Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 314/ШШ2025/00275

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Хүсэлт гаргагч:  ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух хаягтай *************овогт *************ийн *************ийн хүсэлттэй,

 

“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “************* групп” ХХК-ний захирал *************ийг эрэн сурвалжлуулах ” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******** оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ****************** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:  “...Миний бие нь Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо “*******” ТӨХК-ийн баруун хойд талд баригдаж буй “************* хотхон” орон сууцны Д блокийн 2 дугаар орцны 12 дугаар давхар 152 тоот 51,69 м2, 12 бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар болж “*************групп” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 506\2-152 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр миний бие 95,626,500 төгрөгийг Хаан банкны *************дугаартай дансанд тушаасан. Ингээд зээлээр худалдаж авсан байрандаа орох хугацаа болж орох гэтэл өөр хүн орон сууцны эзэн гээд орчихсон учраас бидний хооронд маргаан үүссэн. Ингээд надад мөнгийг маань буцааж өгөхөөр болж, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 22/08 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ цуцлах гэрээ”-г хийсэн. Энэхүү гэрээгээр “*********** групп” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэхэд миний төлсөн төлбөр болох 95,626,500  төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 506/2-152 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 5.1-т заасан алдангийн хамт төлөхөөр болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл дээрх төлбөрүүдийг надад төлөөгүй байх тул миний төлсөн төлбөр болох 95,626,500 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 506\2-152 тоо “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 5.1-т заасан алданги 1,165,650 төгрөг,  2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 22/08 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ цуцлах гэрээ”-ний 3.1-т заасны дагуу алдангид 48,626,075 төгрөг нийт 145,878,225 төгрөгийг хариуцагчаа гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүхээс хариуцагч этгээ ээд хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй болох нь ************* ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын цагдаа албан тушаалтай, дэд ахлагч цолтой *************ийн илтгэх хуудас зэргээр тогтоогдож байх тул гэсэн үндэслэлээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Гэтэл шүүхээс тухайн хаягт үйл ажиллагаа явуулдаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосноос шалтгаалан миний бие нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй “************* групп” ХХК-ны захирал *************ийг эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас *************ийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШЗ2025/03809 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, “************* групп” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 506/2-152 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, /D блок/ 2-12-р давхрын зохион байгуулалт гэсэн 1 хуудас зураг, *************ын Хаан банкны ************* тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 22/08 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ цуцлах гэрээ” зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ************* нь “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “************* групп” ХХК-ний захирал  *************ийг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч ************* нь шүүхэд “************* групп” ХХК-ний захирал  *************өөс 145,878,225 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл хаана байгааг нь мэдэхгүй байгаа учраас шүүхэд хандах болсон тухай хүсэлт гаргасан.

 

3. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь *************д үүссэн бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШЗ2025/03809 дугаартай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр “************* групп” ХХК-ний захирал ************* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

 

          6. Иймд “************* групп” ХХК-ний захирал *************ийн *************ийг эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *************д мэдэгдэхийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсэн. 

 

8. Хүсэлт гаргагч *************д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр “эзгүйгээр шүүх хуралдаан хийлгэх” хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “************* групп” ХХК-ний захирал  *************ийн *************ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар “************* групп” ХХК-ний захирал *************ийг эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *************д мэдэгдэхийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР