Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 141/ШШ2025/00085

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 141/ШШ2025/00085

Завхан аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ************************** хаягаар оршин суудаг С овогт Х.Г ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.Г нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие 1990 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийг төгссөн. Ингээд 1993 оноос эхлэн нөхөр болох Д гэр бүл болж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сүхбаатарч компанид мал маллаж явсан. 1990 он хүртэлх хугацааны малын А данс архивд хадгалагдаагүйн улмаас малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Иймд намайг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдийг дуустал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сүхбаатарч компанид мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Г нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сүхбаатарч ХК-д малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч С овогт Х.Г нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд малчнаар, 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:

-С овогт Х.Г ************* дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,

-Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/387 дугаартай: ...Х.Г нь 1991-1992 онд Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1991-1992 оны Сүхбаатарч нэгдлийн даргын тушаалд томилсон чөлөөлсөн тухай баримт олдохгүй, 1991-1992 оны Оргих бригадын цалингийн цэс архивд шилжигдэн ирээгүй байна... гэсэн тодорхойлолт,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3/071 дугаартай: ...Х овогтой Г /********/ нь ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус багийн *** тоотод оршин суудаг, үндсэн иргэн мөн болохыг тодорхойлов... гэсэн тодорхойлолт,

-Х.Г Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлээс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон: ...ажилласан хоног, авсан хөлсийг 1991 оны 1-12, 1992 оны 1-12 дугаар сарыг дуустал бичиж, олгов тэмдэг дарж баталгаажуулсан... хөдөлмөрийн дэвтэр,

-Гэрч Н.С: ...Х.Г нь 8 дугаар анги төгсөж ирээд илгээлтээр хөдөө гарч мал малласан. Тухайн үед түрээсийн мал авч гарсан. Нэгдэл хувьчлагдах үеэр Х.Г нь түрээсийн мал авч хөдөө гарсан. Би тухайн үед Сүхбаатарч компанийн нярав, Сүхбаатарч нэгдлийн нярваар ажиллаж байсан. Тухайн үеийн нярвын ажил нь ноос, ноолуур, сүү, сааль авах тэдгээрийг гадагшаа борлуулж малчдад хувь хүртээдэг байсан. Намайг Сүхбаатарч нэгдэл, Сүхбаатарч компанийн нярваар ажиллаж байхад Х.Г нь малчнаар ажиллаж байсан. Би 4 улирал компанийнхаа айлуудаар ордог байсан. Одоогоор Тосонцэнгэл сумын Оргих, Идэр багт мал маллаж байсан айлуудаар ордог байсан. Би ажлынхаа шугамаар хавар нь адуу дэллэх, ноолуур авах, малаа туулгах, зун нь сүү, сааль авах, намар нь арьс, шир цуглуулах, намар оройдоо мал, мах авах зэрэг ажлуудыг хийдэг байсан. Жилийн 4 улирал компанийнхаа айлуудаар очдог байсан учраас Х.Г мал маллаж байсныг сайн мэднэ. Х.Г нь бог мал малладаг байсан. Тэднийх зундаа Идэрийн гол, өвөлдөө Харган гэх газарт өвөлждөг байсан. Тэр үеийн Сүхбаатарч компанийн даргаар Д, нягтлан В, нярваар би ажиллаж байсан юм... гэсэн мэдүүлэг,

-Гэрч Д.Д: ...Х.Г аавыг нь Х гэх хүн байсан. Х сайн таньдаг байсан. 1 баг, 1 нэгдэлд мал маллаж байсан. Сүхбаатарч компанид мал маллаж байсныг санаж байна. 1993 онд Сүхбаатарч компани татан буугдсан. Тэр болтол мал маллаж байсан. Бид нэг нэгдэлд мал маллаж байсныг сайн санаж байна. Тэднийх бог мал маллаж байсан. Тухайн үеийн Сүхбаатарч компаний даргаар Даваа ажиллаж байсан юм... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч С овогт Х.Г нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд малчнаар, 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Х.Г ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С овогт Х.Г нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд малчнаар, 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН