Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 235

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Урангуа,

Улсын яллагч: Н.Дамбадаржаа,

            Шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Т.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Бэд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805015410293 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, У.Б, ..., эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар аймаг, ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч У.Б нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Хилл” нэртэй зочид буудлын зүүн талд иргэн А.Чтэй “найз охин луу чат бичлээ” гэх шалтгаанаар маргаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн бие махбодид нь тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, 2 хацар, баруун шанаанд зулгарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, зүүн ухархайн дотор хана, хамрын хянга болон баруун хажуу ханын зөрүүтэй хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 09-ний орой өөрийнхөө фэйсбүүк чатаар А.Чтэй найз охиноосоо болж маргалдсан. Хохирогчийг цохиж, гэмтэл учруулсандаа харамсаж, гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэв.

Хохирогч А.Чий мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр би өөрийн фэйсбүүкээр ангийн охин Ц рүү хичээл асуух гээд чат бичсэн чинь Цийн хаягнаас манай найз охин руу битгий чат бичээд бай, би чамайг нэг дэх өдөр сургууль дээр чинь очоод ална гэж хэлсэн. Тэгэхээр нь би уучлаарай хоёулаа сургууль дээр янз бүрийн асуудал болоод яахав, одоо уулзъя, байгаа газар чинь яваад очих талаар хэлсэн чинь зөвшөөрсөн. “Гранд Хилл”-ын зүүн талд хүрээд ир гэхээр нь би орой 22 цаг 30 минутын орчим яваад очсон чинь Б гэх залуу гараад ирсэн. Би Бийг зүс харж байснаас танихгүй. Б манай найз охин руу битгий чат бич, утсаар ярь гэж байхад яагаад байгаа юм бэ, Цт хайртай юм уу гэхээр нь би ангийнхаа охинтой мессеж бичиж байхад яагаад дарамтлаад байгаа талаар хэлэхэд Б миний зүүн нүд хэсэг рүү нэг удаа цохихоор нь би бариад авсан. Тэгтэл Б миний толгой нүүр хэсэг рүү дахин дахин гараараа цохиод байсан. Би эсэргүүцэл үзүүлээгүй шууд Бийг арагш түлхээд зугтсан. Тэгтэл Б миний араас хөөж байсан. ... би хажуу тийшээ харан газар унасан. Тэгтэл миний нүүр толгой, цээж, хөл хэсэг рүү хэд хэдэн удаа дэвссэн. Энэ үед би ухаан алдсан. Нэг сэргэсэн чинь цагдаа ирчихсэн, 103 дуудаж, гэмтэл рүү явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 9-11, 40-41/,

Гэрч Б.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр орой би найз залуу болох Бтэй утсаар ярихад танай ангийн хүүхэд болох Чингүүтэй “би чам руу яагаад чат бичээд байгаа талаар уулзаж ярилцлаа, түүнээс болоод бид хоёр маргалдан зодолдсон, Ч ухаан алдаад газар уначихсан” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

Шинжээчийн 3495 тоот дүгнэлтэд: “...Чий биед тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, 2 хацар баруун шанаанд зулгарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, зүүн ухархайн дотор хана, хамрын хянга болон баруун хажуу ханын зөрүүтэй хугарал үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 16/,

Яллагдагчаар У.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 3 дугаар сарын 09-ний орой 19 цаг өнгөрч байхад гэртээ фэйсбүүк чатаар Чтэй маргалдсан. Учир нь миний найз охин Цийн чатаар уулзъя гэх мэтээр өдөн хоргоосон ба бичсэн байхыг харчихаад Чийг битгий манай найз охин Ц рүү чат бич, хоёулаа сургууль дээр уулзъя гэсэн чатыг явуулахад Ч одоо хоёулаа уулзъя гэхээр нь ... Гранд Хилл зочид буудлын ойролцоо хүрээд ир гэж хэлсэн. ... Ч ганцаараа зогсож байхаар нь би очин чи миний найз охин руу онцын шаардлагагүй бол чат бичих хэрэггүй тухай хэлсэн чинь Ч чамд хамаагүй болох талаар хэлсэн. Би Чээс Цт сайн юм уу гэж асуусан чинь тийм гэхээр нь би үерхдэг болохоо хэлсэн. Надад Ч намайг цохих гэж байгаа юм шиг санагдахаар нь би нүүрэн тус газар нь 2-3 удаа цохьсон чинь намайг арагш нь түлхэн миний нүүрэн тус газар руу цохьсон. Ч зугтахаар нь би хойноос нь хөөсөн чинь би чамайг ална хариугаа авна гээд гүйгээд байсан. Би араас нь хөөж байгаад гүйцэн очоод араас нь түлхэхэд хажуу талаараа газар унасан. Тэгэхээр нь гуталтай хөлөөрөө хөл, толгой, гуя хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгтэл Ч сонин дуу авиа гаргаад газраас босохгүй байхаар нь би сэрээх гэж оролдсон чинь сонин дуу авиа гаргаад байхаар нь би хоёр суганаас нь өргөн босгоод Гранд Хиллийн байшингийн хана налуулан суулгасан. Тухайн үед гадаа харанхуй байсан боловч сайн харахад Чий нүүр хэсэг нь цус болсон байсан. Тэгтэл хажууд 2 эрэгтэй хүн ирээд яасан бэ, юу болсон гэж асуухаар нь би юм дуугараагүй, тэгтэл нөгөө хоёр хүн 102, 103 дуудъя гэж хэлсэн. Би нөгөө хоёр ахаас 103 дуудаад өгөөч гэж хэлчихээд айсандаа яваад өгчихсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 28-31/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 34-36, 38-39/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-н 37/, хохирогчийн хүсэлт /хх-н 46-47/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч У.Б нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 22 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Хилл” нэртэй зочид буудлын зүүн талд иргэн А.Чтэй “найз охин луу чат бичлээ” гэх шалтгаанаар маргаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн бие махбодид нь тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, 2 хацар, баруун шанаанд зулгарал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, зүүн ухархайн дотор хана, хамрын хянга болон баруун хажуу ханын зөрүүтэй хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Чий: “...Б манай найз охин руу битгий чат бич, утсаар ярь гэж байхад яагаад байгаа юм бэ, Цт хайртай юм уу гэхээр нь би ангийнхаа охинтой мессеж бичиж байхад яагаад дарамтлаад байгаа талаар хэлэхэд Б миний зүүн нүд хэсэг рүү нэг удаа цохихоор нь би бариад авсан. Тэгтэл Б миний толгой нүүр хэсэг рүү дахин дахин гараараа цохиод байсан. Би эсэргүүцэл үзүүлээгүй шууд Бийг арагш түлхээд зугтсан. Тэгтэл Б миний араас хөөж байсан. ...би хажуу тийшээ харан газар унасан. Тэгтэл миний нүүр толгой, цээж хөл хэсэг рүү хэд хэдэн удаа дэвссэн” гэсэн мэдүүлэг /хх-н 9-11, 40-41/, гэрч Б.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр орой би найз залуу болох Бэтэй утсаар ярихад танай ангийн хүүхэд болох Чингүүтэй “би чам руу яагаад чат бичээд байгаа талаар уулзаж ярилцлаа, түүнээс болоод бид хоёр маргалдан зодолдсон, Ч ухаан алдаад газар уначихсан” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 13/, шинжээчийн 3495 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч У.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Б нь хохирогч А.Чийг “найз охин руу чат бичлээ” гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 3.000.000 төгрөг авсан, ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-н 46-47/ бичгээр гаргасан, мөн хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-37/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч У.Бийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдэд багтаж байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг ирүүлсэн байна.

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч У.Бийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч У.Бэд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч У.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч У.Бэд шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР