Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 248

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Урангуа,

Улсын яллагч: Ж.Энхжаргал,

            Шүүгдэгч: О.Аөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Ад холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1803000010141 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О.А, 1958 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ..., 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн техникч мэргэжилтэй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт ...од оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... тоот регистртэй,

Шүүгдэгч О.Ань 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 00 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс захын хойд талын замд Тоёота Приус маркийн автомашиныг жолоодож явахдаа Тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхдөө бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогчид нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хоёр сарын хугацаанд их зүйл бодсон. Өөрийн болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Хохирогчийг эмнэлэгт байх хугацаанд эргэж тойрч байсан. Хохирлыг барагдуулж, хохирогчтой эвлэрсэн. Иргэний нэхэмжлэгчийн машиныг засаж янзлуулж гомдолгүй болгосон” гэв.

Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 00 минутын үед би Барс захын хойд талын замын 1 дүгээр эгнээнд зогсож байсан машины хойд талын багажнаас 2 хайрцагтай зүйл аваад нөгөө машиныхаа урдуур тойрон зам руу ороод 2-3 алхаж байтал нөгөө зогсож байсан автомашин огцом хөдлөхдөө намайг мөргөнгүүтээ урдаа зогсож байсан сараал өнгийн Тоёото Приус маркийн машины хойд хэсэгтэй хавсарч мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Иргэний нэхэмжлэгч О.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 40 минутын үед би өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 90-79 УБЗ улсын дугаартай автомашинтайгаа Барс захын хойд талын замын зүүнээс баруун тийш чиглэлтэй явдаг урсгалын замын баруун гар талд нь шахаж зогсоогоод Барс зах руу хүнсний зүйл авахаар орсон. Би зах дотроос хүнсний зүйлээ цуглуулж дуусаад машин дээрээ иртэл миний машины араас саарал өнгийн Тоёота Приус маркийн машин мөргөсөн байдалтай зогсож байсан. Тэгэнгүүт би эхнэрээсээ яасан юм бэ гэж асуутал манай эхнэр надад машин дотор сууж байтал гэнэт машины араас машин мөргөх шиг болж түс, тас хийх чимээ гарсан, тэгэнгүүт машинаасаа гараад хартал саарал өнгийн Тоёота Приус маркийн машин мөргөсөн байсан, мөргөхдөө машин дундуур гарч байсан явган зорчигчийг манай машины хойд талтай хавчиж мөргөсөн байсан гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Шинжээчийн 2745 тоот дүгнэлтэд: “...Ц.Бын биед баруун тойг ясны далд хугарал, баруун өвдөгний холбоосны бүрэн урагдал, баруун гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 40/

Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 76 тоот дүгнэлтэд: “... Тоёота Приус маркийн 15-31 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан О.Ань Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхдөө бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогчид нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-н 73/,

Яллагдагчаар О.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 00 минутын үед би өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 15-31 УБЕ улсын дугаартай автомашинаа бариад Баянзүрх дүүргийн Монелоос Барс зах орж хүнд 2 хайрцагтай юм хүргэж өгөх гэж явсан. Тэгээд Барс захын хойд талын 1 дүгээр эгнээнд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш харж зогссон. Энэ үед Барс захаас нэг залуу гарч ирээд машины хойд талын багажнаас 2 хайрцагтай юмаа аваад миний машины баруун талаар тойрсон, энэ үед би машиндаа ороод хөдлөх үед миний машинаас юм авсан хүн яг миний машины урдуур орж таараад би тэр хүнийг машины урдуур гарч байхыг нь харангуутаа тоормосоо гишгэлээ гээд хаазаа андуурч гишгэснээс болж зам хөндлөн гарч байсан хүнийг мөргөнгүүтээ урдаа зогсож байсан цагаан өнгийн Тоёота Приус маркийн машины араас явган зорчигчийн баруун хөлийг хавчиж мөргөсөн. Тэгээд би машинаасаа гарч ирээд шууд түргэн, цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 83/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 2/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Хэргийн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-7/, Хохирогчийн хүсэлт /хх-н 19-20, 119/, Хохирлын мөнгө хүлээн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 21-22/, Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-н 44-54/, Ашид Билгүүн ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-н 55-59/, Хохирлын баримтууд /хх-н 85-89/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 99-107/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч О.Ань 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 00 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс захын хойд талын замд Тоёота Приус маркийн автомашиныг жолоодож явахдаа Тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхдөө бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогчид нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Бын: “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 00 минутын үед би Барс захын хойд талын замын 1 дүгээр эгнээнд зогсож байсан машины хойд талын багажнаас 2 хайрцагтай зүйл аваад нөгөө машиныхаа урдуур тойрон зам руу ороод 2-3 алхаж байтал нөгөө зогсож байсан автомашин огцом хөдлөхдөө намайг мөргөнгүүтээ урдаа зогсож байсан сараал өнгийн Тоёото Приус маркийн машины хойд хэсэгтэй хавсарч мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, иргэний нэхэмжлэгч О.Бын: “...Би зах дотроос хүнсний зүйлээ цуглуулж дуусаад машин дээрээ иртэл миний машины араас саарал өнгийн Тоёота Приус маркийн машин мөргөсөн байдалтай зогсож байсан. Тэгэнгүүт би эхнэрээсээ яасан юм бэ гэж асуутал манай эхнэр надад машин дотор сууж байтал гэнэт машины араас машин мөргөх шиг болж түс, тас хийх чимээ гарсан тэгэнгүүт машинаасаа гараад хартал саарал өнгийн Тоёото Приус маркийн машин мөргөсөн байсан, мөргөхдөө машин дундуур гарч байсан явган зорчигчийг манай машины хойд талтай хавчиж мөргөсөн байсан гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/, шинжээчийн 2745 тоот дүгнэлт, Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 76 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Агийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирлын мөнгө хүлээн авсан гомдол саналгүй, сайн дураараа эвлэрсэн гэсэн хүсэлт /хх-н 119/, хохирлын мөнгө хүлээн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 21-22/ болон иргэний нэхэмжлэгч О.Б хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч О.Аг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдэд багтаж байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг ирүүлсэн байна.

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүгдэгч О.Ань шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 1 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч О.Ад шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч ялын саналдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах талаар санал гаргаагүй тул шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

Шүүгдэгч О.Ань цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Аг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч О.Ад шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.   Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хэрэгт хураагдсан ирсэн шүүгдэгч О.Агийн жолоочийн 444449 дугаартай үнэмлэхийг буцаан олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР