нэхэмжлэгчийн “ОТ аюулгүй ажиллагааг хариуцдаг компани Бамбай секьюрити гэж тусдаа компани байдаг. Өөрсдөө аюулгүй ажиллагааны хэлтэстэй, уг хэлтсээр нь дамжиж төслийн талбайд орох зөвшөөрөл олгодог ..,” гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй.

Мөн нэхэмжлэгчийг гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч “ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн гараар бичиж өгсөн гэж хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгч тухайн үед ажил олгогчийн дарамтанд орж бичсэн, зөрчил гаргаагүй” гэдэг.

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар талуудын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах боловч нэхэмжлэгч өмнө гаргасан тайлбараа бусдын дарамтад орж бичсэн гэж үгүйсгэсэн тул хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Хэргийн 57 дугаар тал дахь “миний бие зөрчил гаргасан үүнийгээ ухамсарлаж байгаа тул миний өргөдлийг хүлээн авч өөрийн хүсэлтээр ажлаас гарах асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэх нэхэмжлэгчийн гараар бичсэн өргөдөл нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар баримт байна.

Тэрээр нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шинээр солигдсон цэсний мэдээллийг дараагийн ээлжийн хүн өгөөгүйн улмаас агуулахаас буруу бараа материал татан авч хөдөлмөрийн дотоод журмын 11.3.1-д заасан ажлын хариуцлага алдсан, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажилтнуудын хэрэгцээний жимснээс удирдлагын зөвшөөрөлгүй хувийн хэрэгцээнд авсан ноцтой зөрчлүүдийг давтан гаргаж, зөрчил тус бүр нь байгууллагын зөрчил бүртгэх хуудаст тэмдэглэгдсэн гэж тайлбарлан, хэрэгт энэ талаарх баримтыг ирүүлсэн байх боловч хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул зөвхөн нэг талын баримтыг үндэслэж нэхэмжлэгчийг ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж дүгнэх боломжгүй. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй, шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв.

Иймд нэхэмжлэгч Б.Д нь хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг хариуцагч СМ ХХК-ийн ОТ ХХК салбар хоол үйлдвэрлэлийн хэлтэст агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ гэж үзэв.

Шүүх нэхэмжлэгч Б.Дийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12 561 946 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалтай нийцэж байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлээгүй гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/01219 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 215 941 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                                      ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА

                                                                                                    А.МӨНХЗУЛ