Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01270

 

 

 

 

 

 

                                          Д.Тгийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/01203 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Тгийн хариуцагч НШШГГхолбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, 2017 оны тогтоолуудыг хүчин төгөлдөрт тооцуулж, 2020 оны тогтоолуудыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн 2153 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 977 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 09 сарын 13-ны өдрийн 908 дугаар тогтоолоор Д.Тгээс 369 662 949 төгрөг гаргуулж ИИКББСБолгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж ........ дүгээр давхрын 468 мкв талбай бүхий орон сууцыг битүүмжлэн хурааж зах зээлийн үнээс хэт багаар буюу 863 287 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу 2017 онд явуулсан үл хөдлөх эд хөрөнгийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа хуулийн дагуу хүчин төгөлдөр байгаа. Барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлээгүй байхад иргэний банк дахь мөнгөн хөрөнгөөс суутгал хийж байгаа нь хууль бус. Төлбөр төлөгчид эд хөрөнгийг буцаахад улсын бүртгэлийн бүртгэлээс хасалт хийх ажиллагааг хийгээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт заасан ажиллагаа дарааллаар явагдаагүй. Төлбөр төлөгчийн хөрөнгө бодитой буцаагдаагүй, төлбөр төлөгчид өөр хөрөнгө байгаа эсэхийг судлалгүй дахин ажиллагаа явуулсан. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны 4\09, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5\24 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчин төгөлдөрт тооцуулах, мөн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10\14, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20280443451-29 дүгээр тогтоолуудыг хүчингүйд тооцуулна гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: Улсын дээд шүүхийн 2016 оны 9 сарын 13- ны өдрийн 968 дугаар тогтоолоор Д.Тгээс 369 662 949 төгрөг гаргуулж “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч биелүүлээгүй тул төлбөрт хураагдсан Д.Тгийн өмчлөлийн .....  2, 3, 4 дүгээр давхар 468 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд 2 500 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон тул анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Гэвч үнийн санал ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагчид хөрөнгийг санал болгоход хүлээн зөвшөөрөөгүй тул төлбөр авагчид гүйцэтгэх баримт бичгийг буцаасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31.1.2 гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр авагчийн хүсэлтээр 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэж, хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнэлгээний хувьд тохиролцоогүй тул шинжээчээр хөрөнгийг үнэлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгүүлж дансанд халдахыг хориглоогүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан НШШГГхолбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4\09, 2017 оны 05 сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5\24 дугаар тогтоолуудыг хүчин төгөлдөрт тооцуулах, мөн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 10\14, 2020 оны 08 сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 20280443451-29 дүгээр тогтоолуудыг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэгч Д.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн дагуу 2017 онд барьцаа хөрөнгийг 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлогдоогүй тул төлбөр авагчид санал болгосон боловч хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан тухай төлбөр төлөгчид мэдэгдээгүй. Хөрөнгийн үнийн саналын хувьд талууд харилцан тохиролцсон байдаг бөгөөд 2017 онд 2 шатны албадан дуудлага худалдаагаар оруулсан. Төлбөр авагч хөрөнгийг төлбөртөө тооцож авахаас татгалзсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасны дагуу барьцаа хөрөнгийг төлбөр төлөгчид буцаан олгох ёстой. Гэтэл хөрөнгийг төлбөр төлөгчид буцаан олгоогүй бөгөөд буцаан олгох гэдэг нь тухайн хөрөнгийг ердийн байдлаар эзэмших, ашиглах, захиран зарцуулахыг хэлнэ. Гэтэл уг ажиллагаанууд хийгдээгүй учраас 2017 онд явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа 4\09, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5\24 хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчин төгөлдөр хэвээр гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас урьд явуулсан ажиллагаагаа эцэслэж шийдвэрлээгүй процессын алдаа гаргасан атлаа төлбөр төлөгчийн хөрөнгөнд дахин ажиллагаа хийж, хууль зөрчсөн үйлдэл хийсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны алдаа гаргасан ч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэж болохгүй.  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн банкин дахь харилцах болон хадгаламжийн дансанд битүүмж, хасалт хийх 20280443451-29 дүгээр тогтоол гаргасан нь барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлээгүй атлаа иргэний банк дахь мөнгөн хөрөнгөөс суутгал хийж байгаа нь хууль бус болно. Хэдийгээр Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн арилжааны банкууд дахь мөнгөн хөрөнгөөс төлбөрт суутгах эрхтэй боловч гагцхүү хуульд заасан үндэслэлээр буюу барьцаа хөрөнгөтэй холбоотой тодорхой процессын ажиллагааг гүйцэтгэж нийт төлбөрөөс суутгасны дараа уг эрхээ хэрэгжүүлэх ёстой. Анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэгч талын эрх ашгийг хохироосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа анхнаасаа хуулийн дагуу явагдаагүй нь дараагийн ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж үзэхэд эргэлзээтэй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч НШШГГхолбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны 4/09 дугаар тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дах албадан дуудлага худалдааны 5/24 дугаар тогтоолыг тус тус хүчин төгөлдөрт тооцуулах, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20280443451-29, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/14 дугаартай тогтоолуудыг хүчингүйд тооцуулах, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

 Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны 4/09 дугаар тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дах албадан дуудлага худалдааны 5/24 дугаар тогтоолыг хүчин төгөлдөрт тооцуулах, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 20280443451-29 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 001/ХТ2016/00908 дугаар тогтоолоор Д.Тгээс зээлийн гэрээний үүрэгт 367 666 666 төгрөг гаргуулж, “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-д олгож........ 2, 3, 4 дүгээр давхар, 468 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар заавал биелэгдэнэ. /хх27-37/

 

Хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 онд үүсгэж, барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд /2002 он/ заасан журмын дагуу явуулжээ. /хх38, 39/

 

Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд барьцаа хөрөнгийг 2 500 000 000 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдах үнийн санал ирүүлсэн байх ба шийдвэр гүйцэтгэгчийн анхан, хоёр дахь дуудлага худалдааг явуулсан, албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгосон, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 48 дугаар зүйлийн 48.7 дах хэсэгт заасан журамтай нийцсэн байна. /хх116-117/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 20/04-24 дүгээр “гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай” тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагч “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-д буцаан, тогтоолыг төлбөр төлөгч Д.Тд танилцуулах, төлбөрт тооцон авахаас татгалзсан үл хөдлөх эд хөрөнгийг буцаан олгохыг шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Т.Баттүшигт даалгасан байна. /хх137/

 

Уг тогтоолыг нэхэмжлэгчид танилцуулсан талаар баримтгүй байна. Дээрх цаг хугацаанаас хойш буюу хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дахин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэх, эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, талуудаас үнийн санал авч, шинжээч  томилох зэрэг ажиллагаанд нэхэмжлэгч нь оролцож байсан байх тул тухайн цаг хугацаанд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид өмнөх ажиллагааны бичиг баримтыг буцаасныг мэдсэн гэж үзнэ. /хх40-52, 56/

 

Уг ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 он/ 44 дүгээр зүйлийн 44.3-т .., талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж зааснаар төлбөр төлөгч гомдол гаргах боломжтой байжээ.

 

Хариуцагчийн дээрх ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн хохирсон нь тодорхойгүй байна.  

 

2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 20280443451-29 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах шаардлагын хувьд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт буруу биш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 он/ 44 дүгээр зүйлийн 44.2, 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт заасныг шүүх хэргийн нөхцөл байдалтай уялдуулан зөв тайлбарласан байна.

 

Харин хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 10/14 дугаартай тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Талууд төлбөрт хураагдсан эд хөрөнгийн дуудлага худалдаагаар худалдах үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Виннэр-Вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч барьцааны хөрөнгийг 863 287 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх56-81/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд 2016 онд барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа 2 500 000 000 төгрөг гэж өгсөн байхад 2020 онд шинжээч 863 287 000 төгрөгөөр үнэлжээ. Уг үнэлгээ хоорондоо эрс зөрүүтэй байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой гарсан гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын 2016 онд өгсөн үнийн саналаас 2-3 дахин бага үнээр 2020 онд үнэлгээ хийсэн шинжээчийн үнэлгээний тайланд дүгнэлт хийх боломжгүй байх ба, энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлэх ажиллагаа хангалттай хийгдээгүй байна.       

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 он/ 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгчид мэдэгдсэн гэж үзэхээргүй байна. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн доод хэсэгт “танилцсан итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал” гэж тэмдэглэсэн байх боловч О.Баяржаргалд  шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх эрх олгогдоогүй байна. Иймд хуульд заасан журмын дагуу үнэлгээний тайланг төлбөр төлөгчид танилцуулсан гэж үзэхгүй.  /хх58/

Дээрх үндэслэлээр 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Виннэр-Вэй” ХХК-аас  тогтоосон хөрөнгийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэгчийн  2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/14 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/01203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тгийн хариуцагч НШШГГхолбогдуулан гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны 4/09 дугаар тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дах албадан дуудлага худалдааны 5/24 дугаар тогтоолуудыг хүчин төгөлдөрт тооцуулах, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 20280443451-29 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Виннэр-Вэй” ХХК-аас  тогтоосон хөрөнгийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэгчийн  2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/14 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “ ... үлдээсүгэй.” гэснийг “... үлдээж,” гэж өөрчилж, “... үлдээж,” гэсний дараа “Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 351 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  280 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                        ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                              А.МӨНХЗУЛ