Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/10

 

 

Б.М-д холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ц.О, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.Т,

Хохирогч И.М,

Шүүгдэгч Б.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.М эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.М-д холбогдох эрүүгийн 2316001090198 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн хувийн мэдээлэл:

 

Б овгийн Б.М нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ............ суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , ээж аавын хамт Говь-Алтай аймаг ............. сум ........... ... - ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Д............. регистрийн дугаартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь Говь-Алтай аймаг дахь ***************** -т ..............., төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах байх хугацаандаа ******** дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч ..................... төлбөр авагч ..................... төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн найз ..................... Хаан банкны ******** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 1,520,000 төгрөгийг шилжүүлэн авч төлбөр авагч иргэн Н......................т хүлээлгэж өгөөгүй мөн Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд тушаалгүйгээр хувийн хэрэглээндээ зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон,

Мөн төлбөр төлөгч .....................-аас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 420,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 6,120,000 төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар авч төлбөр авагчид хүлээлгэж өгөлгүй Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд тушаалгүйгээр хувийн хэрэгцээндээ зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон,

Төлбөр төлөгч .....................-аас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №18050063/03 дугаартай “Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт” үйлдэж хураан авсан эд зүйлийг хувьдаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгон бусдад 2,043,000 төгрөгийн хохирол учруулсан,

Төлбөр төлөгч .....................-аас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 980000 төгрөг, 2021 оны намар 11-12 сарын үед 230,000 төгрөг бэлнээр нийт 1,210,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сард үйлчилгээний хөлс 100,000 төгрөг өгөлгүй нийт 1,310,000 төгрөгийг төлбөр авагчид хүлээлгэж өгөөгүй, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд тушаалгүйгээр хувийн хэрэглээндээ зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Б овогт Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч Б.М оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн ............... сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.М оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Б.М-ийн цагдан хоригдсон 4 хоногийг зорчих эрх хязгаарлах ялаас хасч тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.М мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.М-ээс 6,120,000 төгрөг гаргуулж хохирогч ....................., 1,043,000 төгрөг гаргуулж хохирогч .....................т, 1,310,000 төгрөг гаргуулж хохирогч ..................... тус тус олгуулж, хохирогч ..................... нь замын зардлын мөнгөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол бүрэн төлөгдөөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолд дараах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Б.М надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хүндээр тусч байна. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, зарим хохирогчийн хохирлыг барагдуулсан цаашид хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Надад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа ............. сумын нутаг дэвсгэрээс гарахгүйгээр шийдвэрлэсэн нь миний ажил хөдөлмөр хийж хохирогч нарын хохирлыг барагдуулах нөхцөл бололцоог боогдуулсан шийдвэр гэж үзэж байна. Учир нь .......... сумын нутаг дэвсгэрт ажлын байр олдохгүй, ажил хийж мөнгө олж төлбөр барагдуулах нөхцөл бүрдэхгүй байна. Б.М би ам бүл 2, ээжийн хамт амьдардаг. Миний ээж Г.Х нь тэтгэвэрт байдаг. Иймд Б.М би ажил хөдөлмөр эрхэлж төлбөрөө барагдуулж цаашид гаргасан алдаагаа дахин давтахгүй ажил, хөдөлмөр эрхэлж хохирогч нарыг хохиролгүй болгох боломжоор минь хангаж анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Б.М би ажил хөдөлмөр эрхэлхээр 2-3 хувийн компанид анкет бөглөж, цахимаар анкет явуулахад “М Ө” ХХК, “И Г И” ХХК-аас ажлын байрны санал ирсэн. Тус газруудад очиж ажиллах хүсэлтэй байвч .............. сумын нутаг дэвсгэрээс гарах боломжгүй нөхцөл байдал бий болж байна. Би цаашид дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй, хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулна гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Нэг: Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:

 

1.1. Шүүгдэгч Б.М нь Говь-Алтай аймаг дахь *****************-т ..............-ээр ажиллаж байхдаа төлбөр төлөгч ..................... 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,520,000 төгрөгийг өөрийн найз ..................... Хаан банкны ******** тоот дансаар шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэглээндээ зарцуулсан,

 

1.2. Мөн төлбөр төлөгч .....................-аас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 420,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 6,120,000 төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр бусдын дансаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан,

 

1.3. Төлбөр төлөгч .....................-аас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үзлэг, нэгжлэг хийж, №18050063/03 дугаар актаар хураан авсан эд зүйлийг хувьдаа ашиглаж 2,043,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

1.4. Төлбөр төлөгч .....................-аас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 980,000 төгрөг, 2021 оны намар 11-12 сарын үед 230,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сард үйлчилгээний хөлс 100,000 төгрөг, нийт 1,310,000 төгрөгийг авч төлбөр авагчид болон Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгөлгүйгээр хувийн хэрэглээндээ зарцуулсан байна.

 

Хоёр: Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:

 

2.1. Дээр дурдсан үйл баримтууд нь гэрч ..................... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.М нь “Хүнээс мөнгө авах гэсэн юм” гэж хэлээд  Хаан банкны карт, дансны дугаарыг нь гуйж аваад хэд хоногийн дараа картыг нь буцааж өгсөн. Б.М орж ирсэн мөнгийг бүгдийг аваагүй байсан бөгөөд үлдсэн мөнгийг шилжүүлчих гэхээр нь би дөрвөн зуун мянга гаран төгрөгийг Б.М-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Хаан банкны ******** дугаарын данс руу нь Хаан банкны ******** дугаарын данснаас “В-aas” гэсэн утгатайгаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,520,000 /нэг сая таван зуун хорин мянга/ төгрөг шилжүүлсэн байсныг Б.М өөрөө авсан.” тухай мэдүүлэг /1 хх 30-31/,

 

2.2. Хохирогч .....................-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Говь-Алтай аймгийн Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд нэхэмжлэгчид  2,400,000 төгрөг өгөхөөр эвлэрсэн. Тэгээд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа Говь-Алтай аймгийн ***************** шилжсэн. 2023.01.30-ны өдөр нэхэмжлэгч ..................... гэдэг хүнд өгөх ёстой байсан 2,490,000 төгрөгөөс шийдвэр гүйцэтгэгч Б.М бэлнээр 500,000 төгрөгийг өгч, Б.М-ийн өгсөн ..................... Хаан банкны ******** дугаартай данс руу өөрийнхөө Хаан банкны ******** гэсэн данснаас 2 удаагийн гүйлгээгээр 1,520,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл 2023 оны 05 дугаар сард Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас О гэдэг хүн утсаар яриад мөнгөө дуусгавар болго гэсэн. Тэгэхээр нь гайхаад ************* очиж уулзаад шийдвэр гүйцэтгэгч Б.М нь миний төлбөрт өгсөн мөнгийг төлөөгүй өөртөө авч ашигласныг мэдэж гомдол гаргасан.

Уг мөнгийг зээлж авсан зүйл байхгүй. Б.М итгээд, болдог юм байх гэж бодоод хэлсэн данс руу нь шилжүүлсэн.” тухай мэдүүлэг /1 хх 23-25/,

 

2.3. Говь-Алтай аймаг дахь ***************** байх ******** дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн хуулбар /1 хх 102-127/,

 

2.4. .....................-ийн Хаан банк дахь ******** тоот данснаас ..................... Хаан банк дахь ******** дугаартай данс руу 2 удаагийн гүйлгээгээр 1,520,000 төгрөг шилжүүлсэн, уг мөнгийг тухайн үед төлбөр авагч Н......................т шилжүүлээгүй тухай мэдээллүүдийг агуулсан ....................., ....................., Н...................... нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, /1 хх 99-100, 1 хх 161-169/,

 

2.5. Хохирогч ..................-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хаан банкнаас 2007 онд 5 сая төгрөгийн малчны зээл авснаа төлөх боломжгүй болж шүүх надаар төлбөр төлүүлэхээр шийдвэр гаргасан. 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн ................-ын ажилтан ................... дугаараас яриад Хаан банкны ******** дугаарын данс явуулсан. Тухайн дансанд өөрийн хүргэн Д.А 51.............. дансаар дамжуулж, Ж.С гэдэг хүний ******** дугаарын данс руу шилжүүлээд ярихад “Та санаа зоволтгүй. Данс эзэмшигч нь манай байгууллагын ажилтан байгаа юм. Би түүнээс аваад өр төлдөг дансанд хийнэ.” гэж хэлсэн.

Энэ маягаар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Х.А гэдэг хүний ******** дугаар дансаар 500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ж.С ******** дугаар дансаар 200,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Х.А-ийн ******** дугаарын дансаар 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр утсаар ярьж Ц.А гэдэг хүний дансаар 4,000,000 төгрөг, нийт 6,120,000 төгрөгийг шилжүүлсэн.

2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн Төрийн банкны данснаасаа мөнгө авах гэхэд болохгүй байсан учраас банкны ажилтнаас яагаад болохгүй байгаа шалтгааныг асууж тодруулахад таны дансыг Говь-Алтай аймгийн .............. газраас хаасан байна гэж хэлсэн.

Ингээд нөгөө яриад байсан 89............. дугаарын утас руу залгахад өөр эмэгтэй хүн авсан ба өмнө ажиллаж байсан эмэгтэйг ажлаасаа гарсан. Мөн тухайн яриад байсан дугаар нь Говь-Алтай аймгийн ..................... газрын албаны дугаар байгаа юм гэдгийг хэлсэн.

Би 2023 оны 10 дугаар сарын 30-нд Говь-Алтай аймагт ирээд ............... газрын ажилтан М гэх хүнтэй уулзахад 89............. гэсэн дугаарыг Б.М гэдэг хүн барьж байсан одоо ажлаасаа гарсан гэж хэлсэн. Би төлбөр төлж байна гэж бодоод 6,120,000 төгрөг шилжүүлсэн.

2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш төлөгдөөгүй төлбөр, Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт эхнэрийн хамт суудлын авто машинтай хүн хөлсөлж ирж буцсан зардал 1,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол гэх мэт зүйлийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1 хх 239-241/,

 

2.6. Гэрч ..................... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Найз Б.М нь түүний Хаан банк дахь ******** дугаарын дансны картыг нь авч ашиглаж байх хугацаанд 4,000,000 төгрөг уг дансанд орсон, тухайн үед Б.М албаны 6230 гэсэн тоогоор төгссөн утасны дугаартай байсан.” тухай  мэдүүлэг /1 хх 245/,

 

2.7. Гэрч Ж.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.М 2022 оны 09, 11 дүгээр саруудад Хаан банк дахь түүний дансаар нэг удаа 420,000 төгрөг, дараа нь 200,000 төгрөг шилжүүлж авсан. Тухайн үед 89......... гэсэн дугаар барьж байсан.” тухай мэдүүлэг /1 хх 247-248/,

 

2.8. Гэрч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хаан банкны 53........... дугаарын дансыг 2008 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд Б.М эхнэрийнх нь төрсөн дүү юм.” гэсэн мэдүүлэг /2 хх 1-2/,

 

2.9. Хохирогч ..................... нь дээр дурдсан дүнгээр мөнгө шилжүүлсэн тухай мэдээллүүдийг агуулсан Ж.С, Х.А, ....................., Н.Ц нарын Хаан банк дахь депозит данснуудын дэлгэрэнгүй хуулгууд /2 хх 45-46, 49, 53, 65, 79-90, 110/,

 

2.10. Хохирогч .....................-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр гарч тэр дагуу ............. Б.М 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай гэрт ирж нэгжлэг хийгээд надаас алтан бөгж, монетон бөгж, хуучин зэс домбо 2 ширхгийг хурааж авч явсан.

2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлээ төлж барагдуулаад өөрийн эзэмшлийн дансаа чөлөөлүүлээд хураалгасан эд зүйлсээ авах гэсэн чинь  хураасан талаар мэдэхгүй байсан.

Тэгээд Б.М-тэй холбоо барих гэсэн боловч холбоо барьж чадахгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан.

Хураалгасан 2 зэс домбоо авлаа. Одоо алтан бөгжний үнэ 660,000 төгрөг, монетон бөгжний үнэ 363,000 төгрөг, цагаан өнгийн металл, хос ээмэгний үнэ 20,000 төгрөг, нийт 1,043,000 төгрөгийг нэхэмжлнэ.” гэх мэдүүлэг /2 хх 166-167, 170-172/,

2.11. Хохирогч .....................-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022.01.03-ны өдөр Хаан банкнаас группийн 1,166,000 төгрөгийн зээл авч тухайн мөнгөнөөс 980,000 төгрөгийг Говь-Алтай аймгийн Шүүхийн эвлэрүүлэн зуучлалын гэрээний дагуу тогтоогдсон, Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн 3,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулах гэж бэлнээр ............. Б.М өгсөн. Түүнээс өмнө 2021 оны намар 11-12 сарын үед 230,000 төгрөгийг бэлнээр бас авсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сард .......... Б.М нь эрэгтэй дээл 80,000 төгрөгөөр оёулсан бөгөөд хувцас хунар засуулж оёулаад нийт 100,000 төгрөг болсон ч мөнгө өгөөгүй. Миний төлбөрөөс хасна гэсэн. Гэтэл ........... Б.М надаас авсан мөнгийг одоо болтол төлбөрт төлөөгүй байна. Өр төлбөрийг барагдуулах зорилгоор нийт 1,210,000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд түүнд ажил хийж өгсөн хөлс 100,000 төгрөгийг аваагүй.” гэх мэдүүлэг /2 хх 176-178/,

 

2.12. Гэрч И.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн төрсөн дүү .....................-ын гэрт очоод байж байсан чинь тэдний гэрт ................ газрын ажилтан жолоочийн хамт ирж, нэгжлэг хийгээд гэрт нь байсан хуучны 2 ширхэг домбо, манай дүүгийн зүүж байсан алт мөнгөн бөгж, ээмэг зэргийг хурааж аваад зээлээ төлчихвөл буцаагаад өгдөг гэж хэлээд авч явсан.” гэх мэдүүлэг /2 хх 80/,

 

2.13. Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Төлбөр төлөгч .....................-ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан бөгөөд төлбөр бүрэн төлөгдсөн. Харин .....................-аас хурааж авсан гэх эд зүйл нь ***************** байхгүй байгаа юм. Төлбөр төлөгч .....................-ын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргээс харахад тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд хураан авсан баримт байхгүй. Зөвхөн үзлэг нэгжлэг хийсэн акт, эд хөрөнгийг битүүмжилсэн акт байгаа юм.

............. Б.М нь баримт үйлдэлгүй төлбөр төлөгч .....................-аас эд зүйл хураан авсан байгаа юм.

Төлбөр төлөгч .....................-аас эд зүйл хураан авсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн албаны сейфт хадгалдаг.

Тэгээд 30 хоногийн дотор үнэлгээ тогтоолгож үнэ хаялцуулах албан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ёстой. Төлбөр төлөгч .....................-аас эд зүйл хураан авсан акт үйлдэж эд хөрөнгө байхгүй учир худалдан борлуулсан хөрөнгө байхгүй” гэх мэдүүлэг /2 хх 182-184/,

 

2.14. Хөрөнгийн үнэлгээний “А Б” ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Эмэгтэй хүний 4,4 грамм алтан бөгжийг 660,000 төгрөг, эмэгтэй хүний 3,3 грамм монетон бөгжийг 363,000 төгрөг, хуучин зэс домбыг нэг бүрийг нь 500,000 төгрөгөөр буюу дээрх эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2019 оны 10 дугаар сарын байдлаар 2,043,000 төгрөгөөр тогтоосон” тухай ТХҮ-923/8342 дугаар хөрөнгийн үнэлгээ /2 хх 207-209/,

 

2.15. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн № ........ дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны  хувийн хэрэг /2 хх 226-249, 3 хх 1-39/,

 

2.16. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № ......... дугаартай “Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт” /3 хх 20- 25/,           

2.17. 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.М-ээс эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2 хх 156-157/,

 

2.18. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч .....................эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /2 хх 161-162/,

 

2.19. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №......... дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг /3 хх 42-68/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Гурав: Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:

 

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр төгсдөг бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх зэргээр өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.

 

3.2. Шүүгдэгч Б.М нь ...............-ээр ажиллаж байхдаа төлбөр төлөгчийн, төлбөр авагчид өгөхөөр шилжүүлсэн мөнгийг бусад хүний хувийн дансаар шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэглээнд зарцуулсан нь нийтийн албан тушаалтан шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулиар хүлээсэн албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан үүргээ зориуд биелүүлэлгүй өөртөө эд хөрөнгийн ашигтай байдал бий болгосон шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

3.3. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

3.4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

3.5. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан гэж үзээд шүүгдэгчийн үйлдэлд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг хэрэглэж, шүүгдэгчийг нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Говь-Алтай аймгийн ............ сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн үндэслэл бүхий, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна.

 

3.6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг зөв тодорхойлж шийдвэрлэсэн, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдөөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсан нь үндэслэлтэй байна.

3.7. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхээс оногдуулсан Говь-Алтай аймгийн ............ сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгчийн урьд ажиллаж байсан Х-А компанидаа ажиллаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөх боломжийг хязгаарлаж байгаа тул ялыг хөнгөрүүлж, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол, тайлбар гаргасан байна.

 

3.8. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдаг, нийгмийн аюул ихтэй гэмт хэрэгт тооцогддог, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

3.9. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.10. Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь Говь-Алтай аймгийн ............ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид ажиллахыг хязгаарлаагүй байна.

3.11. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.12. Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш хохирогч .....................300.000 төгрөг, хохирогч ..................... 200.000 төгрөг, хохирогч ..................... 1.000.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.М нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш хохирогч .....................300.000 төгрөг, хохирогч ..................... 200.000 төгрөг, хохирогч ..................... 1.000.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай. 

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

                        ШҮҮГЧИД                             Ц.О

                                                          Ч.Э