Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/416

 

 

 

 

    2024           04            04                                        2024/ДШМ/416

П.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

шүүгдэгч П.Г-, түүний өмгөөлөгч Г.Цэрэнжамц,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1575 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Г-, түүний өмгөөлөгч Г.Цэрэнжамц нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч П.Г-т холбогдох эрүүгийн 2106030820030 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г-,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

 

Шүүгдэгч П.Г- нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын найз нөхдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж:

1. 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвд хохирогч М.Г-ын эзэмшлийн *****УАК улсын дугаартай “Nissan patrol Y-62” загварын тээврийн хэрэгслийг зарна гэсэн зарын дагуу холбогдож, улмаар өөрийгөө “С” ХХК-ийн захирал гэж танилцуулан “Ай Ди Си Проперти” ХХК-иас бартераар авах байрыг оролцуулна гэж, *****УАК улсын дугаартай “Nissan patrol Y-62” загварын тээврийн хэрэгслийг худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн авч, 149.490.858 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2. 2020 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ***байранд 54 м2 талбай бүхий 2 өрөө байрыг В.П-д өгнө гэж түүний *** УБУ улсын дугаартай “Toyota land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг 120.000.000 төгрөгт бодож, бартер хийхээр тохиролцон 114.966.919 төгрөгийн хохирол учруулж залилсан,

3. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “К-” апартмент хотхонд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, бодит байдал дээр биелэгдэх боломжгүй зүйлийг биелэх боломжтой мэтээр итгэл төрүүлж, Ч.Д-гээс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны хооронд нийт 66.520.000 төгрөг авч залилсан,

4. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “К-” апартмент хотхонд орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулан бодит байдал дээр биелэгдэх боломжгүй зүйлийг биелэх боломжтой мэтээр итгэл төрүүлж, Д.М-аас 2 ширхэг том ачааны автомашиныг шилжүүлэн авч, 76.218.467 төгрөгийн хохирол учруулж залилсан,

5. 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 ширхэг барилгын хар паниар зээлээр худалдан авахаар Д.Б-тэй тохиролцож, “14 хоногийн дотор шилжүүлнэ, хэрэв шилжүүлэхгүй бол 130.000.000 төгрөг болгож өгнө” гэж 130.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 1000 ширхэг барилгын хар паниар авч, 60.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

6. Х.Алатанд шүүхийн шийдвэрийн дагуу өгөх ёстой байсан байрны оронд “Д” хотхонд 3 өрөө байр өгөхөөр харилцан тохиролцож, улмаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г хотхонд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байрны зөрүү мөнгө болох 30.000.000 төгрөгийг авахдаа урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Х.Алатаныг төөрөгдөлд оруулж, барьцаанд өөр хүний нэр дээрх автомашиныг өгч залилсан,

7. П.Отгонбаатарт автомашиныг чинь бартераар худалдан авч, барилгын материал нийлүүлнэ гэж 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт **** УБИ дугаартай “Toyota land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 80.786.522 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ээс 66.520.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Д-д олгож, *** УНБ улсын дугаартай “Volvo s90” загварын тээврийн хэрэгсэл, *** УНУ улсын дугаартай “Komatsu 100” загварын тээврийн хэрэгсэл, *****УАК улсын дугаартай “Nissan patrol Y-62” загварын тээврийн хэрэгслүүдийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрөл болон *****УАК улсын дугаартай “Nissan patrol Y-62” загварын тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар тооцсон прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, *****УАК улсын дугаартай “Nissan patrol Y-62” загварын тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б.Б олгож, шүүгдэгч П.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...миний бие мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Мөрдөн шалгах ажиллагаанд нэр бүхий 7 хохирогчид учруулсан 577 сая төгрөгөөс 511 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч Н.Д-д учруулсан 66.520.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж, бусдад учруулсан хохирлоо 100 хувь төлж барагдуулсан. Би “С” ХХК-ийн захирал ажилтай. 4 сартайгаас 16 насны 6 хүүхэд, эхнэрийн хамт ам бүл 8-уулаа амьдардаг. Эхнэр Н.У нь нурууны өвчтэй мөн татаж унадаг, том хүү Г.М мөн толгойны өвчтэй, татаж унадаг бөгөөд хоёулаа эмнэлгийн хяналтад байдаг. Эхнэр Н.У нь 6 хүүхдийг ганцаараа өсгөж, хүмүүжүүлж байна. Иймд надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч П.Г-ийн өмгөөлөгч Г.Цэрэнжамц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч П.Г- нь нэр бүхий иргэдийг үргэлжилсэн үйлдлээр “Залилж” их хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ анхнаасаа гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх үед нэр бүхий 7 хохирогчид учруулсан нийт 577.982.866 төгрөгийн хохирлоос хохирогч Н.Д-гийн хохирол 66.520.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан бөгөөд дээрх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Гэвч анхан шатны шүүх П.Г-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “...хохирогч Н.Д-д учруулсан 66.520.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх бөгөөд шүүхээс уг хохирлыг гаргуулж шийдвэрлэхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлөх зорилгоор хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан шүүгдэгчээс хохирлыг төлж барагдуулаагүй байна.” хэмээн мөн “...эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан шударга ёсны зарчим мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагын зорилго зэрэгт нийцүүлэн гэж, түүнчлэн уг хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчид тогтоогдоогүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

 Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн ...нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч П.Г-ийн хувийн байдал, хохирогч нарт учруулсан хохирлын мөнгөн төлбөрийн бүрэн төлж барагдуулсан болон хохирогч нарын гомдол, саналгүй гэсэн хүсэлт, түүнчлэн торгуулийн ялыг биелүүлэх чадвартай байдлаа нотолж, ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх баримтыг гаргаж өгсөнийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг торгох ялаар өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч П.Г-ийн тухайд барилгын угсралт болон засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-ийг 2013 онд үүсгэн байгуулсан цаг хугацаанаас хойш барилгын салбарт нэлээдгүй ажил, үйлчилгээ хийж гүйцэтгэж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд барилгын салбарт үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдал зэргээс шалтгаалан зарим хийж гүйцэтгэсэн ажил нь захиалагч болон харилцагч нарт таалагдаагүй, зарим тохиолдолд гэрээнд заасан үүргийг гэрээний аль нэг нь ялимгүй зөрчсөний улмаас гэрээ цуцлагдах, үүнтэй холбоотойгоор эд хөрөнгийн нэлээдгүй маргаан гарах болсон зэрэг шалтгаанаар дээрх гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан болсон.

            Мөн П.Г-ийн хувийн байдлын тухайд тэрээр эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд том хүү Г.Мянган-Эрдэнэ нь эрүүл мэндийн шалтгааны улмаас унаж татдаг өвчтэй, бага насны буюу 5 сартай 2 ихэр хүүхэдтэй, эхнэр Н.У нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, мөн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг барагдуулах, цаашдын бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг бүрэн хийж дуусгах үүднээс өөрийн амьдарч байсан орон сууцыг худалдан борлуулснаас шалтгаалж одоогоор эхнэр, 6 хүүхэд нь түрээсийн орон сууцанд амьдарч байгаа бөгөөд анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулсантай холбоотойгоор түүний эхнэр, 6 хүүхдийн хувьд байрны түрээсийн төлбөрийг төлж чадахгүй, орох оронгүй болох эрсдэлтэй байна. П.Г- нь зарим хувь хүн болон компаниудтай ажил гүйцэтгэх гэрээний дагуу тодорхой ажлыг одоог хүртэл хийж гүйцэтгэж байгаа бөгөөд зарим ажлыг хийж дуусгасан боловч хийсэн ажлын хөлсийг бүрэн авч чадаагүй нэлээдгүй харилцагч нар байгаагаас гадна хийж дуусгаагүй ажлыг дуусгах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа боловч хорих ял авсантай холбоотой тухайн ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тулгараад байна. Хэрэв шүүгдэгч П.Г- нь дээрх хийж гүйцэтгэж дуусаагүй байгаа ажлыг цаашид гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалтай буюу 2 жил 6 сарын хорих ял эдэлбэл ажил хийж гүйцэтгээгүйтэй холбоотой гэрээний үүрэг биелэгдэхгүй байх хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

            Иймд давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгч П.Г-ийн ар гэрийн хүндрэлтэй нөхцөл байдал буюу хувийн байдал, хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн хохирогч нарын гомдол, саналгүй гэсэн хүсэлт, түүнчлэн торгуулийн ялыг биелүүлэх чадвартай байдлаа нотолж, ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх санхүүгийн баримтаа шүүхэд ирүүлснийг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

            Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч П.Г- нь нэр бүхий 7 иргэнд өөрийн хөрөнгөөр байр барьж байгаа мэтээр тухайн байрыг худалдан борлуулах, зарах боломжтой мэтээр хохирогч нарыг хуурч 577.000.000 гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Дээрх гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байгаа. Өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гаргасан гомдол нь угтаа торгуулийн ял оногдуулж өгөөч гэсэн агуулгатай. Залилах гэмт хэрэг нь 4 аргаар үйлдэгддэг. Шүүгдэгчийн хувьд 3 төрлийн аргыг нь хэрэглэж тухайн гэмт хэргийг үйлдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, хохирогч нарыг хуурсан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух төөрөгдөлд оруулсан. Дээрээс нь тухайн мөнгийг төлж чадахгүй буюу өр төлбөрт орсон атлаа бусдаас зээлээр эд зүйл авдаг, өөрт байхгүй зүйлийг өгнө гэдэг байдлаар итгэлийг урвуулан ашигласан үйлдлүүдээр тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн байдаг. Шүүгдэгчийн тухайд өмнө 2020 онд мөн залилах гэмт хэрэг үйлдэж анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял авч давж заалдах шатны шүүхээс хорих ялыг өөрчилж 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж байсан. Үүгээр юу хэлэх гээд байгаа гэхээр дахин залилах гэмт хэрэгт холбогдсон байна. Өмнө нь төрөөс үзүүлсэн буюу шүүхээс үзүүлсэн итгэлийг дааж чадаагүй, дахин гэмт хэрэг үйлдсэн гэдэг нөхцөл байдал харагдаж байгаа. Хэргийн тухайд уг хэрэг 2021 оны 4 дүгээр сараас эхлэн 2023 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд шалгагдсан. Энэ хугацаанд хохирогч нарт нэг ч төлбөр төлөөгүй. Хэргийг шүүхэд шилжсэнээс хойш удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулдаг, үүнийгээ дагаад хохирол мөнгийг хойшлуулах, өмгөөлөгч солих, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах зэрэг ийм арга хэмжээ авч явсаар байгаад 6 хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогч н.Д-гийн хохирол төлөгдөөгүй байсан. Энэ хохирлыг нөхөн төлөх завсарлага авсан боловч анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлагын хуралдаанаар хохирогч н.Д- 5 хоногийн хугацаанд нэг ч удаа холбогдоогүй байж байгаад өчигдөр буюу шүүх хуралдааны өмнөх өдөр энэ байрыг зараад өгье гэдэг асуудал ярьж байсан, дандаа ийм асуудал ярьдаг гэж хохирогч дурдаж байсан. Энэ утгаараа хохирол нөхөн төлөх завсарлага авсан атлаа хохирлыг төлөөгүй байгаа үйлдэлд нь анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Эцэст нь гэм буруугийн хувьд маргаагүй гэдэг асуудал дурдаж байгаа боловч анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруу дээр маргадаг. Зөвхөн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ойлголт нь ганцхан үйлдлээ хүлээн зөвшөөрснөөр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнд тооцох боломжгүй. Өмнөх шийтгэх тогтоолоор буюу 2020 онд их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргээр 2 жилийн хорих ял авсан. Давж заалдах шатны шүүхээс хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзэж 20,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өөрчилсөн байдаг. Гэтэл тухайн хэргийн хохирогч Х.Алатанд 136,000,000 төгрөгийн хохиролтой байсан. Х.Алатанд олгох ёстой байсан байрыг өгч чадахгүйгээр би өөр байр өгье зөрүүлээд надад 30,000,000 төгрөг өг гэдэг байдлаар дахиад залилаад авсан. Тэгэхээр өмнөх хүлээлгэсэн итгэлийг дааж чадаагүй дахин гэмт хэрэг үйлдсэн учраас хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Мөн өмгөөлөгч болон шүүгдэгчийн гомдолд дурдсан байна. Торгуулийн ял нь биелэгдэх бодит нөхцөлтэй байх ёстой. Өнөөдөр орох орон байр байхгүй, унах унаа байхгүй ийм хүнд торгуулийн ял оногдуулаад биелэгдэх эсэх нь эргэлзээтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангахгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар П.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч П.Г- нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл “автомашин аваад оронд нь байр өгнө”, “бартераар байр зарна”, “хар панер зээлээр худалдаж аваад хугацаандаа өгөхгүй бол өсгөж өгнө” гэх зэргээр 7 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон харилцааг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч нэр бүхий 7 иргэнээс нийт 577.982.766 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

эд хөрөнгөө залилуулсан талаарх хохирогч М.Г-ын “...би өөрийн эзэмшлийн “Ниссан патрол ваая”-62 маркийн *****УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2021 оны 04 дүгээр сард зарахаар болж зарын сайтууд дээр 150.000.000 төгрөгөөр зарна, тээврийн хэрэгслийн үнийн дүнд шинэ хоёр өрөө байр болон авто машин оролцуулж болно гэх утга бүхий зарыг байршуулсан. ...Тус оны 5 дугаар сарын 09-ний өдөр өөрийгөө “С” ХХК-ийн захирал гэж танилцуулсан П-гийн Г- гэх залуу нь миний зарах гэж байгаа *****УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг үзье гээд цаг тохироод Дүнжингаравын зам дээр уулзаж анх машинаа үзүүлсэн. ...Тэгээд миний тээврийн хэрэгслийг худалдаж авахаар болоод Г- надад манай компани одоо “****” компанийн барьж байгаа Цайз 16-ын ертөнцийн зүгээр урд талд баригдаж байгаа Г төслийн эхний ээлж буюу 3 дугаар блоконд **** тоот 53.35 мкв хоёр өрөө байр байгаа юм, би тус хоёр өрөө байр дээр нэмж орж ирсэн Солонгосын “Д” загварын ачааны амбаартай машиныг өгье, тэгээд би таны машины авъя, та эхлээд миний байрыг очоод үзчих гэж хэлсэн. ...Г- нь тус оройноо манай гэрт ирээд автомашиныг аваад явсан. ...Би 130.000.000 төгрөгөөр бодож зарсан. ...” /1хх 24-26/,

 

В.П-гийн “...манай нэг танил намайг байр хайж байгаа гэдгийг П.Г-т хэлсэн байсан ба 2020 оны 7 дугаар сард П.Г- над руу холбогдож бид хоёр “Зайсан скүэр” дээр уулзахад би барилга барьдаг юм гээд надад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо механик инженерийн сургууль орчим баригдаж байгаа “К-” апартмент нэртэй байрыг харуулсан. Тухайн байр ашиглалтад орох болоогүй байгаа болохоор таалагдахгүй байгаа талаараа түүнд хэлсэн чинь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Могул таун” хотхоны наад талын 3 давхар шинэ шар өнгийн байрны 1 дүгээр орцны 3 дугаар давхрын 54 мкв байрыг өгнө гэж хэлээд намайг түүний ах Чинзориг гэх хүнтэй байрны захиалгын гэрээ хийлгэсэн юм. ...П.Г- 30 минутын дараа над руу залгаад надад мөнгө хэрэг болоод байна, чи машинаа эхлээд надад өгч байх уу гэж хэлсэн. ...Тоёота Ланд 200 загварын *** УБУ улсын дугаартай 2013 онд япон улсад үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол Улсад шинээрээ орж ирж байсан тээврийн хэрэгслээ 2020 оны 7 дугаар сард гэрээ хийсэн өдрөө шилжүүлж өгсөн. Тэр хоёр машиныг 2020 оны 10 дугаар сард цааш нь бусдад зарж борлуулсан. ...2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр П.Г-тэй шинэ гэрээ хэлэлцээр хийгээд 1 дүгээр орцны 8 давхрын В загварын 66,63 мкв 3 өрөө байрыг өгнө, оноос өмнө та нарыг оруулна, одоо бараа материал нь хил дээр байгаа гэж хэлж гэрээ хийсэн. Гэвч би Б гэх тухайн байрны эзэн гэх хүнээс тухайн байрыг П.Г-ийн өмчлөлийн байр байгаа эсэхийг асуухад Бгэх хүн П.Г-т байр байхгүй гэж хэлсэн. ...” /2хх 51-52/,

 

Н.Д-гийн “...Г-тэй холбогдоод уулзахад барьж байгаа байраа танилцуулаад яах аргагүй л тухайн барилга дээр ажиллаж байгаа нь үнэн байсан. Тийм болохоор байр захиалахаар болж Г-ийн хэлснээр байрны сонголт хийж зурган дээрээс харж байгаад 49.72 метр квадраттай байрны захиалга өгч мкв-г 1.700.000 төгрөгөөр бодож авахаар болж нийтдээ 84.524.000 төгрөг төлөхөөр болсон. Ингээд тэр өдрөө буюу 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хан Уул дүүргийн соёлын ордны орчим нотариат дээр Г-ийн хамт очиж “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Гэрээний дагуу 2019 оны 4 дүгээр улиралд байр ашиглалтад орох байсан бөгөөд би тэр хугацаанд мөнгийг төлөхөөр гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар 66.520.000 төгрөгийг Г- болон түүний эхнэр У хувийн дансанд болон бэлэн мөнгөөр төлсөн байна. ...Би 2022 оны 01 дүгээр сарын эхээр захиалсан байрыг очиж үзэхээр очтол үүдний манаач нь намайг дотогш оруулаагүй. Тэгээд байрны эзэн Бүдийн хүү гэх залуутай утсаар ярихад Г- манайхтай тооцоогоо хийгээд дууссан. Одоо манайхаас Г-т өгөх юм юу ч байхгүй. Наадах чинь луйварчин, та нар Хан-Уулын цагдаа дээр очиж өргөдлөө гарга, манайхаас та байр авна гэж байхгүй гэсэн. ...” /Зхх 32-33/,

 

Д.М-ын “...“С ХХК-ийн захирал П.Г- 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр орон сууц захиалгын гэрээг надтай хийсэн. Тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд иргэн Бүдийн бариулж байгаа “К-” апартмент хотхоны 16 давхрын 52.18 метр квадрат орон сууцыг надад өгөхөөр болсон. Гэрээгээр 2020 оны хавар байр ашиглалтад орох байсан ч одоо ч ороогүй байгаа юм. Энэ явцад байр бүтэхгүй, ер нь Г- худлаа санагдсан тул би өөрөө Бүдийн оффис дээр очиж уулзахад Бүд байгаагүй ч гэсэн түүний хүү нь гээд бас нэг захирал бололтой залуу надтай уулзаад “таны наад гэрээ чинь худлаа, Г- манайхтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулчихаад ажлаа хийж чадаагүй, хийсэн ажлынх нь хөлсийг аль хэдийн тооцоод дуусгасан. Тиймээс манайхаас та байр авна гэж худлаа шүү, эртхэн шүүх цагдаад ханд” гэж хэлсэн. ...Машин тус бүрийг 60.000.000 төгрөгөөр үнэлж нийт 120.000.000 төгрөгийн хохирол учирсан. /Зхх 81-82/,

 

Д.Б-ий “...2021 оны 8 дугаар сард ажил дээрээ байх Г- гэх эрэгтэй ирж уулзаад паниарын чанар болон үнийн талаар асуучихаад явсан. Тэгээд хэд хоногийн дараа дахин ирж уулзаад “би паниарыг чинь зээлээр авъя, би өөрөө барилга барьж байгаа, манайд энэ паниарууд хэрэгтэй байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд Г- надаас 1000 ширхэг хар паниар 1 ширхгийг 65.000 төгрөгөөр тооцож авахаар болсон. Тухайн үед Г- нь “мөнгөө өгөх боломжгүй, 14 хоног дотор мөнгө орж ирнэ” гэж хэлсэн. ...Тухайн зээлийн гэрээ нь надаас авсан 1000 ширхэг хар паниарын мөнгө болох 65.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаан дотор өгөхгүй бол Г- надад 130.000.000 төгрөг нөхөн төлөхөөр тохиролцсон гэрээ хийсэн юм. ...” /Зхх 138-139/,

 

Х.Алатаны “...2015 оны 08 дугаар сард П.Г- нь БНХАУ-ын Эрээн хотод ирж надтай уулзаад “Энхжин” хотхонд байр өгье гээд 136.000.000 төгрөгийн бараа материалыг надаас залилаад улмаар уг хэргийг шүүх шийдвэрлээд П.Г- нь надад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “К- апартмент” хотхоны 1 орц 15 давхарт 85.51 мкв байрыг өгөхөөр тохиролцсон юм. Тэгээд байраа авъя гэсэн чинь тухайн байр нь ашиглалтад орох болоогүй байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээ хороонд Д хотхонд 249.400.000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байр байгаа тэрийг чамд шилжүүлж өгье, харин чи зөрүү 30.000.000 төгрөг өг гэхээр нь би 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд барьцаанд Мерседес бенз загварын *** УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг авсан. Дараа нь П.Г-ийн эхнэр Уранцэцэгийн ***** тоот дансанд 10.000.000 төгрөг, Хас банкны *** тоот данснаас Уранцэцэгийн**** тоот дансанд 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэтэл 2021 оны 05 дугаар сард нөгөө барьцаанд авсан машинаа унаад явж байсан чинь Хүрэлбаатар гэх хүн ирээд П.Г- чамайг залилсан байна, чамд хуурамч гэрчилгээтэй машин өгсөн байна гэхээр нь би П.Г- лүү холбогдсон чинь “за за чи наад машинаа Хүрэлбаатарт өгчих, би чамд 30.000.000 төгрөгийг чинь эргүүлээд өгье” гэж хэлээд надаас машинаа аваад явчихсан. ...” /Зхх 221-222/,

 

П.Отгонбаатарын “...2021 оны оны 08 дугаар сард зүс таних П.Г- надаас миний эзэмшлийн “Тоёота ланд крузер-200” загварын **** УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарчих гээд гуйгаад байсан. Би П.Г-ээс машиныг хэдэн төгрөгөөр бодож төлбөрийг хэрхэн авах талаар асуухад надад байраар машиныг чинь бартер хийе гээд байсан. Эрдэнэт хотод барьж буй эко 400 хороололд барилгын панер хэрэг болоод би Г-т чи миний машиныг барилгын панераар авбал ав гэхэд Г- тэгье гэж хэлсэн. Тэгээд би Г-ийг Улаанбаатар хотод орж ирээд машинаа өгөх гээд хүлээгээд байж байхад П.Г- утас нь холбогдохгүй таг болчихсон. Эрдэнэт хот руу явж байх замд П.Г-  залгаад “би ажил гараад утас холбогдохоо больчихлоо, чиний машиныг авмаар байна” гэж хэлсэн. Тэгээд би замд явж байгаагаа хэлээд П.Г-т “Эрдэнэтэд очоод хэлье” гээд утсаа тасалсан. ... П.Г-ийг Улаанбаатар хотоос өөрийн илүү машинаа унуулаад Эрдэнэтэд ирүүлж “Тоёота ланд курзер-200” загварын **** УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөрүүлээд өгч явуулсан. ...Түүнээс хойш П.Г-ээс авах ёстой барилгын панерыг авах талаар хэлж нэхэх үед “вагон одоо удахгүй буух гэж байна” гэх шалтгааныг хэлж цаг авч байсан ба хоёр удаа вагон задарч ачаа буух гэж байна, чи панераа ачих шаланзаа оруулчих” гээд надаар хоёр удаа вагон буудаг газар луу шаланз оруулуулаад тэр нь худлаа байсан. ...Би одоо П.Г-ээс анх машинаа зарах үедээ тохирсон 1100 панерийн үнэ бүхий 75.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /4хх 7-8/,

 

гэрч В.Н /1хх 27/, Г.Б /1хх 31, 85-88/, Т.Б /1хх 34-35/, М.Б /1хх 38-39/, П.С /1хх 54/, Г.Ч /2хх 63-64/, Ц.Э /2хх 65-68/, Л.С /2хх 77-80/, Л.И /3хх 88-89/, Д.С /3хх 92-93/, Б.Б /3хх 34-96/, Х.Б /3хх 97-99/, Д.У /3хх 141-142/, Н.Ц /4хх 11-12/, иргэний нэхэмжлэгч Б.Б /1хх 46-47, 208-210/ нарын болон шүүгдэгч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /4хх 34-35, 43-45/, /5хх 8/,

 

эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 60-62/, /1хх 166-169/, /1хх 172-176/, /2хх 154-156/, /3хх 151-152/, /4хх 20-22/, /4хх 95/, /4хх 179-180/, /4хх 183-184/, “С” ХХК болон П.Г-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 166-169, 172-176/, /2хх 236-250/, Н.Д- болон Д.Т-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 28, 203-205/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “С” ХХК-ийн дүрэм /1хх 107-108, 109-112/, /3хх 156-158/, орон сууц захилгын гэрээ /1хх 5-7, 139-146, 14, 124, 219-236/, 2хх 1-2-25, 82-84/, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /1хх 148/, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1хх 8-19/, /1хх 182/, /3хх 18-20 /3хх 59-62/,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 105-111, 155-161/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч П.Г- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч П.Г-ийн “автомашин аваад оронд нь байр өгнө”, “бартераар байр зарна”, “хар панер зээлээр худалдаж аваад хугацаандаа өгөхгүй бол өсгөж өгнө” гэх зэргээр нэр бүхий 7 иргэнээс 577.982.766 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч П.Г- болон түүний өмгөөлөгч Г.Цэрэнжамцын ял шийтгэлийг өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч П.Г-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 107 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1575 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Г-, түүний өмгөөлөгч Г.Цэрэнжамц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 107 /нэг зуун долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН