| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00080/И |
| Дугаар | 141/ШШ2025/00086 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 141/ШШ2025/00086
| 2025 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 141/ШШ2025/00086 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******************** баг хаягаар оршин суудаг З овогт М.О нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч М.О нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие 1970 оны 03 дугаар сарын 16-нд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. 1986 онд Нөмрөг суманд 8 дугаар анги төгссөн. 1986 оноос Нөмрөг сумын нэгдэл дундын үйлдвэр Баянзүрх рашаан амралтад мал маллаж байгаад 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Түүнээс хойш Нөмрөг сумын Дархан-Уул багт одоог хүртэл тасралтгүй мал маллаж байна. 1986 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл аавтайгаа хамт Нөмрөг сумын нэгдэл дундын үйлдвэрийн Баянзүрх рашаан амралтад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.О нь 1986 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумын нэгдэл дундын үйлдвэрийн Баянзүрх рашаан амралтад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч З овогт М.О нь 1986 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумын нэгдэл дундын үйлдвэрийн Баянзүрх рашаан амралтад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-З овогт М.О ************ дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/2192 дугаартай: ...1986-1989 онд Нэгдэл дундын үйлдвэрийн Баянзүрхийн рашаан амралтад мал маллаж байсан гэх М.О тооцсон хөлс үгүй, Аав Г.Ма цалингийн тодорхойлолтыг олгов.
1986, 1987, 1988, 1989 оны 1-12 дугаар саруудад олгогдсон цалин хөлсний жагсаалт, ЗАТА:63, Хн№ цалингийн цэс... гэсэн лавлагаа,
-Г.М нэр бүхий 1986, 1987, 1988, 1989 оны Баянзүрх амралтын ажилчид малчдын цалингийн картын хуулбар,
-Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08/634 дугаартай: ...М.О БХЯ-ын сайдын 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн н/347 дүгээр тушаалаар Завхан аймгаас 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж Цэргийн госпиталийн эмч нарын комиссын 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 38/769 дугаар магадалгааг үндэслэн ЗХЖШ-ын 4 дүгээр газрын 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1672 дугаар албан бичгээр өвчний учир цэргийн албанаас халагдсан. гэсэн архивын лавлагаа,
-Завхан аймгаас 1989 онд цэргийн жинхэнэ албанд татагдахдаа хөтөлсөн: цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан - Баянзүрхийн рашаан амралтад малчин... гэсэн бичилт бүхий анкетын хуулбар,
-М.О нь БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага - Баянзүрх рашаан амралт, эрхэлдэг ажил-хоньчин, оршдог сум Нөмрөг ... гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-БНМАУ-ын Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогод 1989 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хамрагдахдаа хөтөлсөн: ...М О, нас 21, эрэгтэй, байнга суудаг, хамаарал хүү, эрхэлдэг ажил хоньчин... гэсэн бичилт бүхий өрхийн хуудасны хуулбар,
-Гэрч П.Г: ...М.О аав М, манай аав П нар Баянзүрх рашаан амралтад мал маллаж байсан. Би М.О сургуулийн дотуур байранд хамт амьдардаг байсан. Намайг цэргээс 1988 оны намар ирэхэд М.О нь Баянзүрх рашаан амралтад мал маллаж байсан. М.О ирэх намар нь буюу 1989 оны намар цэрэгт явсан. Баянзүрх рашаан амралтад 20 орчим малчин өрх байдаг байсан. Тухайн үеийн нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Баянзүрх рашаан амралтын даргаар Д ажиллаж байсан. Бид хоёр нэг газарт мал маллаж байсан. Зундаа малчин өрхүүд нь рашаан амралтаа тойроод зусдаг байсан. Өвөлдөө Шургах гэдэг газар өвөлждөг байсан. Тухайн үед малчин өрхүүд 250-450 төгрөгийн цалин авдаг байсан... гэсэн мэдүүлэг,
-Гэрч Д.Ч: ...М.О бид хоёр 1980 онд нэг сургуульд, нэг ангид сурч эхэлсэн. Би 9 настай, М.О 10 настай сургуульд сурч эхэлсэн. М.О нь 4 дүгээр ангиасаа сургуулиас гарч мал малласан. Би үргэлжлүүлж сураад 8 дугаар анги төгссөн. М.О нь 4 дүгээр ангиасаа хөдөө гарч аав, ээжийн хамт мал малласан. 1989 онд цэрэгт явсан. Бид хоёр нэг газарт буюу нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Баянзүрх рашаан амралтад мал маллаж байсан. Зундаа Баянзүрх рашаан амралтаа тойроод нутагладаг байсан. Өвөлдөө Шургах гэх газарт өвөлждөг байсан. Баянзүрх рашаан амралтад 20 орчим малчин өрх байдаг байсан. Тухайн үеийн Баянзүрх рашаан амралтын даргаар Д ажиллаж байсан. Малчин өрхүүд 250-300 орчим төгрөгийн цалин авдаг байсан. Би М.О нэг газарт буюу айл саахалт болон зусдаг байсан. Түүнийг мал маллаж байсныг сайн мэднэ... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч З овогт М.О 1986 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумын нэгдэл дундын үйлдвэрийн Баянзүрх рашаан амралтад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.О ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З овогт М.О 1986 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумын нэгдэл дундын үйлдвэрийн Баянзүрх рашаан амралтад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН