| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2025/0022/З |
| Дугаар | 111/ШШ2025/0031 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 111/ШШ2025/0031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Баянхонгор аймгийн 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга *******
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ******* нарын хоорондын
“Багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхын санал авч багийн Засаг даргаар нэр дэвшсэн байхад тогтоолын төслийг албажуулж, сумын Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, томилуулахаар сумын Засаг даргад уламжлахыг даалгах тухай” үндсэн шаардлагатай, “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дүгээр сарын 03-ны өдрийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай" асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хүчингүйд тооцох, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай" асуудлыг хэлэлцэх хуралдааныг дахин явуулахыг даалгах” тухай бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* “Багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхын санал авч багийн Засаг даргаар нэр дэвшсэн байхад тогтоолын төслийг албажуулж, сумын Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, томилуулахаар сумын Засаг даргад уламжлахыг даалгах”-аар маргасан байна.
2.Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдуулахаар товыг зарлан, хэлэлцэх асуудлыг тогтоосон байна.
2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэн сонгож, сумын Засаг даргад томилуулахаар уламжлах тухай асуудлыг хэлэлцсэн. Тус хуралдаанд *******, ******* нарын нэрийг дэвшүүлсэн байна.
******* нь багийн Засаг даргад нэр дэвшиж, санал хураалтад оролцсон иргэдийн хамгийн олон санал авсан байна гэж маргасан. Гэвч багийн Засаг даргаар томилуулахаар санал уламжлах тухай багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гараагүй байна.
Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн Засаг даргаар томилох талаар сумын Засаг даргад уламжлаагүй асуудлаар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөдөл гаргасан. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 1а/16 дугаар албан бичгээр тус албан тушаалд томилох боломжгүй тухай хариуг өгсөн.
Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******аас “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дүгээр сарын 03-ны өдрийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай" асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хүчингүйд тооцох, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай" асуудлыг хэлэлцэх хуралдааныг дахин явуулахыг даалгах” шаардлага гаргасан.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Багийн иргэдийн Нийтийн Хурал товлогдож тус хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэн сонгож, томилуулахаар сумын Засаг даргад уламжлах тухай асуудлыг хэлэлцсэн.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч ******* өөрийн нэрийг багийн Засаг даргад дэвшүүлж, ******* миний нэрийг дэвшүүлсэн ба бид хоёр мөрийн хөтөлбөрөө танилцуулсан.
Иргэдээс санал авах болоход өөр сумын иргэд болон шилжиж ирээд удаагүй иргэд байсан тул шинээр шилжиж ирсэн иргэдээс саналыг авахгүй гэх мэт зөрчилдөөн үүсэж эцэст нь багийн болон шилжиж ирсэн иргэдээс саналыг авахаар болж санал хураалтыг дуусгасан.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно, гэж заасаар тухайн хуралд биеэр хүрэлцэн ирсэн хүн бүр санал өгөх эрхтэй.
Тогтоолын төслийг уншиж танилцуулсны дараа саналаа өгсөн иргэд хурлын үйл ажиллагааг орхин гарцгааж нийт ойролцоогоор 100 орчим хүн үлдсэн байх.
Гэтэл тогтоолын төслийг батлуулахаар үлдсэн иргэдээс санал авна гэх мэтээр утгагүй сонин зүйлийг ярьж хурлыг үймүүлж удаа дараа санал хурааж байгаад хуралдаан 18:47 минутад тарсан.
Миний бие тухайн хуралдаанаар багийн Засаг даргад олонхын санал авч тогтоолын төслийг уншиж танилцуулсан байсан тул тогтоол албажин гарч сумын Засаг даргад уламжлах байх гэж хүлээж байсан.
Гэтэл намайг багийн Засаг даргаар нэр дэвшсэн-тогтоолыг сумын Засаг даргад уламжлаагүй байсан тул ямар шалтгаанаар уламжлахгүй байгаа талаар хүсэлт гаргасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1а/16 дугаар албан бичгээр “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэсэн заалтын дагуу багийн Засаг даргад нэр дэвшиж санал хураалтад оролцсон иргэдийн олонхын санал авсан нэр дэвшигч *******ыг багийн Засаг даргаар томилуулахаар санал уламжлах тухай багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолын төслийг батлуулахаар хуралдаан даргалагч танилцуулсан боловч багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдээс санал авахад олонх нь дэмжээгүй тул тогтоол батлагдаагүй” гэсэн албан бичгийг ирүүлсэн.
Тухайн тогтоол уншиж танилцуулагдсанаар хүчинтэй гэж тооцогддог. Танхимд байсан хуралд оролцсон санал өгсөн иргэд саналын дүнтэй танилцаж, тогтоолын төслийг уншиж танилцуулсны дараа гарцгаасан.
Гэтэл 50 гаруй хувь нь гарсны дараа дахин санал хураана гэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д 'Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй..."гэх хуулийн заалттай нийцээгүйн дээр нэхэмжлэгч миний сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхын санал авч багийн Засаг даргаар нэр дэвшсэн байхад тогтоолын төслийг албажуулж, сумын Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг Тогтоож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, томилуулахаар сумын Засаг даргад уламжлахыг даалгаж өгнө үү..” гэжээ.
Хариуцагч Баянхонгор Эрдэнэцогт сумын 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Миний бие *******ын Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4-р багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг хуулийн хугацаанд гаргаж байна. *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:
2024 оны 12 сарын 03-ны өдрийн 11 цагт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал товлогдон хуралдсан ба тус хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэн сонгож томилуулахаар сумын Засаг даргад уламжлах тухай асуудлыг хэлэлцсэн боловч тус асуудлыг хэлэлцэх үед буюу хурлын дундуур *******той хамт манай багт оршин суудаггүй иргэд орж ирж хурлыг үймүүлж, зохион байгуулалтыг алдагдуулсан. Тус багийн хурал багийн төвд болсон бөгөөд багийн хурал болсон газар утасны сүлжээ, интернэт холболтгүй сүлжээгүй газар тул тухайн иргэд тухайн багт хуулийн хүрээнд шилжилт хөдөлгөөн хийлгэж манай багт шилжин ирсэн эсэхийг мэдэх боломжгүй нөхцөл үүссэн. Гэтэл тухайн иргэд гар утас дээрээ лавлагаа гэх мэт баримтуудын зураг авсан байсан, мөн үндсэн багийн иргэд тэдгээрийг эсэргүүцэж, манай багт оршин суудаггүй, мал хуй нь байдаггүй, өмнө нь тухайн багт оршин сууж байгаагүй байж яахаараа манай багийн дотоод асуудлыг хэлэлцэхэд оролцоно гэж, энэ багт байнга мал маллан амьдардаг багийн иргэдийн эрх ашиг хөндөгдөх асуудалд оролцуулах нь бидний эрх ашгийг хохироож байна гэх мэтээр дургүйцлээ илэрхийлж хурлыг орхин гарах асуудал үүссэн. Тухайн багт байнга оршин сууж мал маллан амьдрал ахуйгаа тэжээн тэтгэдэг малчин өрх тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хэлж байгаа нь ч үнэний ортой. Монгол улсын иргэд хаана оршин суух эрх нь чөлөөтэй боловч тухайн цаг хугацаанд шилжүүлэг хийлгэж багийн хуралд багийн Засаг даргыг нэр дэвшүүлэн сонгох Засаг даргад уламжлан томилуулах саналын эрхтэй оролцох гээд байгаа нь өөрөө хэр зохимжтой вэ. Мөн тооллогын комисс санал хураалтын тооллого явуулж байхад саналын тоо хүний тооноос зөрүүтэй байсан, мөн багийн иргэн биш буюу шилжүүлэгч байхгүй иргэн, мөн шилжүүлэг хийлгэсэн эсэх нь тодорхойгүй иргэд санал өгсөн, шилжүүлэг хийлгэсэн хүн санал өгөх эрхтэй гэж үзлээ ч хуульд зааснаар шилжүүлэг хийсэн гэдгийг нотлох хуульд заасан буюу үнэлж болохоор баримтгүй иргэд санал өгсөн зэрэг нөхцөл байдлаас улбаалан тооллогын комисс саналыг албажуулаагүй байдаг. Тухайн асуудлаар хурлын тогтоол гараагүй, өөрөөр хэлбэл тухайн асуудлыг хэлэлцэх үед хурлын дундуур орж ирсэн иргэдээс улбаалан хурлын зохион байгуулалт алдагдаж, үндсэн багийн иргэдийн дийлэнх олонх нь хуралдааныг орхин гарч багийн иргэн мөн эсэх нь тодорхойгүй иргэд хуралдаанд санал өгч, хүний тоо, саналын тоонд зөрүү үүсэж, тооллогын комисс тухайн нөхцөл байдлаас болж шийдвэр гаргаагүй зэргээс болж иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гараагүй юм.
Ийм хууль зөрсөн нөхцөл байдал үүссэн учраас *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу хууль зөрчсөн шийдвэр гаргах боломжгүй. Багийн иргэдийн зүгээс багийн даргыг нэр дэвшүүлэн уламжлуулах тухай хурлыг хийлгэх санал хүсэлтийг хэд хэдэг иргэн амаар тавьсан, бичгээр ч нэг иргэн хүсэлт тавьсан байгаа. Өмнө нь хурлыг хуралдуулах гэсэн боловч нэр дэвшигч ******* нь иргэний бүртгэлийн байгууллага шилжилт хөдөлгөөн хууль ёсны дагуу хийсэн эсэхийг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад хандсан байсан учраас уг асуудлыг шийдвэрлэн дуусгах хүртэл хурлыг хуралдуулах боломжгүй болсон. Харин багийн Засаг даргыг нэр дэвшүүлэх, Засаг даргад уламжлах асуудлыг багийн Нийтийн Хурлаар дахин хуралдуулж хууль ёсны дагуу тогтоол гаргах боломжтой” гэжээ.
5.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагын үндэслэлдээ:
“Нэргүй овогтой Энхбаатар миний бие Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар санал уламжлах асуудлыг хэлэлцэх 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралд багийн Засаг даргад нэр дэвшин оролцсон. Би уг хуралтай холбоотойгоор буюу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг иргэний бүртгэлийн ажилтан хийхдээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан эсэхийг тогтоолгох зорилгоор цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулсан, мөн хэд хэдэн газар хүсэлт өгсөн ба тухайн хурал болсноос хойш уг асуудлыг хөөцөлдөж яваад тодорхой мэдсэн асуудал бол иргэдийн Нийтийн Хуралд *******той хамт орж ирсэн болон саналыг эрхтэй оролцож санал өгсөн зарим хүмүүсийн шилжилт хөдөлгөөн хийлгэсэн асуудал нь асуудалтай болох нь нэгэнт илэрхий болсон, мөн тухайн хурлын тооллогын комисс болон багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гаргаагүй байх тул Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд хандан багийн Засаг даргыг нэр дэвшүүлэх, багийн Засаг даргаар томилуулахаар санал уламжлах асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар дахин хэлэлцүүлж өгөхийг хүссэн хүсэлт гаргахад тус багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нь миний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан ... багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, томилуулахаар сумын Засаг даргад уламжлахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэсэн утга бүхий хариуг өгсөн тул миний бие дээрх *******ын нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь миний хууль ёсны эрх ашгийг хөндөж байна мөн маргааны зүйл, үйл баримт нь ижил утгатай агуулгатай байх тул Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна.
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 10 цагт товлон хуралдуулах зар тараасан ба хурал товлогдсон хугацаандаа хуралдаж тухайн өдөр хэлэлцэх асуудлуудаа эхнээс нь хэлэлцэж шийдвэрлээд багийн Засаг даргыг нэр дэвшүүлэн уламжлах асуудлыг хэлэлцэх үед ******* нь хурлын хуралдааны дундуур хэсэг хүмүүстэй орж ирсэн. Түүнтэй хамт орж ирсэн хүмүүс нь манай багт өмнө нь болон тухайн үед ч оршин сууж байгаагүй хүмүүс байсан ба тус багт байнга оршин суудаг малчин иргэдийн хувьд уг үйлдлийг эсэргүүцэхэд хурлын дундуур орж ирсэн хүмүүс утас нь дээрээ байгаа зураг үзүүлж иргэний шилжилт хөдөлгөөн хийсэн энэ багийн иргэн гэсэн баримт үзүүлэх үйлдлүүд гаргаж иргэд хоёр талд хуваагдаж бөөн маргаан бий болж тухайн багт амьдардаг зарим иргэд тухайн хүмүүсийг манай багт амьдрахгүй, амьдарч байгаагүй байж багийн дотоод асуудлыг хэлэлцэх, багийн Засаг дарга сонгох санал хураах асуудалд санал өгөх эрхтэй оролцохыг зөвшөөрөхгүй, *******ыг багийн даргад нэр дэвшүүлэхийг дэмжихгүй гэх мэтчилэн үг үзэл бодлоо илэрхийлэх нь илэрхийлээд хурлыг хаяад гарсан. *******ын хамт ирсэн хүмүүс болон ******* маргаан үүсгэсээр байгаад хуралд тэдгээр хүмүүсийг оролцуулна гэхэд багийн иргэд мөн л хурлын заалыг орхин гарч байсан. Энэ нөхцөл байдлууд нь хурлын ажлын алба зохион байгуулалтгүй байсныг харуулж байгаа. Миний хувьд гомдолтой байгаа. Яагаад гэхээр үнэхээр тухайн хүмүүс нь шилжүүлэг хийлгэсэн эсэхийг эрх бүхий байгууллагаас нь шалгаагүй үгүй ядаж тамга тэмдэгтэй албан ёсны баримт эх хувь байгаагүй, хэвлээд ирсэн лавлагаа ч байгаагүй байхад оролцуулсан, мөн дан ганц энэ хүмүүс ч биш хурлын дундуур орж ирсэн зарим иргэд нь манай багаас аль эрт шилжүүлэг хийлгэж шилжсэн атлаа багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад оролцсон байсан.
Мөн санал хураалтад оролцсон хүмүүсээ тоолоод санал хураалтад өгсөн хүмүүсийн саналыг тоолоход хуралд оролцсон хүмүүсийн тооноос саналын тоо нь илүү гараад явсан байсан гэх мэт хурал шийдвэр гаргах боломжгүй өчнөөн асуудлууд үүссэн. Тооллогын комисс ч тооллого хийх боломжгүй болж тогтоол гаргаагүй. Дээрх шилжүүлэг хийлгэсэн гэх боловч хууль ёсны баримтгүйгээр хуралд оролцсон иргэд, мөн миний мэдэхийн аль хэдийнээ өөр орон нутаг руу шилжүүлэг хийлгэсэн *******гийн , ийн ******* гэх мэт хүмүүс буюу манай багийн харьяаны иргэн биш хүмүүс бүгд *******ыг дэмжиж саналын эрхтэй оролцсон. Нэг ёсондоо тухайн хурал анх дэс дараалалтай явж байсан хэдий ч багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, уламжлах асуудлыг хэлэлцэх үед ******* болон түүний дагуулж ирсэн хүмүүсээс хурлыг үймүүлж, хурлын зохион байгуулалтыг алдагдуулж хурал ч зохион байгуулалтгүй болсон.
Тухайн зарим иргэд нь шилжүүлэг хийлгэсэн гэж үзье гэтэл саналын эрхтэй оролцохын тулд өөр орон нутаг, багаас манай баг руу оршин суух хаягаа шилжүүлж саналын эрхтэйгээр багийн хуралд орж санал өгчхөөд буцаад өөрийн оршин сууж амьдардаг баг руугаа шилжээд байж болох асуудал мөн үү, тухайн багийн эрх ашиг шийдвэрлэх асуудалд хөндлөнгөөс оролцоод багийн үндсэн иргэдийн эрх ашигт нөлөөлөх асуудал шийдвэрлэх хуралдаанд ийм байдлаар оролцох нь хуулийг мушгин гуйвуулж хуулийн цоорхойг ашиглаж байна л гэж үзэх байх. Хэдийгээр монгол улсын иргэн Монгол улсын аль ч нутаг дэвсгэрт өөрийн сайн дураар шилжилт хөдөлгөөн хийлгэх, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй боловч одоо болон цаашид тухайн багт оршин сууж амьдрахгүй атлаа шилжилт хөдөлгөөн хийлгэн багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож байгаа нь багийн иргэдийн саналыг хулгайлж байгаатай адил юм. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6. Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна гэжээ. Хүн ам статистикийн үндсэн үзүүлэлтийг тооцоолох аргачлалд өрх гэдгийг тодорхойлохдоо ...Ганц бие болон нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг өрх гэнэ. Өрхийн гишүүд нь хоорондоо ураг төрлийн холбоотой, хамаатан садан, зарим гишүүд нь огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас бүрдсэн байж болно. Өрх гэдэг нь гэр бүл гэсэн ойлголтоос ялгаатай. Нэг өрхөд нэг болон хэд хэдэн гэр бүл амьдарч байж болно гэсэн байдаг. Эдгээрээс үзэхэд багийн өрхийн гишүүн буюу хамт амьдардаг байхаар ойлгогдож байна.
Нөгөөтэйгүүр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно гэх заалтаар хуралдааны оролцогч болно гэсэн заалт байх бөгөөд уг заалтаар хурлын дундуур орсон хүмүүсийг хуралдааны оролцогч болгохоор заагаагүй буюу хурал эхлэхээс өмнө хуралд ирсэн иргэдийг хурлын оролцогчоор саналын эрхтэй оролцуулахаар байсан ч хурлын дундаас орсон баг дээр шилжилт хөдөлгөөн хийлгэсэн гэх иргэдийг, өөр баг, орон нутаг руу оршин суух хаягаа шилжүүлсэн манай багийн иргэн биш иргэдийг хуралд оролцуулан хуралдааныг үргэлжлүүлсэн нь өөрөө хууль болон хурлын дэг зөрчсөн үйлдэл болсон. Мөн *******ыг багийн даргад нэр дэвшүүлэхээр өрсөлдүүлэхийг дэмжихгүй гээд хуралд оролцсон нийт иргэдийн 80, 90-ээд хувь нь хурлыг дундаас нь орхиод гарсан ба хурлыг орхиж гарсан хүмүүсийг эсрэг санал өгснөөр тооцох буюу *******ыг дэмжээгүй, харин ******* намайг дэмжсэн гэх саналд оруулан тооцох байсан ч тооллогын комисс хуралд оролцсон иргэн, саналын тоо их байсан буюу зөрүүтэй, багийн иргэн мөн эсэх нь тодорхойгүй буюу хууль ёсны нотлох баримтгүй иргэд оролцсон зэргээс улбаалан шийдвэр гаргах боломжгүй болсон байдаг тэгээд ч иргэд хурлыг дундаас нь хаяж гарсаар байгаад хэдхэн хүнтэй л үлдсэн гэдэг. Нэг ёсондоо тооллогын комисс тогтоол гаргаж түүний үндсэн дээр хурал хурлын шийдвэр гаргах нөхцөл бүрдэх юм. Хурал тогтоол гаргаж баталлаа ч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчинө. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн 56.5.2-т заасан энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн хурлыг орхин олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх гэснийг, гарсан иргэдийг эсрэг саналд оруулан тооцоход дийлэнх олонхын санал авсан хүн нь би болохоор байгаа юм. Гэхдээ миний хувьд иргэдийн Нийтийн Хурлаас тогтоол шийдвэр гаргаагүй, гаргах боломжгүй гэж бодож байна.
Багийн иргэдийн хууль ёсны дагуу сонгох сонгогдох эрхийг хуулийн хүрээнд эдлүүлэх эрхийг хүндэтгэж багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, багийн Засаг даргаар томилуулахыг уламжлах асуудлыг дахин хэлэлцүүлж хуралдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Харин хурал өмнөх хурлынхаа түүхийг давтахгүй буюу уг хуралд өөр орон нутаг багийн иргэнийг саналын эрхтэй оролцуулахгүй байх, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн бол албан ёсны баримт сэлтийг нь үндэслэж оролцуулах, хурлын дундуур оруулж гаргахгүй байх, нэг хүн давхар хэд хэдэн санал өгүүлэхгүй байх, сүлжээгүй газар зохион байгуулж байгаагаа анхаарч тус багийн өрхийн иргэдийн мэдээллийг холбогдох газраас нь гаргуулан авч уг мэдээлэл бүртгэлийн дагуу иргэдийг бүртгэж оруулах гэх зэрэг асуудал дээр анхаарч зохион байгуулалтайгаар хуралдааныг товлон зарлаж хуралдуулж өгөхийг хүсэж байна. *******ын хувьд ч цаг хугацаа алдахгүйгээр уг асуудал нэг тийшээ шийдэгдээсэй гэж хүсэж байгаа байх гэж бодож байна.
Иймд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дүгээр сарын 03-ны өдрийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай" асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хүчингүйд тооцож, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай" асуудлыг хэлэлцэх хуралдааныг дахин явуулахыг даалгаж өгнө үү.” гэжээ
Хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:
“Миний бие *******ын Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4-р багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг хуулийн хугацаанд гаргаж байна. *******ын нэхэмжлэлд бичигдсэн үйл явдал тухайн хуралдаанд үүссэн нь үнэн. Иргэн *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Шүүхээс хууль ёсны шийдвэр гаргаж хуралдааныг дахин хийхийг даалгавал хуралдааны зохион байгуулалт дээр анхаарч ажиллахад бэлэн байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хуралд холбогдуулан “Багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхын санал авч багийн Засаг даргаар нэр дэвшсэн байхад тогтоолын төслийг албажуулж, сумын Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, томилуулахаар сумын Засаг даргад уламжлахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******аас “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дүгээр сарын 03-ны өдрийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай" асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хүчингүйд тооцох, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай" асуудлыг хэлэлцэх хуралдааныг дахин явуулахыг даалгах” шаардлага тус тус гаргасан.
1.Нэхэмжлэгч *******ын “Багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхын санал авч багийн Засаг даргаар нэр дэвшсэн байхад тогтоолын төслийг албажуулж, сумын Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, томилуулахаар сумын Засаг даргад уламжлахыг даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын бие даасан шаардлагын “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дүгээр сарын 03-ны өдрийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай" асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хүчингүйд тооцох” тухай шаардлагыг хангахгүй орхиж,
“Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай" асуудлыг хэлэлцэх хуралдааныг дахин явуулахыг даалгах” тухай шаардлагыг хангах нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Багийн иргэдийн Нийтийн Хурал товлогдож тус хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэн сонгож, томилуулахаар сумын Засаг даргад уламжлах тухай асуудлыг хэлэлцсэн.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч ******* өөрийн нэрийг багийн Засаг даргад дэвшүүлж, ******* миний нэрийг дэвшүүлсэн ба бид хоёр мөрийн хөтөлбөрөө танилцуулсан.
Иргэдээс санал авах болоход өөр сумын иргэд болон шилжиж ирээд удаагүй иргэд байсан тул шинээр шилжиж ирсэн иргэдээс саналыг авахгүй гэх мэт зөрчилдөөн үүсэж эцэст нь багийн болон шилжиж ирсэн иргэдээс саналыг авахаар болж санал хураалтыг дуусгасан.
Тухайн хуралдаанд цугларсан нийт 284 иргэн санал өгч үүнээс 9 хүчингүй саналын хуудас гэж бүртгэн үлдсэн 275 иргэний саналыг тоолохоор болсон. 275 иргэнээс *******т 135 иргэн, *******од 140 иргэн саналаа өгснийг тоолон баталгаажуулж, тогтоолын төслийг уншиж танилцуулсан.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно” гэж заасаар тухайн хуралд биеэр хүрэлцэн ирсэн хүн бүр санал өгөх эрхтэй.
Тогтоолын төслийг уншиж танилцуулсны дараа саналаа өгсөн иргэд хурлын үйл ажиллагааг орхин гарцгааж ойролцоогоор нийт 100 орчим хүн үлдсэн байх.
Гэтэл тогтоолын төслийг батлуулахаар үлдсэн иргэдээс санал авна гэх мэтээр утгагүй сонин зүйлийг ярьж хурлыг үймүүлж удаа дараа санал хурааж байгаад хуралдаан 18 цаг 47 минутад тарсан.
Миний бие тухайн хуралдаанаар багийн Засаг даргад олонхын санал авч тогтоолын төслийг уншиж танилцуулсан байсан тул тогтоол албажин гарч сумын Засаг даргад уламжлах байх гэж хүлээж байсан.
Гэтэл намайг багийн Засаг даргаар нэр дэвшсэн тогтоолыг сумын Засаг даргад уламжлаагүй байсан тул ямар шалтгаанаар уламжлахгүй байгаа талаар хүсэлт гаргасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1а/16 дугаар албан бичгээр “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэсэн заалтын дагуу багийн Засаг даргад нэр дэвшиж санал хураалтад оролцсон иргэдийн олонхын санал авсан нэр дэвшигч *******ыг багийн Засаг даргаар томилуулахаар санал уламжлах тухай багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолын төслийг батлуулахаар хуралдаан даргалагч танилцуулсан боловч багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдээс санал авахад олонх нь дэмжээгүй тул тогтоол батлагдаагүй” гэсэн албан бичгийг ирүүлсэн.
Тухайн тогтоол уншиж танилцуулагдсанаар хүчинтэй гэж тооцогддог. Танхимд байсан хуралд оролцсон санал өгсөн иргэд саналын дүнтэй танилцаж, тогтоолын төслийг уншиж танилцуулсны дараа гарцгаасан.
Гэтэл 50 гаруй хувь нь гарсны дараа дахин санал хураана гэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д 'Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй..." гэх хуулийн заалттай нийцээгүйн дээр нэхэмжлэгч миний сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхын санал авч багийн Засаг даргаар нэр дэвшсэн байхад тогтоолын төслийг албажуулж, сумын Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, томилуулахаар сумын Засаг даргад уламжлахыг даалгаж өгнө үү..” гэжээ.
3.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:
2024 оны 12 сарын 03-ны өдрийн 11 цагт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал товлогдон хуралдсан ба тус хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэн сонгож, томилуулахаар сумын Засаг даргад уламжлах тухай асуудлыг хэлэлцсэн боловч тус асуудлыг хэлэлцэх үед буюу хурлын дундуур *******той хамт манай багт оршин суудаггүй иргэд орж ирж хурлыг үймүүлж, зохион байгуулалтыг алдагдуулсан. Тус багийн хурал багийн төвд болсон бөгөөд багийн хурал болсон газар утасны сүлжээ, интернэт холболтгүй газар тул тухайн иргэд манай багт хуулийн хүрээнд шилжилт хөдөлгөөн хийлгэж шилжин ирсэн эсэхийг мэдэх боломжгүй нөхцөл үүссэн. Гэтэл тухайн иргэд гар утас дээрээ лавлагаа гэх мэт баримтуудын зураг авсан байсан. Мөн үндсэн багийн иргэд тэдгээрийг эсэргүүцэж, манай багт оршин суудаггүй, мал хуй нь байдаггүй, өмнө нь тухайн багт оршин сууж байгаагүй байж яахаараа манай багийн дотоод асуудлыг хэлэлцэхэд оролцоно гэж, энэ багт байнга мал маллан амьдардаг багийн иргэдийн эрх ашиг хөндөгдөх асуудалд оролцуулах нь бидний эрх ашгийг хохироож байна гэх мэтээр дургүйцлээ илэрхийлж хурлыг орхин гарах асуудал үүссэн. Тухайн багт байнга оршин сууж мал маллан амьдрал ахуйгаа тэжээн тэтгэдэг малчин өрх тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хэлж байгаа нь ч үнэний ортой. Монгол улсын иргэд хаана оршин суух эрх нь чөлөөтэй боловч тухайн цаг хугацаанд шилжүүлэг хийлгэж багийн хуралд багийн Засаг даргыг нэр дэвшүүлэн сонгох Засаг даргад уламжлан томилуулах саналын эрхтэй оролцох гээд байгаа нь өөрөө хэр зохимжтой вэ. Мөн тооллогын комисс санал хураалтын тооллого явуулж байхад саналын тоо хүний тооноос зөрүүтэй байсан. Багийн иргэн биш буюу шилжүүлэгч байхгүй иргэн, шилжүүлэг хийлгэсэн эсэх нь тодорхойгүй иргэд санал өгсөн. Шилжүүлэг хийлгэсэн хүн санал өгөх эрхтэй гэж үзлээ ч хуульд зааснаар шилжүүлэг хийсэн гэдгийг нотлох, хуульд заасан буюу үнэлж болохоор баримтгүй иргэд санал өгсөн зэрэг нөхцөл байдлаас улбаалан тооллогын комисс саналыг албажуулаагүй байдаг. Тухайн асуудлаар хурлын тогтоол гараагүй. Өөрөөр хэлбэл тухайн асуудлыг хэлэлцэх үед хурлын дундуур орж ирсэн иргэдээс улбаалан хурлын зохион байгуулалт алдагдаж, үндсэн багийн иргэдийн дийлэнх олонх нь хуралдааныг орхин гарсан. Багийн иргэн мөн эсэх нь тодорхойгүй иргэд хуралдаанд санал өгч, хүний тоо, саналын тоонд зөрүү үүсэж, тооллогын комисс тухайн нөхцөл байдлаас болж шийдвэр гаргаагүй тул иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гараагүй юм.
Иймд хууль зөрсөн нөхцөл байдал үүссэн учраас *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу хууль зөрчсөн шийдвэр гаргах боломжгүй. Багийн Засаг даргыг нэр дэвшүүлэн уламжлуулах тухай хурлыг хийлгэх санал хүсэлтийг хэд хэдэн иргэн амаар гаргасан. Мөн бичгээр нэг иргэн хүсэлт тавьсан байгаа. Өмнө нь хурлыг хуралдуулах гэсэн боловч нэр дэвшигч ******* нь иргэний бүртгэлийн байгууллага шилжилт хөдөлгөөн хууль ёсны дагуу хийсэн эсэхийг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад хандсан байсан учраас уг асуудлыг шийдвэрлэн дуусгах хүртэл хурлыг хуралдуулах боломжгүй болсон. Харин багийн Засаг даргыг нэр дэвшүүлэх, Засаг даргад уламжлах асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар дахин хуралдуулж хууль ёсны дагуу тогтоол гаргах боломжтой” гэжээ.
4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: *******ын нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь миний хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. Мөн маргааны зүйл, үйл баримт нь ижил утгатай агуулгатай байх тул Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна.
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 10 цагт хурал товлон хуралдуулах зар тараасан. Хурал товлогдсон хугацаандаа хуралдаж тухайн өдөр хэлэлцэх асуудлуудаа эхнээс нь хэлэлцэж шийдвэрлээд багийн Засаг даргыг нэр дэвшүүлэн уламжлах асуудлыг хэлэлцэх үед ******* нь хуралдааны дундуур хэсэг хүмүүстэй орж ирсэн. Түүнтэй хамт орж ирсэн хүмүүс нь манай багт өмнө нь болон тухайн үед ч оршин сууж байгаагүй хүмүүс байсан. Тус багт байнга оршин суудаг малчин иргэдийн хувьд уг үйлдлийг эсэргүүцэхэд хурлын дундуур орж ирсэн хүмүүс утас нь дээрээ байгаа зураг үзүүлж иргэний шилжилт хөдөлгөөн хийсэн энэ багийн иргэн гэсэн баримт үзүүлэх үйлдлүүд гаргаж, иргэд хоёр талд хуваагдаж бөөн маргаан бий болсон. Тухайн багт амьдардаг зарим иргэд тухайн хүмүүсийг манай багт амьдардаггүй, амьдарч байгаагүй байж багийн дотоод асуудлыг хэлэлцэх, багийн Засаг дарга сонгох санал хураах асуудалд санал өгөх эрхтэй оролцохыг зөвшөөрөхгүй, *******ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг дэмжихгүй гэх мэтчилэн үг үзэл бодлоо илэрхийлэх нь илэрхийлээд хурлыг хаяад гарсан. *******ын хамт ирсэн хүмүүс болон ******* маргаан үүсгэсээр байгаад хуралд тэдгээр хүмүүсийг оролцуулна гэхэд багийн иргэд мөн л хурлын заалыг орхин гарч байсан. Энэ нөхцөл байдлууд нь хурлын ажлын алба зохион байгуулалтгүй байсныг харуулж байгаа. Миний хувьд гомдолтой байна. Яагаад гэхээр үнэхээр тухайн хүмүүс нь шилжүүлэг хийлгэсэн эсэхийг эрх бүхий байгууллагаас нь шалгаагүй, үгүй ядаж тамга тэмдэгтэй албан ёсны баримт эх хувь байгаагүй. Мөн хэвлээд ирсэн лавлагаа ч байхгүй байхад оролцуулсан. Дан ганц энэ хүмүүс ч биш хурлын дундуур орж ирсэн зарим иргэд нь манай багаас аль эрт шилжүүлэг хийлгэж шилжсэн атлаа багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад оролцсон байсан.
Мөн санал хураалтад оролцсон хүмүүсээ тоолоод санал хураалтад өгсөн хүмүүсийн саналыг тоолоход хуралд оролцсон хүмүүсийн тооноос саналын тоо нь илүү гараад явсан гэх мэт хурал шийдвэр гаргах боломжгүй өчнөөн асуудлууд үүссэн. Тооллогын комисс ч тооллого хийх боломжгүй болж тогтоол гаргаагүй. Дээрх иргэд шилжүүлэг хийлгэсэн гэх боловч хууль ёсны баримтгүйгээр хуралд оролцсон. Миний мэдэхийн аль хэдийнээ өөр орон нутаг руу шилжүүлэг хийлгэсэн *******гийн , ийн ******* гэх мэт хүмүүс буюу манай багийн харьяаны иргэн биш хүмүүс бүгд *******ыг дэмжиж саналын эрхтэй оролцсон. Нэг ёсондоо тухайн хурал анх дэс дараалалтай явж байсан хэдий ч багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, уламжлах асуудлыг хэлэлцэх үед ******* болон түүний дагуулж ирсэн хүмүүсээс хурлыг үймүүлж, хурлын зохион байгуулалтыг алдагдуулж хурал ч зохион байгуулалтгүй болсон.
Тухайн зарим иргэд нь шилжүүлэг хийлгэсэн гэж үзье. Гэтэл саналын эрхтэй оролцохын тулд өөр орон нутаг, багаас манай баг руу оршин суух хаягаа шилжүүлж саналын эрхтэйгээр багийн хуралд орж санал өгчхөөд буцаад өөрийн оршин сууж амьдардаг баг руу шилжээд байж болох асуудал мөн үү, Тухайн багийн эрх ашиг шийдвэрлэх асуудалд хөндлөнгөөс оролцоод багийн үндсэн иргэдийн эрх ашигт нөлөөлөх асуудал шийдвэрлэх хуралдаанд ийм байдлаар оролцох нь хуулийг мушгин гуйвуулж, хуулийн цоорхойг ашиглаж байна л гэж үзэх байх. Хэдийгээр Монгол улсын иргэн Монгол улсын аль ч нутаг дэвсгэрт өөрийн сайн дураар шилжилт хөдөлгөөн хийлгэх, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй боловч одоо болон цаашид тухайн багт оршин сууж амьдрахгүй атлаа шилжилт хөдөлгөөн хийлгэн багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож байгаа нь багийн иргэдийн саналыг хулгайлж байгаатай адил юм. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6. Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна гэжээ. Хүн ам статистикийн үндсэн үзүүлэлтийг тооцоолох аргачлалд өрх гэдгийг тодорхойлохдоо ...Ганц бие болон нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг өрх гэнэ. Өрхийн гишүүд нь хоорондоо ураг төрлийн холбоотой, хамаатан садан, зарим гишүүд нь огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас бүрдсэн байж болно. Өрх гэдэг нь гэр бүл гэсэн ойлголтоос ялгаатай. Нэг өрхөд нэг болон хэд хэдэн гэр бүл амьдарч байж болно гэсэн байдаг. Эдгээрээс үзэхэд багийн өрхийн гишүүн буюу хамт амьдардаг байхаар ойлгогдож байна.
Нөгөөтэйгүүр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно гэх заалтаар хуралдааны оролцогч болно гэсэн байна. Уг заалтаар хурлын дундуур орсон хүмүүсийг хуралдааны оролцогч болгохоор заагаагүй буюу хурал эхлэхээс өмнө хуралд ирсэн иргэдийг хурлын оролцогчоор саналын эрхтэй оролцуулахаар байсан ч хурлын дундаас орсон баг дээр шилжилт хөдөлгөөн хийлгэсэн гэх иргэдийг, өөр баг, орон нутаг руу оршин суух хаягаа шилжүүлсэн манай багийн иргэн биш иргэдийг хуралд оролцуулан хуралдааныг үргэлжлүүлсэн нь өөрөө хууль болон хурлын дэг зөрчсөн үйлдэл болсон. Мөн *******ыг багийн даргад нэр дэвшүүлэхээр өрсөлдүүлэхийг дэмжихгүй гээд хуралд оролцсон нийт иргэдийн 80, 90-ээд хувь нь хурлыг дундаас орхиод гарсан. Хурлыг орхиж гарсан хүмүүсийг эсрэг санал өгснөөр тооцох буюу *******ыг дэмжээгүй, харин ******* намайг дэмжсэн гэх саналд оруулан тооцох байсан ч тооллогын комисс хуралд оролцсон иргэн, саналын тоо их байсан буюу зөрүүтэй, багийн иргэн мөн эсэх нь тодорхойгүй буюу хууль ёсны нотлох баримтгүй иргэд оролцсон зэргээс улбаалан шийдвэр гаргах боломжгүй болсон байдаг. Тэгээд ч иргэд хурлыг дундаас нь хаяж гарсаар байгаад хэдхэн хүнтэй л үлдсэн гэдэг. Нэг ёсондоо тооллогын комисс тогтоол гаргаж түүний үндсэн дээр хурлын шийдвэр гаргах нөхцөл бүрдэх юм. Хурал тогтоол гаргаж баталлаа ч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчинө. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн 56.5.2-т заасан. Энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн хурлыг орхин олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх гэснийг, гарсан иргэдийг эсрэг саналд оруулан тооцоход дийлэнх олонхын санал авсан хүн нь би болохоор байгаа юм. Гэхдээ миний хувьд иргэдийн Нийтийн Хурлаас тогтоол шийдвэр гаргаагүй, гаргах боломжгүй гэж бодож байна.
Багийн иргэдийн хууль ёсны дагуу сонгох сонгогдох эрхийг хуулийн хүрээнд эдлүүлэх эрхийг хүндэтгэж багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, багийн Засаг даргаар томилуулахыг уламжлах асуудлыг дахин хэлэлцүүлж хуралдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Харин хурал өмнөх хурлынхаа түүхийг давтахгүй буюу уг хуралд өөр орон нутаг багийн иргэнийг саналын эрхтэй оролцуулахгүй байх, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн бол албан ёсны баримт сэлтийг нь үндэслэж оролцуулах, хурлын дундуур оруулж гаргахгүй байх, нэг хүн давхар хэд хэдэн санал өгүүлэхгүй байх, сүлжээгүй газар зохион байгуулж байгаагаа анхаарч тус багийн өрхийн иргэдийн мэдээллийг холбогдох газраас нь гаргуулан авч уг мэдээлэл бүртгэлийн дагуу иргэдийг бүртгэж оруулах гэх зэрэг асуудал дээр анхаарч зохион байгуулалтайгаар хуралдааныг товлон зарлаж хуралдуулж өгөхийг хүсэж байна. *******ын хувьд ч цаг хугацаа алдахгүйгээр уг асуудал нэг тийшээ шийдэгдээсэй гэж хүсэж байгаа байх гэж бодож байна.
Иймд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дүгээр сарын 03-ны өдрийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай" асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хүчингүйд тооцож, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай" асуудлыг хэлэлцэх хуралдааныг дахин явуулахыг даалгаж өгнө үү.” гэжээ.
5. 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдааны эхэнд багийн иргэдийн ирцийг хуралдаан зохион байгуулагч бүртгэж авсан. Энэ бүртгэлд 243 иргэний нэр, утасны дугаар, регистрийн дугаарыг тэмдэглэн бүртгэж авсан байна.
Энэ бүртгэлийн дараа 2024 оны 12 дугаар сарын 02 болон 03-ны өдөр тус багт шилжиж очсон 27 иргэнээс нэр дэвшигч ******* 26 иргэнийг дагуулж очсон 1 иргэн очоогүй гэж шүүх хуралдаанд тайлбар гаргадаг бөгөөд хэргийн бусад оролцогч нар маргаагүй болно . Энэ 26 иргэн нь уг хуралдаан болохоос нэг хоногийн өмнө болон хуралдаан болсон өдөр тус багт хууль ёсны дагуу шилжиж ирсэн иргэд байна. Эдгээр иргэд уг хуралдаанд оролцож, санал өгсөн нь хууль зөрчөөгүй. Гэвч уг шилжиж ирсэн иргэдийн нэрсийг хуралдааны явцад иргэдийн ирцийн бүртгэлд бүртгэж аваагүй нь буруу байна.
6.Уг хуралдааны тэмдэглэлд нийт 284 иргэн санал өгснөөс 140 иргэн нэхэмжлэгч *******од, 135 иргэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******т санал өгсөн, 9 саналын хуудас хүчингүй байсан гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд нотлох баримтаар саналын хуудсыг хэрэгт авахад *******од өгсөн саналын хуудас 138, *******т өгсөн саналын хуудас 135, 9 саналын хуудас хүчингүй байв. 2 саналын хуудасны тоо зөрсөн байх бөгөөд уг саналын хуудсыг тооллогын комиссоос хүлээн авсан *******ээс мэдүүлэг авахад “Би саналын хуудас тоолж аваагүй ******* гэх хамт нэг өрөөнд суудаг эмэгтэйд өгсөн” гэв. *******гаас гэрчийн мэдүүлэг авахад “Би саналын хуудсыг *******ээс авахдаа тоолж аваагүй. Байсан хэвээр нь хадгалсан. Гадны нөлөө ороогүй.” гэв.
7.Хуралдааны явцад тооллогын комисс дарга ******* болон бусад гишүүд ирцийн бүртгэлээс тусдаа, санал өгөх иргэдийн нэрсийг гараар бичиж, хуруун дээр тэмдэглэгээ хийж, бичиг баримтыг шалган нягталж, саналын хуудсыг тараасан байх бөгөөд тооллогын комиссын даргыг гэрчээр дуудаж мэдүүлэг авахад “283 хүн санал өгсөн. Би саналын хуудсыг тарааж байсан учраас сайн мэдэж байна” гэв.
Шүүх хуралдааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Санал өгсөн хүмүүсийн хуруун дээр тэмдэглэгээ хийсэн. Тэгэхээр санал өгсөн хүн дахин санал өгөх боломж байгаагүй” гэсэн шүүх хуралдаанд тайлбар гаргасан бөгөөд энэ тайлбарт хэргийн оролцогч нар маргаагүй.
Тооллогын комисс санал өгөх иргэдийн нэрсийг гараар бичиж тэмдэглэж авсан байх бөгөөд уг тэмдэглэлд нийт 275 хүний нэр бичигдсэн байна.
8.Нэхэмжлэгч нийт 284 иргэн санал өгсөн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хариуцагч нар 275 иргэн санал өгсөн гэж маргаж байгаа бөгөөд Тооллогын комиссын дарга ******* нийт 283 хүн санал өгсөн гэх гэрчийн мэдүүлэг гаргасан .
Үүнээс өөр баримт байхгүй гэдэгт хэргийн оролцогч нар маргаагүй.
Хариуцагчаас одоо шүүхэд энэ хуралдаантай холбоотой гаргаж өгөх нотлох баримт байхгүй, бүх баримтыг өгсөн гэсэн тайлбар гаргав.
Уг хуралдаанд нийт хэдэн хүн оролцож, хэдэн хүн санал өгснийг нарийн тогтоох нотлох баримт байхгүй. Санал өгсөн иргэдийн тоо хоорондоо зөрүүтэй. Нийт хэдэн хүн санал өгсөн нь тодорхойгүй. Шүүх үүнийг тогтоох боломжгүй байна.
9.Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгчээс “ 2025 оны 6 дугаар сарын 25-ны байдлаар 203 өрхтэй болно” гэсэн ирсэн албан бичиг, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “2024 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар уг багт 464 иргэн байсан байна” гэсэн 12/569 дугаар албан бичиг ирсэн байх бөгөөд хуралдаанд оролцсон иргэдийн ирцийн хувьд хууль зөрчөөгүй. Ирц хүрээгүй гэдэгт хэргийн оролцогч нар маргаагүй .
10. Шүүхэд нэхэмжлэгч, нэхэмжлэл гаргаж мэтгэлцэхдээ “284 иргэн санал өгсөн гэж хуралдааны тэмдэглэлд бичигдсэн нь зөв” гэж маргаж байгаа бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2. энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхийг хуульчилж өгсөн. Олонхын санал гэдэг нь нийт санал хураалтад оролцсон иргэдийн 50 хувь+1 гэсэн саналыг авахаар заасан заалт юм. Нэгэнт нэхэмжлэгч өөрөө санал хураалтад нийт 284 иргэн оролцож, би 140 иргэний саналыг авсан. Би хамгийн олон санал авсан гэж маргаж байгаа учир нэхэмжлэгч нь хуульд зааснаар олонхын саналыг аваагүй байна гэж үзлээ.
Учир нь 284 иргэний 50 хувь 142 иргэн байх бөгөөд 50 хувь+1 нь 143 иргэний санал авч байж, олонхын санал авах байжээ гэж үзлээ. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар 56.5.3-т хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх гэж заасан байх бөгөөд энэ нь хамгийн олон санал авсан нэр дэвшигч 2 хүнийг дахин санал хураалтад оролцуулах тухай заасан заалт юм . Эндээс нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарыг дахин нэр дэвшүүлж, хамгийн олон санал авсан иргэнийг Засаг даргад уламжлах байсан байна гэж үзлээ .
Иймд нийт санал хураалтад оролцсон 50+1 буюу олонхын санал аваагүй нэр дэвшигч *******ыг олонхын санал авсан гэж үзэж нэр дэвшүүлэх боломжгүй бөгөөд нэр дэвшүүлсэн тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар 56.5.2.энэ хуулийн 56.5.2, 56.5.3 дугаар заалтыг зөрчих байжээ гэж үзлээ.
11.Уг хуралдааны явцад нэр дэвшүүлэх санал хураалт нэг удаа явагдаад, тооллогын комисс дүнгээ танилцуулж, тогтоолын төслийг уншиж танилцуулав. Энэ дүнг зарим иргэд хүлээн зөвшөөрөөгүй. Гар өргөж баталгаажуулаагүй. Улмаар иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаа дуусгаж чадаагүй. Тогтоол гаргаагүй гэдэгт хэргийн оролцогч нар маргаагүй .
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.-д Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна, 32.5.1.хэлэлцэх асуудал санаачлах, 32.5.2.асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, 32.5.3.Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах, 32.5.4.Хурлын хуралдааны даргыг сонгох, түүнд сонгогдох, 32.5.5.хуралдааны дэгийг сахих гэж заасан байх бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны оролцогч нарыг 32 дугаар зүйлийн 32.5.2.-д асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцоно гэж заасан. Хуульд заасан хуралдаанд оролцсон иргэдийн таслах эрхийг нь хангаагүй, тооллогын комиссын шийдвэрийг баталгаажуулаагүй байна. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”, 48.2-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэсэн заалтыг зөрчиж сонгуулийн дүнг баталгаажуулаагүй. Улмаар хуралдаанаас тогтоол гаргаж албажуулаагүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан “Багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхын санал авч багийн Засаг даргаар нэр дэвшсэн байхад тогтоолын төслийг албажуулж, сумын Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, томилуулахаар сумын Засаг даргад уламжлахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
12.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дүгээр сарын 03-ны өдрийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай" асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хүчингүйд тооцох” шаардлагын тухайд
2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэдийн Нийтийн Хурал хуралдаж эхэлсэн боловч багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалт явагдаж, тооллогын комисс санал хураалтын дүнг танилцуулж, санал хураалтын дүнгийн талаарх тогтоолын төслийг уншиж танилцуулсны дараа иргэдийн ихэнх нь хуралдааны орхин гарснаар иргэдийн таслах эрх хэрэгжээгүй, уг хуралдаанаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлээгүй хуралдаан дууссан байх бөгөөд хуралдаанаас хүчин төгөлдөр тогтоол гарч баталгаажаагүй байх тул хуралдааныг хүчингүйд тооцохгүй. Иймд энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
13.Багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн аливаа асуудлыг шийдвэрлэхдээ таслах эрхтэй оролцох эрхийг хангаагүй, хэлэлцсэн асуудлыг дуусгавар болгож шийдвэрлээгүй, олонхын саналыг аваагүй бол хоёр дахь санал хураалтыг явуулаагүй, хуралдааны эцсийн шийдвэр болох тогтоол гараагүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Энхбаатарын “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай" асуудлыг хэлэлцэх хуралдааныг дахин явуулахыг даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
14.Шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 20 хоногийн дотор багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу зарлан хуралдуулж, багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гаргах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.4, 106.3.13, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын “Багийн иргэдийн Нийтийн Хурлаар олонхын санал авч багийн Засаг даргаар нэр дэвшсэн байхад тогтоолын төслийг албажуулж, сумын Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, томилуулахаар сумын Засаг даргад уламжлахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2024 оны 12 дүгээр сарын 03-ны өдрийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай" асуудлыг хэлэлцсэн хуралдааныг хүчингүйд тооцох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар санал уламжлах тухай" асуудлыг хэлэлцэх хуралдааныг дахин явуулахыг даалгах” тухай шаардлагыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ