Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 218

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Урангуа,

Улсын яллагч: Л.Соёмбо,

            Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ...т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805001600118 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ..., 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ..., 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй, “Нар Мон” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 1, ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Б.У нь 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар Палас”-ын орчим гудамжинд Г.Бийг өөрийг нь зодсон хүмүүс байна гэж андууран зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Палас” бааранд хоёр найзын хамт шинэ жил тэмдэглэхээр орсон. Бааранд ороод нэг шил 0.75 литрийн архи авч уугаад баарнаас гарсан. Гарахдаа шатан дээр үл таних 3-4 залуутай маргасан. Тухайн залуучуудтай учраа олоод зогсож байхад үл таних залуу миний хамар руу цохьчихоод зугтаасан. Би тухайн залууг хөөж явж байгаад андуурч хохирогч Бийг цохьсон. Би Бтэй ноцолдож байхад найзууд нь салгасан. Бийг цохьсон минь үнэн. Хохирогчид 2.500.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Г.Бий мөрдөн байцаалтад өгсөн: “... Хамгийн ойрхон би зогсож байсан чинь биенээс тэвэрч шууд замын довжоо руу түлхэж унагаагаад мэс мэт зүйлээр хацар, эрүү рүү сийчсэн. Тэгээд манай найзууд арай хийж салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 5/,

Гэрч Н.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Яг хаанаас гарч ирснийг хараагүй, хажуу талаас гэнэт гарч ирээд шууд миний баруун талын шанаа орчимд 4-5 удаа цохьсон. Гэхдээ гэмтэл учруулаагүй. Надад ил харагдах гэмтэл шарх байхгүй, одоо өвдөж зовиурлаж байгаа газар байхгүй. Надад учирсан гэмтэл гээд байх зүйл байхгүй байсан учир шүүх эмнэлэгт үзүүлж, цагдаа шүүх гэж яваагүй. Надад ямар нэгэн гомдол байхгүй...Бид нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Үл таних ах нилээн согтуу бололтой байсан ба намайг цохихоор нь харахад хамарнаас цус гарчихсан байсан. Зодоон болох үед  машинд сууж байсан найзууд ирсэн боловч тухайн үед би болон А бид хоёр үл таних эгчтэй нийлж байгаад уг ахыг салгачихсан. Бий нүүрээс цус гарч байгааг нь хараад зогсож байсан. Би найзуудтайгаа нийлж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 35/,

Гэрч К.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “...Үл таних ахыг хаанаас гарч ирсэнг хараагүй, гэнэт хажуу талаас гарч ирээд шууд Ог цохиж аваад, салгаж аваад хартал хамарнаас нь цус гарчихсан хүн байсан. Тэгтэл шууд Бээг тэвэрч аваад газарт унагаан дээрээс нь 1-2 удаа гараараа цохиж аваад цээжин доороо хийж дарсан. Тэгээд босож ирэхээр нь хартал Бий нүүрнээс цус гарсан байсан. Хэрхэн яаж гэмтэл учруулсаныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 37/,

Яллагдагчаар Б.Уын мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонгож байгаа Эрүүгийн хуулийн зүйл анги болон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүй. Би хохирогч Бд гэмтэл учруулснаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогчид хохирлын 2.500.000 төгрөг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 43/,

Шинжээчийн 902 тоот дүгнэлтэд: “...Г.Бий биед хацар, эрүүнд зүсэгдсэн шарх, дух, хамар, сарвуу, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-н 10/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хүсэлт /хх-н 22/, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын хүсэлт /хх-н 23-24/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 46-53/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.У нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар Палас”-ын орчим Г.Бийг өөрийг нь цохиод зугтаасан хүнтэй андуурч зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсангэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Г.Бий: “... Хамгийн ойрхон би зогсож байсан чинь биенээс тэвэрч шууд замын довжоо руу түлхэж унагаагаад мэс мэт зүйлээр хацар, эрүү рүү сийчсэн. Тэгээд манай найзууд арай хийж салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 5/, гэрч Н.Огийн: “...Үл таних ах нилээн согтуу бололтой байсан ба намайг цохихоор нь харахад хамарнаас цус гарчихсан байсан. Зодоон болох үед  машинд сууж байсан найзууд ирсэн боловч тухайн үед би болон А бид хоёр үл таних эгчтэй нийлж байгаад уг ахыг салгачихсан Бий нүүрээс цус гарч байгааг нь хараад зогсож байсан. Би найзуудтайгаа нийлж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 35/, гэрч К.Аын: “...Үл таних ахыг хаанаас гарч ирсэнг хараагүй, гэнэт хажуу талаас гарч ирээд шууд Ог цохиж аваад, салгаж аваад хартал хамарнаас нь цус гарчихсан хүн байсан. Тэгтэл шууд Бээг тэвэрч аваад газарт унагаан дээрээс нь 1-2 удаа гараараа цохиж аваад цээжин доороо хийж дарсан. Тэгээд босож ирэхээр нь хартал Бий нүүрнээс цус гарсан байсан. Хэрхэн яаж гэмтэл учруулсаныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 37/, шинжээчийн 902 тоот дүгнэлтэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Уын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.У нь насанд хүрээгүй хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Бий биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн байцаалтын шатанд 2.500.000 төгрөг эмчилгээний зардалд авсан ямар нэгэн гомдол саналгүй /хх-н 23-24/ гэсэн хүсэлт бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Уын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгчийн өмгөөлөгч нь торгуулын ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Ут шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ...ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Ут шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР