Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01266

 

 

 

 

 

 

                                     ТО ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/01094 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ТО ХХК-ийн хариуцагч ЭК ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 110 265 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т О ХХК2008 оноос хойш барилгын салбарт хамтран ажиллаж 26 удаагийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, төлбөр тооцоог нь хуваан төлж, харилцан итгэлцэл дээр тулгуурлаж ажиллаж байсан.  ЭК ХХК гэрээт ажлын үлдэгдэл төлбөрөө барагдуулахгүй нэхэмжлэгч компанид хохирол учруулсаар байна. Тухайн үед нийт ажлын хөлс 257 560 600 төгрөгөөс 180 750 000 төгрөгт орон сууц, гарааж тооцон авч, нөат-ын 18 075 000 төгрөгийг нэмж, нийт дүнг 198 825 000 төгрөгөөр тооцсон байдаг. Гэтэл ЭК ХХК нөат-ын бичилт хийж өгөөгүйн улмаас мөнгөө буцааж авч чадаагүй. Харин ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 55 435 600 төгрөг төлөөгүй нь ЭК ХХК-ийн “Т О” ХХК-ийн тооцоо гэсэн баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч хамгийн сүүлд буюу 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 176 тоот албан бичиг өгснөөс хойш гэрээний дагуу хоног тутамд 1 хувийн алданги тооцож, хуульд заасны дагуу үнийн дүнгийн 50 хувиар алдангид 27 717 800 төгрөг гаргуулна. Нэхэмжлэлийн шаардлагаа 9 037 500 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас нөат-д тооцож авсан 18 075 000 төгрөгийг нэмж, нийт 101 228 400 төгрөг гаргуулна гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ЭК ХХК нь “Т” ХХК-тай 2008 - 2011 он хүртэл хэд хэдэн удаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө тухай бүрт нь төлж байсан. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу 2008-2011 он хүртэл байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээний дагуу шаардлага гаргах хуулиар тогтоосон хугацаа дууссан. Нэхэмжлэгчийн тооцоо нийлсэн баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй, 2 талаасаа тооцоо нийлж баталгаажуулсан баримт биш. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭК ХХК-аас 101 228 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Т О” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 709 300 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Оболон С.Б нарыг гэрчээр тус тус асуусан байдаг бөгөөд гэрч О.Онь С.Бд гаргаж өгсөн өр төлбөрийн талаархи баримтыг хэзээ хүлээлгэн өгсөн гэдгээ тодорхой санадаггүй. Харин санхүүгийн үлдэгдэл өр төлбөрийн талаархи буюу өр төлбөртэй гэдгийг тодорхойлох баримтыг хариуцагч ЭК ХХК-ийн туслан гүйцэтгэгч компаниудыг хариуцан ажилладаг нягтлан болох гэрч н.Оюунтунгалагийн компьютерт хадгалагдсан болох нь илэрхий байна. Харин гэрч С.Б нь нэхэмжлэгч Т О ХХК-ийн зүгээс 2019 оны 12 дугаар сард, 2020 оны 3, 5 дугаар сард ЭК ХХК- д өр төлбөрийг нэн даруй гүйцэтгэх талаар тус тус хүргүүлсэн 3 албан бичгийг хүргүүлсний дараа нягтлан С.Оюунтунгалагаас үлдэгдэл төлбөрийн талаарх баримтыг гаргуулан авсан бөгөөд уг баримтын дагуу үлдэгдэл төлбөрөө авах талаар нэхэмжпэгч Т О ХХК-д мэдэгдэж байсан гэдэг. Энэ нь гэрч С.Бгийн мэдүүлэг буюу хуралдааны тэмдэглэлийн 10-12 дахь талд бичигдсэн “... хамгийн сүүлд Таван орд компаниас ЭК ХХК-нд 3 дугаар сарын 26-нд албан бичиг явуулсаны дараа 2020 оны 5 дугаар сарын үед О.Одээр очиж энэ тооцоог нийлсэн гэв. ”, “... Ер нь энэ гэрээ контрактыг байгуулахад н.Нямдаваа захиралтай уулзаж, н.Нямдаваа захирал батлаад явдаг. Тэгээд эдний нягтлангууд дээр очоод төлбөр тооцоо нийлэх гэхээр та захиралтай ярь гэдэг. Тэгээд би н.Нямдаваа захирал рүу ярихаар би санхүү руу хэлчихсэн та очоод тооцоогоо нийлээд хийчих гэдэг. Очихоор л нягтлангууд нь хойш тавиад бие биендээ тойруулаад байдаг гэв.”, “... тухайн үед н.Тэмүүлэн гэж нягтлан нь хэлтсийн даргаа түр орлож байсан. Тэр хүн О.Оруу гэрээг нь үзэж шалгаад хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй тооцоог нийлээд надад өг гэсэн. Тэгэхээр нь би Оюунтунгалаг дээр очоод, Оюунтунгалаг компьютер дээрээс бүх мэдээллүүдээ гаргаад бүх гэрээнүүдээ авч очоод, ингээд нийлээд үлдэгдэл нь ийм боллоо гэсэн. Тэгээд би өргөдөл бичээд н. Тэмүүлэнд өгч байсан, ийм л юм болсон” гэв. “Хууль зүйн үүднээс хөөн хэлэлцэх гэдгийг мэдэхгүй байна. Нямдаваа бид хоёр байнга утсаар ярьдаг, энэ ажлыг үргэлжлүүлээд хийж байгаа, таньд ажил олгоно, төлбөр тооцоогоо хийгээд явъя гэдэг, Ч.Нямдаваа нь компанийн ерөнхий захирал, бүх гэрээгээ баталдаг хүн, би зүгээр нэг ажилтантай яриагүй. Тийм учраас би итгээд ажлаа хийгээд явдаг. Түрүүнийнх нь хэсэг ажлаа нэг дүгнээд, төлбөр тооцоо хийгээд нэг НӨАТ-ын баримтын асуудал үлдсэн байсан. дараагийнх нь үргэлжлээд явж байгаа гээд хамгийн сүүлд эдний барьсан барилга МН товер гээд өндөр оффиссын барилга байсан, тэрэн дээр юм хийлгэнэ гэсэн” гэв, “... Төлбөр төлөх хүгацаагаа таньд ажил өгнө та байж бай гээд хойшлуулаад байсан гэж ойлгож болох уу гэхэд, “ тийм, таньд ажил өгнө гээд хойшлуулаад байдаг” гэв., “.. Сүүлдээ 3 удаагийн албан бичгийг өгсөн үү гэхэд”, “тийм хамгийн сүүлд МН товер барилга дээр ажил хийлгэн гэж байгаад хийлгэхээ больсон учраас энэ албан бичгүүдийг өгсөн” гэв. “... МН товер барилгын цахилгааны дотор монтажны ажил хийгдэх хүртэл хугацаанд ажил өгнө гэсэн учраас та хүлээгээд байсан уу гэхэд”, “Тийм хүлээгээд байсан” гэв. “... Үнэхээр өр төлбөрийн асуудал байсан бол яагаад түхайн үедээ нягтлангаа явуулаад гэрээний хугацаа дуусах үед тооцоо нийлээгүй яваад байсан бэ гэхэд”, “Энэ ажлыг яг мэдэж байгаа хүмүүс нь н.Нямдаваа захирал, эдний гүйцэтгэх захирал бид 3 жинхэнэ итгэлцэл дээр ажиллаад явж байсан ...”, “... Таньд энэ тооцоог гаргаж өгснийг тооцоогоо сүүлийн байдлаар гаргаад мөнгөө өгье гэсэн гэж та ойлгосон уу гэхэд”, “Тэгсэн” гэв., “... Зөрүү гэдгийг та үлдэгдэл төлбөр гэж ойлгосон уу гэхэд”, “тийм үлдэгдэл гэж ойлгосон гэв.” гэх тэмдэглэлээс үзэхэд гэрч С.Б нь нэхэмжлэгч хариуцагч компаниудын хоорондын үйл ажиллагаа, ажил хэргийн хүрээнд тогтсон харилцаа зэргийн талаар тодорхой мэдүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэх үүрэгтэй. Нэхэмжлэгч Т О ХХК-ийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацааг талуудын эрх ашиг, 2 байгууллагын ажил хэргийн хүрээнд тогтсон заншил, итгэлцлийг үндэслэн шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж ирсэн нь гэрч С.Бгийн мэдүүлэгт тодорхой байна. Аливаа хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацааг талууд хойшлуулсан зэргийг заавал бичгийн нотлох баримтаар тогтоогдоно гэх ойлголт Иргэний болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй. Гэрч С.Б нь нэхэмжлэгч Т О ХХК-ийн ЭК ХХК-тай холбоотой ажлыг хийж гүйцэтгэхэд оролцож байсан, хариуцагч компанийн удирдлагуудтай төлбөр төлөх хугацааг хэрхэн хойшлуулж байсан талаар нь хууль сануулан авсан гэрчийн мэдүүлэгтээ тодорхой дурьдсан. Нөгөө талаар хариуцагч компанийн зүгээс үлдэгдэл төлбөрийн асуудал байсныг үгүйсгэдэггүй, мөн гэрч С.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэгтэй холбоотойгоор ямар нэг байдлаар үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаагүй. Гэрч О.Онь үлдэгдэл төлбөрийн зөрүү гэх баримтыг гаргаж өгснөө үгүйсгээгүй, харин баримтын санхүүгийн болон хууль зүйн үр дагаваргүй гэж тайлбарласан боловч уг баримтыг гаргаж өгсөн огноог тодорхой мэдүүлээгүй. Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс уг баримтын огноог тогтоох баримтыг үйлчлүүлэгч компаниасаа гаргуулан гэрч С.Бгийн мэдүүлгээр нотлох баримтыг үгүйсгээгүй. Хариуцагч нь төлбөрийн тодорхой хэсэгт буюу 180 750 000 төгрөгт орон сууц тооцож өгсөн бөгөөд уг орон сууцыг худалдан борлуулсан НӨАТ-ын баримтгүйгээр тооцож авсан. Иймд хариуцагч  нь 18 075 000 төгрөгийг авахдаа ямар нэг татвар, санхүүгийн баримт өгөөгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул уг төлбөрийг буцаан өгөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бус Иргэний хуулийн 75 дугаар зүйлийг тайлбарлан хэрэглэхдээ заавал бичгийн нотлох баримтаар тогтоогдох ёстой гэх шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Төлбөр төлөгч ажил хэргийн хүрээнд тогтсон харилцаа, хүмүүсийн хооронд үүссэн итгэлцэлийг буруугаар ашиглаж, олон жилийн эс үйлдэхүй гаргасаар ирсэн.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу С.Бд эрх, үүрэг сануулж гэрчийн  мэдүүлэг авсан байхад шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар нотлох баримт гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч ЭК ХХК-ийн ажилтан гэрч О.Онь Т О ХХКтооцоо гзх баримтыг гарган өгсөн огноог тодорхой санадаггүй боловч 2018 онд энэ баримтыг гаргаж өгсөн гэдэг тодорхой бус хариултыг өгсөн. 2018 онд гарган өгсөн санхүүгийн баримтаар хариуцагч “Эко констракшн" ХХК-ийн нэхэмжлэгч Т О ХХК-д тооцоотой буюу зөрүү төлбөрийн асуудал байгаа талаар баримт хадгалагдаж байгаа нь тухайн байгууллага нь санхүүгийн тайлан тооцооны хувьд өр төлбөртэй гэж хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож болно. 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 55 435 600 төгрөгийн тооцоотой буюу зөрүүтэй гэдгээ нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэхээс үл хамааран хариуцагч ЭК ХХК нь санхүүгийн бичиг баримтдаа тусгасан гэж үзнэ. Гэрч О.О 2018 оны байдлаар гэх тайлбарыг бид өөрт ашигтайгаар буюу 2018 оны эхнээс шаардах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хугацаанаас 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Т О ХХК-аас хариуцагч байгууллагад албан бичиг өгсөн хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх байдлаар гэрчүүдийн мэдүүлэгтэй танилцаагүй байсан тул хэрийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий санхүүгийн бичиг баримтуудыг гаргуулахаар шуүхэд хүсэлт гаргаж байсан. Т О ХХКнь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар удаа дараа харилцан ярилцаж, тооцоо нийлж байсан бөгөөд үлдэгдэл төлбөр одоог хүртэл төлөгдөөгүй. Иймд ЭК ХХК-аас тус компанийн 2012-2020 оны авлага өглөгийн товчоо тайланг, Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс 2019, 2020 оны санхүүгийн тайланг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн. Хэргийг шийдвэрлэхэд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаарх бичгийн нотлох баримтыг шаардаж байгаа нь ойлгомжгүй. Шаардах эрх хэрэгжүүлсзн талаарх баримтыг зөвхөн нэхэмжлэгчийн шаардсан бичгийн баримтын хүрээгээр хязгаарлаж байгаа нь нотлох баримтыг үнэлэх буруу жишиг тогтсонтой холбоотой гэж үзэж байна. Хариуцагчийн зөвшөөрөл гэдэг асуудал зөвхөн шүүх хуралдааны танхимд яригдсанаар тодорхойлогдохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч ТО ХХК хариуцагч ЭК ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 55 435 600 төгрөг, алдангид 27 171 800 төгрөг, НӨАТ-т үндэслэлгүйгээр тооцож авсан 18 075 000 төгрөг, нийт 110 265 900 төгрөг нэхэмжилснийг  хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгчтэй 2008-2011 онуудад ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байсан. Тухай бүрт нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлсөн. Хуульд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, талуудын тооцоо нийлсэн гэх баримт нь шаардлага хангаагүй ...” гэж маргажээ.   

Хэрэгт маргааны үйл баримтын талаар авагдсан дараах бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбарт анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэлт дүгнэлт өгч, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хангалттай явуулаагүй байна.   

2008-2011 онуудад нэхэмжлэгч ТО ХХК, хариуцагч ЭК ХХК-тай орон сууцны барилгад галын автомат систем тоноглох ажил гүйцэтгэх 26 удаагийн гэрээ байгуулан ажиллаж байсан байх ба зарим гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж “ажил бүрэн хийгдэж дууссан болно инженер Н.Бямба” гэж тэмдэглэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Зарим гэрээний үүрэг хэрхэн  биелэгдсэн баримтгүй байна. /хх22-73/

Мөн хэрэгт хариуцагч ЭК ХХК-ийн ня-бо н.Ойн гарын үсэг бүхий Т О ХХКнийт 257 260 600 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үүнээс 2009.01.19-нд урьдчилгаа 3 000 000 төгрөг, маршал 108 байр, 4 давхар, 13 тоот, граж 198 825 000 төгрөг, нийт 201 825 000 төгрөг олгосон, зөрүү 55 435 600 төгрөг гэсэн тооцооны баримт авагдсан бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ .., уг баримтыг 2018 оны 4, 5 сарын үед үйлдсэн байх ...” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. /хх15, 157/

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гэрээний төлбөрөө авах талаар ЭК ХХК-ийн захирал С.Нтай олон удаа уулзаж байсан, нягтлангуудтай тооцоогоо нийлчих, танай компаниар хийлгэх ажлууд гарна гэж явсаар өнөөдрийг хүрсэн” гэж тайлбарлажээ. Дээрхээс үзэхэд талууд 26 гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах зэрэг нөхцөл байдал үүссэн эсэхийг тодруулах шаардлагатай байна.

Түүнчлэн, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ЭК ХХК-ийн 2012-2020 оны авлага, өглөгийн товчоо тайлан, мөн 2019-2020 оны санхүүгийн тайланг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг шүүх “нэхэмжлэлийн шаардлагад хэрхэн хамааралтай, уг баримтуудаар хэрэгт хамааралтай ямар байдлыг тодруулах нь тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу. /хх132-133/ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4, 14.4.2, 14.4.3 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж нь нягтлан бодох бүртгэл хөтөлж, ... авлага, бүх өр төлбөрийг заавал бүртгэнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан баримтууд нь маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой байж болно. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэлдүүлэх замаар хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/01094 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 664 092 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

   

                                             ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                                              А.МӨНХЗУЛ