| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00053/И |
| Дугаар | 141/ШШ2025/00090 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 141/ШШ2025/00090
| 2025 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 141/ШШ2025/00090 | Завхан аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ************************** хаягаар оршин суудаг М овогт Х.Ш-с ирүүлсэн, хариуцагч *********************** хаягаар оршин суудаг М овогт Д.Н-д холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Х.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч Д.Н нар нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ш нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тайлбартаа: ...***************** сумын иргэн Х.Ш би ******************** сумын иргэн Д.Н өөрийн эзэмшлийн УАЗ 469 маркийн автомашиныг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 7,000,000 төгрөгөөр зээлээр худалдаж оронд барилгын модон материалууд буюу банз мод авахаар амаар тохиролцсон. Өнгөрсөн хугацаанд уг автомашины үнэ 7,000,000 төгрөг, эсвэл банз мод өгөхийг Д.Н удаа дараа шаардсан боловч өнөө маргааш өгнө гэж өгөлгүй өдий хүрлээ. Хамгийн сүүлд утсаа ч авахгүй байна. Ер нь Д.Н урьд надаас УАЗ 452 маркийн автомашиныг зээлээр худалдан авч сүүлд үнийг төлж өгч байсныг тэмдэглэн хэлье. Ингэхээр бид Д.Н маш их итгэдэг байсан. ...Нэхэмжлэгч Х.Ш би 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Д.Н утсаар холбогдож бид хоёрын дунд үүссэн маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар дахин ярилцаад уг маргааныг дараах байдлаар харилцан тохиролцон шийдвэрлэх болсныг үүгээр мэдэгдэж байна. 1. Нэхэмжлэгч Х.Ш би урьд тус шүүхэд гаргасан Д.Н 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг багасган Д.Н 5,200,000 төгрөг гаргуулах, хариуцагч Д.Н нь урьд шүүхэд Х.Ш надад 5,000,000 төгрөгийн тооцоотой байсан гэж тайлбар гаргасан явдлаас татгалзан надад 5,200,000 төгрөг өгөхөөр боллоо. Хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч С.Ш надад 2 метр 30 сантиметрийн урттай 1300 ширхэг шургааг модыг, нэг ширхэг шургааг модны үнэ 4,000 төгрөг буюу Завхан аймгийн Тосонцэнгэлийн ханшаар нийт 5,200,000 төгрөгөөр үнэлж, 1300 ширхэг шургааг модыг 2025 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн дотор бэлтгэж өгөхөөр харилцан тохиролцов. Иймд хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч С.Ш миний нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 5,200,000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгт 2 метр 30 сантиметрийн урттай 1300 ширхэг шургааг модыг бэлтгэж өгөхийг хүлээн зөвшөөрсөн учраас уг иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэсэн хууль зүйн үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье... гэжээ.
Хариуцагч Д.Н нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие Н нь 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор ********** аймгийн иргэн Ш шургааг мод бэлтгэж өгөх болсон бөгөөд 1,300 ширхэг шургааг өгөх болсон тул шүүх хуралд намайг оруулахгүйгээр хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ш хариуцагч Д.Н холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Н нь шүүхэд ирүүлсэн анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаж байв.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 5,200,000 төгрөг болгон багасгасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, үүрэг гүйцэтгэх хугацааг харилцан тохиролцсон байна.
Зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ... зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж... гаргана гэж хуульчилсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг ...зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж хуульчилсан тул нэхэмжлэгч Х.Ш улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Н 63,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Шт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасныг шүүгчийн захирамжид дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч М овогт Х.Ш-н нэхэмжлэлтэй, хариуцагч М овогт Д.Нд холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Ш улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н 63,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамж нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тэмдэглэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН