Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/410

 

 

 

 

    2024           04            04                                        2024/ДШМ/410

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Билгүүн,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Т.Хонгор,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А-д холбогдох эрүүгийн 2305000001672 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

            А-,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 211 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 9 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 560 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;

 

Шүүгдэгч Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 07 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К-” баарны гадна Э.Т-тэй маргалдан улмаар түүний нүүр, толгойн тус газар  хэд хэдэн удаа цохих, өшиглөх зэргээр зодож амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А-г “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 141 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э- нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.А-гийн хувьд бусдын амь насыг хохироосон гэм буруутай үйлдэлдээ маргаагүй ба өмгөөлөгчдийн зүгээс Б.А-гийн бусдын амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг биш харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг гэж үзэж байна. Талийгаач Э.Т- нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 07 цаг 30 минутын үед Б.А-гийн гар утсыг дээрэмдэн Б.А-д зодуулсан ба шинжээчийн 2393 тоот дүгнэлтээр /хх 97-100/ талийгаач нь гавал тархины битүү гэмтэл: их тархины зүүн зулай, чамархай хэсгийн хамарсан цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун зулай, дух хэсгийн аалзан хальсны цус харвалт гэмтлийн улмаас нас барсан. ...2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 05 минутад цогцост хийсэн үзлэгээр нас бараад 9-11 цаг болсон байна гэж дурджээ. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэл Үүнд: тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар заасан. Дээрх 2393 тоот шинжээчийн дүгнэлт болон гэмтлийн зэрэг тогтоох журмаас үзэхэд талийгаач Э.Т- нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 07 цаг 30 минутад Б.А-д зодуулан гавал тархины битүү гэмтэл буюу хүнд гэмтэл аваад маргааш өглөө нь буюу 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өглөөний 07 цаг 30 минутын үед, нэг хоногийн дараа нас барсан, энэ хооронд түргэн тусламж дуудан эмнэлгийн тусламж аваагүй байдаг. Хэрэгт цугларсан дээрх баримтуудаас үзэхэд Б.А-гийн Э.Т-ийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан хэргийн шинжтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Т.Хонгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэрэг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “К-” баарны гадна талбайд болсон үйл явдал байгаа. Манай үйлчлүүлэгч шүүгдэгч Б.А- нь тус бааранд зөөгчийн ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Тухайн өглөө ажил нь тараад гар утсаа оролдоод зогсож байсан. Амь хохирогч Э.Т-, түүнтэй хамт явсан Н.Э-, н.Б гэх 3 хүмүүс шил, лааз түүж олсон мөнгөөрөө архи уудаг, тэнэмэл амьдралаар амьдардаг. Амь хохирогч Э.Т-тэй хамт байсан Н.Э- нь түүнтэй үерхдэг, н.Б- нь түүний төрсөн ах нь бөгөөд амь хохирогч Э.Т-ийн нас барсан газар буюу Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Ногоон зоорь” гэх нэртэй газар архи, дарсаа уудаг хүмүүс байгаа юм. Тухайн өдөр энэ 3 хүн архи уух мөнгөө олохоор тэнд очсон, амь хохирогч Э.Т- шүүгдэгчийг анх хараад энэ залуугийн утсыг би дээрэмдлээ шүү, та хоёр харж байгаарай гэж энэ санааг амь хохирогч гаргасан. Тэгээд тухайн үйлдлийг гүйцээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн. Хамт байсан хоёр хүн нь энэ хэрэгт хамжигчаар орж байгаа. Манай үйлчлүүлэгч утсаа авахын тулд энэ хүнтэй тэмцэлдсэн, зодолдсон. Н.Э-ын гэрчээр өгсөн мэдүүлэг хавтас хэргийн 52-53 дугаар талд байгаа. Талийгаач амь насаа алдаад ухаангүй болсон, тэгээд хүнээс тусламж гуйхаар гарсан утсаараа яриулахгүй байсан гэдэг, үнэн худлыг нь мэдэхгүй ярьсан юм уу, үгүй юм уу. Тэгээд буцаж талийгаач дээр очоогүй, хаяад явсан гэж өөрөө мэдүүлдэг.

Гомдлын хувьд Б.А- бусдын амь насыг хохироосон, гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй. Харин өмгөөлөгч нарын зүгээс Б.А-гийн бусдын амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг биш, тус хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэж байгаа. Хамтарч гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна. Шүүх бүрэлдэхүүнээс ээдрээтэй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

 

Прокурор Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч гавал тархины битүү гэмтэл, аалзан хальсан дээрх цусан хураа гэмтлийн улмаас нас барсан. Энэ гэмтэл дээр гэмтлийг зэрэг тогтоох боломжгүй гэж шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалд дурдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дурдсан байна. Мэргэжлээрээ олон жил ажилласан, тусгай мэдлэгийнхээ хүрээнд шинжээч дүгнэлтээ гаргаж байгаа. Бид нар хуульч хүмүүс болохоос шинжээч биш, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж энэ хэргийг зүйлчилсэн. Гэрч н.Э-ын мэдүүлэг худлаа, Н.Э-ын мэдүүлгийг үнэлж энэ хэргийг шийдвэрлэсэн гэж байна. Хэрэг гарах үед амь хохирогч, Н.Э-, н.Б гэх 3 хүн байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор удаа дараа даалгавар бичсэн, мөрдөгчид үүрэг, чиглэл өгсөн. Амь хохирогчтой хамт байсан Н.Э-, н.Б нарыг олж тогтоогооч гэдэг талаар бүхий л арга хэмжээ аваад Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж Н.Э-ыг олж тогтоосон. н.Б олж тогтоох боломжгүй байсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Н.Э-аас мэдүүлэг авах ажиллагаанд прокурор миний бие мөрдөгчийн хамт биечлэн оролцсон, хэргийн газрын үзлэгт хамт явсан, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд прокурор өөрийн биеэр оролцсон байгаа. Үүнийг шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан байгааг хэлэх нь зүйтэй байх. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн байдлаар нас бараад 9-11 цаг болсон байх боломжтой гэж дурдсан. Хэргийн үйл баримт 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 07 цаг 30 минутад болсон. Хэдийгээр хохирогчийн зүй бус үйл ажиллагаа байгаа ч гэсэн шийтгэх тогтоолд энэ нь шүүгдэгчийг зөвтгөх үндэслэлгүй болохгүй талаар дурдсан байгаа. Гэмтэл авснаас хойш 1 хоногийн дараа үхсэн байна уу, хэд хоногийн дараа үхсэн байна хамаагүй, шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтлийг авснаас хойш тодорхой хугацаанд үйлдэл хийх боломжтой гэсэн. Н.Э- гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тархи, толгой өвдөөд байна гэдгээ хэлсэн, “Ногоон зоорь” гэдэгт очоод хөдлөхгүй байхаар нь өвдөг дээрээ толгойг нь тавиад суусан тэгээд би биеийн байдал нь эвгүйтчихлээ гэж бодоод ойр орчмынхоо хүн дээр очоод утсаар яриулаач гэж 2-3 хүнээс гуйсан боловч утсаар яриулаагүй, тийм учраас би явсан гэж тодорхой мэдүүлсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 07 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К-” баарны гадна Э.Т-тэй “утас булааж авлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүр лүү нь хоёр удаа цохиж, газар унасан үед нь хоёр удаа өшиглөж, гавал тархины битүү гэмтэл буюу их тархины зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун зулай, дух хэсгийн аалзан хальсны цус харвалт, хуйханд цус хуралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, цээж, баруун шуунд цус хуралт, баруун, зүүн тохой, зүүн даланд зулгаралт бүхий гэмтэл учруулж, гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун зулай, дух хэсгийн аалзан хальсны цус харвалтын улмаас нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ын “...би талийгаач хүү Т-ийн нас барсан үхлийн шалтгаан тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Надад уг дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” /1хх 47/,

 

гэрч Т.Э-ийн “...миний таньж байгаагаар А- үл таних эрэгтэй хүнийг “К-” баарны хойд талын хаалган дээр аваачиж байгаад газар унагаагаад өшиглөж зодож байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. Уг дүрс бичлэг дээр А- нь хүн зодож байгаа болох нь маш тодорхой, биеийн гадаад дүр төрхөөрөө харагдаж байгаа учир би А- мөн гэдгийг хараад таньж байна. Харин А-д зодуулж байгаа болон өөр хажууд нь байгаа хүмүүсийг би танихгүй. ...” /1хх 50/,

 

гэрч С.Э-ын “...баарны хажууд нэг согтуу бололтой залуу бага зэргийн гуйваад утсаараа оролдоод явж байтал Т- Б ахад хандаж “Би энэ залуугийн утсыг булаагаад зугтлаа, та хоёр хол байж байгаарай” гэж хэлээд согтуу залуу руу явж очоод утсыг нь булаагаад зугтаасан чинь нөгөө залуу Т-ийн араас очоод “Чи яахаараа миний утсыг булаадаг юм” гээд Т-ийн толгой руу цохиж газар унагаагаад унасан хойно нь толгой гэдэс рүү нь маш олон удаа өшиглөж, цохиод байхаар нь би явж очоод “Чи хүн аллаа шүү дээ, би цагдаа дуудлаа шүү” гэхэд тухайн залуу “Чамайг ална шүү” гэж хэлсэн. Тэр үед Б- ах бид нар дээр ирээд тухайн залууг “болиоч” гэхэд Б- ахыг цохиж унагаасан. ...Б- ах бид хоёр Т-ийг түшээд “К-” баарны хашаанаас гарахад Т- “миний толгой маш хүчтэй өвдөөд, толгойгоо даахгүй юм шиг байна” гээд хэсэг зам дагуу зогсож байгаад бид гурав ногоон зоорийн балгас руу алхаж очсон. Очих замдаа бид гурав өөр хэн нэгэнтэй зодолдож, маргалдсан зүйл байхгүй. Б- ах бид хоёрыг үлдээгээд явсан, Т- газар хэвтээд байхаар нь би толгойг нь хөлөө дэрлүүлээд хэсэг сууж байтал Т- амьсгалахгүй байх шиг болохоор нь дуудаж сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь нас барчихлаа гэж бодоод эмнэлэг дуудахаар зоориноос гараад зам дагуу таарсан хүмүүсээс утсаараа яриулаач гэхэд яриулахгүй байхаар нь би Т- дээр эргэж очилгүй тэр чигээрээ яваад өгсөн. ...Тухайн үед би Т-ийг зодсон эрэгтэйг урьд өмнө нь харж байсан. Т- бид хоёрын хувьд “К-” баарны гадна талаар шил, лааз байнга түүдэг бөгөөд тухайн залуу нь бид хоёрыг шил, лааз түүгээд явж байхад “К-” баарны хойд хаалгаар байнга орж, гарч байхыг нь харсан болохоор уг баарны ажилчин гэж бодож байна. ...Тэр залуу Т-ийг зодсоныхоо дараа ч гэсэн “К-” баар руу явж орсон. Би Т-ийг тухайн залуу зодож байхыг эхнээс нь дуустал нилээн ойр зайнаас харсан. ...”/1хх 52-53/,

 

шинжээч эмч Н.Туяагийн “...амь хохирогч Э.Т- нь гавал тархины битүү гэмтэл бусад их тархины зүүн зулай, чамархай хэсгийн аалзан хальсны цус харвалт гэмтлийн улмаас нас барсан байх бөгөөд дээрх гэмтэл нь толгойн зүүн чамархай хэсэгт мохоо зүйлээр цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Амь хохирогч Э.Т- нь нас барах шалтгаан болсон гавал тархины гэмтлийг авснаас хойш идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх, ойр зуурын үг яриа хэлэх, мөн 2 км зайд өөрөөрөө алхах үйлдэл хийх боломжтой. ...” /1хх 108/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл их тархины зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан /16х12см/ цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун зулай, дух хэсгийн аалзан хальсны цус харвалт, хуйханд цус хуралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, цээж, баруун шуунд цус хуралт, баруун, зүүн тохой, зүүн даланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. …Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан /16x12 см/ цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун зулай, дух хэсгийн аалзан хальсны цус харвалт гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2393 дугаартай дүгнэлт /1хх 99-100/,

...2023 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 07 цаг 31 минутад хэргийн холбодогч Б.А- нь амь хохирогч Э.Т-ийг хананд тулган нүүр хэсэг рүү гараараа цохиж байгаа ...31 минут 34 секундэнд хэргийн холбогдогч Б.А- нь амь хохирогч Э.Т-ийг цохиж газарт унагааж цохиж байгаа ...32 минут 25 секундэнд хэргийн холбогдогч БА- нь амь хохирогч Э.Т-тэй маргалдан цохиж ...32 минут 37 секунтэд ...Б.А- ...хохирогч Э.Т-тэй маргалдаж нүүрэн хэсэгт цохиж газарт унаж байгаа "...32 минут 47 секунтэд ...Б.А- ...Э.Т-ийг газарт унагаан нүүрэн хэсэгт өшиглөж байгаа ...33 минут 03 секунтэд ...Б.А- нь амь хохирогч Э.Т-ийг босгон ардаас нь өшиглөж байгаа ...Б.А- нь газар хэвтэж байх амь хохирогч Э.Т-ийг холбогдогч Б.А- нүүр хэсэг рүү нь цохин унагааж буй байдлыг зургаар харуулав...” гэх хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18-37/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-15/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 41-43/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 55-64/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 65-71/, шинжээчийн дүгнэлтүүд /1хх 118-120/, /1хх 128-133/, /1хх 137-138/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

         

          Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.А- ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

          Шүүгдэгч Б.А- нь амь хохирогч Э.Т-ийн нүүр лүү нь цохих, унасан байхад нь өшиглөх зэргээр гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан /16x12 см/ цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун зулай, дух хэсгийн аалзан хальсны цус харвалт бүхий гэмтлийг учруулж уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр нарын хамтран гаргасан “...Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж өгнө үү” гэх гомдлын тухайд,

 

Хүнийг алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэргээр тус тус ялгагдана.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

 

Шүүгдэгч Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Т-ийг “утас булааж авлаа” гэх шалтгаанаар нүүр лүү нь цохих, түүнийг газар унасан үед нь нүүр лүү нь өшиглөсний улмаас “гавал тархины битүү гэмтэл их тархины зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан /16х12см/ цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун зулай, дух хэсгийн аалзан хальсны цус харвалт, хуйханд цус хуралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, цээж, баруун шуунд цус хуралт, баруун, зүүн тохой, зүүн даланд зулгаралт бүхий гэмтлийг авч, тодорхой хугацааны буюу 1 хоногийн дараа амь хохирогч нь гавал тархины битүү гэмтэл, их тархины зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан /16x12 см/ цусан хураа, тархи дарагдал, их тархины баруун зулай, дух хэсгийн аалзан хальсны цус харвалтын улмаас нас барсан нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэж зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр нарын хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.А-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 67 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 67 /жаран долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН